Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

 А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

 

   Прокурор Э.Гантулга

   Шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, М.Даваасүрэн

   Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Мөнгөншагайгийн давж заалдсан гомдлоор шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарт холбогдох 2115000000280 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тэрэм овогт Амаржаргалын Мөнгөншагай, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1991 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, Б аймгийн Х сумын * дүгээр баг Тээл гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 30 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, 

 

Шивэрт овогт Батдоржийн Мөнхбаяр, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, Б аймгийн Х сумын * дүгээр баг Тээл гэх газарт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, 27 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй, 

 

Шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нар нь бүлэглэн иргэн Д.Гоёсайханы малын хотноос 1 тооны нас гүйцсэн эм хонийг хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

  Булган аймгийн Прокурорын газраас А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

Шүүгдэгч Тэрэм овогт Амаржаргалын Мөнгөншагай, Шивэрт овогт Батдоржийн Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Мөнгөншагайг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Мөнхбаярыг 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнгөншагайд оногдуулсан 1 /нэг/ жил, Б.Мөнхбаярт оногдуулсан 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоож,

Энэ хэрэгт шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн Ө.Баярбатын өмчлөлийн 1 046 435 төгрөгийн үнэ бүхий нас бие гүйцсэн зөв талын гуяндаа дан саран тамгатай хар хүрэн зүсмийн морийг өмчлөгч эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Б.Мөнхбаяраас үнийг гаргуулж, шүүгдэгч А.Мөнгөншагайн өмчлөлийн нас гүйцсэн алаг зүсмийн морийг хураан авч тус тус улсын орлого болгож,

Шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгч А.Мөнгөншагай давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би хулгайн хонь авч байна гэж мэдээгүй. Би зүгээр л Жавхаа ахынд архи уугаад тасраад унтчихсан байхад Мөнхбаяр намайг ирээд хонь дүүрээд өг, энэ хонийг Батцэрэн эгчид хониор нь өгөөд буцаагаад хониор нь өгнө гэж хэлсэн. Тэгээд ч Жавхаа ахаас асуусан юм уу гэхэд асуусан, тэг гэж хэлсэн гэж байсан. Миний бие тухайн үед хулгайн бүлэг хэрэгт холбогдоно гэж бодоогүй. Надад нэг тооны хонь хулгай хийх ямар ч зорилго байгаагүй, надад өөрт маань мөнгө байсан, би өөрийн гэсэн малтай, бага насны 2 хүүтэй надад шөнө дунд айлаас мах хулгайлах ямар ч шаардлага байхгүй юм.

Би маргааш нь Жавхаа ахынд ирсэн хонь хулгайлаагүй гэдгээ ч мөн Гоёсайхан эгчид хэлсэн.

Надад энэ хэрэг цагдаад шалгагдахад Мөнхбаяр хамт хийсэн гэж хэлээрэй, тэгвэл зүгээр гарна гэж хэлээд байсан. Би анхнаасаа өөрөө Мөнхбаяртай үгсэн тохирч хонь хулгай хийж, зарж борлуулаагүй юм чинь зүгээр байх болов уу гэж бодсон чинь шүүхээс надад 1 жилийн хорих ял оногдуулсан.

Би Мөнхбаяраас Жавхаа ахаас асуусан уу, зөвшөөрсөн юм уу гэж асуухад тэгсэн гэж хэлсэн, өөрийнхөө авах ёстой хонио авч байгаа юм байна гэж бодсон. Тэгээд ч би тэр хонийг өөртөө хэрэглээгүй, Мөнхбаяр, Батцэрэн эгч 2 л учрыг нь олсон байх. Надад хүнээс хулгай хийх хэрэгцээ шаардлага байхгүй байна.

Иймд хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү. Хуулинд тэнсэж болдог бол надад оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Хэргийн буруу зөвийг ялгаж шийдвэрлэж өгнө үү. Би энэ хэргийг анх Мөнхбаяр хамт шийдүүлэхэд зүгээр гээд байхаар нь өөрийнхөө талаар шүүхэд болон цагдаад хэлээгүй гайгүй өнгөрөх байх гэж бодож байсан. Би 1 жилийн хорих ял авна гэж бодоогүй юм. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...” гэв.  

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...би Жавхаа ахыг тэг тэг гэхээр нь хашаа руу нь орж авсан. Мөнгөншагайг уруу татсан” гэв.

 

 Шүүгдэгчийн Б.Мөнхбаярын өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Мөнхбаярын хувьд анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийг шүүх хуралдаан дээр хүртэл өөрөө санаачилж хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв”.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мөнгөншагайгийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч А.Мөнгөншагай нь “.. надад нэг тооны хонь хулгай хийх зорилго байгаагүй, надад мөнгө байсан, би өөрийн гэсэн малтай, ... Мөнхбаяртай үгсэн тохирч хонь хулгай хийж, зарж борлуулаагүй. ... хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэж давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч нарын үйлдэлд Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхээс гэм бурууг тооцсон нь зүйлчлэлийн хувьд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 2-д “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж заасантай нийцсэн, анхан шатны шүүхээс А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчлан тогтоосон төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нар нь бүлэглэн иргэн Д.Гоёсайханы малын хотноос 1 тооны нас гүйцсэн эм хонийг хулгайлж, 150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-шүүгдэгч Ө.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Гоёсайханы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Б.Жавхлант, Х.Батцэрэн, Ө.Баярбатын нар мэдүүлгүүд,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21/414 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Гоёсайханы 1 тооны хонийг хулгайлж, хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгч нарын  үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлж  барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийн харгалзан үзэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ялыг оногдуулж, хөнгөрүүлэн шүүгдэгч А.Мөнгөншагайд 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Мөнхбаярт 1 жил, 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний хувийн байдалд тохирсон байх тул Хууль ёсны болон Шударга ёсны зарчимд нийцсэн, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хэдийгээр шүүгдэгч А.Мөнгөншагай давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх бөгөөд шүүгдэгч нар нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа болон хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байсан нь анхан шатны шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон байна.

 Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.Мөнгөнгшагайгийн “..анхнаасаа өөрөө Мөнхбаяртай үгсэн тохирч хонь хулгай хийж, зарж борлуулаагүй. ..хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү “ гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч А.Мөнгөншагайгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Мөнгөншагай, Б.Мөнхбаяр нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН