Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2024/01683

 

 

 

 

 

 

 

 

2024 04 24 181/ШШ2024/01683

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Б.Түмэнцэцэг, шүүгч Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ** тоот хаягт оршин суух, Э.Д /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: * тоот хаягт оршин суух, Б.Д /РД:-/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6,137,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Э.Д /цахимаар/

Хариуцагч: Б.Д,

Иргэдийн төлөөлөгч: С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Билгүүн нар оролцов..

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Б.Дт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 6,137,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.Д миний бие 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр өөрийн эцэг болох Д.Э-тэй утсаар ярьтал Аав нь 6 дугаар сарын 11-ний өдөр Тахилгын наадамд даага уралдуулахаар болсон гэж хэлсэн ба миний эзэмшлийн машин болох Kia fronter машинаар даага ачиж явах тухайгаа надад хэлсэн. Миний эцэг Д.Э жолооны үнэмлэхгүй учраас хажуу айлын Б ахаар жолоодуулан явах зөвшөөрлийг надаас авсан.

Гэтэл маргааш нь буюу 2023 оны 6 дугаар сарын 10-ны орой аав над руу залган Манай хойд айлын хүүхэд болох Б.Д нь наадам үзмээр байна. Би машиныг чинь бариад явъя гэж гуйгаад байна гэхээр нь би Үнэмлэхтэй бол тэг тэг гэж хэлсэн. Маргааш нь Б.Д машин жолоодон, аав даагаа ачиж явсан. Гэтэл Б.Д нь миний машиныг овооны уруу буруу байрлуулж тавьснаас болж машин өнхөрсөн. Тийм учраас Kia fronter машиныг засахад зарцуулсан засварын хөлс, машины кабин, нум гэх мэт зүйлсийг сольж тавьсан зардал, журмын хашааны хөлсөнд 6,137,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.Э гэж хүн ирээд Машин бариад наадамд яваад өгөөч гэж гуйсан. Би уг гуйлтын дагуу тухайн машиныг бариад наадамд явсан. Уг наадамд Түнхэл сумын хүмүүс ирчихсэн байсан. Би наадамд очоод машиныг нь араанд нь хийгээд зогсоогоод байрлуулсан боловч удаагүй машин өнхөрч, гурван машин мөргөсөн.

Д.Э нь надаас өөрийн машины хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн учраас би хоёр машины хохирлыг төлсөн. Явах боломжгүй 2 машин журмын хашаанд үлдсэн. Верна гэх машиныг өөр машинаар сольж өгнө гээд бичиг хийж үлдээсэн. Харин Harrier маркийн машины хохирол 7,370,000 төгрөгөөс 4,000,000 төгрөг төлсөн.

Гэтэл нэхэмжлэгч өөрийн машины мөнгийг төлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн машины анхны үнэлгээ 2,370,000 төгрөг гарсан. Д.Э надаас машины хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Хариуцагчийн гэм буруутай эсэх нь тодорхой болж, торгох шийтгэвэр ногдуулсан байна. Тус хэргийн талаар талууд анх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс дээр тохиролцсон байдалдаа хариуцлагатай хандах ёстой гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид 113,142 төгрөг төлсөн баримт, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хаан банкаар мөнгө шилжүүлсэн баримт, мөнгө шилжүүлсэн баримтууд, Э.Ш-н Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхэд гаргасан тодорхойлолт, Д.Эы нийгмийн даатгалын лавлагааны хуулбар, ** ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 849 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар: Хариу тайлбар ирүүлсэн.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас ** дугаартай зөрчлийн хэргийн материалыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Тухайн үед хариуцагч Б.Д нь миний эзэмшлийн Киа фронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан бөгөөд байрлуулахдаа уруу газарт зогсоож, буруу байрлуулснаас шалтгаалж, осол гаргасан. Ослын улмаас тээврийн хэрэгслийг засварлуулахад гарсан зардал 6,137,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгчийн эцэг Д.Э гэх хүний гуйлтаар нэхэмжлэгчийн машиныг жолоодон наадам үзэхээр очиход энэ үйл явдал болсон. Д.Э нь надаас өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй гэсэн учраас би бусад тээврийн хэрэгслүүдэд учруулсан хохирлыг төлсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Э.Дгийн эзэмшлийн *** СБА улсын дугаартай, Киа фронтер маркийн тээврийн хэрэгслийг уулын энгэр хэсэгт уруу газар байрлуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. Орхиж явахдаа 7 нас хүрээгүй хүүхдийг насанд хүрсэн харгалзах хүнгүйгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглоно. гэж заасныг зөрчсөнөөс тээврийн хэрэгсэл өнхөрч, улмаар *** УНА улсын дугаартай Тоёота вишн маркийн тээврийн хэрэгсэл, ** СБА улсын дугаартай Тоёота харриер маркийн тээврийн хэрэгсэл, *** СБА улсын дугаартай Хьюндай верна маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-аар тогтоогдсон.

 

4.2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр *** дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар Б.Дт 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан болох нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газрын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1/168 тоот албан бичиг, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн №0027669 дугаартай Шийтгэлийн хуудас-аар тогтоогдож байна. /хх65, 82, 125/

 

4.3. Хариуцагч Б.Д нь дээрх ослын улмаас *** УНА улсын дугаартай Тоёота вишн маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 1,490,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх118/

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Э.Дгийн өмчлөлийн, *** СБА улсын дугаартай, Киа фронтер маркийн тээврийн хэрэгслийг уулын энгэр хэсэгт уруу газар байрлуулахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасныг зөрчиж, нэхэмжлэгч Э.Дгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Хариуцагч Б.Д осол гаргасан шалтгаан, нөхцөлийн талаар маргаагүй ба ийнхүү хохирол нөхөн төлсөн байдлыг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагийн нэг илрэл гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Э.Дгийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хариуцагч Б.Дын буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул Б.Д нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч Б.Дын Д.Э өөрийн машины хохирлыг хариуцна гэсэн тул би хоёр машины хохирлыг төлж барагдуулсан гэх тайлбараар түүнийг нэхэмжлэгч Э.Дд учирсан хохирлыг хариуцах үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

 

6. Иргэний хуулийн 510.1 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч Э.Дгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын улмаас 2,357,500 төгрөгийн хохирол учирсан болох нь ** ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 849 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-гаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Б.Д үнэлгээгээр тогтоогдсон хохирлын хэмжээнд маргаагүй.

 

** ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 849 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-гийн баруун доод буланд бар кодыг уншуулахад үнэлгээний эх хувьтай таарч байх тул шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан цахим баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч Э.Д нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр *** СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа-нд байрлуулсны төлбөрт 215,000 төгрөгийг Төрийн сангийн ** тоот дансанд тушаасан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Харин ** ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 849 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-д *** СБА улсын дугаартай, Киа фронтер маркийн тээврийн хэрэгслийн кабиныг засварлах шаардлагатай гэж дүгнэсэн байх тул машины кабин худалдан авсан зардал 1,500,000 төгрөг, кабин ачих хөлс 100,000 төгрөг, засвар 100,000 төгрөг, Э.Шинэбямбад засварын хөлсөнд төлсөн 1,500,000 төгрөгийг хариуцагч Б.Доос гаргуулах үндэслэлгүй байна. Түүнчлэн, Алтан сийлбэр ХХК-ийн 416,000 төгрөгийн баримт нь ** ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсан 2,357,500 төгрөгийн хохиролд багтаж байх тул дахин хариуцагчаас гаргах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Б.Доос ** ХХК-ийн үнэлгээгээр тогтоосон 2,357,500 төгрөг, Тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаа-нд байрлуулсны төлбөрт төлсөн 215,000 төгрөг, нийт 2,572,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар гаргасан Хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байна. Тус хэргийн талаар талууд анх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Цагдаагийн хэлтэс дээр тохиролцсон байдалдаа хариуцлагатай хандах ёстой гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэх дүгнэлтийн хариуцагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт шүүхийн шийдвэртэй тохирч байна. Харин нэхэмжлэгч Э.Дгийн хувьд хариуцагч Б.Дтой хэрэг бүртгэлтийн шатанд хохирол нэхэмжлэхгүй талаар тохиролцсон байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 56,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Доос 2,572,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,564,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг удирдлага болгон нэхэмжлэгч Э.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113,142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Доос 56,110 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

Б.БИЛГҮҮН