Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2017/0382/З/ |
Дугаар | 250 |
Огноо | 2018-05-30 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 250
“Э Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын
хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын
яаманд холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, “Э Э Т Э” ХХК-ийн 150...Х, 153...Х дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтсийн даргад даалгуулах, “Э Э Т Э” ХХК-ийн эзэмшиж байгаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, “Нур...” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх 153...Х дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй болохыг тогтоолгож, уг талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасч бүртгэхийг Байгаль орчны яаманд даалгуулах тухай.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0869 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0079 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар,
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-гийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0869 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Э Т Э” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулж, “Э Э Т Э” ХХК-ийн 15...Х, 153...Х дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх сэргээсэн шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газар болон түүний Кадастрын хэлтсийн даргад даалгуулах, “Э Э Т Э” ХХК-ийн эзэмшиж байгаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг, “Нур...” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх 153...Х дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт хамаарахгүй болохыг тогтоолгож, уг талбайг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсээс хасч бүртгэхийг Байгаль орчны яаманд даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0079 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2017/0869 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын бичгээр гаргасан болон шүүх хуралдааны явцад өгсөн тайлбарыг үндэслэн хууль зүйн үндэслэл бүхий бодит байдалд нийцсэн шийдвэр гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болно” 91.3-т “шүүх энэ хуулийн 91.2-т заасан этгээдийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл...” гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд заавал байлцуулах шаардлагагүй гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.5-д заасныг үндэслэн шүүх хуралдааныг хийсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга, зөв шийдвэр болсон гэж үзэж байна.
4. “Э Э Т Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Байгаль орчны яам хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй юм. Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох газрын хилийн заагийг Засгийн газар тогтоохоор хуульчилсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байна.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөр этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүсгэгдсэн захиргааны хэрэгт хариуцагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг татаж оролцуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ2017/7034 дугаар захирамжаар “2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хамтран хариуцагчаар татаж оролцуулахаар шийдвэрлэжээ.
7. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яам гуравдагч этгээдийн эрх зүйн байдалтайгаар оролцож байгаа мэтээр гуравдагч этгээдийн зүгээс оролцох итгэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр О.Б-д олгосон, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар О.Б нь гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр тус хуралдаанд оролцсон, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбарыг тус яамны хуулийн хэлтсийн дарга Ч.Р нь гаргасан, уг тайлбар болон хэргийн материалтай танилцах эрх, боломжоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хангагдаагүй байна.
8. Дээрх зөрчилтэй байдлууд нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэх үндэслэл болж байх тул давж заалдах шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан зөрчлүүдийг арилгаж, хэргийн оролцогчдыг эрхийг хангаж, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасанд нийцжээ.
9. Иймд, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Д-гийн хяналтын журмаар гаргасан “...хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2018/0079 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ