Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0653/З/Т |
Дугаар | 128/ШШ2023/0824 |
Огноо | 2023-11-09 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2023/0824
2023 11 09 128/ШШ2023/0824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* Б******* /РД:*******/,
Хариуцагч: Б*******,*******,
Маргааны төрөл: ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Д.Б*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Б*******, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/316 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б*******өд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
2.2. Б.Б*******ийн нэхэмжлэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0672 дугаар шийдвэрээр Б*******, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б/316 дугаар “Д.Б*******өд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.3. Б*******, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар Д.Б*******ийг төслийн зохицуулагчаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулахаар томилсон.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/198 дугаар тушаал гарсан байсныг 7 дугаар сард наадмын баярын дараа очиж уулзахад надад өгсөн. Тиймээс буцааж ажилд томилуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлалд гомдол гаргасан ч Улсын дээд шүүх 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцүүлэхээс татгалзсан.
Төслийн зохицуулагчаар томилсон ч төслийн санхүүжилт Дэлхийн байгаль хамгаалах сангаас орж ирээгүй, төслийн үйл ажиллагаа эхлээгүй, тушаалд зааснаар хөлсөөр ажиллах гэрээ надтай байгуулаагүй байгаа тул төслийн зохицуулагчаар цалин хөлс олгогдоогүй байгаа.” гэв.
3.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цалин хөлс нэхэмжилж буй хугацааны хувьд, Д.Б*******ийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/316 дугаар тушаал нь шүүхээр хянагдаж 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг хариуцагчийн зүгээс гардан авч, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр шүүхийн тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэж үзэж байгаа. Тиймээс энэ хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх хүсэлттэй байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэгт хууль бусаар ажлаас халагдсан, шүүхийн шийдвэр гарсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө гэж заасан. Шүүхийн шийдвэр 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан ч гэсэн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болж байгаа учраас энэ хүртэлх хугацааны цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль зүйн зохицуулалт байна гэж үзсэн.
Б******* аялал жуулчлалын сайдын Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар хөлсөөр ажиллах гэрээгээр 3 сая төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцсон. Өнөөдрийг хүртэл цалинг олгоогүй бөгөөд тушаалын дагуу ажлаа хүлээж аваагүй байна. Санхүүжилт орж ирээгүй байгаа учраас төслийг түр хугацаанд зогсоосон байдалтай байгаа. Хэрвээ 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгож, ажилгүй байсан цалин хөлсийг бодно гэвэл энэ хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй байсан. Тиймээс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр шийдвэрлэх боломжгүй. Шүүхийн шийдвэр 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргаж, хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх асуудал яригдаж байгаа. Д.Б******* 09 дүгээр сард төлөөгүйгээр явахаар 10, 11 дугаар сард нөхөн төлөх ямар ч боломжгүй болно. Тус төслийн санхүүжилт орж ирээгүй учраас төлөхгүй гэсэн. Тэгэхээр хувиараа төлөх нөхцөл байдал үүсэж байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцох хуульд заасан боломж байгаа гэж харж байна. Хэрвээ 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр тооцвол нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй болно” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгэнт тушаал хүчингүй болсон учраас олговрын талаар маргах зүйлгүй, хугацааны тухайд асуудал яригдана. Захиргааны байгууллагаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс ажилд томилсон тушаал гарсан учраас хугацааг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөр тооцож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарт үндэслэн Д.Б*******ийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлээс зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэлээ.
1. Б.Б*******ийн нэхэмжлэлээр тус шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 672 дугаар шийдвэрээр Б*******, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Б/316 дугаар “Д.Б*******өд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан” тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэр 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг ажлын байранд нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр эгүүлэн тогтоосон бол урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд түүнд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсан тул ажилгүй байсан хугацааны цалин олгох хугацааг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсаныг тогтоосон шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон хугацаагаар буюу 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаагаар нэхэмжилсэн нь хуульд үндэслээгүй, үндэслэл бүхий биш гэж үзлээ, учир нь эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох хугацааг тооцоход ямарваа хамааралгүй үйл баримт, шийдвэр юм.
4. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хөдөлмөрийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаагаар буюу 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах агуулгаар тайлбарладаг ч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох эрхгүй юм.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаар хангах хүртэлх хугацаа хэмээн төслийн зохицуулагчаар томилсон 2023 оны 6 дугаар сарын 08-ныг хүртэлх хугацаагаар ажилгүй байсан хугацааг үзнэ гэж тайлбарлах боловч төслийн зохицуулагчаар хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулахаар томилсон Б*******, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/198 дугаар тушаалд заасанчлан хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулагдаагүй, Дэлхийн байгаль хамгаалах сангийн санхүүжилтээр хэрэгжих “Монгол орны хүлэрт намгархаг газрын менежмент, бэлчээрийн эко систем, нүүдэлчин малчдын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх” энэ төсөл эхлээгүй, түүнийг бодит байдалд ажлаар хангаагүй, цалин хөлс олгоогүй байх тул тушаал гарсан өдрөөр ажлаар хангасан гэж үзэх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.
6. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.2-т “төрийн албан хаагчийн цалин хөлс нь төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд тийнхүү халагдахаас өмнө авч байсан албан тушаалын ангиллын зэрэглэл, шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон нөхөж олгуулахаар шийдвэрлэлээ.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь цалин хөлс олгосон хугацаанд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг урьд эрхэлж байсан албан тушаалын зэрэглэл, шатлалаар үндсэн цалин, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн нэмэгдлийг тооцон нөхөж олгуулж, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас “2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, энэ хугацааны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч, хариуцагч нараас тус тус 35,100 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА