Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 202/МА2019/00035

 

 

Д.С-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2019/00313 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, ... онд төрсөн, ... настай, эмэгтэй, Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... тоотод оршин суух, ... настай, Д.Б-д холбогдох

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 380 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.Б-н давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.С миний бие 2019 оны 01 дүгээр сарын 26-ны орой өөрийн гэр орондоо Д.Б гэгчид зодуулж сэтгэл санаа эрүүл мэндийн тодорхой хэмжээний хохирлыг амссан. Байгалмаа нь энэхүү асуудлаараа цагдаагийн байгууллагад шалгагдаж түүний хууль бус үйлдэл нь нотлогдон тогтоогдож зөрчлийн хэрэг бүртгэгч Болортунгалаг дээр шийтгэвэрийн хуудсаар 100000 төгрөгөөр торгох торгуулийн арга хэмжээ авагдсан. Энэ хугацаанд би түүнийг надаас өөрийн зохих ёсны буруутай үйлдлээ гэмшиж уучлалт гуйж улмаар надад учирсан хохирлыг өөрийн санаачилга сайн дураараа төлчих болов уу? гэж өдийг хүртэл харсан боловч харин ч энэ асуудлаа өөрийн зөв мэтээр ойлгож улам өширхөж гадуур элдэв дээдээр худал ярьж цуурхал дэгдээх болсон юм. Миний хувьд уг хүний буруутай үйлдлийн улмаас хүзүү дагзаар минь хөшиж толгой тархи минь байнгын өвдөж 2019 оны 02 дугаар сараас хойш байнга эмнэлэгээр явсан төдийгүй 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Болороод үзүүлэн УТКЭ-ийн мэдрэлийн амбулаториар тархины MRI хийлгэх шаардлагатай болж 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13а маягтыг авч 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орой Улаанбаатар хот руу явсан болно. Гэтэл эмнэлгийн очер дугаар ихтэй байсны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дугаар авч эргэж ирээд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн орой дахин хот руу явсан. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хотод уг эмнэлэгтээ үзүүлээд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр MRI шинжилгээ хийлгэсэн. Ийнхүү Улаанбаатар хот руу 2 удаа ирж вагоноор явсан зардал 40200 төгрөг, ирэхдээ 2 удаа таксигаар ирсэн зардал 50000 төгрөг, шинжилгээ хийлгэсэн төлбөр 290000 төгрөг, нийт 380200 төгрөгийн зардал гарсан. Иймд Д.Бгаас энэхүү зардлуудыг нэхэмжилж байна…” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж өөрчилж нэхэмжлэхдээ: “...Хоёр удаа Улаанбаатар хот руу явсан вагоны зардал 40000 төгрөг, шинжилгээний 290000 төгрөг, нийт 330000 төгрөг нэхэмжилж байна...” гэжээ.

 

Хариуцагч Д.Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 380200 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Уг асуудлаар Дорноговь аймгийн Цагдаагийн газар Д.С нь өргөдөл, гомдол гаргаж шалгуулсан боловч Д.С-н биед гэмтэл учраагүй гэж 2 удаа бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарч эрүүгийн хэрэг хаагдаж байсан. Харин Д.С-н биед гэмтэл учраагүй учраас Д.Б бусдын эрх чөлөөнд халдсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн хуульд заасны дагуу 100000 төгрөгөөр торгуулсан...” гэжээ.

            Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Д.Бгаас гэм хорын хохиролд 329 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.С-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 056 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 10 526 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Сд олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, түүний өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч Д.Б давж заалдсан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.С-н эрүүл мэндэд гэм хор учруулсан гэж дүгнэн, гэм хорын хохиролд 329200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.С нь миний төрсөн эгч байж миний нөхөр болох Р.Энхтүвшинтэй гэр бүлээс гадуур харилцаа холбоог үүсгэсэн байсныг би өөрөө олж, харж, мэдээд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Д.С-н гэрт нь очиж хэлсэн юм. Гэвч маргааш нь Д.С цагдаад намайг ирж зодсон гэж гомдол гаргасан байсан. Уг асуудлаар миний бие цагдаагийн байгууллагад шалгагдаад Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгуулсан. Миний бие бусдын эрүүл мэндэд гэм хор учруулаагүй учир Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан...” гэжээ.

 

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Хуулийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Хүний эрхийн асуудлыг зөрчиж, үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Д.Бд Зөрчлийн тухай хуулиар 100000 төгрөгөөр торгох арга хэмжээ авагдсан байдаг. Энэ хэргийн улмаас гэмтэл тогтоогдоогүй. Ганцхан энэ зөрчлийн үйлдлийн улмаас Д.С-н хувьд тархиндаа тодорхой хэмжээний доргилт авсан. Энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй боловч үүнийхээ улмаас Улаанбаатар хот руу 13 дугаар маягтаар онош тодруулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр явж эмчлүүлсэн. Би хугацааг нь зөрүүтэй ярьж байж магадгүй. 03 дугаар сарын 28-ны өдөр билүү 30-ны өдөр очоод үзүүлэхэд уг эмнэлэг нь очер дараалалтай байсан учраас 04 дүгээр сарын 02-ны өдрийн очер аваад, ингээд буцаж ирээд 04 дүгээр сарын 02-ны өдрөө очин MRI шинжилгээ хийлгэн оношоо тодруулсан. Нэхэмжлэлийн нийт дүн бол эхлээд 380000 төгрөг байдаг. Тэгээд шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтын хүрээнд байна гээд 50000 төгрөгийг хассан. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос таксигаар ирсэн зардал нь баримтжаагүй. Тиймээс зөвхөн Сайншанд сумаас Улаанбаатар хот явсан зардал мөн MRI-д харуулсан зардал гээд нийт 330000 төгрөг нэхэмжилж, бусад үнийн дүнгээс татгалзаж байна гэдгээр анхан шатны шүүхээр хэлэлцэгдээд мөн билетний үнэ гээд дээд, доод давхраараа ялгагдаад 1 000 төгрөгийн зөрүү байдаг. Тэр нь хасагдаад 329 000 төгрөг болсон. Энэ хохирлыг Д.Б-гийн зохих хэмжээний үйлдлээс учирсан гэм хор гэж анхан шатны шүүх үзэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Хамгийн гол нь эмчилгээ биш онош тодруулах зорилгоор Улаанбаатар хот руу явсан. Мөн ямар ч бичиг баримтгүй гэж байх шиг байна. Мэдрэлийн эмч Болормаа 13 дугаар маягт гэж өгсөн. Улмаар тэр картан дээр бичигдсэн бичгийн нотлох баримтууд хавтаст хэрэгт байгаа. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй учраас Д.Б-гийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Д.Бд холбогдуулан эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд нийт 380200 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 330000 төгрөг болгон багасгаж өөрчилснийг хариуцагч Д.Б эс зөвшөөрч “...Д.С-н биед гэмтэл учраагүй ...” буюу нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй гэж маргажээ.

 

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Д.Б эс зөвшөөрч “... Миний үйлдлээс болж Д.С тархиндаа MRI хийлгэх шаардлагатай болсон гэх баримт хэрэгт авагдаагүй. ... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл  анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэв.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Д.С болон хариуцагч Д.Б нар нь муудалцаж, хариуцагч Д.Б нэхэмжлэгчийн биед халдсан /хх-27-28/, энэ үйлдлийн улмаас хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар буюу хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон үндэслэлээр 100000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээсэн /хх-68/, нэхэмжлэгчид зүүн бугалганы зулгаралт гэмтэл учирсан /хх-23-26/ болох үйл баримт тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.С нь хариуцагч Д.Б-гийн дээрх гэм буруутай үйлдлийн улмаас толгой, тархи өвдөх болж улмаар шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бол хариуцагч нь өөрийнх нь үйлдлээс тархи толгойд гэмтэл учраагүй тул шинжилгээ хийлгэсэн нь өөрийнх нь гэм буруутай үйлдэлтэй хамааралгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар нэхэмжлэгч Д.С-н эрүүл мэндэд учирсан хохирол нь хариуцагчийн үйлдэл, эс үйлдлээс болсон буюу үйлдэл, учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой байх  нь гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэл болох бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд нь  эрүүл мэндэд учирсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтаар  буюу Дорноговь аймгийн Прокурорын газрын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/32, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 5/32А  дугаар тогтоолуудад дурдсанаас үзэхэд хариуцагч Д.Б нь нэхэмжлэгчийн “... нүүрний зүүн шанаа хэсэг рүү 1 удаа цохисон ...” байх ба энэ үйдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд зүүн бугалганы зулгаралт гэмтэл үүссэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн  393, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 633 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

 

Улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн  393 дугаартай шинжээчийн дүгнэлтэд  “... Ирүүлсэн рентген зургийг дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад: ...2019.01.26-ны зураг ... Гавал ясны 2 байрлалын рентген зургаар гавал яс, хамар, эрүү ясанд гэмтлийн өөрчлөлтгүй, ...тархины судас зураглал чамархай зулай хэсгээр бага зэрэг тодорсон, хуйхны зөөлөн эдэд илэрхий хаван хавдаргүй ... , ... Д.С-н эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон 02/0122 дугаартай шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. ... Д.С-н биед 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн эмчийн үзлэгээр зүүн бугалганы зулгаралт гэмтэл тогтоогджээ. ... Яаралтай тусламжийн 2019.01.25 болон 2019.01.26-ны хуудсанд тархины доргилт гэмтлийг илрүүлэх шинжүүдийг мэдрэлийн үзлэг болон багажийн шинжилгээгээр тогтоогоогүй байна. ...” гэж,

 

2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 633 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “... хохирогч Д.С-н эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 393 дугаартай шинжээчийн дүгнэлт нь үндэслэлтэй байна” гэж зааснаас тус тус үзэхэд хариуцагч Д.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.С нь тархины MRI шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар шинжээч нар нь нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн рентген зургийг уншсан дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эрүүл мэндэд тархи толгойны хувьд гэмтэл учраагүй гэж тогтоосны зэрэгцээ яаралтай тусламжийн 2019.01.25 болон 2019.01.26-ны хуудсанд тархины доргилт гэмтлийг илрүүлэх шинжүүдийг мэдрэлийн үзлэг болон багажийн шинжилгээгээр тогтоогоогүй болохыг дүгнэсэн зэргээс үзэхэд тухайн үед нэхэмжлэгч тархины MRI шинжилгээ хийлгэж, онош тодруулах зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчээс ирүүлсэн эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-4/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт баримтанд тэмдэглэгдсэн эмчийн тэмдэглэл /хх-5-6/ зэрэг бичгийн нотлох баримтаас  үзэхэд эмч 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийг тархины MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж зөвлөсөн байх ба энэ нь нэхэмжлэгч эрүүл мэндийн хувьд тархины шинжилгээ хийлгэж, онош тодруулах шаардлагатай байсныг үгүйсгэхгүй боловч энэхүү үйл баримт нь цаг хугацааны хувьд Д.Б-гийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  гэм буруутай үйлдэлтэй хамааралтай гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь цаг хугацааны хувьд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шинжилгээ хийлгэсэн үндэслэлээ нэхэмжлэлдээ “... толгой тархи байнга өвдөж 2019 оны 2 сараас хойш байнга эмнэлгээр явсан төдийгүй 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ... мэдрэлийн эмч ...-д үзүүлэн ... тархины MRI хийлгэх шаардлагатай болж ... эмнэлгийн очер дугаар ихтэй байсны улмаас 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр MRI шинжилгээ хийлгэсэн ...”  гэж дурдсан байх боловч энэхүү нэхэмжлэлд дурдсан “ ... толгой тархи байнга өвдөж, 2019 оны 02 сараас хойш эмнэлгээр явсан...” тухай үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгчээс ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгсдийн картанд /хх-5-6/ тэмдэглэгдсэнээс үзэхэд 2019 оны 04 дүгээр сарын 02, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд мэдрэлийн мэргэжлийн эмчид үзүүлсэн талаар тэмдэглэгджээ.

 

Энэ нь хариуцагч Д.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.С нь тархины MRI шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх ийнхүү шинжилгээ хийлгэж онош тодруулах нь нэхэмжлэгч Д.Б-гийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэж энэ талаарх зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т нийцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслээгүй, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болов.

 

Иймд хариуцагч Д.Б-гийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 136/ШШ2019/00313 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-н хариуцагч Д.Бгаас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 330000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Б-гийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10526 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А. САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ