Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

     Ц.Отгонтулгад холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд  

 

   Прокурор Э.Гантулга

   Шүүгдэгч Ц.Отгонтулга

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат

   Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлоор шүүгдэгч Ц.Отгонтулгад холбогдох 2115000000245 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ачит овогт Цэнджавын Отгонтулга, Булган аймгийн Хангал суманд 1971 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, Б аймгийн Х сумын * дугаар багт оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, ач, зээ нарын хамт амьдардаг, 51 настай, эрэгтэй. Урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. /

 

Шүүгдэгч Ц.Отгонтулга нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн Х сумын * дугаар багийн “Нумтын зүүн салаа” гэх газрын ойгоос 2.0826 м3 шинэс төрлийн түлшний хуурай модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

  Булган аймгийн Прокурорын газраас Ц.Отгонтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

  Шүүгдэгч Ачит овогт Цэнджавын Отгонтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

  Шүүгдэгч Ц.Отгонтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулж,

  Шүүгдэгч Ц.Отгонтулга нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Отгонтулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий **-** ОРА улсын дугаартай “Wide Bongo G2” загварын тээврийн хэрэгсэл, 2.0826 м3 хэмжээтэй, тайрч бэлтгэсэн 58 ширхэг шинэс төрлийн түлээний хуурай мод зэргийг тус тус хурааж, улсын орлого болгож,

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 62500 /жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, зүүн талдаа хар өнгийн маниултай, баруун талдаа цэнхэр өнгийн тагтай, ямар нэгэн бичиглэлгүй хуучин моторт хөрөөг хурааж улсын орлого болгож,

  Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Отгонтулга нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тээврийн хэрэгслийн баримт бичиг зэрэг нотлох баримтад Ц.Отгонтулгын өмч болох нь нотлогдоогүй байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх заалтыг баримтлан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Тухайн хэрэгт Ц.Отгонтулгын өмчлөлд байгаа гэх баримт
хангалттай нотлогдоогүй байхад өмчлөгч мэт үзэж тээврийн хэрэгслийг хураасан нь хууль зөрчсөн. Харин Ц.Отгонтулга нь өөрийн эзэмшилд байгааг зөвшөөрсөн байдаг бөгөөд эзэмшил нь өмчлөгч гэж үзэхгүй, Ц.Отгонтулга нь ам бүл 6 уулаа бөгөөд түүний эхнэр Б.Баясгалан болон хүүхдүүдийн эзэмшил, өмчлөлд байгаа эсэхийг тогтоосон ажиллагаа хийгдээгүй атлаа тухайн хөрөнгийг Ц.Отгонтулгынх мэт үзэж шийдвэрлэснээр түүний гэр бүлийн бусад гишүүд болон гэрч Б.Батбаатарын эрх ашиг хөндөгдсөн.

Эрүүгийн хуулийн 7.5 р зүйлийн 3-т хохиролыг төлөх зорилгоор болон хэрэг
хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилгоор хөрөнгийг хураан авахаар заасан ба тухайн хэрэгт төлөх хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй.

Мөн уг тээврийн хэрэгсэл гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх байдал хангалттай
нотлогдоогүй. Тухайн модыг бэлтгэхээр Нумтын зүүн салаа гэх газарт тээврийн хэрэгслээр очсон ба тээврийн хэрэгслээр модыг ачиж тээвэрлэсэн гэх байдал нотлогдоогүй.

 Тухайн модыг ачиж тээвэрлэхээс өмнө цагдаад баригдсан гэх үйл баримт хэрэгт нотлогдсон байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 1,2 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж, эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тээвэрлэсэн гэх үндэслэлийг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын **-** ОРА дугаартай Wide BongoG-2 загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай гэх хэсгийг
хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Отгонтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Тээврийн хэрэгслийг чөлөөлж өгнө үү гэв.

  

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ:

...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат “...тээвэрлэсэн гэх үндэслэлийг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын **-** ОРА дугаартай Wide BongoG-2 загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай гэх хэсгийн хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү “ гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Шүүгдэгч Ц.Отгонтулга нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн “Нумтын зүүн салаа” гэх газрын ойгоос 2.0826 м.кв шинэс төрлийн түлшний хуурай модыг зөвшөөрөлгүй бэлтгэж, **-** ОРА дугаартай Wide BongoG-2 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэм буруутай болох нь:

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, Хялганат тосгон дахь сум дундын ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай Экологи эдийн засгийн үнэлгээгээр шинэс төрлийн мод, 168,060 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт, байгаль орчны  хяналтын улсын байцаагчийн хохирлын үнэлгээ тооцсон 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт,  “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 21/365 дугаартай тээврийн хэрэгсэл болон цахилгаан хөрөөний үнэлгээ, хийсэн шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Ц.Отгонтулгын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ө.Болор-Эрдэнэ, гэрч Н.Бямбасүрэн, Б.Батбаатар нарын мэдүүлгүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Ц.Отгонтулгын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг байгаль орчинд учруулсан хохиролд тооцно.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 168.060 төгрөгийн шууд хохирол учирсан нь тогтоогдсоноос гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалт буюу дээр дурдсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэнийг “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” байхаар хуульчилсан тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Отгонтулга нь байгалийн баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Дээрх заалтыг үндэслэн анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасанчлан ойн санд учирсан хохирлыг ойн экологи - эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 504,180 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Отгонтулгад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа эрүүгийн хуулийн хууль ёсны байх, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан, ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Отгонтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 Хэрэгт авагдсан баримтаас харахад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** ОРА улсын дугаартай “Wide Bongo G-2” загварын тээврийн хэрэгсэл нь иргэн Б.Батбаатарын өмчлөлд гэх тээврийн хэрэгслийн гэрчилгээ авагдсан боловч гэрч Б.Батбаатар нь 2017 онд шүүгдэгч Ц.Отгонтулгад 5,000,000 төгрөгөөр худалдсан, тээврийн хэрэгслийн нэрийг өмчлөгч Ц.Отгонтулгад шилжүүлээгүй, тухайн тээврийн хэрэгсэл нь Ц.Отгонтулгын өмчлөлийнх гэж /хх-ийн 58/ мэдүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчээс **-** ОРА улсын дугаартай “Wide Bongo G-2”  загварын тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгож ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхисуай.

 

 3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Отгонтулгад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН