Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Х-н Б-г 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010610 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Х-н Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д цэвэр усны борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Х.Б нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ...  тоотод оршин суух Ө.Б эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг гараараа татан эвдэж онгойлгон орон байранд нэвтэрч 516.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Aser” маркийн иж бүрэн суурин компьютерийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                                                    

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг гаргах шаардлагагүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Сэжигтэн Б.Б-н  мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүүгээ...сургуулиас нь авах гээд хуучин давхарын автобусны буудал дээр зогсож байтал зүс таних Б-тай тааралдсан. Бид хоёр хоорондоо мэнд усаа мэдэлцээд зогсож байтал Б надад хандаж “чи завтай бол хоёулаа ойрхон нэг айл руу орчихоод ирье” гэсэн. Тэгэхээр нь “яах гэж байгаа юм бэ” гэтэл тэрээр “би хадамындаа очиж компьютер аваад 21 дүгээр хороололд аваачиж засуулах гэж байгаа юм, чи надтай хамт явчих” гэж хэлсэн. ...Тэгээд бид хоёр...зам дээрээс такси бариад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны дэргэд байх гэр хороолол руу очиж Б-ы хадамын хашааны гадна талд очсон. Б түрүүлж буугаад айлын хашаа руу түрүүлж орсон, би машиндаа суугаад хүлээж байтал намайг дуудахаар нь яваад орсон. Тэр айлын гэрт Б компьютерын утаснуудыг салгаад зогсож байсан. Тэгтэл Б намайг чи процессорыг нь барьчих, би үлдсэнийг нь бариад гаръя гээд тэр айлаас гарсан. Бид хоёр такситайгаа 21 дүгээр хороолол руу явсан ба би 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр бууж үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 27),

2. Гэрч П.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...хэрэг болох үед манай ээж над руу утсаар залгаад гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орчихсон байна, гэрээс иж бүрэн суурин компьютер хулгайд алдагдсан байна гэж анх энэ хэргийн талаар ээж Б-с сонссон. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад 2017 оны 3 дугаар сарын дундуур цагдаагийн газраас над руу залгаад ээж болон намайг дуудсан. Тэгэхэд л Б-г бусадтай нийлж ээжийн гэрээс суурин компьютер хулгай хийж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах шөнийн зах дотор байдаг ломбардад барьцаанд тавьсан байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

3. Гэрч О.Э-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний санаж байгаагаар 2017 оны 02 дугаар сард нэгээс хоёр суурин компьютер барьцаанд тавигдсан санагдаж байна. Энэ хоёр компьютер одоо манай ломбарданд байхгүй, хугацаа хэтэрсэн учраас 200.000 төгрөгөөр зарагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21), 

4. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ “...“Aser” брэндийн i-3 үзүүлэлттэй суурин компьютер...516.000 төгрөг...” гэх (хавтаст хэргийн 23),

5. “...” ХХК-ийн “Эрдэнэс 2” барьцаат зээлийн газрын зээлийн гэрээ 0005419-т “...Үйлчлүүлэгч: Хишигбаяр овогтой Б...регистрийн дугаар ..., зээлийн хэмжээ: 150.000...” гэх гэрээ (хавтаст хэргийн 11),

 

6. Шүүгдэгч Х.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр...давхарын автобусны буудал дээр зогсож байтал...зүс таних Б гэх бандитай тааралдсан. Бид хоёр хэсэг зуур юм ярилцаад зогсож байтал тэрээр надад “ахаа мөнгөний хэрэг байна, танд мөнгө байвал олоод өгөөч...мөнгөтэй болохоороо буцаагаад өгье”...гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би түүнд хандаж “би чамд нэг удаа тусалъя” гэж хэлээд хадам ээжийнд компьютер байгаа, хоёулаа тэрийг очиж аваад ломбарданд тавиад мөнгөтэй болох уу гэж санал тавьсан. ...Тэгээд бид хоёр засмал замаас такси бариад хадам ээжийн гэр лүү явсан. Хадам ээжийн гэрийн гадаа очиход хашааны хаалга түгжээгүй, гэрийн хаалга түгжээтэй харагдсан. Хашаанд ороод би гэрийн цоожтой хаалгыг гараараа шууд татаад цүүц төмрийг мултлан монгол гэрийн хаалгыг онгойлгон орсон. Тухайн үед хадам ээжийн гэр лүү Б бид хоёр ороод ертөнцийн зүгээр гэрийн зүүн талын хана дагуу яваад хойморт байсан “Aser” брэндийн иж бүрэн суурин компьютерийг авсан. ...Тэгээд хадам ээжийн гэрээс гараад засмал зам руу орон такси барин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах Шөнийн зах руу явж 1 давхарт нь байдаг ломбарданд 150.000  төгрөгөөр барьцаанд тавьсан. ...Тухайн үед би хадмынхаа гэрээс компьютер авах зорилготой явсан. Харин Б-ын хувьд намайг гэрээсээ компьютер авах гэж байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 32),

 

7. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, 8 ширхэг гэрэл зураг (хавтаст хэргийн 7-9) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөрдөн байцаалтаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Х.Б нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчины 3 дугаар гудамжны 01 тоотод 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хадам эх Ө.Б гэр болох орон байранд нэвтэрч шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 516.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь;

- Сэжигтэн Б.Б-н  мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны дэргэд байх гэр хороолол руу очиж Бы хадамын хашааны гадна талд очсон. ...Тэр айлын гэрт Б компьютерын утаснуудыг салгаад зогсож байсан. Тэгтэл Б намайг чи процессорыг нь барьчих, би үлдсэнийг нь бариад гаръя гээд тэр айлаас гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 27),

- Гэрч П.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын дундуур цагдаагийн газраас над руу залгаад ээж болон намайг дуудсан. Тэгэхэд л Б-г бусадтай нийлж ээжийн гэрээс суурин компьютер хулгай хийж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах шөнийн зах дотор байдаг ломбардад барьцаанд тавьсан байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 23),

- “...” ХХК-ийн “Эрдэнэс 2” барьцаат зээлийн газрын зээлийн гэрээ (хавтаст хэргийн 11),

- Шүүгдэгч Х.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр...Хашаанд ороод би гэрийн цоожтой хаалгыг гараараа шууд татаад цүүц төмрийг мултлан монгол гэрийн хаалгыг онгойлгон орсон. Тухайн үед хадам ээжийн гэр лүү Б бид хоёр ороод ертөнцийн зүгээр гэрийн зүүн талын хана дагуу яваад хойморт байсан “Aser” брэндийн иж бүрэн суурин компьютерийг авсан. ...Тэгээд хадам ээжийн гэрээс гараад засмал зам руу орон такси барин Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байрлах Шөнийн зах руу явж 1 давхарт нь байдаг ломбарданд 150.000  төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 32) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

- Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгээр гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлттэй мэтгэлцээгүй тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Б-д холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын хэмжээ бага буюу 2015 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл хэсэгт зааснаар оногдуулж болох ялаас бага байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас Х.Б-ыг 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар хорих, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг, 

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн оногдуулахаар дүгнэлт гаргасан 2 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэж тус тус мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт нь 2 жилийн хорих ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байх боловч тэрээр анх удаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хөнгөрүүлэн үзэх дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх саналыг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар ял оногдуулан оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 201726010610 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Х-н Б-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ө.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсогсоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ