Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0610

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0610

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М п э ХХК;

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

М п э ХХК -ийн С аймгийн Э сумын Эрдэнэ-4 нэртэй газар дахь ашигт малтмалын хайгуулын XV-*****дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан захиргааны байгууллагын үйлдэлд холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч М п э ХХК нь ...С аймгийн Э сумын Эрдэнэ-4 нэртэй газар дахь ашигт малтмалын хайгуулын XV-*****дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022.01.24-ний өдрийн ** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна. 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дараахь үйл баримтыг дурдсан байна.Үүнд:

2.2.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэрийн талаар;

2.3 Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс /цаашид Кадастрын хэлтэс гэх/-ийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 168 дугаар шийдвэрийн талаар;

2.4.М п э ХХК -ийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болохоор уг тусгай зөвшөөрөлд тусгасан талаар;

2.5.Нэхэмжлэгч М п э ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргасныг хариуцагч нь Өргөдлийн бүртгэлийн EX-009016 дугаарт бүртгэсэн талаар;

2.6.Кадастрын хэлтэс нь тус компанийн өргөдлийг хянаад Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар;

2.7.Кадастрын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8/5919 дугаар албан бичгийн талаар;

2.8.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар шийдвэрийн талаар;

2.9.Улсын бүртгэлийн ерөнхий газар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/96 дугаар албан бичгийг талаар болно.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн эзэмшлийн С аймгийн Э сумын Э** нэртэй газар дээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтэс /цаашид Геологи уул уурхайн кадастрын хэлтэс гэх/-ийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно.

Нэхэмжлэгч компани нь С аймгийн Э суманд хайгуулын тусгай зөвшөөрлийг зохих хууль дүрэмд нийцүүлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуваарь хуульд заасан үүргээ төрийн захиргааны байгууллага болон төрийн өмнө нь хэрэгжүүлж, үүргээ хүлээж ирсэн. Ашигт малтмалын лицензийг тодорхой хугацаанд сунгуулах үүргийг лиценз эзэмшигч хүлээдэг. 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусах байсан учир 09 дүгээр сард хүсэлтээ хуульд заасан 30 хоногийн хугацаанд гаргасан.

Геологи уул уурхайн кадастрын хэлтэс нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу хүсэлт өгснөөс хойш нэлээд удаан хугацааны дараа хариу өгөхдөө татгалзсан хариуг хуулийн этгээдийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр өгсөн. Маргааны хүрээнд ашигт малтмалын харилцаа, улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанууд явагдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой тодорхой хэд хэдэн баримтууд дурдагдах байх. Улсын бүртгэлийн газраас манай компанийн эрхийг улсын бүртгэлээс хасаж шийдвэрлэснийг Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасны дараа мэдсэн.

2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2201 дугаартай албан бичгээр улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Үүний дагуу Улсын бүртгэлийн газрын хариуцсан улсын байцаагч нь тус асуудлыг шалгаж, нэхэмжлэгч компани нь зөрчилгүй, мөн зөрчлөө арилгасан байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийг сэргээсэн гэдэг байдлаар дүгнэлт гаргасан. Энэ нь хариуцагчийн шийдвэр гаргасан хугацаанаас хойш буюу 2 хоногийн дараа гарсан байсан. Тухайн үед Ашигт малтмал, газрын тосны газарт манай компанийн зүгээс очиж, өргөдөл гаргаад 30 хоногийн дотор шийдвэр авсан байх ёстой, мөн бидний нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргаж өгнө үү гэдэг байдлаар байр сууриа илэрхийлж байсан. Ашигт малтмал, газрын тосны газрыг холбогдох байцаагч нар мөн адил тодорхой хэмжээд шийдвэрлэнэ гэж байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу 2 хоногийн өмнө хуулийн этгээдийн хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул ашигт малтмалын хайгуулын лицензийн хугацааг сунгахаас татгалзсан. Энэхүү татгалзсан шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн газар хуульд заасан журмыг зөрчсөн байдгийг нотлох баримт шинжлэн судлах, асуулт хариултын шатанд дэлгэрэнгүй тайлбар хэлнэ.

2017 онд нэхэмжлэгч компани нь анх улсын бүртгэлд бүртгэгдэж, гадаадын хөрөнгө оруулалттай, хязгаарлагдмал хариуцлагатай компани гэсэн хуулийн этгээдийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд тухайн үед 2 хувьцаа эзэмшигчтэй. Нэг хувьцаа эзэмшигч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байсан. 2018 оны 11 дүгээр сард одоогийн хувьцаа эзэмшигч нь компанийн хувьцааг өөртөө худалдаж аван компанийн эрхийг шилжүүлж авч цаашид ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, бизнес төлөвлөгөө гарган үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Компанийг худалдаж авах үед бүртгэл, кадастрын лиценз ямар нэгэн зөрчилгүй байсан. Ковидын хугацаанд компанийн зүгээс ажилчдыг цомхотголд оруулахгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг төлж, төр болон нийгмийн харилцаанд орж байгаа гуравдагч компаниудын эрх ашгийг хамгаалахыг зорьж ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 01 дүгээр сард гарсан шийдвэр нь М п ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гэж үзэж байна. Төрийн болон хувийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй, учир дутагдалтай ажилладаг байсны үр дагаврыг нэхэмжлэгч компанийг хохироож мөн хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хөндөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Хуулийн этгээдийн бүртгэл сэргэсэн бодит нөхцөл байдал байгаа учраас лицензийн хугацааг сунгаж, хугацаа сунгахыг даалгаж өгөөч гэж шүүхээс хүсэх байна. Татгалзсан шийдвэр гарсны дараа 2 хоногийн дараа дүгнэлтээ авч, Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтсийн даргатай уулзаж, бидний эрхийг сунгаж, эрхийг сэргээж өгнө үү гэж хэд хэдэн удаа уулзаж, хүсэлтээ өгч байсан ч зохих үр дүнд хүрсэнгүй гэж үзэж байна. Лицензийг компанид болон Монгол Улсад ашигтай хөрөнгө оруулалт бөгөөд Сүхбаатар аймагт ашигтай төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг зөрчсөн. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагуудад гаргасан. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг хангаагүй тул Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаар шийдвэрээр лицензийн хугацааг сунгахаас татгалзаж, улсын бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн. Тус шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны үйл баримтад:

            1.1.Энэ хэрэгт М п э ХХК нь эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзсан захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгаж маргасан үйл баримт хэлэлцэгдэв.

Хоёр.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

2.1. Шүүх нь талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Гурав.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

3.1.Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр С аймгийн Э сумын нутаг, Эрдэнэ-4 нэртэй 10593.59 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах XV-*****дугаар тусгай зөвшөөрлийг А х а г ХХК-д олгосноор уг газар ашигт малтмалын эрх зүйн харилцаа үүсч, улмаар мөн даргын 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэг болох 7469.49 га талбайг М п э ХХК-д хэсэгчлэн шилжүүлж, мөн өдрөөр огноолсон XV-*****дугаартай тусгай зөвшөөрлийг олгосноор нэхэмжлэгч нь энэхүү харилцааны оролцогч болсон байна.

3.2.М п э ХХК -ийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болохоор уг тусгай зөвшөөрөлд тусгасан /ХХ-н 9 дэх тал/ байна.

3.3.Нэхэмжлэгч М п э ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргасныг хариуцагч нь Өргөдлийн бүртгэлийн EX-009016 дугаарт бүртгэжээ /ХХ-н 31 дэх тал/.

3.4.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тус компанийн өргөдлийг хянаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22.2-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.

3.5.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8/5919 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан М п э ХХК -ийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад тус байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/96 дугаар албан бичгээр хариу хүргүүлэхдээ М п э ХХК -ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2383 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон болохыг /ХХ-н 34 дүгээр хуудасны арын нүүр/ мэдэгджээ.

3.6.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар шийдвэрийг М п э ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тус компанид мэдэгдсэний дагуу мэдсэн гэж тайлбарласан болно.

3.7.Улсын бүртгэлийн ерөнхий газар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 5/96 дугаар албан бичгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаар шийдвэрээр М п э ХХК -ийн хайгуулын XV-*****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийн бүртгэлээс хасч шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдлоо.

3.8.Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагч Д.Ч-н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ... хяналт шалгалт хийхэд М п э ХХК -ийн үүсгэн байгуулах баримт бичиг болох Хаан банк ХХК-ийн хөрөнгө оруулалтыг нотолсон гэх 2017оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 22-5003/972 дугаартай тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй, хуулга нь тус банкнаас гараагүй нь тогтоогдсон учраас Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож, цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн гэж;

3.9.Мөн ... уг актыг гаргахдаа улсын бүртгэлийн www.burtgel.gov.mn цахим хуудаст 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байршуулан сонсож ажиллагааг явуулсан. ... 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22/01 дүгээр албан хүсэлт, хавсарган ирүүлсэн баримтын дагуу холбогдох бүртгэл хийж, 2019 оны 2383 дугаар дүгнэлтэд дурдсан зөрчлийг арилгасан, компанийн санхүүгийн баталгаажуулсан тайлан, хараат бус Аудитын тайлан, Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор хэрэгсэхгүй болгосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 728 дугаар дүгнэлтээр компанийн холбогдох мэдээллийг цахим санд тусгахаар шийдвэрлэсэн гэж тус тус тайлбарлажээ /ХХ-н 103 дахь тал/.

3.10.М п э ХХК гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж статустайгаар 2017 онд үүсгэн байгуулагдаж, тус компанийн 100 хувийн хувьцааг одоогийн эзэмшигч LYU BAOQUAN /EB6625803/ 2018 онд шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа ба хувьцаа шилжүүлэн авахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас ямар нэг зөрчилтэй талаар өөрт нь мэдэгдээгүй тул ийнхүү худалдан авсан гэж тус тус шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.

3.11.М п э ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнөх үүсгэн байгуулагч ийм алдаатай, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсныг мэдээгүй, Улсын бүртгэлийн газар хуулийн этгээдийн шаардлага хангасан гэж бүртгэсэн, хувьцаа эзэмшигчийн нэр шилжүүлж авахаар хүсэлт гаргаж, улсын бүртгэл хийлгэх үед ийм зөрчлийн талаар мэдэгдээгүй тул одоогийн удирдлага, хувьцаа эзэмшигч нар мэдэх боломжгүй, төрийн байгууллагын бүртгэлд итгэсэн, Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар дүгнэлтийг мэдээгүй, тус байгууллагаас зохих журмаар мэдэгдээгүй тул мэдэх боломжгүй байсан гэж тайлбар нь үндэслэлтэй болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж үзлээ.

3.12.Учир нь М п э ХХК -ийн Гүйцэтгэх удирдлага WU WEIGUO нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр орж ирсэн, компанийн хувьцаа эзэмшигч LYU BAOQUAN нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр орж ирсэн нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2-4в/3158 дугаар албан бичгийн лавлагаа /ХХ-н 110-112 дахь тал/ тогтоогдсон ба үүнийгээ Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас Монгол Улсад ирэх боломжгүй байсан гэж тайлбарласныг шүүхэд нотлох шаардлагагүй үйл баримтууд гэж үзэв.

3.13. М п э ХХК нь өөрийн компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэл хүчингүй болсныг мэдсэний дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан компанийн улсын бүртгэлийг сэргээж өгөх хүсэлт /ХХ-н 92 дахь тал/ гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагч хянаад 8 хоногийн дотор шийдвэрлэж өгсөн болох нь тус байцаагчийн бичгээр гаргасан тайлбар /ХХ-н 103 дахь тал/, дүгнэлт /ХХ-н 100-102 дахь тал/ болон шүүхэд ирүүлсэн бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон болно.

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1.Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны зүйлд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул М п э ХХК -ийн хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгосон Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар дүгнэлтийг хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

4.2.Харин маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар дүгнэлтийг нэхэмжлэгч хэзээ мэдсэн, мэдэх боломжтой байсан эсэхэд дүгнэлт өгөх нь маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхтэй шууд хамааралтай, логик уялдаатай болно гэж үзэн энэ үйл баримтад дараахь байдлаар дүгнэлт өгч байна.Үүнд:

4.3.Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын Улсын байцаагч Д.Ч-н шүүхэд гаргасан бичгийн тайлбараар Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар дүгнэлтийг гаргахын өмнө байгууллагын цахим сайтад мэдээлэл байршуулж сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу хүргүүлсэн гэснийг тус байгууллагыг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

4.4.Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан байдаг.

4.5.Хуулийн энэ заалтаар сонсох ажиллагааны мэдэгдлийг 21-ээс дээш компанийг төлөөлж байгаа этгээд байгаа бол түүнд, байхгүй бол тухайн орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжид мэдээллийг хүргэх боломж бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслийг сонгож түүгээр мэдээлэх, эсхүл шуудан, мэдэгдэж болох арга хэрэгслийг ашиглахаар хуульчилсан байна.

4.6.Сонсох ажиллагааны мэдэгдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд мэдээлснийг хуульд заасан арга хэрэгслээр хүргүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй байна.

4.7.Учир нь иргэн, аж ахуйн нэгж нь бүх төрийн байгууллагын цахим хуудас, үүний дотор Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсанд ямар мэдээлэл гарахыг тогтмол орж танилцах, шалгах үүрэг хүлээгээгүй, амьдрал дээр ийм боломж байхгүй тул сонсох ажиллагааны мэдээллийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг бодит үндэслэлтэй гэж үзлээ.

4.8.Нэхэмжлэгч М п э ХХК нь ийнхүү өөрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон захиргааны актын талаар мэдээгүй, мэдэх боломжгүй нөхцөлд байсан гэдэг нь дээрх үйл баримт нотлох баримтаар тус тус нотлогдож байгаа ба хэрэв Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар дүгнэлтийг тэр даруйд нь мэдсэн бол зөрчлийг арилгаж, хуулийн этгээдийн бүртгэлийг сэргээлгэх боломжтой байсан гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагч Д.Ч-н шүүхэд ирүүлсэн тайлбар болон мөн Улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 728 дугаар дүгнэлтээр /ХХ-ийн 100-102 дахь тал/ тус тус нотлогдож байна.

4.9. Нэхэмжлэгч М п э ХХК нь эзэмшиж байсан XV-*****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар өргөдөл гаргаснаар Улсын байцаагчийн 2019 оны 2383 дугаар дүгнэлтийг мэдсэн гэдэг тайлбар нь тус компани нь 2019-2021 онд санхүүгийн тайлангаа жил бүр татварын албанд гаргаж, хүргүүлж байсан байдал /ХХ-н 129-154 дэх тал/, 2019-2021онд Уулын ажлын төлөвлөгөө батлуулж, 2020, 2021 оны Хайгуулын ажлын тайланг хянуулж, 2021 оны Геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжээг хянуулахаар гаргасан зэрэг үйл баримтаар давхар нотлогдохын хамт тус компани энэ үйлдлээрээ Ашиг малтмалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан байна дүгнэлээ.

4.10.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, ... гэж заажээ.

4.11. Эндээс үзвэл нэхэмжлэгч М п э ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д заасан хугацааны дотор хайгуулын XV-*****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ гаргасан болох нь тогтоогдож байна.

4.12.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан байна.

4.13.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу М п э ХХК -ийн өргөдлийг ажлын 10 хоногт буюу 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор багтаан шийдвэрлэх үүрэгтэй байна.

4.14.Гэтэл тус компанийн өргөдлийг хуульд заасан дээрх хугацаанд шийдвэрлээгүй, өргөдлийг хүлээн авсан 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл 3 сар 7 хоногийн хугацаанд өргөдлийг огт хянан үзээгүй гэдэг нь тус байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 8/5919 дугаар албан бичиг /ХХ-н 34 дэх тал/, түүний хариу /ХХ-н 117 дахь тал/ тус байгууллагын Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийн дотоод хяналтын хуудсанд өргөдлийг хүлээн авснаас хойш 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр огноолон татгалзсан шийдвэр мэдэгдлийн төслийг боловсруулж, 17-ний өдрөөр огноолж өгөгдлийг шалгаж, мөн өдрөө зураг зүйн болон эрх зүйн шүүлт хийж, 18-ны өдөр эрх зүйн шүүлтийг хянаж, 19-ны өдөр шийдвэр, мэдэгдлийн төслийг хянаад, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн гэж тэмдэглэснээр /ХХ-н 18 дахь тал/ нотлогдож байгаа тул хариуцагч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасан хугацааг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан байна.

4.14.Хэрэв Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь М п э ХХК -ийн өргөдлийг хуульд заасан хугацаа болох 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор шалгаж, зөрчил байгааг нь мэдэгдсэн бол тус компани нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд багтааж хуулийн этгээдийн улсын бүртгэлийн зөрчлөө арилгах боломжтой байсан гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 8 хоногт багтаан сэргээснээс нотлогдсон гэж үзэв.

4.15.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тушаалтны буруутай ажиллагаанаас үүдэн М п э ХХК -ийн хувьцаа эзэмшигч нь бүртгэлийн зөрчилтэй компанийн шилжүүлж авсан, улмаар мөн байгууллагын буруутай ажиллагаанаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн зөрчилтэй болохоо мэдээгүй, түүнчлэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн буруутай ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны дотор улсын бүртгэлийн зөрчлөө засуулах боломжоо эдэлж чадаагүй, хариуцагч сонсох ажиллагаа явуулж, энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж болох байсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь, шүүх сэргээн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.16.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж, мөн зүйлийн 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заасан байна.

4.17.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь М п э ХХК -ийн XV-*****дугаартай тусгай зөвшөөрлийг сунгахаас татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсож ажиллагаа явуулаагүй, энэхүү журмыг зөрчсөн нь хууль зөрчсөн үйлдэл мөн бөгөөд хуульд заасан журам зөрчиж гарсан захиргааны акт нь хууль бусад тооцогдох ёстой.

4.18.Түүнчлэн нэхэмжлэгч захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлөө сунгуулах боломжгүй үр дагаварт хүрч оруулсан хөрөнгө оруулалтаараа хохирох бодит үр дагавар бий болсон байна гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан итгэл хамгаалах зарчмын дагуу хамгаалагдах эрхтэй гэж дүгнэв.

4.19.Хариуцагчаас тусгай зөвшөөрлийн хугацаа нь нэгэнт дууссан тул тусгай зөвшөөрлийг сунгах хууль зүйн боломжгүй гэж маргасан.

4.20.М п э ХХК-н эзэмшиж байсан XV-*****дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг хянасан хариуцагчийн үйл ажиллагаанаас үзвэл захиргааны албан тушаалтнууд тус компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусаад 2 сар 7 хоног өнгөрсөн байхад буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлж шалгах ажиллагаа явуулж эхэлсэн үйл баримтаас үзвэл тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан байхад сунгахаар шийдэх боломжтой гэдэг нь харагдаж байна.

4.21.Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага, албан тушаалтнууд өөрийн дуртай хугацаандаа тусгай зөвшөөрлийг сунгах эсэхийг шалгаж болдог атлаа хуулийн этгээдээс хүсэлт гомдол гаргах үед тусгай зөвшөөрлийн хугацаа нь дууссан гэдэг тайлбараар асуудлыг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь захиргааны байгууллага өөртөө давуу эрх үүсгэж, эдэлж, асуудлыг үзэмжээр шийдэж байгаа явдал гэж үзэв.

4.22.М п э ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22/02 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан бөгөөд энэхүү гомдлыг шийдвэрлэх хугацаанд лицензийн хугацааг сунгуулах хүсэлтийг татгалзахгүй байх-ыг хүссэн бичиг хүргүүлсэн гэх боловч хариуцагч ийм бичиг ирүүлээгүй гэдгийг бичгээр тайлбарласан /ХХ-н 86 дахь тал/, талууд энэ талаар маргаагүй болно.

4.24.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч М п э ХХК нь тусгай зөвшөөрлийг хүчинтэй байх хугацаанд сунгуулах өргөдлөө гаргасан, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хүчин төгөлдөр байх шаардлага нь тус компанийн одоогийн хувьцаа эзэмшигчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, хариуцагч нь тус компанийн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүйгээс болж, хуулийн этгээдийн бүртгэлийн алдааг засах хугацаа хэтэрсэн зэрэг нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийн буруутай ажиллагаа гэж үзэхгүй тул төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас үүдсэн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус компанийн эзэмшиж байсан хайгуулын XV-*****дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын хуулийн 22 дугаар зүйлд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч М п э ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, тус компанийн хайгуулын XV-*****дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ** дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, тус компанийн эзэмших ашигт малтмалын хайгуулын XV-*****дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч М п э ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ