Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ДШМ/324

 

 

 

 

 

 

 

  2022         3            24                                             2022/ДШМ/324

 

          Э.Б-д холбогдох эрүүгийн

           хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,                    

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2102000000317 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Э-ны Б, 20.. оны ... дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.............” ........ дээд сургуулийн 4-р курсийн оюутан, ам бүл .., .............. нарын хамт ................ дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ....................../; 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 150 нэгж буюу 150.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт 650 нэгж буюу 650.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгасан,

Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 14.3566 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, түүний эдлэх  ялыг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “Өвс” гэх нэршилтэй 14.3566 грамм бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие Э.Б нь 2001 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн. Бага ангид ортлоо цэцэрлэгээр хүмүүжиж 2008 онд 101 дүгээр “Эрдмийн Оргил” цогцолбор сургуульд элсэн орж, дунд анги хүртлээ суралцаж байгаад 2015 онд 99 дүгээр “Голомт” цогцолбор сургуульд шилжин суралцаж, суралцах хугацаандаа гар зураг, урлаг, спортын төрлүүдээр олон, олон амжилт гаргаж 12 дугаар анги төгсөх жилээ Сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортын 1 дүгээр зэрэг цолтой, мөн дүүрэг болон улсын шилдэг тэргүүний сурагчаар шалгарч, одон медалиар шагнагдан 10 жилээ амжилттай төгссөн. Мөн одоо сурч байгаа “Мон-Алтиус” дээд сургуулийнхаа хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин бөгөөд Налайх дүүргийн “Шинэ-Найлах” клубд гэрээ хийн тамирчинаар бэлтгэгдэж, харъяа дүүргийнхээ нэрийн өмнөөс олон, олон тэмцээн уралдаанд орж амжилт гарган багийн ахлагчийн үүргээ маш сайн биелүүлэн ирсэн билээ. Одоог хүртэл Монгол Улсын Хөл бөмбөгийн холбооны дээд лигт тоглож, багийн чухал гишүүн хэвээр байна.

Миний бие “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн төгсөх курс болох 4в ангид 3.6 үнэлгээтэй суралцаж байгаа бөгөөд төрсөн эгч Батцэцэг нь хөдөлмөрийн чадвараа 70-80 хувь алдсан нөхцөл байдлын улмаас сургуулийн зүгээс болон улсаас буцалтгүй тусламжаар 4 жилийн хугацаанд суралцах боломжийг олгосон.

Ар гэрийн байдлын хувьд эх ............... нь тэтгэвэрт, эгч .............. хөдөлмөрийн чадвараа 70-80 хувь алдсан, эрхэлсэн тодорхой ажилгүй гэртээ байдаг. 2 дүү маань Налайх дүүргийн 101 дүгээр “Эрдмийн Оргил” сургуульд бага болон дунд ангид суралцдаг.

Гэр бүлийн амжиргааны түвшин доогуур байдлыг минь болон надад дахин суралцах боломжийг минь олгож, өрхийн амжиргаа дээшлүүлэн, сургуулиа төгсөн ажил амьдралын гараагаа эхлүүлэхэд минь ганцхан боломж олгохыг хичээнгүйлэн гуйж байна. Өөрийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, цаашид дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна.

Иймд Э.Б миний гомдлыг хүлээн авч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Б нь хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис буюу нийгмийн аюулын шинж чанар ихтэй гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Э.Б-ын хувийн байдал нь урьд 2 удаа ял шийтгүүлж байсан. Ял шийтгүүлсэн хоёр хэрэг нь хоёулаа хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бөгөөд шүүхээс Э.Б-д торгох ял оногдуулсан байдаг. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас шүүгдэгч Э.Б-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, Э.Б нь 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай “Өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 14.3566 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7/,

Хүний биеээс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх 23/,

Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн мансууруулах бодис хэрэглэсэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 4818 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Э.Б УД01210930 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн. Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх 32-34/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 4819 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “1” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн.  Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэх дүгнэлт /хх 27-29/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 834 дугаартай хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /хх 38-39/,

Яллагдагч Э.Б-ын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбогдуулж гаргах санал хүсэлт байхгүй. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа ... Би энэ хэргийнхээ талаар өмнө нь хэд хэдэн удаа мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 48-49/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 52-55/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 94-97/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь “Өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Б “...Хувийн байдлыг минь харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас нийгмийн хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, түүнд 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ын цагдан хоригдсон 65 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай. 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                     ШҮҮГЧ                                         М.ПҮРЭВСҮРЭН

 

                     ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ