Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/02439

 

 

 

 

 

 

 

2024 05 29 182/ШШ2024/02439

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Ганди гудамж, Галакси тауэр, 9 давхар, .... тоотод байрлах, М с д ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамж, 929 тоотод оршин суух....................-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 2,351,549 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М с д ХХК нь өөрийн компанийн импортлон борлуулдаг бараа бүтээгдэхүүнийг Sunday Plaza .... хаягт байрлах А.Ө дэлгүүрт нийлүүлэн хамтран ажилладаг байсан.

А.Ө нь 2023 оны 11 дүгээр сард манай компаниас худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөлгүй явсаар 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 4,024,755 төгрөгийн төлбөр тооцоотой байсан бөгөөд талууд уг тооцоог баталгаажуулан тус өдөр 0000168 тоот Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, мөн тус төлбөр тооцоог 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож DA-18/24 тоот "Төлбөр барагдуулах гэрээ" байгуулсан.

Гэвч А.Ө нь "Төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу төлбөрийг огт төлөлгүй явсаар 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 800,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 771,000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 400,000 төгрөг төлж нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар нийт 2,053,755 төгрөгийг төлөлгүй нэхэмжлэгчийг хохироож байна.

DA-18/24 тоот Төлбөр барагдуулах гэрээ-ний 3.1.2-т заасны дагуу Төлбөр төлөгч хуваарьт төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алдангийг төлбөр авагчид төлөхөөр харилцан тохирсон. Нэхэмжлэгчийн зүгээс уг заалтыг баримтлан төлбөр төлөх хуваарь зөрчигдсөн өдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн алданги тооцох эрхтэй боловч хуваарийг зөрчсөн ч хамгийн сүүлд төлбөр төлөгдсөн өдөр болох 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн алданги тооцвол 297,794 төгрөгийн алдангийг нэхэмжлэх боломжтой байна.

Иймд А.Өгээс нийлүүлсэн барааны төлбөр 2,053,755 төгрөгийг алданги 297,794 төгрөгийн хамт нийт 2,351,549 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М с д ХХК-ийн нэхэмжилсэн 2,351,549 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 1 сарын хугацаанд буюу 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М с д ХХК нь хариуцагч А.Өд холбогдуулан, гэрээний үүрэгт 2,351,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч А.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,351,549 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч М с д ХХК-д төлж барагдуулахаар тайлбар гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч М с д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,575 төгрөгөөс 26,287.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 26,287.5 төгрөг, хариуцагч А.Өгээс улсын тэмдэгтийн хураамжид 26,287.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М с д ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. М с д ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Өд холбогдох гэрээний үүрэгт 2,351,549 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.Ө нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,351,549 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч М с д ХХК-д төлж барагдуулах хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч М с д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,575 төгрөгөөс 26,287.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 26,287.5 төгрөг, хариуцагч А.Өгээс улсын тэмдэгтийн хураамжид 26,287.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М с д ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ