Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 367

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Л.Ганчимэг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0453) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Ц-н О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010256 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ц-н О, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.О нь 2017 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Б-н эзэмшлийн Соната-5 маркийн ... автомашин дотор бусдын эд хөрөнгийг авах зорилгоор илээр насанд хүрээгүй хохирогч А.М-ий (16 настай) амь биед нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан “Nokia-3100” маркийн гар утас, улаан өнгийн өвлийн куртик, улаан эрээн өнгийн цамц, шармал цагирган ээмэг зэрэг нийт 65.000 (жаран таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг нь хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                                                    

Нэг. Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг гаргахгүй” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Насанд хүрээгүй хохирогч А.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 01-ний шөнө...03 цагийн орчим гэртээ харихаар...1 дүгээр хорооллын ар талд 34 дүгээр байрны хойд талын гүүрний орчим алхаж байхад “Sonata 5” маркийн машин зогсоод танихгүй залуучууд “чи хаашаа явах гэж байгаа юм” гэхээр нь “Толгойтын 65 дугаар бүрэн дунд сургууль орно” гэж хэлсэн. Тэгэхэд намайг “суучих, би хүргээд өгье” гэхээр нь суусан. Машинд танихгүй 4 залуу байсан. Машинд суусан хойно урд жолоочийн хажуу талын суудалд суусан ногоон эрээн куртиктай хар өнгийн саравчтай малгайтай залуу О “чи хаанахын пизда вэ” гэхээр нь “Толгойтынх” гэж хэлсэн. Тэгсэн урдаас “чи намайг таних уу” гэхээр нь би “нүүж ирээд удаагүй байгаа” гэж хэлсэн. Тэгээд дараа нь гараараа миний толгой хэсэгт буюу нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж авсан, дараа нь надаас гар утсаа гаргаад ир гэсэн. Тэгэхээр нь өөртөө байгаа “Nokia” маркийн гар утсаа өгсөн. Тэгсэн дараа нь “чамд нэгж байна уу пизда минь” гэж асуухаар нь айсандаа нэгж байгаа байхаа гэхэд миний гар утасны нэгжийг шалгаж үзээд “чамд 9 төгрөгний нэгж байна ш дээ” гээд намайг цохисон. Мөн “чамд пүүз байна уу” гэхээр нь байхгүй гэж хэлээд өөрт өмсөж байсан хар өнгийн гутлаа үзүүлсэн...чи наад өмсөж байгаа куртикээ тайл гэхээр нь тайлсан. Дараа нь цамцтай байхыг хараад дахиад цамцаа тайл гэсэн. Тэгэхээр нь болохгүй гэж хэлэхэд дахиад миний толгой руу хэд хэд цохисон. Дараа нь миний зүүн талын чихэнд байсан шармал төмөр ээмгийг монетон ээмэг юм биш үү тайл, эсвэл би чихийг чинь сэтэлж байгаад авна шүү гэхээр нь ээмгээ тайлж өгсөн. Тэгээд намайг машинаас буулгаад “гуяндаа нэг юмаар бүлүүлчихээд гүйчих юм байгаа биз дээ” гэхээр нь боль л доо гуйж байна гэж хэлсэн. Тэгэхэд О машинаас буугаад намайг татаж буулгасан. Тэгэхэд миний малгай унаад урт үс задгай харагдахад “ямар стилний пизда вэ” гээд дахин намайг цохисон. Тэгээд намайг “гүй” гэхээр нь “ахаа цамцаа авчихъя” гэхэд давраад байна уу гээд газраас чулуу авахаар нь цаашаа зугтаж гүйхэд араас чулуу шидсэн. Тэгээд би подволктойгоо явж байгаад эргүүлийн цагдаатай тааралдаж дээрэмдүүлчихлээ гэж хэлээд тэр цагдаа машиндаа суулгаж араас нь яваад барьж авсан юм. ...Намайг тэр дисант эрээн куртиктэй О гэх залуу нь дээрэмдэж эд зүйл авсан...миний биед тархины дОт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамар зөөлөн эдийн няцрал, таван шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтлүүд учирсан. Энэ гэмтлүүдийг О намайг зодож учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18),

2. М.Г-н сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 03 цаг орчим...”Sonata 5” маркын машинтай Х, О, Д бид дөрөв явж байсан. Би машин бариад миний хажуу талын суудал дээр О суугаад, арын суудалд миний ар талд Д, О-н ард Х суугаад 1 дүгээр хорооллын арын замаар яваад 34 дүгээр байрны хойд талын гүүр хүрээгүй грашуудын хажуугаар явж байхад баруун тийшээ үл таних хүүхэд алхаж байхаар нь зогссон. Тэгээд хаа хүрэх юм бэ гэж намайг асуухад тэрээр 65 дугаар сургууль орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би суучих, ах нь угаасаа толгойт явна гэж хэлсэн. Тэр хүүхэд О-н ар талын хаалгаар суусан. Хөдлөөд явж байхад О эргэж хараад “хаанахынх юм бэ чи” гэхэд тэр хүүхэд “Толгойтынх, нүүж ирээд жил болж байна” гэсэн. ...Тэгээд О тэр залууг цохиод “чи намайг Толгойтод мэдэх үү, намайг асуугаарай” гээд айлгаж байгаад түүнээс “мөнгө байна уу” гэхэд “мөнгө байхгүй, мөнгөгүй гэр лүүгээ алхаж байна” гэсэн. Тэгэхэд О утсаа гарга гэхэд нөгөө залуу Nokia ш дээ гэхэд зүгээрээ гаргаад ир, авахгүй гэсэн. Нөгөө залуу утсаа гаргаж ирэхэд О утсыг нь авсан. Мөн О ахдаа куртик, цамцаа өгчих гээд куртик, цамцыг нь тайлуулж авсан. Дараа нь чихнийх нь ээмгийг авсан. Д бид хоёр болиоч, яах гээд байгаа юм бэ гэхэд О үгэнд орохгүй одоо буу гээд түүнийг буулгаад өөрөө машинаас буугаад тэр хүүхдийг хоёр удаа цохиод хөөгөөд явуулсан. Араас нь чулуу шидээд хөөж явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66),

3. А.Х-н сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөгөө хүүхэд миний сууж байсан талаар суугаад арын суудал дээр миний баруун талд суусан. ...О Өвөрхангайнхан хүн чанаргүй хүмүүс байдаг гээд сандлынхаа дэрийг буулгаад хойшоо харж суугаад...утас байгаа юу гэхэд Nokia ш дээ гэхэд зүгээрээ өгч бай гэсэн...Мах импексийн эцсийн буудал дээр ирээд О куртикыг нь тайлуулсан. ...Дараа нь цамцыг нь тайлуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70),

4. Гэрч Ч.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө эргүүлийн офицер ахлах дэслэгч Б.Золжаргалын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Авто таун” вилла хотхоны урд согтуу хүн байна гэсэн дуудлага шалгахаар явж байхад Гурилын үйлдвэрийн баруун талд зам дагуу дээгүүрээ фотболктой архи уусан бололтой залуу гүйж явахаар нь дуудаад шалгахад “хар машинтай явж байгаа 3-4 залууд дөнгөж сая дээрэмдүүлчихлээ” гэхэд нь “юу юугаа дээрэмдүүлсэн бэ” гэж асуухад гар утас, куртик, ноосон цамц зэрэг эд зүйлээ дээрэмдүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд дээрэмдсэн хүмүүс чинь хаашаа явсан бэ гэхэд “дөнгөж сая 5 минутын өмнө Мах импексийн автобусны буудлын эцсийн орчим байсан, та нартай зөрсөн байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр залууг суулгаад нөгөө чиглэлийн машин болох дэслэгч Гандуулга, дэд ахлагч Ганзориг нарт дээрх мэдээллийг дамжуулсан. Дээрэмдүүлсэн гэх залууг А-н М гэж байсан. Тэгээд түүнийг суулгаад тухайн зөрж явсан машины араас хөөж явахад Гандуулга, Ганзориг нар тухайн машиныг саатуулчихсан зогсож байсан. ... улсын дугаартай Соната-5 маркийн хар өнгийн машин байсан. Тухайн  машин дотор 3 залуу сууж явсан бөгөөд Ц.О, М.Г, М.Д гэдэг хүмүүс байсан тул цагдаагийн хэлтэст шалгуулахаар хүргэж өгсөн. Дахиад өөр нэг залуу нь Мах импексийн автобусны буудлын ТҮЦ ажиллуулдаг гэсэн тул тэр газар луу нь очиж цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

5. Гэрч Э.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө эргүүлийн офицероор жолооч цагдаа дэд ахлагч Б.Ганзоригийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 болон 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ-117 дугаарын чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгээд 02-ны 05 цаг 20 минутын орчим болов уу, Сэлбэ-113 чиглэлд гарч байсан ахлагч дэслэгч Энхболд нар утсаар холбогдож Сонгиохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мах импексийн автобусны буудлын эцсийн орчим 5 орчим минутын өмнө хар өнгийн машинтай хүмүүс нэг залууг дээрэмдээд явчихсан гэж байна, дээрэмдүүлсэн хүнийг аваад хөдөллөө. Их нарангийн уулзвар дээр урдаасаа гарч ирэх хар машиныг саатуулаач гэсэн. Түүний дагуу уулзвар дээр явж байхад урд талаасаа хар өнгийн Соната-5 маркийн ...  улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирэхээр нь шалгахад тухайн машин дотор гурван залуу сууж явсан бөгөөд Ц.О, М.Г, М.Д гэдэг хүмүүс байсан. Удалгүй урдаасаа Сэлбэ-113 чиглэлийн эргүүлийнхэн хохирогч М гэх залууг суулгаж ирсэн. Тэгээд хохирогч нь шууд хараад “энэ залуучууд мөн” гэсэн бөгөөд О гэх залуу нь миний цамц, куртика, утас, ээмэг зэргийг дээрэмдсэн гэж байсан. ...хохирогчоос хэн чамайг зодсон бэ гэхэд “О нь намайг зодож эд зүйл дээрэмдсэн” гэж ярьж байсан. ...М нь дээгүүрээ футболктой явж байсан бөгөөд зодуулсан гэж харагдахаар байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41), 

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 2322 тоот дүгнэлтэд:

“...хэсэг газрын үзлэгт: Дээд баруун 1, 2, доод зүүн 1, 2, баруун 1-р шүднүүд хазах гадаргуугаар эмтэрсэн. Доод уруулын дотор салстад 1.5х0.5 см язарсан шархтай, эрүүний зүүн талд 2х1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, хамрын нуруу хавдсан, таславч зүүн тийш мурийсан...ДҮГНЭЛТ:

1. А.М-ий биед тархи дОт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцралт, таван шүдний эмтрэл, доод уруулын дотор салстад язарсан шарх, эрүүнд зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Тархи дОт, хамар ясны хугарал, таславчийн мурийвч, хамар зөөлөн эдийн гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26),

- Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...А.М-ий биед учирсан гэмтлүүдээс эрүүний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй бусад гэмтлүүд нь тус тус гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29),

7. Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 21),

8. Гэрч Э.Буянбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...... улсын дугаартай автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Манай төрсөн дүү Б 2016 оны 11 дүгээр сард хүнээс худалдаж аваад миний нэр дээр бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 149-150),

9. Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн үед машин худалдаж авахад өөрийн иргэний үнэмлэх байхгүй учир ах Б-н нэр дээр авчихсан юм. Миний эзэмшлийн миний машин болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 150-151),

 

10. Шүүгдэгч Ц.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танил ах Энхтөрөөс ...  улсын дугаартай “Sonata 5” маркийн тээврийн хэрэгслийг гуйж унасан. Халтууранд явж байгаад Д-тэй таараад дараа нь Г-той уулзсан. Тэгээд гурвуулаа явж байхдаа би архи уусан. Бид гурвыг явж байхад Х яриад түүнийг гэрээс нь аваад хороолол явсан. ...Ингэж явж байхдаа Г 1 дүгээр хороололын 34 дүгээр байрны арын замаас нэг залууг суулгасан. Тэгээд тэр залууг би “хаанахых вэ” гэж асуугаад явж байгаад дээрэлхээд хэд цохьчихсон. Тэгээд сүүлдээ түүний куртик, цамц, утас, ээмэг зэргийг нь би тайлж өг гээд тайлуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79),

 

11. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2), мөрдөгчийн согтуурал шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11), илтгэх хуудас (хавтаст хэргийн 13), мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 34, 35)

- Хохирогч А.М-ий Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 37),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 105), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 112), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 103), эд хөрөнгийн талаарх холбогдох байгууллагаас ирүүлсэн лавлагаа (хавтаст хэргийн 113), хувийн байдлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 162, 163) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөрдөн байцаалтаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс шүүгдэгч Ц.О-г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

 

I. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ц.О нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн Үндэс” ХХК-ийн орчим “Sonata 5” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шөнийн 04 цагийн үед шунахайн сэдэлтээр А.М-ий эд хөрөнгийг авах зорилгоор, шууд санаатай үйлдлээр түүний амь биед аюултайгаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Nokia-3100” маркийн гар утас, улаан өнгийн өвлийн куртик, улаан эрээн өнгийн цамц, шармал цагирган ээмэг зэрэг нийт 65.000 (жаран таван мянга) төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг дээрэмдсэн болох нь;  

- Насанд хүрээгүй хохирогч А.М-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Машинд суусан хойно урд жолоочийн хажуу талын суудалд суусан ногоон эрээн куртиктай хар өнгийн саравчтай малгайтай залуу О...миний толгой хэсэгт буюу нүүр лүү нь хэд хэдэн удаа цохиж авсан, дараа нь надаас гар утсаа гаргаад ир гэсэн. ...Мөн...чи наад өмсөж байгаа куртикээ тайл гэхээр нь тайлсан. Дараа нь цамцтай байхыг хараад дахиад цамцаа тайл гэсэн. Тэгэхээр нь болохгүй гэж хэлэхэд дахиад миний толгой руу хэд хэд цохисон. Дараа нь миний зүүн талын чихэнд байсан шармал төмөр ээмгийг монетон ээмэг юм биш үү тайл, эсвэл би чихийг чинь сэтэлж байгаад авна шүү гэхээр нь ээмгээ тайлж өгсөн. ...О машинаас буугаад намайг татаж буулгаад...дахин намайг цохисон. Тэгээд намайг “гүй” гэхээр нь “ахаа цамцаа авчихъя” гэхэд давраад байна уу гээд газраас чулуу авахаар нь цаашаа зугтаж гүйхэд араас чулуу шидсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-18),

- М.Г-н сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд О тэр залууг цохиод “чи намайг Толгойтод мэдэх үү, намайг асуугаарай” гээд айлгаж байгаад түүнээс “мөнгө байна уу” гэхэд “мөнгө байхгүй”...гэсэн. ...Нөгөө залуу утсаа гаргаж ирэхэд О утсыг нь авсан. Мөн О ахдаа куртик, цамцаа өгчих гээд куртик, цамцыг нь тайлуулж авсан. Дараа нь чихнийх нь ээмгийг авсан. ...О үгэнд орохгүй одоо буу гээд түүнийг буулгаад өөрөө машинаас буугаад тэр хүүхдийг хоёр удаа цохиод хөөгөөд явуулсан. Араас нь чулуу шидээд хөөж явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-66),

- А.Х-н сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн: “...О...хойшоо харж суугаад...утас байгаа юу гэхэд Nokia ш дээ гэхэд зүгээрээ өгч бай гэсэн...Мах импексийн эцсийн буудал дээр ирээд О куртикыг нь тайлуулсан. ...Дараа нь цамцыг нь тайлуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-70),

- Гэрч Ч.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...Дээрэмдүүлсэн гэх залууг А-н М гэж байсан. Тэгээд түүнийг суулгаад тухайн зөрж явсан машины араас хөөж явахад Гандуулга, Ганзориг нар тухайн машиныг саатуулчихсан зогсож байсан. ... улсын дугаартай Соната-5 маркийн хар өнгийн машин байсан. Тухайн машин дотор 3 залуу сууж явсан бөгөөд Ц.О, М.Г, М.Д гэдэг хүмүүс байсан тул цагдаагийн хэлтэст шалгуулахаар хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Гэрч Э.Г-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Их нарангийн уулзвар дээр...хар өнгийн Соната-5 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарч ирэхээр нь шалгахад тухайн машин дотор гурван залуу сууж явсан бөгөөд Ц.О, М.Г, М.Д гэдэг хүмүүс байсан. Удалгүй урдаасаа Сэлбэ-113 чиглэлийн эргүүлийнхэн хохирогч М гэх залууг суулгаж ирсэн. Тэгээд хохирогч нь шууд хараад “энэ залуучууд мөн” гэсэн бөгөөд О гэх залуу нь миний цамц, куртик, утас, ээмэг зэргийг дээрэмдсэн гэж байсан. ...хохирогчоос хэн чамайг зодсон бэ гэхэд “О нь намайг зодож эд зүйл дээрэмдсэн” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41), 

- Эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 21),

- Шүүгдэгч Ц.О-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр танил ах Энхтөрөөс ...улсын дугаартай “Sonata 5” маркийн тээврийн хэрэгслийг гуйж унасан. ...Ингэж явж байхдаа Г 1 дүгээр хорооллын 34 дүгээр байрны арын замаас нэг залууг суулгасан. Тэгээд тэр залууг би “хаанахых вэ” гэж асуугаад явж байгаад дээрэлхээд хэд цохьчихсон. Тэгээд сүүлдээ түүний куртик, цамц, утас, ээмэг зэргийг нь би тайлж өг гээд тайлуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79) зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

- Улсын яллагчаас шүүгдэгч Ц.О-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

Дээрх мэтгэлцээн, дүгнэлтээс үзвэл улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ялын хэмжээ багассан буюу 2 жил болсон үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм.

Тодруулбал 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт хамаарагдахаар хуульчлагдсан байна. Түүнчлэн тухайн зүйл, хэсгээр оногдуулж болох хорих ялын хэмжээ гурван жилээс дээш таван жил хүртэл хорих ял оногдуулж болох зохицуулалттай байхын зэрэгцээ, мөн хуульд зааснаар хөнгөн, хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж болох хорих ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тэнсэж хянан харгалзаж болохоор заасан байна.  Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авч 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэм буруутайд тооцож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.О нь 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.О гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэгт нь 03 жил 01 сарын хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Ц.О нь анх удаа 2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хөнгөрүүлэн үзэх дээрх нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх саналыг хүлээн авч тус зүйл хэсэгт зааснаар ял оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах нь зүйтэй байна гэж шүүх үзэв.

 

III. Бусад асуудлаар

Ц.О-г гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй үндэслэлээр түүний унаж явсан ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилж, тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг тогтоолгосон байна. Хэрэгт авагдсан үйл баримтаас дүгнэвэл Ц.О нь тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх зорилгоор унаж явсан нь тогтоогдоогүй тул мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож эзэмшигч этгээдэд нь тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 201726010256 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц-н О-г 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Б овогт Ц-н О-г бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-д 03 (гурав) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.О-д оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, насанд хүрээгүй хохирогч А.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн 201726010256 дугаартай хэрэгт мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор “Huyndai Sonata 5” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

 7. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.О-д оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосоноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ