Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0888

 

 

    2023          11          24                                      128/ШШ2023/0888

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д*******” ХХК, РД:5*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гэ*******, А.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.Б*******, Д.Ц*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н******* нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 тоот тушаалын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэ*******, А.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б*******, Г.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А-302 дугаар тушаалаар “Д*******” ХХК-д Налайх дүүрэг, С******* Аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг 5 жилийн хугацаагаар олгосон.

            1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

            1.3. Нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна.

 

 

            Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлдээ: ““Д*******” ХХК нь Тэнгис аялал жуулчлалын баазын төсөл хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн А-302 дугаар тушаалаар Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газарт 2014/47 дугаартай эрчилгээ бүхий 3 га газрыг ашиглах эрхтэй болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/584 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 5 жилийн хугацаатай сунгуулсан билээ.

Аялал жуулчлалын баазын төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2019 онд тус газартаа 40 гэрийн буурь засаж цутгалт хийсэн, 2019-2020 онд төв замаас жуулчны бааз руу явах 800 метр замыг засаж, тэгшилгээ хийн сайжруулсан шороон зам тавьсан. Нийтийг самарсан цар тахал, хөл хорионы улмаас 2020, 2021 онуудад үйл ажиллагаагаа явуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Ингээд 2022 онд нэмэлт хөрөнгө оруулалт татан, жуулчны баазын төлөвлөлтийг шинээр байгаль орчинд ээлтэй, үр ашигтай байдлаар хийж барилгын зураг төслийг боловсруулсан, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн. Ийнхүү тус аялал жуулчлалын баазын төсөл, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулах хугацаанд нийт 140 гаран сая төгрөгийн зардлыг гаргаад байна.

Манай компани нь тус газрыг ашиглаж эхэлсэн цагаас газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлөн хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн газрын албатай тооцоо нийлж байсан бөгөөд 2022 оны 09 сарын байдлаар газрын төлбөрийн дутуу болон хугацаа хэтэрсэн төлөлтгүй байсан болно.

Дээр дурдсанчлан аялал жуулчлалын цогцолборын зураг төсөлдөө өөрчлөлт оруулан Байгаль орчны үнэлгээний дүгнэлт гаргуулан батлуулахаар 2023 оны 06 сарын 06-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандтал манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан болохыг олж мэдсэн.

Газар ашиглах эрхийг хэзээ, ямар үндэслэлээр цуцалсан болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулахад 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/358 тоот тушаалын дагуу газар ашиглах эрхийг цуцалсан болохыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 сарын 12-ний өдрийн 22/647 дугаартай албан бичгээр мэдэгдсэн гэх боловч тус албан бичгийг манай компани хүлээн аваагүй, илгээсэн хаягт байдаггүй талаар тэмдэглэгээ хийж Монгол шуудангаас буцаажээ. Тус шуудангийн баримт болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/647 дугаартай мэдэгдлийг 2023 оны 06 сарын 06-ны өдөр хамгаалалтын захиргааны бичиг хэргийн ажилтнаас гардан авч мэдлээ. Тэр дороо Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны сайт болох Gorkhi-terelj.mpa.gov.mn-аас тус тушаалын хавсралтыг татаж харахад цуцалсан газрын жагсаалтын 7-т манай компанийн газар орсон байна.

Мэдэгдэлд дурдсанаар Газрын тухай хуулийн 40.1.5 “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 “хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газрын эрхийг цуцалсан гэжээ. Бодит байдал дээр газрын төлбөрийн өргүй, газар дээрээ хөрөнгө оруулалт хийж зориулалтын дагуу ашигласан байтал бидэнд мэдэгдэлгүй, сонсох ажиллагаа хийлгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан нь Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн хууль бус захиргааны шийдвэр байна. Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хандан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/358 тоот тушаал, түүний хавсралтыг албан ёсоор танилцуулж, захирамжийн хуулбарыг авахаар биечлэн болон албан бичгээр хүсэлт гаргасан боловч одоог болтол гаргаж өгөөгүй болно. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/358 тоот тушаал гарсан талаар мэдсэн буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 22/647 дугаартай мэдэгдлийг энэ оны 06 сарын 06-ны өдрөөр гардан авснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцон нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаартай тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс уг тушаалыг гаргахдаа Горхи Тэрэлжийн БЦГ-ын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан 13 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтаар мөн дээрээс нь Горхи Тэрэлжийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 22/361, 2022 оны 22/529 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байдаг. Манай компани 2022 оны 09 сарын 01-ний өдрийн тушаалыг огт мэдээгүй байсан 2023 оны 06 сарын 06-ны өдөр тус яаманд аялал жуулчлалын цогцолборын зураг төсөлдөө өөрчлөлт оруулан байгаль орчны үнэлгээний дүгнэлт гаргуулан батлуулахаар хандтал манай компанийн ашиглах эрхийг хүчингүй болгосон талаар мэдэгдсэн. Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргааны цахим санд хандаад цахим сангаас хуулбар хэлбэрээр тушаалын хавсралт болон эх хувийг авсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд оролцогчтой холбоотой эрх ашгийг нь хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан зохих журмын дагуу захиргааны акт гаргаагүй гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд нөхцөл байдлыг тогтоох мөн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд заавал дараах тусгай зарчмыг баримтална” гэж заасан. 4.2.5-д “зорилготой нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” заасан зарчмыг баримтална. Мөн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2-т “энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй” гэж заасан. Энэ үүргээ захиргаа огт биелүүлэхгүйгээр хуульд заасан тодорхой ажиллагааг хэрэгжүүлсэн мэтээр хэлбэрийн шаардлага хангасан баримтыг бүрдүүлж шийдвэр гаргасан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас тухайн акттай холбоотой манай компанийг огт оролцуулаагүй. Акт гаргахтай холбоотой нотлох баримт болон санал, хүсэлт, тайлбар огт аваагүй. Тухайн захиргааны акт гарсан талаар албан ёсоор мэдэгдээгүй. Улмаар оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байгаа.

Хариуцагчаас сонсох ажиллагааг хийсэн гэх тайлбар болон түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхийн журмаар хэрэгт бүрдүүлсэн байдаг. Нэгдүгээр хавтаст хэргийн 183-185 дугаар хуудаст авагдсан баримтын хувьд сонсох ажиллагаа хийсэн гэж хариуцагчийн тайлбарлаад байгаа боловч энэ нь нэхэмжлэгчийн хувьд сонсох ажиллагаа хийсэн гэж үзэхгүй байна. Учир нь 1 дүгээр хавтаст хэргийн 183-185 дугаар хуудсанд авагдсан баримт 2021 оны 10 сарын огноотой нийт 60 гаруй аж ахуй нэгж, иргэн хуулийн этгээдийн жагсаалт гаргачихсан өдрийн сонинд нийтэлсэн нийтлэл байдаг. Энэ нийтлэл дээр 2021 оны 10 сарын 21-нээс 2021 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 27.4.1 дэх зүйлийг бичсэн байгаа. Мөн 27 дугаар зүйлийн 27.4.2 саналыг бичгээр авах, 27.4 4-д биечлэн уулзах гэж заагаад энд заасан үйл ажиллагаа явуулахыг мэдэгдье гэж дурдсаныг нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, хэлбэрийн төдий дүр үзүүлсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд захиргааны дээрх үйл ажиллагааг 2023 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл огт мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, 2022 оны 9 сарын 01-ний өдрийн А/358 дугаартай тушаалд 13 аж ахуйн нэгж гэж байгаа, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-ыг барьж сонсгол зохион байгуулах биш 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд тус бүрд сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг одоо олгох ёстой. Гэтэл захиргаа энэ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Дараагийн үндэслэлийн тухайд маргаан бүхий А/358 дугаартай тушаалын 1 дүгээр үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж манай компанийг үзсэн. Налайх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн албан бичигт газрын төлбөрөө бүрэн төлж байсан, төлбөрийн 1 сая 500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй газрын төлбөрөө хугацаандаа төлдөг гэсэн тайлбар ирүүлсэн байдаг. Гэтэл захиргаа шийдвэр гаргахдаа зөвхөн 1 сая 500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байсан, хугацаандаа төлдөггүй гэж үзэн, ойлгомжгүй байдлаар дүгнэж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2022 оны 08 сарын 11-ний өдөр 23/665 дугаартай Налайх дүүргийн Газрын албанаас ирүүлсэн албан бичигт газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэх боловч тайлбар дээр нь төлбөрөө төлдөг гэж тэмдэглэж байгаа. Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болохоор заасныг манай компани зөрчөөгүй. Татварын цахим системээс татаж авсан баримтыг бид хэрэгт хавсаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 33-42 дугаар хуудсанд авагдсан байгаа. 2022 оны газрын төлбөрийн тухайд 2,300,967,000 төгрөгийг манай компани татварын цахим системд ирсэн нэхэмжлэхийнх нь дагуу төлчихсөн байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 37-42 дугаар хуудсанд авагдсан байгаа. Татварын цахим системийн Кю ар кодтой баримтыг хавсруулж өгсөн. Мөн үлдэгдэл төлбөр 193,160 төгрөгийг акт гарснаас хойш буюу нэхэмжлэх ирсэн өдөр 2022 оны 9 сарын 30-ны өдөр бид төлсөн байдаг. Ингээд 2022 оныхоо төлбөрийг бүрэн төлчихсөн. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар талд авагдсан газрын төлбөр тооцоо нийлсэн актаар манай компанийг 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг байна гэсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Тэгэхээр 2022 оны 9 сарын 01-ний өдөр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтээгүүр манай компани газрын эрхээ цуцлагдсан гэдгийг мэдээгүй байхдаа 2023 оны газрын төлбөр болох нэхэмжлэлийн дагуу 2023 оны 01 сарын 27-нд 1,341,357 төгрөг 2023 оны 02 сарын 28-ны өдөр 766507 төгрөг мөн 2023 оны 03 сарын 30-ны өдөр 766932 төгрөг, нийт 2,874,796 төгрөг буюу 2023 оны газрын төлбөрөө төлчихсөн байгаа. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгч компанийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байна гэж үзэж байгаа.

Нэг эргэлзээтэй зүйл харагддаг. Захиргаа бол шийдвэр гаргахдаа 8 сарын 11-нд Газрын албанаас төлбөр төлсөн талаарх мэдээлэл лавлагааг авдаг. Ингэхэд  манай компанийг 1 сая 500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй гэж байгаа боловч яг одоо татварын системээс гаргасан баримтаар бид нар 2 сая 300 мянган төгрөгийн татвар төлчихсөн байдаг. 1 сая 500 мянган төгрөгийн татвар бол 8 сарын 11 гэхээр 3 дугаар улирал дуусаагүй байсан. 3 дугаар улирал, 4 дүгээр улирлын төлбөр байж болох юм гэж магадгүй харагдах юм. Гэтэл 2022 оны төлбөрийн үлдэгдэл нь 193000 мянган төгрөг л байгаад байдаг. Ингээд 3 дугаар улирлын төлбөрийг улирал дууссаны дараа буюу 10 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр хуульд байгаа. 4 дүгээр улирлын төлбөрийг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор төлөхөөр харагдаж байгаа. Гэвч бид нар урьдчилаад төлчихсөн гэдгийг эндээс илэрхийлэх гэж байгаа юм.

Дараагийн үндэслэлийн тухайд, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж манай компанийг үзсэн. 2014 оны 09 сарын 01-ний өдөр БОНХ-ийн сайдын А/302 дугаартай тушаалаар Налайх дүүргийн Сонгинотын ө гэх газарт аялал жуулчлалын зориулалттай 3 га газрыг ашиглах эрхийг анх манай компанид олгосон. Уг тушаалын дагуу газар ашиглах зөвшөөрөл авсан ААН байгууллагуудтай улсын тусгай хамгаалалтын газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ байгуулахыг Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон байдаг. 2015 оны 04 сарын 17-ны өдөр улсын ТХГН-ийн нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Налайх дүүргийн Засаг дарга Горхи-Гэрэлтийн БЦГ-ын хамгаалалтын захиргаатай гуравласан гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Гэрээний хугацаа 2014 оны 9 сарын 11-нээс 2019 оны 9 сарын 11 хүртэл байхаар тусгасан. Ингээд энэ гэрээний хэрэгжилт бол дуусаад 5 жилийн хугацаа бол дууссан буюу гэрээг дуусгавар болсон гэж бид үзэж байгаа. Энэ гэрээний хугацаа дуусаж манай компанийн хувьд 2019 оны 10 сарын 19-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/584 дугаартай тушаалаар газар ашиглах эрхийг 2024 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгасан. Энэ баримт бол 1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр хуудсанд авагдсан байгаа. Хугацаа сунгасан 584 дугаартай тушаалын 2 дахь заалтаар газар ашиглах гэрээ байгуулахыг Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд Байгаль орчны аялал жуулчлалын сайд үүрэг болгосон байдаг. Гэвч газар ашиглах эрхийг одоог хүртэл манай компани байгуулаагүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан заалтыг Улсын дээд шүүхийн 2008 оны газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаартай тогтоолын 1, 10 дахь хэсэгт тайлбарласан байдаг. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан тайлбараар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг тайлбарласан байгаа. Мөн хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл зориулалтын дагуу, тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга байгууламж, зам, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно гэж Улсын Дээд шүүхээс тайлбарласан. Тэгэхээр 2019 оны 10 сарын 17-ны хугацаа сунгасан А/584 дугаартай тушаалын 2 дугаар заалтаар газар ашиглах гэрээг Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргаанд үүрэг болгосон. Захиргаа энэ үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч компани өөрөө хүсэлтээ ирүүлээгүй гэдэг байдлаар хэтэрхий үндэслэл муутай албан бичгийг шүүхэд ирүүлсэн байдаг. Газар ашиглах гуравласан гэрээг шинээр байгуулаагүй байна гэж үзэж байгаа. Газар ашиглах гуравласан гэрээг байгуулагдаагүй энэ тохиолдолд нэхэмжлэгч компани болох манай компанийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн энэ үндэслэлд хамаарахгүй.

Сонсох ажиллагааг хийсэн магадгүй тухайн үед тухайн газартай холбоотой мөн гэрээ байгуулах холбоотой холбоотой нөхцөл байдлуудыг ярилцаж тайлбар дээр сонсгол ажиллагаа дээр ярих бүрэн боломжтой байсан. Хэрэгт гаргаж өгсөн нотлох баримтуудыг бид нар тодорхой хэмжээнд ашиглаад хөрөнгө оруулалт оруулчихсан явж байгаа шүү гэдгээ илэрхийлэх бүрэн боломжтой байсан. Гэвч захиргаа энэ хуульд заасан ажлыг зохих журмын дагуу хийгээгүй гэдэг нь давхар нотлогдож байгаа юм.

Дараагийн нэг үндэслэлийн тухайд, газар ашиглаж тодорхой хэмжээнд компани хөрөнгө оруулалт хийж, шат дараалсан гэрээ мөн төрийн холбогдох байгууллагуудаас холбогдох бичиг баримтууд гарчихсан явж байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг огт ашиглаагүй гэж үзэх болохгүй. Нэхэмжлэгч компанийн 100%-ийн хувьцаа эзэмшигч эцсийн өмчлөгч нь өнөөдрийн байдлаар Дын Э******* гэж хүн байгаа. Д.Э******* 100%-ийн хувьцаа эзэмшигч эцсийн өмчлөгчийн хувьд 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр н.Х гэж хүнээс компанийн 100%-ийн хувьцааг худалдан авч эрх шилжүүлэх гэрээ хийсэн. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр буюу компанийн 100%-ийг худалдаж авах байдлаар газар ашиглах эрхтэйгээ хамт энэ хүний мэдэлд ирсэн гэж үзэж болохоор нөхцөл байдал байгаа. Эндээс юу хэлэх гэж байна вэ гэхээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийн хугацаа дуусаж байсан. 10 сарын 17-нд бид хугацаагаа сунгуулж авсан. Ингээд Д.Э******* 100%-ийн хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирлын зүгээс хөрөнгө оруулалтыг татан ашиглах ашиглаж эхлэхээр бэлтгэл ажлуудыг 2019 оны 10 сарын 17-ноос хойш тодорхой хэмжээнд бодитойгоор хийж эхэлсэн. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байгаа. 80 сая 774 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтыг тухайн газарт хийсэн. Мөн 2019 оны 12 сарын 24-ний өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨҮГ-аас техникийн нөхцөл, цахилгаантай холбоотой гаргуулсан байсан. Мөн 2019 оны 4 сарын 03-ны өдрийн НБОГ-ын Ой усны хэлтсээс худаг гаргуулах зөвшөөрлөө авч байсан. 2019 оны 3 сарын 17-ны өдөр уст цэгээ тогтоосон судалгааны дүн хийлгэсэн. 2019 оны 21 дугаартай Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Горхи Тэрэлжийн БЦГ С******* баригдах аялал жуулчлалын баазын барилгуудын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлтээ гаргуулсан. Мөн зам ашиглалтын гэрээг байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримтуудыг хэрэгт гаргаж өгсөн. Мөн 2019 оны 06 сарын 08-ны өдөр М компанитай байгуулсан хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг мөн байгуулсан. Ингээд Солонгосын хөрөнгө оруулалттай компаниас бид хөрөнгө оруулалт татаж төслөө хэрэгжүүлэх зорилготой байсан. 2019 оны 9 сарын 10-ны өдөр зам засварын барилгын суурийн ажлыг бартераар гүйцэтгүүлэхээр эхлүүлээд төв замаас цогцолборт газар хүртлээ зам зассан мөн гэрийн буурь цутгасан нэлээдгүй ажлуудыг хийгдсэн байсныг шүүх харсан. 2019 оны 6 сарын 08-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой ажил зогссон. Энэ хугацаанд нийтэд илэрхий үйл баримт болох Форс Мажорын нөхцөл байдал үүсэж дэлхий нийтэд ковид цар тахлын нөхцөл байдал үүссэнтэй холбоотой явуулж эхэлж байсан ажлууд тодорхой шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулалт хүртэл зогссон. баримтыг хавсаргаж өгсөн байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам буюу захиргаа шийдвэр гаргахдаа манай компаниас эдгээр баримтуудад болон тайлбар санал хүсэлтийг авах ёстой байсан. Актын талаар энэ нөхцөл байдлыг тогтоохдоо акт дээр заавал дурдахгүй ч гэсэн энэ нөхцөл байдлуудад ямар шийдвэр үнэлэлт дүгнэлт өгсөн юм бэ гэдэг дээр шийдвэрт нэг өгүүлбэрээр ч гэсэн дурдах ёстой гэж үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим болон 24 дүгээр зүйлд шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоох мөн ач холбогдолтой нотлох баримт цуглуулж үнэлэх үүргийг захиргаа биелүүлээгүй. Шийдвэр гаргахтай хамааралтай тохиолдол бүрийг хуулийн 24 дүгээр зүйлийн 4-д зааснаар нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй, энэ үүргийг биелүүлээгүй гэж үзэж байгаа учраас маргаан бүхий 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаартай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гэ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн төлөөлөгчийн хэлснээр 2014 оноос тооцно гэдэг асуудал яриад байгаа юм байна. 2019 онд гуравласан гэрээний дүгнэлтэд төлбөрийн тооцоо төлөгддөг бүх гэрээ дүгнэсэн актыг бас авч үзсэн гэж бодож байгаа” гэв.

2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч компанийн газар эзэмших ашиглах эрх зөрчигдсөн байна. 2019 оны 10 дугаар сарын 17-ны А/584 дугаар сайдын тушаалаар газар эзэмших эрх сунгагдаж байгаа юм. Сунгагдаж байгаа үр дагавар нь тухайн газарт зориулалтын дагуу ашиглаад хөрөнгө оруулалтаа хийгээд явах эрхийг 5 жилээр олгочхож байгаа юм. Ингээд үүний дагуу “Д*******” ХХК Солонгос гадаадын хөрөнгө оруулалтаа М гэдэг компанитай хамтраад тухайн газар дээрээ аялал жуулчлалын цогцолбор байгуулаад, байгуулсан объектуудаа Солонгос талд тодорхой хугацаанд түрээслэх хэлбэрээр хөрөнгө оруулалт татаж тодорхой ажлуудыг хийсэн байна. Ингээд өөрийнх нь дансны хуулгаар тухайн газарт газар шорооны ажил болон үнэлгээ бичиг баримттай холбоотой 80 гаран сая төгрөгийн зардал гаргасан. Мөн И констракшнтай газрын зам тавих суурийн ажлууд зэргийг хийлгэхээр гэрээ байгуулсан. Үүнд зориулаад бартерт шилжүүлээд өгчихсөн. Өөрөөр хэлбэл тухайн газарт 2019 оны 6 сараас хойш идэвхтэйгээр 200 гаран сая төгрөгийн үйл ажиллагаа явуулсан хөрөнгийг бодитойгоор зарцуулчихсан байна. Ингээд цар тахал гарсан нь илэрхий байгаа. Үүнтэй холбогдуулаад хил хаагдсан. Хот хоорондын зам, ачаа барааг тээвэрлэлт, барилга угсралтын ажил гээд тус газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахтай холбоотой ажиллагаанууд бүгд цар тахлын улмаас хоригдсон байна. Ийм учраас цуцалсан акт гарах хүртэл хугацаанд тухайн газрыг ашиглаж чадаагүй хүндэтгэх шалтгаан байна.

Төлбөрийн хувьд төлөөд явж байсан гэдэг баримт тодорхой байна. Газрын албанаас газрын төлбөр төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн жагсаалт дунд нэхэмжлэгч компанийг оруулаад явуулсан. Газрын төлбөр төлөөгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар шалгалт явуулаагүй байж газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалж байгаа нь үндэслэлгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл хангагдаагүй байхад газрыг ашиглаад байсан үйл баримт мөн төлбөрөө хугацаандаа төлөөд явж байсан үйл баримт байхад ийм байдлаар газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй. Гуравласан гэрээ байгуулсан асуудал дээр тайлбарлахад газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан 2019 оны А/584 дүгээр захирамжийн 2 дахь хэсэгт гуравласан гэрээ байгуулахыг даалгасан байгаа. Гэтэл гэрээгээ байгуулаагүй байна. Газар, геодезийн байгууллагын тодорхойлолтыг харахад сунгалт хийсэн захирамж тушаалын бүртгэлийг хийгээгүйгээр 2019 оны 9 сарын 01-нээс авхуулаад манай газрыг газрын мэдээллийн сангаас устгачихсан байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл төр захиргааны байгууллагууд өөрсдөө хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тушаал шийдвэрийг биелүүлээгүй нөхцөл байдал харагдаж байна. Үүнтэй залгаад хөл хорионы үйл ажиллагаа явсан болохоор аливаа нэг идэвхтэйгээр гэрээгээ байгуулаад идэвхтэй ажил хөөцөлдөх ажиллагаа тасалчихсан байхыг бас үгүйсгэхгүй. Аль талдаа төрийн болон манай компанийн талд гэж үзэж байгаа юм. Тийм болохоор гуравласан гэрээ байгуулаагүй нь манай компанийн 100% үйл ажиллагаа биш энэ үйл ажиллагааг төр эрхлэн явуулах ёстой байсан. Гэсэн хэдий ч бид 2023 оныг хүртэл газрын төлбөрөө төлөөд явчихсан үйл баримт байгаа” гэв.

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Үндсэндээ 2 агуулгаар эрх ашиг хөндөгдөж байна гэж нотлох баримт бүрдүүлсэн байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасан иргэн,аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрх энэ маргаантай актын улмаас зөрчигдөж байна гэж үзэж хоёрдугаарт нь тухайн газар дээр 200 гаран сая төгрөгийн хөрөнгө оруулалт, ажил хийсэн гэж үзээд санхүүгийн хувьд эрх ашиг зөрчигдөж байна гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны акт буюу А/358 дугаар тушаал Засгийн газрын гишүүний эрхийг барьсан байгаа. Үүнд тодорхой санал байхгүй. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг барьсан. Үүнд мөн тодорхой санал байхгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-ыг хэрэглэсэн. Тэгэхээр 35.3-ыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-тай хамт хэрэглэнэ. Хуулийн 35.3.4-ийг баримталсан төлөв байдал чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийгээгүй гэдэг заалтыг барьсан байгаа юм. Гэхдээ хэрэгт авагдсан баримтууд болон захиргааны актын хавсралтад заасан буюу 16 дугаар зүйлийн 16 дахь хавсралтыг харахаар 35.3.4-тэй холбоотой заалтыг бариагүй байна. Энэ заалтыг ямар учраас баримталсан талаар хариуцагч хариу тайлбартаа тодорхой дурдаагүй. Уг заалтыг баримталж байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1-д заасан өөр зүйл заалтыг баримталдаг, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзээд байгаа юм уу эсвэл газрын төлөв байдлыг нийтийн эрүүл мэндэд хортой нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзээд байгаа юм уу гэдэг нөхцөл байдлуудад яригдах ёстой. Гэтэл 40.1-ийн дээрх заалтуудыг баримтлаагүй байж 35 дугаар зүйлийн 35.3.3, 35.3.4-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байна. Хариуцагчийн хариу тайлбар түүнд хавсаргаж өгч байгаа нотлох баримтуудаар  40.1.5-ыг болон 40.1.6-г хэрэглэсэн. 40.1.5-ыг хэрэглэхдээ захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан нөхцөл байдлыг тогтоох нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтыг үнэлэх зохицуулалтыг зөрчсөн байна гэж дүгнэж байгаа. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч болон Г.Ц******* өмгөөлөгчийн зүгээс хангалттай тайлбарыг үйл баримтуудыг хэлсэн.

Харин хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт хавтаст хэрэгт авагдсан 92 дугаар хуудсанд байгаа баримтыг үнэлээд 2018 он хүртэл төлбөр төлөөгүй гэдэг асуудлыг ярьдаг. Гэтэл 2019 оны 10 сарын 17-ны өдөр газар эзэмших эрхийн хугацааг нэгэнт сунгачихсан байгаа. Сунгахдаа өмнөх гэрээний үүргийн биелэлтийг дүгнэчихсэн акт хавтаст хэрэг дотор авагдаад байдаг. Ингээд нэхэмжлэлийн шаардлагатай энэ үйл баримт холбоогүй байдаг. Учир нь 2019 оны 10 сарын 17-ны өдөр маргаан бүхий захиргааны акт гарсан. Гэтэл энэнээс өмнөх газрын төлбөр төлсөн, төлөөгүйтэй холбоотой асуудал дээр маргахгүй, яагаад гэвэл маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн гаргасан хариу тайлбар түүнтэй холбогдуулж тайлбарыг хэлэх ёстой. Хоёрдугаарт тухайн хууль маргаан бүхий акттай хамааралгүй баримтууд байгаа. Тэгэхээр шүүх хуралдаан дээр гаргаж байгаа тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэж байгаа.

 Дараагийн асуудал бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдгийг голлож үндэслэсэн байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүй гэдгийг тайлбарласан. Энэ тайлбар дээр 2 агуулгаар авч үздэг. Нэгдүгээрт нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөө байхыг шаардаж болно эсвэл байгалийн тогтоц өөрөө өөрчлөгдөх газрын төлөв байдал байгалийнхаа жамаар өөрчлөгдөх энэ агуулгыг ойлгоно гэсэн байгаа. 2 жил гэдгийг хуанлийн хугацаагаар 2 жил хүрсэн байхыг шаардаад байгаа юм. Мөн гэрээ байгуулагдсан байхыг шаардана. Ийм 3 үндсэн урьдчилсан нөхцөлийг дээд шүүх шалгаж үзэх шаардлагатай гэж тайлбарласан. Шүүх энэ нөхцөл байдлуудад дүгнэлт хийх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор бид нар ямар тайлбар нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн бэ гэхээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд авчихсан тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Монголын ХАҮТ-аас танхимаас нэхэмжлэгч компанид Монгол Улсад нүүрлэсэн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл буюу форс мажорын гэрчилгээг гаргаж өгсөн байж байгаа. 

Хоёрдугаарт бид шүүхэд Монгол улсын Засгийн газар болон НҮБ-аас Монгол улсын хэмжээнд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлын нөлөө хэдий хэр хэмжээний хугацаанд үйлчилсэн бэ гэдэг талаар нийтэд илэрхий баримтыг гаргаж өгсөн. Тухайн баримт дээр ямар агуулгатай мэдээллүүд байдаг вэ гэхээр 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу нөгөө цар тахлын урт нэртэй хуулийг цуцлагдах хүртэл энэ хугацаанд л энэ тээвэр ложистик хүн амын шилжилт хөдөлгөөн мөн бусад энэ хөдөлгөөнүүд дээр хийж байсан дүгнэлтүүд байгаа. Энэ дүгнэлтийг яагаад гаргаж өгч байгаа вэ гэхээр хугацаа тодорхойлоход ач холбогдол бүхий баримт юм. Энэ хугацаануудыг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс  2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх байдлаар судалгаануудыг хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 17-нд газар эзэмших эрхийн хугацаагаа сунгасан байгаа юм. Ингээд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бид нар 2019 оны 12 сарын 17-ыг хүртэл тухайн газартайгаа харьцаж үйл ажиллагаагаа явуулж байсан баримтуудыг өгсөн. Гэрэл зургууд мөн төлбөрийн баримтууд 2020 оны 12 сарын 17-нд хамгийн сүүлийн төлбөрийг хийгээд үндсэндээ өвлийн улиралтай залгаад үйл ажиллагаа зогссон. 2022 оны 02 сарын 15-наас цар тахлын нөхцөл байдал Монгол Улсад эхэлсэн. 2021 оны 12 сарын 31 хүртэл үргэлжилсэн гэдгийг түрүүний 2 баримтууд мөн нийтэд илэрхий баримтуудаар тогтоож байгаа. Ингээд 2022 оны 9 сарын 01-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг цуцалсан. 2021 оны 12 сарын 31-нээс 2022 оны 9 сарын 01 хүртэл буюу 8 сарын хугацаа дээр үүнээс өмнөх хугацаа буюу 12 сарын 17-ноос 2020 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл ашиглаагүй буюу өвлийн хугацааг тоолбол нийт 58 хоног буюу 2 сар 28 хоног байгаа юм. 8 сартайгаа нийлүүлээд тооцох юм нийтдээ 10 сар 28 хоногийг л манай үйлчлүүлэгчийн зүгээс тухайн газартай холбоотой ашиглаагүй байна гэж дүгнэж болохоор байна. Улсын Дээд шүүхийн тайлбараар нийтдээ 700 гаруй хоног буюу хуанлийн 2 жилийг бүхэлд нь ашиглаагүй байхаар тайлбарласан. Энэ нь дараалан гэдэгтэй нийцнэ гэдэг агуулгаар байна. Тэгэхээр 40.1.6-г хэрэглэхдээ мөн л Захиргааны ерөнхий хуульд заасан 24.1, 24.2-т заасан энэ бодит нөхцөл байдлаа тогтоох, нотлох баримтыг үнэлэх, зорилгодоо нийцсэн шийдвэр гаргах энэ зарчмыг захиргааны байгууллага зөрчсөн байна гэж дүгнэж байна.

Гэрээ байгуулаагүй асуудлаар хамгаалалтын захиргаанаас 487 дугаар албан бичгийг ирүүлсэн. Улмаар Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2 дах заалтыг хэрэглэсэн. Хуулийн 27.2.2-т чиглэгдэж байгаа этгээд нь 20 ба түүнээс дээш этгээд байгаа тохиолдолд өдөр тутмын сонин эсвэл нийтэд мэдээлэх энэ зохицуулалтыг хэрэглээд байгаа юм. Гэтэл маргаан бүхий захиргааны актын хавсралт дээр нийтдээ 13 аж ахуй нэгж байгаа. Өдрийн сонин дээр маш олон аж ахуйн нэгжүүдэд мэдэгдлийг хүргүүлээд байх шиг байна. Гэхдээ одоо маргаж байгаа нэгж талбар буюу манай нэгж талбар дээр нийтдээ 20 ба түүнээс дээш эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд байгаа тохиолдолд энэ зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж ойлгож байна. Эцэст нь хэлэхэд маргаан бүхий захиргааны актыг мэдэгдээгүй асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. 9 сарын 12-ны өдрийн 647 дугаар албан бичгээр мэдэгдсэн гэдэг боловч 15-ны өдөр Монгол шууданд хийсэн байна. Ингээд Монгол шуудангаас 9 сарын 19-ний өдөр энэ хаяг дээр байхгүй гэдэг үндэслэлээр буцаасан байдаг. 2023 оны 6 сарын 6-ны өдөр нэхэмжлэгч албан ёсоор гардаж аваад хөөн хэлэлцэх хугацаагаа тооцоод нэхэмжлэлээ гаргажээ. Иймд нотлох баримтаа дутуу үнэлсэн, бодит нөхцөл байдлаа тогтоож чадаагүй маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлыг сэргээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А-302 дугаар тушаалаар “Д*******” ХХК нь Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын Сонгинотын ө гэх газар аялал жуулчлалын зориулалтаар 3.0 га газрын ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байдаг.

“Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “.. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх...”, 35.3.4. “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй...”, 40.1.6-д “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй...” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3- т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг төлөөгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, газар ашиглах гэрээ байгуулаагүй, гэрчилгээний хугацаа дуусан аж ахуйн нэгжүүдийн судалгааг Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 дугаартай албан бичгээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд ирүүлсэн бөгөөд Д******* ХХК-ны хувьд төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тайлбартай байсан. Мөн тус хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр газар дээр нь үзлэг хийж зургаар баталгаажуулахад тус газар хоосон байсан нь тогтоогдсон.

Мөн Сонсох ажиллагааны мэдэгдлийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.2 дахь заалтад зааснаар “..Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх...” гэсний дагуу Өдрийн сонины 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баасан гарагийн 204 дугаарт нийтлэгдсэн байна.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний Өдрийн А/358 дугаар тушаал нь Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ирүүлсэн саналын дагуу хууль тогтоомжид нийцүүлэн гарсан хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаартай тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг удирдлага болгосон. 40.1.5-д Газар эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэл байгаа. Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн 2022 оны 08 сарын 11-ний 23/665 дугаартай албан бичгээр газрын төлбөрөө төлөөгүй байгууллагуудын жагсаалтыг ирүүлсэн. Үүнд нэхэмжлэгч компанийг газрын төлбөрийн үлдэгдэл газрын төлбөрөө төлсөн тэгэхдээ үлдэгдэл 1 сая 500 мянган төгрөгийн үлдэгдэлтэй байна гэдэг баримт байж байгаа. Хагас жилийн байдлаар дүгнэхэд газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Гэрээнд газрын төлбөрийг улирал бүрийн 20-ны дотор төлнө гэж заасан. Үүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан Горхи тэрэлжийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн албан бичиг хэрэгт авагдсан. Хавтаст хэргийн 93 дугаар талд 2015 оноос 2018 оныг хүртэл газрын төлбөрийг огт төлөөгүй дандаа төлбөрийн үлдэгдэлтэй байж байгаад 2018 онд бөөн төлсөн. Энэ бол газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдгийг тодорхой харуулж байна. 40.1.6-д заасан үндэслэлийн тухайд байгууллагын цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн 2022 оны 8 сарын 16-ны өдрийн 22/529 дугаартай бичгээр газар дээрх үйл ажиллагаа явуулахгүй байгаа байгууллагуудыг дурдаж өгсөн. Энэ дээр нэхэмжлэгч компани нь 2022 оны 8 сарын 04-ний өдрийн байдлаар газарт ямар ч үйл ажиллагаагаа явуулаагүй байна гэдэг нь тодорхой байгаа. Үүнээс гадна 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 дугаартай албан бичгийг яаманд ирүүлсэн. Албан бичгийн 16-д нэхэмжлэгч компани нь газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байна яагаад гэдэг нь тодорхой бичигдсэн.

Сонсох ажиллагааны мэдэгдлийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу мэдэгдлийг Өдрийн сонины 204 дугаарт нийтлэгдсэн. Үүнийг хууль бус байна гэж үзэх боломж байхгүй. Хуульд заасны дагуу явуулагдсан ажиллагаа. 2019 оноос эрхийг нь шилжүүлж аваад шилжүүлснээсээ хойш газрын төлбөрөө төлөөд үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажилд орсон юм шиг ойлгож байна. Гэтэл газар анх 2014 онд ашиглах эрх олгогдсон. 2014 оноос хойш 2022 он хүртэл нийтдээ 8 жилийн хугацаанд газар дээрээ үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан. Энэ хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Д*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 тоот тушаалын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, үндэслэлээ “2020, 2021 онуудад цар тахалтай үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, барилгын зураг төсөл боловсруулж, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн, төлбөрийн дутуу болон хугацаа хэтэрсэн төлөлтгүй байсан байхад мэдэгдэх сонсгох ажиллагаа хийлгүйгээр газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргасан нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

            2. Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

3.1. Нэхэмжлэгч “Д*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А-302 дугаар тушаалаар Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газрын С******* 3,0 га газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглуулахаар олгосон,

3.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/584 дүгээр тушаалаар дээрх газрын ашиглах эрхийг 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгасан,

3.3. Горхи-тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг даргаас 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2018/13 тоот гэрээ байгуулсан, дахин гэрээ байгуулаагүй,

3.4. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Баас 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Горхи-тэрэлжийн байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан “Д*******” ХХК-ийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт”-д дүгнэлт гаргасан,

3.5. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 23/665 дугаар албан бичгээр 39 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын төлбөр төлөлтийн байдлыг гаргаж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанд хүргүүлсэн жагсаалтын 16-д ““Д*******” ХХК, 2022 оны хагас жилийн байдлаарх үлдэгдэл 1,522,044 төгрөг, газрын төлбөрөө төлдөг” гэсэн тэмдэглэгдсэн,

3.6. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22/361 тоот албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын талбай нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар хоосон, ашиглалтгүй гэсэн фото зургийг газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бий болсон гэж үзэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдов.

 4. Нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас маргаан бүхий газрыг ашигласан хэмээн тайлбарлаж,

4.1. “Д” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Жуулчны баазын захиалгаар хийлгэх гэрээ”,

4.2. “В” ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Цахилгаан хангамж угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”,

4.3. “А” ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн ажил гүйцэтгэх гэрээ”

4.4. 2021 оны 08 дугаар сарын 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд газрын төлбөр төлсөн 16 удаагийн төлбөрийн баримт гэсэн баримтуудыг гаргаж, шүүхэд ирүүлсэн.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болохоор, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т зааснаар газар ашиглагч “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”-ээр, 35.3.3-т зааснаар “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”-өөр тус тус заасан байх ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үүргийг газар ашиглагч биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар заажээ.

6. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан

            6.1. “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний, эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно,

            6.2.  “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.

7.  Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтаас үзвэл, захиргааны байгууллагаас хуулийн этгээдэд өмнө нь нэгэнт олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй олгох тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу газар ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох, энэ нь газар ашиглагчийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай болох, түүнчлэн газрыг ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг эргэлзээгүйгээр шалган тогтоосон байх шаардлагатай.

8. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбаруудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй, мөн газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэж үзэхээргүй байжээ. Тодруулбал,

8.1. Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 23/452 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Д*******” ХХК-ийн 2021, 2022 оны газрын төлбөр төлсөн жагсаалтаас үзвэл, газрын төлбөрийн 3 дугаар улирлын ногдуулалтад тус компаниас 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хийгдсэн 766,989 төгрөгийг төлбөр цуцлагдсан боловч мөн өдөр хийгдсэн 4 дүгээр улирлын ногдуулалт төлөгдсөн төлөвтэй байна.

8.2. Энэ тохиолдолд маргаан бүхий акт гарсан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар газар ашиглагч “Д*******” ХХК нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэхээргүй, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх...” зохицуулалт зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

8.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 23/665 дугаар албан бичигт дурьдсан ““Д*******” ХХК, 2022 оны хагас жилийн байдлаарх үлдэгдэл 1,522,044 төгрөг” гэсэн нь 2022 оны эхний эсхүл сүүлийн хагас жил эсэхийг тодруулалгүйгээр, 2022 оны 3 дугаар улирлын газрын төлбөрийг төлөх хугацаа дуусаагүй байхад “газрын төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актыг гаргажээ.

8.4. Иймд хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-д “...бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан  захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

9. Мөн Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 02/417 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г , “Д*******” ХХК-д олгосон байх ба уг гэрчилгээнд “... уг хугацаанд нийслэлээс орох болон гарах хөдөлгөөнд мөн хязгаарлалт тогтоосноор гэрээгээр хүлээсэн үүргээ төлөвлөгөөний дагуу гүйцэтгэх боломжгүй болсон нь Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1263 тоот тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь “Д*******” ХХК-ийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолж Force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /хүнд нөхцөл байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.1.4, 2.4 дэх хэсгийг үндэслэн “Д*******” ХХК-д энэхүү гэрчилгээг олгож байна” гэжээ.

10. Дээрхээс үзвэл, газар ашиглагч хуулийн этгээд нь ашиглалтын газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэхээр байна.

11. Учир нь дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас 2020 болон 2021 онуудад Монгол Улсын хэмжээнд удаа дараа хөл хорио тогтоосон, энэхүү хориглолт нь зөвшөөрөгдсөнөөс бусад бүх иргэд байгууллагын “хөдөлгөөн”-д хамааралтай байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Дээд шүүхийн тайлбар нь зөвхөн газар өөрөө ашиглагдах боломжгүй болсонд хамааралтай, иргэд, байгууллага хөл хорионд багтсан нь хүндэтгэн үзэх шалтгаан гэх ойлголтод хамаарахгүй” гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

12. Хариуцагч захиргааны байгууллага нь газар ашиглагч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гаргах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулж, хуулийн этгээдэд тайлбар, санал гаргах үүрэгтэй.

13. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өдрийн сонин”-ы 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 204 дугаарт сонсох ажиллагааны мэдэгдлийг нийтэлсэн, оролцогчоос тайлбар ирүүлээгүй гэх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасанд хамаарахгүй буюу шийдвэр гаргах ажиллагааны оролцогч, ашиглаж буй газрын байршил, хэмжээ, газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл тус бүр өөр байсан байх тул хариуцагч нь дээрх 12 дахь хэсэгт дурьдсан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

14. Иймд нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 тоот тушаалын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар сарын 26.1-т заасныг тус тус баримтлан “Д*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/358 дугаар тушаалын “Д*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ