| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0465/Э |
| Дугаар | 384 |
| Огноо | 2017-10-16 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 384
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг,
шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт М.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201724000261 дүгээр хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...” ХХК-д нэвтрүүлэлтийн үйлчилгээний хэлтсийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт М-ын Г /РД:.../.
Яллагдагч М.Г согтуурсан үедээ буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа,... хэрэглэсэн,... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”... гэсэн заалтыг зөрчиж 2017 оны 4 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр “...” ХХК-ний зүүн урд замд ... УНЕ улсын дугаартай “Тоёота приус” загварын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын байдал нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч С.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, 10 сартай Г.Г-н амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна. Энэ алдаагаа дахин давтахгүй. Нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжих боломж олгож өгнө үү” гэв.
Эрүүгийн 201724000261 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч С.Н-н: “2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд нөхөр М.Г ажлаа тараад гэртээ ирсэн. 21 цаг орчим Ү-нд очиж хонох зорилгоор өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн “Тоёота Приус” маркийн ... УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон би хоёр хүүхдийнхээ хамт суугаад явсан. ...Улмаар Б, Га, Г нар дэлгүүр орж 0,75 литрийн архи, 2 литрийн пиво 2 ширхэг, 0,5 литрийн лаазтай пиво, чипс, хөзөр зэргийг худалдаж авсан. Тэгээд бид нар талцаад хөзөр тоглонгоо пиво, архиа уугаад сууцгаасан. Шөнө 1 цаг өнгөрч байх үед Ү орж ирэхдээ 0,75 литрийн архи авчирсан. Тэгээд бид нар хөзөр тоглоод сууцгааж байсан. Үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан орсон чинь Гэмтлийн эмнэлгийн коридорт сууж байсан, манай эгч надад миний хүү Г.Г-г нас барсан талаар хэлсэн. ...Би нөхөр М.Г-тай хэрүүл, маргаан хийсэн эсэхээ, Ү-н гэрээс хэдэн цагт гарснаа мэдэхгүй байна. Зам тээврийн ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Талийгаач Г.Г 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр айлын 2 дахь охин болж мэндэлсэн. Миний охин сэргэлэн, цовоо, их өсгөлөн, хоол ундандаа сайн хүүхэд байсан. Охин минь дөнгөж хөлд ороод ганц, хоёр үг хэлдэг байсан. Архаг хууч өвчингүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Гэрч Ц.Га-ийн: “2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр найз Ү залгаад “манайд орой цугларна, чи ирэх үү” гэхээр нь би “орой болъё” гэж хэлсэн. 22-23 цагийн орчимд болов уу эхнэр, хүүхдийн хамт Ү-н гэрт очсон. Бид нар хоол идчихээд Г, Б бид гурав дэлгүүр орж 0,75 литрийн 1 шил, 9 ширхэг пиво, хөзөр зэргийг худалдаж аваад буцаж ороод, архи пиво ууж хөзөр тоглоцгоосон. Ү нь орж ирэхдээ 1 шил 0,75 литрийн архи авч ирсэн. Тэгээд нилээн сууж юм ярингаа хөзөр тоглоод суусан. Би эхнэр, хүүхдийн хамт түрүүлээд жижиг өрөөнд нь ороод унтсан. Удаагүй манай хэд чанга чанга дуугараад байхаар нь би сэртэл Г, Н хоёр явахаар болчихсон, бид хэд явуулахгүй гээд нилээн юм болсон. Гэтэл Г, Н хоёр хүүхдүүдээ аваад гарахаар нь Б бид хоёр хамт гарсан. Таксинд суулгана гэж бодоод байрнаас гараад алхаад явж байтал Г түрүүлээд гүйгээд явчихсан. Г машинаа жолоодон бидний хажууд ирсэн. Би Г дээр очоод хаалгыг нь онгойлгоод түлхүүрийг авах гэхэд түлхүүрээ өгөхгүй байсан. Гэтэл машин хаазлаад хөдлөөд явчихаар нь гайхаад хартал Н 2 хүүхдийн хамт машинд суучихсан, Б сууж амжаагүй зогсож байхаар нь бид хоёр Г-г “дайрах нь ээ” гээд араас нь такси бариад явж байтал замын баруун талд тоос шороо бужигначихсан Г-н машин замаас гараад баруун талаараа онхолдчихсон байсан. Тэгээд таксины жолоочтой хамт бид 3 машиныг түлхсээр байгаад машиныг газар унагааж машин дотроос нөгөө дөрвийг гаргасан. Цагдаагийн машин явж таараад бид нар дээр ирсэн. ...Бид хоорондоо маргалдсан зүйл байхгүй, багын найзууд. Б бид хоёр машин бариулахгүй гэж зөндөө эсэргүүцсэн. Би Г-г “чи бариад хэрэггүй, би баръя” гэж хүртэл хэлсэн. Тэгээд хориглоод дийлээгүй...” гэх мэдүүлэг /хх-24-25/,
Гэрч Б.Б-ий: “...Улмаар бид нилээн сууж хөзөр тоглонгоо юм ярьж байгаад унтахаар болсон. Хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, бид нар унтах гээд хэвтэж байсан. Гэтэл М.Г нь эхнэр, хоёр хүүхдээ аваад явна гээд эхлэхээр нь бид нар М.Г-г явуулахгүй гээд хорьсон боловч бид нарын үгийг ерөөсөө авахгүй, өөрийнхөөрөө зүтгээд байсан. Хоёр хүүхэд нь уйлаад байсан. Тэгээд би Гаийн хамт тэр дөрвийг дуудлагын жолооч дуудаж эсвэл таксинд суулгаж явуулна гэж яриад гарцгааж байрны голоор алхаж явтал М.Г түрүүлээд гүйгээд явсан. Би түүнийг хаашаа явсныг мэдэхгүй. Гэтэл М.Г өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон бид нарын урд ирж зогссон. Га жолоочийн талд очоод М.Г-г машиныхаа түлхүүрийг өг гээд түлхүүрийг нь булаацалдаад зогсож байсан. Би жолоочийн эсрэг талд М.Г-н бага охиныг нь тэвэрчихсэн, эхнэр Н нь машины зүүн хойд талын суудалд орж суусан. М.Г-н том охин нь жолооч талдаа зогсож байсан. Тэгээд би Н-д охиныг нь өгчихөөд, хаалгыг нь бараг хааж амжаагүй байтал гэнэт машин хөдлөөд яваад өгсөн. Би Га-ийн хамт араас нь гүйж такси барьж төв зам руу зүүн гар тийш эргэж ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй явж байтал замын урд талд тоос босчихсон, М.Г-н машин хажуулдаад онхолдсон байдалтай байсан. Тэгээд бид хоёр машинаас бууж таксины жолоочтой хамт түлхсээр байгаад их биеэр нь газар унагаж, дотроос нь тэр дөрвийг гаргаж аваад тусламж хүсээд 103-т дуудлага өгүүлсэн. ...Уг нь бариулахгүй байхаар хийж болох бүх зүйлийг хийсэн боловч гэнэт л М.Г машинаа жолоодоод хөдлөөд яваад өгсөн. Бид хоёр хоёулаа хориглоод дийлээгүй...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
Гэрч Г.Б-н: “...2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 5 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 5 шард машин онхолдсон байна гэх дуудлага мэдээллийн дагуу жижүүрийн бүрэлдэхүүний хамт ослын газарт очсон. Гэрч Га, Ү хоёроор Б цэг буюу автомашин хажуулдсан байсан цэг, замын урд талд төмөр хашаа мөргөсөн цэгээр тус тус тэмдэглэн заалгуулсан. Онхолдсон машины жолооч М.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, Гэмтлийн эмнэлэг дээр агсам согтуу тавиад, орилж хашгирч байсан тул хэргийн газрын үзлэгт байлцуулах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-29/,
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.05.05-ны өдрийн 809 дүгээр актын дүгнэлтэд: “1.Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зулайн орой, дагз хэсгийг хамарсан хуйхан дорх цус хуралт, 2 тал бөмбөлгийн зулайн дэлбэн, суурь хэсгийг хамарсан тархмал зөөлөн бүрхүүл дорхи цус харвалт, тархины эдийн няцрал, баруун чамархайгаас суурь ясыг хөндлөн дайрсан хугарал, зулай ясны хугарал, дух, хацрын арьсны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл болно. 3.Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4.Г.Г нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлийн улмаас нас баржээ. 5.Г.Г В/III/-р бүлгийн цустай байна. 6.Г.Г-н нас барсан хугацааг жижүүр эмч тогтооно” гэжээ /хх-32-33/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.04.27-ны өдрийн 5449 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Н-н биед тархи доргилт, баруун хацар, баруун нүдний доод зовхи, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-43/,
Техникийн шинжээчийн 2017.06.14-ний өдрийн 234 дүгээр дүгнэлтэд: “1.Тоёота приус 20 маркийн ... УНЕ улсын дугаартай автомашины жолооч М.Г нь ЗХД-ийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэжээ. /хх-59/,
М.Г-н сэжигтнээр өгсөн: “2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажил дээр байхад найз Б утсаар холбогдож “орой Ү-н гэрт хэдүүлээ уулзаж покер тоглоё” гэж ярихаар нь “эхнэр, хүүхдүүдээ аваад очино” гэж хэлээд утсаа тасалсан. ...Орой 21 цагийн орчимд гэрээсээ гарч машинаа жолоодоод эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Үын гэрт очсон. Тэгээд би Б, Га нарын хамт дэлгүүрээс 0.75 литрийн архи, 2 литрийн пиво хоёр ширхэг, 0.5 литрийн пиво 9 ширхэг, чипс, хөзөр худалдаж авчихаад ороод идэж уугаад хөзөр тоглосон. Ү шөнө 01 цагийн алдад ирсэн. Миний хувьд архи уудаггүй учраас тэр үедээ нилээн согтчихсон, юу болоод байгааг мэдэхгүй байсан. Тэгээд нэг ухаан орсон чинь эхнэр, хоёр охиныгоо аваад Үын гэрээс гарч байсан. Бид дөрвийн араас Ү, Га, Б нар гарч ирсэн санагдаж байна. Энэ үед ухаан санаа орж гараад л явсан. Нэг ухаан орсон чинь машин онхолдчихсон, бага охин Г.Г-г тэвэрчихсэн машины хажууд зогсож байсан. Улмаар тэр хавьд байсан хүмүүс түргэн тусламж дуудсан байсан. Эмч нь гарч ирэхээр охиныгоо өгсөн санагдаж байна. Тэгээд юу болсноо сайн мэдэхгүй. Тэгтэл би Гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн, манай найз нар болон ар гэрийнхэн бүгд ирсэн байсан. Уг нь бид дөрөв Ү-нд хонох зорилгоор очсон боловч яагаад гэртээ харих болсон талаар мэдэхгүй байна. Би эхнэртэйгээ маргалдсан эсэхийг санахгүй байна. Ослын үед хэдэн км/ц-н хурдтай явж байсныг санахгүй байна. Тухайн үед замын хөдөлгөөн хэр байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-70-72/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-2-8/, гэрч Н.Ц-н мэдүүлэг /хх-21/, гэрч Д.Г-н мэдүүлэг /хх-30/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-77/, АСАП сангийн лавлагаа /хх-79/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-80/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-94/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-106/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг /хх-108/, шүүгдэгчийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-118/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх119-125/, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч С.Н-н хүсэлт, гэрлэлтийн бүртгэлийн хуулбар, Ө.М-ын хүсэлт зэргийг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч М.Г-н гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг харгалзан 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 бол шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэн тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт М.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч М.Г-н үйлдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч М.Г согтуурсан үедээ 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр “...” ХХК-ийн зүүн урд замд ... УНЕ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын байдал нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч С.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, 10 сартай Г.Г-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Н-н: “...Бид нар талцаад хөзөр тоглонгоо пиво, архиа уугаад сууцгаасан. Үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан орсон чинь ...манай эгч надад миний хүү Г.Г-г нас барсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
гэрч Ц.Га-н: “...Би Г дээр очоод хаалгыг нь онгойлгоод түлхүүрийг авах гэхэд түлхүүрээ өгөхгүй байсан. Гэтэл машин хаазлаад хөдлөөд явчихаар нь ...араас нь такси бариад явж байтал замын баруун талд тоос шороо бужигначихсан Гийн машин замаас гараад баруун талаараа онхолдчихсон байсан. ...Тэгээд хориглоод дийлээгүй...” гэх мэдүүлэг /хх-24-25/,
гэрч Б.Б-ий: “...Га жолоочийн талд очоод М.Г-г машиныхаа түлхүүрийг өг гээд түлхүүрийг нь булаацалдаад зогсож байсан. ...Тэгээд би Нд охиныг нь өгчихөөд, хаалгыг нь бараг хааж амжаагүй байтал гэнэт машин хөдлөөд яваад өгсөн. ...замын урд талд тоос босчихсон, М.Г-н машин хажуулдаад онхолдсон байдалтай байсан. ...Уг нь бариулахгүй байхаар хийж болох бүх зүйлийг хийсэн боловч гэнэт л М.Г машинаа жолоодоод хөдлөөд яваад өгсөн. Бид хоёр хоёулаа хориглоод дийлээгүй...” гэх мэдүүлэг /хх-27-28/,
гэрч Г.Б-н: “...Гэрч Га, Ү хоёроор Б цэг буюу автомашин хажуулдсан байсан цэг, замын урд талд төмөр хашаа мөргөсөн цэгээр тус тус тэмдэглэн заалгуулсан. Онхолдсон машины жолооч М.Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, Гэмтлийн эмнэлэг дээр агсам согтуу тавиад, орилж хашгирч байсан тул хэргийн газрын үзлэгт байлцуулах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-29/,
шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017.05.05-ны өдрийн 809 дүгээр акт /хх-32-33/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.04.27-ны өдрийн 5449 дүгээр шинжилгээ /хх-43/, техникийн шинжээчийн 2017.06.14-ний өдрийн 234 дүгээр дүгнэлт /хх-59/ болон шүүгдэгч М.Гийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Г-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний амь нас хохирсон бөгөөд хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг харгалзан шүүгдэгч М.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч С.Н-н “...Миний нөхрийн санаандгүй гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзэж охин бид хоёрын түшиг тулгуурыг минь хамт байлгаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан М.Г-т оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Г урьдчилан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлд зааснаар М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассантай холбогдуулан түүний В ангиллын жолоочийн 1113637 дугаар үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тээврийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт М.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Борлуулж овогт М-ын Гийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас хохироосон гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Г-т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Г урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Хэрэгт хураагдан ирсэн М.Г-н В ангиллын жолоочийн 1113637 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Баттуяад даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар М.Гт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР