Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/19

 

                                

 

 

О.О, О.Мнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

шүүгдэгч О.М, О.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, 

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Ө.Учрал,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1047 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.М, О.О нарын, хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн О.О, О.Мнарт холбогдох эрүүгийн 201725011304 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. /,

2. /,

Шүүгдэгч О.О, О.Мнар нь бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Эрчис Проперти” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж улмаар “Эрчис Проперти” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэн, орон сууцыг “Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комисс” 66/2017 дугаартай актаар хүлээн авч О.О нь дээрх ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 110.000.000 төгрөгний төлбөрийг “Эрчис Проперти” ХХК-д гүйцээн төлөх ёстой байсан боловч тухайн төлбөрийг төлөлгүй харин төлбөрийн 80.000.000 төгрөгөнд барилгын 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв, талбайтай барилгын зураг дээрх сууц-3, 31.81 м.кв талбайтай сууц-4 гэсэн орон сууцнуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байр болгохоор тохиролцож 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгийг төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” Р.Саруултамиртай байгуулсан, мөн дээрх ажлын хөлсний 30.000.000 төгрөгийг “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Буян-Өлзий нь өөрийн ажилтан болох Г.Очирбатад өгөх ёстой байсныг О.Мнь дээрх мөнгийг байрны урьдчилгаа төлсөнд тооцож Г.Очирбатад тус байрны 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” тус тус байгуулсан боловч тухайн байрыг гэрээ байгуулсны дагуу өгөлгүй өөр бусад хүмүүст худалдан борлуулсан нь ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 110.000.000 төгрөгийг анхнаасаа төлөх санаа зорилгогүйгээр дээрх гэрээнүүдээр халхавчлан бодит байдлыг нуух замаар, баримт бичиг ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан “Эрчис Проперти” ХХК-д 110.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.О, О.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

            Шүүгдэгч Т овогтой О.М, Б овогтой О.О нар нь бүлэглэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Т О.О, О.Мнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч О.О, О.Мнараас 110.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч Б.Бд олгож,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 14 хуудас орон сууц барилгын ажлын зургийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О, О.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч О.О, О.Мнар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Бид барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Эрчиспроперти ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 23-нд байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу О.О О.Мбид гүйцэтгэсэн ажлын дагуу төлбөр тооцоог хийж 2015 оны 10 сар хүртэл тодорхой хэмжээий мөнгийг төлсөн. 2015 оны 11 сард барилгын ажил зогссон. Барилга угсралтын ажил зогссоноос хойш мөн 2016 оны хавар барилгын ажил эхэлснээс хойш Эрчиспроперти ХХК нь ямар ч барилгын ажил хийгээгүй. Бидний ойлгосноор тухайн компанид ажилчид байгаагүй. Эрчиспроперти ХХК-тай тохирсон ажил бүрэн дуусаагүй байхад уг компани ажил гүйцэтгэх боломжгүй болсон байсан. Дээрх байдлаас харахад захиалагч гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх агуулгатай иргэний эрх зүйн харилцаа үүссэн юм.  

Хууль бус шийдвэрийн тухай: -Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021/ШЦТ/1047 дугаартай шийтгэх тогтоолыг гаргахдаа хуульд захирагдан шийдвэр гаргаж чадаагүй. Тухайлбал дараах хуулийг буруу хэрэглэн хууль бус шийдвэр гаргасан. Үүнд:

            Анхан шатны шүүхийн шүүгч нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 заалтуудад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан "... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” гэдэг гэмт үйлдэл тогтоогдоогүй байхад Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг зөрчин гэмт хэрэг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан мөн хуулийн тусгай ангид тусгайлан заасан үйлдэл хийгдсэнийг нотолж чадаагүй байх тул агуулгын хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй иргэний эрх зүйн харилцааны гэрээ нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан мэтээр гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтыг мөрдлөг болгож чадалгүй хууль зөрчсөн хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шүүгч нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан “... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд херөнгийн эрхийг шилжуулэн авсан бол ...” заалтын дагуу эзэмшигч, өмчлөгчийн ямар эд хөрөнгийг авсан, тухайн эд хөрөнгийн эрх нь хаана хэзээ хэрхэн шилжсэнийг бүрэн тайлбарлаж дүгнэлт хийж чадаагүй, ямар нотлох баримтаар шүүгдэгч нар нь ямар эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад зогсохгүй өмчлөх, эзэмших эрх үүсч захиран зарцуулах эрх олж авсныг бүрэн тогтоож чадаагүй хууль бус шийдвэр гаргаж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Прокуроруудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай: Энэ хэсэгт прокуроруудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай гэдэгт анх гомдол гаргасны дараа “хэргийг” олон прокурор дамжин хянасан тул прокуроруудын тухай гэж нэрлэв.

Прокурор 1. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор н.Оюунтунгалагийн шийдвэрийн тухай. Прокурор н.Оюунтунгалаг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст 2017 оны 3 сард гаргасан гомдлыг хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаад 2018 оны 5 сард хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдсэн байдаг, уг хэрэгсэхгүй болгосон тогтоолтой 2019 оны 6 сард танилцаж байсныг энд дурдахь нь зүйтэй.

Прокурор 2. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор н.Алтансүхийн шийдвэрийн тухай прокурор н.Аптансүх нь хэрэг бүртгэлтийн хэргийг хүлээн аваад шалгалтын ажиллагаа хийхдээ О.Мнамайг 2018 оны 11 сард ирж уулзах тухай утсаар дуудахьад нь “Би гомдол гаргасан хүнээс юу ч аваагүй байдаг. Энэ тухай н.Оюунтунгалаг прокурорт мэдүүлэг өгсөн. Таны дуудсанаар өмгөөлөгчтэйгээ цуг очно. Өмгөөлөгчтэйгээ яриад боломжтой үед нь цуг очих тухай мэдэгдсэн". Үүний дараа н.Алтансүх прокурор уг хэргийг шалгахаас татгалзаж шилжүүлсэн.

Прокурор 3. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий нь хэрэг бүртгэлийн хэргийг хүлээн аваад хэрэг бүртгэлийн хэргийг шалгаад өмнөх хэрэгсэхгүй болгосон үеийн баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг.

Прокурор 4. Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Оюунбат нь хэрэг шүүхэд шилжсний дараа прокурорын байгууллагыг төлөөлж байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй харин шүүх хуралдаанд хэргийг бүрэн гүйцэд судлаагүй зөвхөн өмнөх прокурорын байр суурийг дагасан байдалтай оролцсон.

Прокурорууд гомдлын дагуу цугларсан баримтуудыг хуульд нийцүүлэн шалгаад хуулийг нэгдмэл байдлаар хэрэгжүүлж чадахьгүй эрс тэс шийдвэр гаргаж байгаа нь яллагдагчаар татагдсан, шүүгдэгч байдлаар тодорхойлогдсон илт гэм буруугүй иргэдийг хэлмэгдүүлэх ажиллагаа явуулж байна.

Шүүгчдийн захирамж болон шүүхийн шийдвэрийн тухай: Шүүгчдийн захирамж болон шийдвэрийн тухай гэдэг нь шүүгчид солигдсон тул ийнхүү тодотголоо. Хэргийг шүүсэн шүүгчдийн нотлох баримтыг үнэлсэн байр суурь ижил байсан боловч нэг шүүгчийн байр суурь буюу нотлох баримтыг үнэлэх дүгнэлт нь шинээр нотлох баримт бүрдээгүй байхад өөрчлөгдсөн.

Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурор Ч.Түмэн-Өлзий хэргийг 2019 оны 7 сард хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингэхдээ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгын гэрээ 2-ыг нотлох баримтаар тооцон шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн.

Анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунаа нь 2019 оны 10 сарын 14-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар нотолбол зохих байдлыг нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.1.1-16.2.1.6 заалтуудад заасан байдлыг нотлоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн прокурорт буцаасан захирамж гаргасан. Уг өдрийн шүүх хуралдаанаар барилга ажил угсралтын гэрээ, орон сууц захиалгын гэрээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нотлох баримт биш гэж үзсэн. Шүүгчийн захирамжийн дагуу хэрэг прокурорт буцсаны дараа прокурор нь хохирогч гэх этгээдийг сольж мөн миний ээж О.Оийг хэрэгт хамааралтай этгээд гэж үзэн яллах дүгнэлтдээ засвар. өөрчлөлт оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн мэтээр яллагдагчаар татсан үүний дараа дахьин шүүхэд шилжүүлсэн. Шүүгч Б.Ариунаа нь хэргийг бүрэн шийдвэрлэж дуусалгүй хэрэг Э.Чингис гэдэг шүүгч рүү шилжсэн.

Анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис нь 2020 оны 06 сарын 29-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар өмнөх шүүгч Б.Ариунаатай ижил буюу шүүх хуралдаанаар нотолбол зохих байдлыг нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 16.2.1.1-16.2.1.6 заалтуудад заасан байдлыг нотлоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна гэж үзэн прокурорт буцаасан захирамж гаргасан.

Шүүгчийн захирамжинд прокурор эсэргүүцэл бичсэнээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаалгүй байгаа баримтын хүрээнд дахин хэлэлцүүлж анхан шатны шүүхийн шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэ хэмээн анхан шатны шүүхэд буцааж шилжүүлсэн.

Анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис нь хэргийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд хэсэг хугацааны дараа эргэн сэргэсэн.

Хэрэг сэргэсний дараах буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Э.Чингис нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нотлогдоогүй гэж үзсэн баримтуудыг гэмт хэргийн нотлох баримт гэж үнэлж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорт буцаасан захирамжийг хүчингүй болгосон нь гэмт хэргийг нотлох ач холбогдолгүй баримтыг нотлох баримт мөн гэж үзэхийг даалгасан тухай давж заалдах шатны шүүхийн магадлалд байхгүй байна.

Эндээс үүссэн ойлгомжгүй нөхцөл байдал нь 2020 оны 6 сард нотлогдохгүй байна гэж үзсэн баримт нь 2021 оны 10 сард нотлох баримт мөн гэж тооцох нь өөрөө хууль бусаар гэм буруутайд тооцсон үйлдэл гаргаж шийтгэх тогтоол гарчээ.

2020 оны 6 сарын 29-ний өдөр нотлогдохгүй байна гэж үзэж байсан нотлох баримт болон дотоод итгэл үнэмшил нь 2021 оны 10 сарын 13-ны өдөр ЯАГААД ӨӨРЧЛӨГДӨЖ нотлох баримт мөн бас гэм буруутай гэж үзэх болов??? Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн энэ өөрчлөлтөнд дүгнэлт хийж, тайлбарлаж өгнө үү.

Нотлох баримтын тухай:  Илт гэм буруугүй хэлмэгдэгч О.М, О.О бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүдийг хийгээгүй түүнчлэн мөн заалтанд зааснаар “... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” хэнээс ямар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаа огтхон ч ойлгохгүй байна. Үйлдсэн гэх гэмт хэрэгт хэний ямар төрлийн эд хөрөнгө, уг эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь ямар нотлох баримтаар тогтоогдон нотлогдож байгааг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн эргэлзээгүй тогтоож өгнө үү.

Хэлмэгдэгч иргэд бид хохирогч гэх этгээдээс дор дурдсан аливаа төрлийн эрхийг аваагүйг эсхүл авсныг нотлож өгнө үү. Үүнд:

            Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бол өмчлөх эрх шилжүүлж өгөхөөс өмнөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрх шилжсэний дараах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дор хаяж 2 хуудас нотлох баримтаар, шилжсний дараа захиран зарцуулах эрх үүссэнийг давхар нотлохоор, газар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бол өмчлөх эрх шилжүүлж өгөхөөс өмнөх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрх шилжсэний дараах газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дор хаяж 2 хуудас нотлох баримтаар, шилжсний дараа захиран зарцуулах эрх үүссэнийг давхар нотлохоор, тээврийн хэрэгсэл эзэмших эрхийг шилжүүлэн авсан бол эзэмших эрх шилжүүлж өгөхөөс өмнөх тээврийн хэрэгсэл эзэмших эрхийн гэрчилгээ болон эзэмших эрх шилжсэний дараах тээврийн хэрэгсэл эзэмших эрхийн гэрчилгээ дор хаяж 2 хуудас нотлох баримтаар, шилжсний дараа захиран зарцуулах эрх үүссэнийг давхар нотлохоор, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр мөнгөн хөрөнгө шилжүүлэн авсан бол бэлнээр өгсөн баримт болон бэлэн бусаар шилжүүлэн авсныг нотлох тухайн банкны шилжүүлгийн баримт болон дансны хуулгуудаар тус тус нотлохоор, төрлийн шинжээр тодорхойлогдох биет болон биет бус эсхүл оюуны өмчийн эд хөрөнгө шилжүүлэн авсныг зохиогчийн эрх шилжүүлэн авсан нотлох баримтаар болон бусад нотлох баримтаар тус тус авсан болон аваагүйг нотлож өгнө үү.

Хэлмэгдэж буй иргэд бид барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, ямар нэгэн урьдчилгаа төлбөр аваагүй орон сууц захиалгын гэрээ нь: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ биш гэдгийг, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ биш гэдгийг, тээврийн хэрэгсэл эзэмших эрхийн бүртгэлийн гэрчилгээ биш гэдгийг, бэлэн хэлбэрийн мөнгө өгсөн авсан баримт биш гэдгийг, бэлэн бус хэлбэрийн мөнгийг банкны данс хооронд шилжүүлсэн мөнгө өгсөн авсан шилжүүлгийн баримт биш гэдгийг, төрлийн шинжээр тодорхойлогдох эд материал, бараа, бүтээгдэхүүн өгсөн авсан баримт биш гэдгийг тус тус ойлгож мэдэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэн авсныг нотлох баримтаар нотлох боломжгүй байгаа тул цагаатгуулах байр суурьтай байна.

Гэмт хэргийн шинжгүй тул цагаатгах: Хэлмэгдэж буй иргэд бид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн болон тусгай ангийн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтуудаар гэм буруугүй гэдгээ нотлож байна. Үүнд:

            1. Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх шилжүүлэн авах үйпдэп хийгдээгүй байхад хийгдсэн мэтээр гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй заалтыг зөрчсөн тул,

            2. Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөн хуулийн тусгай ангид тусгайлан заасан эд хөрөнгө. эд хөрөнгийн эрх шилжүүлэн авах гэж тусгайлан заасан үйлдэл баримтаар нотлогдоогүй тул,

            3. Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...” эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваагүй тул хууль зөрчөөгүй буюу гэмт хэргийн шинжгүй тул,

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурор хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь үндэслэлтэй тул,

            5. Нотлох баримт гэх барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, урьдчилсан төлбөр аваагүй орон сууц захиалгын гэрээ нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нотлох баримт гэж үзэх, тайлбарлахад эргэлзээтэй байгаа тул тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хэлмэгдэж буй иргэд болох О.О, О.Мнарыг цагаатгаж өгнө үү. ...”, “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой тогтоогоогүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд гомдлынхоо агуулга, үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Бидний зүгээс 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Эрчиспроперти” ХХК-тай барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын дагуу төлбөр тооцоог хийж 2015 оны 10 сар хүртэл тодорхой хэмжээний мөнгийг төлж барагдуулсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сард барилгын ажил улирлын чанартайгаар зогсож 2016 оны хавар барилгын ажил эхэлсэн ч “Эрчиспроперти” ХХК нь ямар ч барилгын ажил хийгээгүй. Бидний ойлгосноор тухайн компанид ажилчид байгаагүй улмаас "Эрчиспроперти” ХХК-тай тохирсон ажил бүрэн дуусаагүй уг компани ажил гүйцэтгэх боломжгүй болсон байсан.

Дээрх байдлыг дүгнэн үзвэл захиалагч гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх агуулгатай иргэний эрх зүйн харилцаа үүссэн болно.

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: О.О, О.Мбиднийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 заалтуудад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан “... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэдэг гэмт үйлдэл тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туай хуулийн 16.2-т нотлогдвол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоолгүй хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг бүрэн дүүрэн үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан хэмээн үзэж байна. Тодруулбал: Анхан шатны шүүхийн шүүгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан “...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” заалтын дагуу эзэмшигч, өмчлөгчийн ямар эд хөрөнгийг авсан, тухайн эд хөрөнгийн эрх нь хаана, хэзээ хэрхэн шилжсэнийг бүрэн тайлбарлаж дүгнэлт хийж чадаагүй, ямар нотлох баримтаар шүүгдэгчид нь ямар эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад зогсохгүй өмчлөх, эзэмших эрх үүсч захиран зарцуулах эрх олж авсныг бүрэн тогтоож чадаагүй хууль бус шийдвэр гаргаж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

2. Уг хэрэгт хяналт тавьсан прокуроруудын зүгээс авч үзвэл: ...Прокурорууд гомдлын дагуу цугларсан баримтуудыг хуульд нийцүүлэн шалгаад хуулийг нэгдмэл байдлаар хэрэгжүүлж чадахьгүй эрс тэс шийдвэр гаргаж байгаа нь яллагдагчаар татагдсан, шүүгдэгч байдлаар тодорхойлогдсон илт гэм буруугүй иргэдийг хэлмэгдүүлэх ажиллагаа явуулж байна.

3. Хавтаст хэргийн материалд авагдсан шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрийн тухай: Шүүгчийн захирамж болон шийдвэрийн тухай гэдэг нь шүүгчид солигдсон тул ийнхүү тодотголоо. Хэргийг шүүсэн шүүгчийн нотлох баримтыг үнэлсэн байр суурь ижил байсан боловч нэг шүүгчийн байр суурь буюу нотлох баримтыг үнэлэх дүгнэлт нь шинээр нотлох баримт бүрдээгүй байхад өөрчлөгдсөн.

... 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Э.Чингис нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нотлогдоогүй гэж үзсэн баримтуудыг гэмт хэргийн нотлох баримт гэж үнэлж гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь прокурорт буцаасан захирамжыг хүчингүй болгосон нь гэмт хэрэгт холбогдолгүй баримтыг нотлох баримт мөн гэж үзэхийг даалгасан тухай давж заалдах шатны шүүхийн магадлалд байхгүй байна. Эндээс үүссэн ойлгомжгүй нөхцөл байдал нь 2020 оны 6 сард нотлогдохгүй байна гэж үзсэн баримт нь 2021 оны 10 сард нотлох баримт мөн гэж тооцох нь өөрөө хууль бусаар гэм буруутайд тооцсон үйлдэл гаргаж шийтгэх тогтоол гарсан гэж шүүгдэгч нарын зүгээс үзэж байна.

2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нотлогдохгүй байна гэж үзэж байсан нотлох баримт болон дотоод итгэл үнэмшил нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр яагаад өөрчлөгдөж нотлох баримт мөн бас гэм буруутай гэж үзэх болов??? Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн энэ өөрчлөлтөнд дүгнэлт хийж тайлбарлаж өгнө үү.

4. Нотлох баримтын тухай: Илт гэм буруугүй хэлмэгдэгч О.М, О.О бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүдийг хийгээгүй түүнчлэн мөн заалтад зааснаар “...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” хэнээс ямар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаа огтхон ч ойлгохгүй байна.

Үйлдсэн гэх гэмт хэрэгт хэний ямар төрлийн эд хөрөнгө, уг эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан нь ямар нотлох баримтаар тогтоогдон нотлогдож байгааг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн эргэлзээгүй тогтоож өгнө үү.

Хэлмэгдэгч иргэд бид хохирогч гэх этгээдээс дор дурдсан аливаа төрлийн эрхийг аваагүй тул хавтаст хэргийн материалд авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн гэм буруугүйд тооцож өгнө үү эсхүл авсныг нотлож өгнө үү. Үүнд: ...Хэлмэгдэж буй иргэд бид барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, ямар нэгэн урьдчилгаа төлбөр аваагүй орон сууц захиалгын гэрээ нь: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ биш, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ биш, Тээврийн хэрэгсэл эзэмших эрхийн бүртгэлийн гэрчилгээ биш, Бэлэн хэлбэрийн мөнгө өгсөн авсан баримт биш, Бэлэн бус хэлбэрийн мөнгийг банкны данс хооронд шилжүүлсэн мөнгө өгсөн авсан шилжүүлгийн баримт биш, Төрлийн шинжээр тодорхойлогдох эд материал, бараа, бүтээгдэхүүн өгсөн авсан баримт биш гэдгийг тус тус ойлгож мэдэж байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө, түүний эрхийг шилжүүлэн авсныг нотлох баримтаар нотлох боломжгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1047 дугаартай Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасан шийдвэрлэж өгнө үү.  ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх шүүгдэгч О.О, О.Мнарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан /Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж/ залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин гэмт үйлдэл төгссөн үеийг буруу тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацааг хуульчилсан ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцох буюу гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулахаар тодорхойлогджээ.

Өөрөөр хэлбэл, О.О, О.Мнар нь “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Б.Бд 110.000.000 төгрөг төлөхөөс 80.000.000 төгрөгийн төлбөрийн оронд 80.41 м2 3 өрөө орон сууц өгөхөөр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр харилцан тохирч №ЗГ-15 дугаартай гэрээг, 30.000.000 төгрөгийн оронд “Эрчис Проперти” ХХК-ийн ажилтан Г.Очирбатад 48.81 м2 2 өрөө орон сууцыг өгөхөөр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 гэрээг тус тус байгуулсан хэдий ч өөр бусдад 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ- гэсэн гэрээг байгуулж худалдсан, улмаар 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Ү-2204097374 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан нь тус гэмт хэргийн төгссөн үеийг илэрхийлж байхад 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд үргэлжилсэн гэж дүгнэж гэмт хэрэг гарсан цаг хугацаанд тооцож байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахьин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч О.Мтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг залилсан мэтээр дүгнэж анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх байдал нь ажил гүйцэтгэх гэрээ 2015 онд байгуулагдсан боловч 2016 онд уг компани ажил хийгээгүй, ажилтан байхгүй байсан. Тэр ажлыг нь бид өөрсдөө дуусгасан. Бид хувь хүнээс ч юм уу, компаниас ямар нэгэн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө шилжүүлж аваагүй. Тийм байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 2 гэрээ дурдсан. Энэ хоёр гэрээ нь ямар нэгэн өмч хөрөнгө шилжүүлж авсан баримт биш. Учир нь, үл хөдлөх эд хөрөнгө нь гэрчилгээтэй байх ёстой. Гэтэл гэрчилгээтэй эд хөрөнгө аваагүй байхад зөвхөн гэрээг үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байна. Хүнээс эд хөрөнгө аваагүй байхад авсан мэтээр тайлбарлаж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаад гомдолтой байна. Иймд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй гэх заалтыг зөрчсөн байна. ...” гэв.   

Шүүгдэгч О.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 оны 11 дүгээр сард барилгын ажил зогсох үед Саруултамир ирж байр авах гэрээ байгуулсан. 2016 онд ажлынхаа 30 хувийг гүйцэтгээгүй орхиод алга болсон. Ийм үйлдэл болсон. ...” гэв.     

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ иргэний эрх зүйн гэрээний шинжтэй харилцааг Эрүүгийн хуульд заасан залилан мэхлэх гэмт хэргээс ялгаж дүгнэлт хийгээгүй. Уг хэрэг өмнө нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч юугаар хохирсон талаараа мэдүүлэхдээ “ажлынхаа хөлсийг авъя” гэдэг. Иргэний эрх зүйн харилцааны хувьд эдгээр хүмүүсийн хооронд байгуулсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ байдаг. Ажил гүйцэтгэх гэрээ нь үргэлжлээд биет байдлын доголдол болон ажлын чанарын гүйцэтгэлийн талаар гарсан маргаан болдог. Эрүүгийн хэрэг гэж авч үзэхэд хэн хохирсон гэдэг дээр эргэлзээ гарч ирсэн. Ажлын хөлсөө аваагүй Б.Б хохирсон уу, аль эсхүл тэр байранд нүүж орно гэсэн гэр бүлийн хүн нь хохирсон юм уу гэдэг дээр эргэлзээ бүхий байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, бусад нөхцлүүдээ харилцан тохиролцсон, гэрээний нөхцлүүдээс үүдэн гарсан маргааныг шийдвэрлэх арга замыг маш тодорхой зааж өгсөн гэрээг байгуулсан байдаг. Мөн О.М, О.О нарын үйлдэл оролцоог ялгаж шалгаагүй. О.Оийн хамтран оролцсон хэлбэр тогтоогдоогүй, ямар хэлбэрээр энэ хэрэгт оролцоод байна вэ гэдэг нь эргэлзээтэй. Хохирогч талаас “байрыг өгнө гэж тохиролцсон” гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хоёр удаа хийгдсэн гэрээ болон бусад баримт бичигт тусгагдсанаар хүсэл зоригоо илэрхийлж байгаа байдал нь ажлын хөлсөө л нэхдэг. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих нөхцөл байдал буюу хэн хохирсон юм бэ, мөн хохирлын хэр хэмжээ, шинж чанар тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлүүдийг бүрэн гүйцэт тогтоогоогүй. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн хамгийн гол нөхцөл болох эд хөрөнгө өмчлөх эрхэнд халдсан, бусдын эд хөрөнгөд бодит хохирол учруулсан байхыг шаарддаг. Гэтэл учирсан хохирол нь ажлын хөлс гээд байдаг. Ажлын хөлс нэхэж буй байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Гэмт хэрэг мөн гэж дүгнэсэн бол хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэрээ байгуулсан цаг хугацааг оруулан тооцох нь хууль зүйн үндэслэлтэй. Улсын Дээд Шүүхийн тайлбар, шүүхийн хэрэг шийдвэрлэх практик зэргээс харахад иргэний гэрээний харилцаанаас залилан мэхлэх гэмт хэргийг ялгах үндсэн шинжүүдийг харахад хууль зүйн үндэслэл нь маш тодорхой харагдаж байдаг. Ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдон үүссэн маргааныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцсон Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, О.М, О.О нарыг цагаатгаж өгнө үү. Ялгагдах гол шинжүүдэд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.  

Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгч Ө.Учралын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ажлаа дуусгаагүй гэж байгаа нь огт үндэслэлгүй юм. Ажлыг 2014 онд эхэлж, 2015 онд ажлаа дуусгасан. Дууссаныхаа дараа буюу 2015 оны 11 дүгээр сард тооцоо нийлж мөнгөө авах гэж О.М, О.О нарт хандахад байр өгнө гэсэн гэрээ байгуулсан. Тус гэрээг нотариатаар батлуулсан, 1 дүгээр хавтас хэргийн 165 дугаар хуудсанд О.Мээс мөнгийг өгнө гэсэн акт үйлдсэн баримт авагдсан. Сүүлдээ ажлаа гүйцэт дуусгаагүй гэсэн зүйл яриад байсан. ...” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч О.Мээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлаа дуусгаагүй байж төлбөр авах гээд байна гэж байна. Хохирогч Б.Б нь ажлаа дуусгаад Улсын комисст барилгыг хүлээлгэж өгөхөд оролцсон байдаг. “Эрчис Проперти” ХХК нь хийх ёстой ажлаа хийснийхээ дараа төлбөрөө авах гэхэд “төлбөр өгөх боломжгүй байна. Үлдэгдэл төлбөрт нь орон сууц өгье” гэдэг тохиролцоо хийсэн. Ингээд орон сууцаа хүлээлгэж өгөөгүй асуудал гарч ирсэн болохоос биш ямар нэгэн байдлаар ажил дутуу хийгдсэн гэх асуудал огт болоогүй. О.М, О.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахьин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү. ...” гэв.      

Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.М, О.О нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Үндсэн хуулийн Цэц дээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал хэлэлцэгдэж байна гэх үндэслэлээр хэргийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн. Үндсэн хуулийн Цэцээс шийдвэр гарахад түдгэлзүүлсэн шийдвэрээ сэргээж хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг О.О, О.Мнарт холбогдох эрүүгийн 201725011304 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил байхгүй байна.

Анхан шатны шүүхийн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч О.О, О.Мнар нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Эрчис Проперти” ХХК-тай Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын ажлыг 245.027.500 төгрөгийн төлбөртэй хийж гүйцэтгүүлэхээр захиалан харилцан тохиролцож “Барилгын ажлын угсралтын гэрээ”-г байгуулсан ба төлбөрийн үлдэгдэл 110,000,000 төгрөгийг өгөлгүйгээр, уг төлбөрийн:

80.000.000 төгрөгөнд баригдаж буй барилгынхаа 6 дугаар давхарт байрлах 48.68 м.кв /барилгын зураг дээрх сууц-3/, 31.81 м.кв талбайтай / барилгын зураг дээрх сууц-4/ гэсэн орон сууцнуудыг нийлүүлэн нийт 80.41 м.кв 3 өрөө байрыг , 1 м.кв-ийн үнийг 1.400.000 төгрөгөөр тооцож нийт байрны үнийн дүн болох 112.547.000 төгрөгний төлбөрт оруулан тооцохоор тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээг” “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Г.Буян-Өлзийгийн эхнэр Р.Саруултамиртай,

30.000.000 төгрөгийг баригдаж буй барилгынхаа 7 давхарт байрлах 48.81 м.кв байрыг, 1 м.кв-ийн үнийн дүнг 1.500.000 төгрөг байхаар тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ-15 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г  “Эрчис Проперти” ХХК-ийн ажилтан болох Г.Очирбаттай тус тус байгуулсан атлаа 02 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад орсон орон сууцны барилгаас тухайн байруудыг нь өгөлгүй, өөр хүмүүст худалдан борлуулсан болох нь:

хохирогч Б.Бн: “...Би “Эрчис проперти” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани нь барилга угсралтын чиглэлээр 2006 оноос хойш одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. 2015 оны 9 дүгээр сард би О.О болон түүний хүү О.Мтэй барилга угсралтын гэрээ байгуулж захиалгын дагуу манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3180.5 м.кв орон сууцны барилгын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. ...Манай компанийн хувьд уг ажлыг 247.027.500 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн ба О.О, О.Мнар 110.000.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй. Мөнгөө нэхэхэд О.О, О.Мнар нь “баригдаж байгаа барилгыг ашиглалтанд орсны дараа үлдэгдэл төлбөртөө 3 өрөө орон сууц өгье” гэж хэлсэн. Мөн тухайн барилгад батлагдсан зургаар 3 өрөө орон сууц байгаагүй тул 1 болон 2 өрөө орон сууцны метр квадратыг нийлүүлээд 3 өрөө гэж тооцож гэрээ байгуулсан. Орон сууцны гэрээг байгуулахдаа О.О, О.Мболон манай эхнэр Р.Саруултамир бид дөрөв ярилцаж байгаад О.М, Р.Саруултамир нар байгуулсан. Ингээд уг орон сууцны барилга ашиглалтанд орж манай эхнэр Р.Саруултамир бид хоёр захиалсан байрандаа орох гэхэд О.О, О.Мнар өөр иргэдийг оруулсан байсан ба тухайн иргэдээс учрыг нь асуухад “бид нар худалдаж авсан” гэж хэлсэн тул цагдаагийн байгууллагад хандсан. ...Мөн манай компани нь 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарыг хүртэл хугацаанд О.О, О.Мнарын захиалгын дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажлыг хийж гүйцэтгэхэд Г.Очирбат өөрийн бригадын 12-15 хүний хамт ажиллаж ажлын хөлсний үлдэгдэл болох 30.000.000 төгрөгөө авч чадаагүй. Ингээд уг 30.000.000 төгрөгийг нь О.О, О.Мнар байрны урьдчилгаанд өгснөөр тооцож, Г.Очирбаттай орон сууцны захиалгын гэрээг байгуулсан. Тэгтэл мөн байр ашиглалтанд орсны дараагаар О.О, О.Мнар Г.Очирбатад өгөх байраа өгөөгүй тул цагдаад өргөдөл гаргасан ба Г.Очирбатад захиалсан байрыг нь өгөх талаар ямар ч идэвхитэй үйлдэл хийхгүй байсан тул би Г.Очирбатад 30.000.000 төгрөгийг нь төлж барагдуулсан. ...” /2хх-239-240/,

гэрч Г.Очирбатын: “...би “Эрчис проперти” ХХК-тай 2014 оноос хойш мужаанаар хамтран ажиллаж байгаа. Уг ажилд би өөрийн бригадын 10 хүнийг ажиллуулсан бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 30.000.000 төгрөгийг “Эрчис проперти” ХХК-ийн захирал Б.Бгөөс авах ёстой байсан юм. ...2017 оны 11 сард захиалагч О.М, Б.Б бид гурав уулзаж ажлын хөлсний төлбөрийн талаар ярихад О.Мнь Б.Б бид хоёрт хандан “Очирбатын ажлын хөлс 30.000.000 төгрөгийн оронд би  1 м.кв-ийг нь 1.500.000 төгрөгөөр бодож байр өгье” гэхээр нь Б.Б захирал бид хоёр хоорондоо ярилцаж байгаад зөвшөөрсөн юм. ...2017 оны 2 дугаар сард байр ашиглалтанд орсон бөгөөд О.Мгэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй миний захиалсан байранд өөр хүн оруулаад намайг “байраа авъя” гэхээр “чи ямар миний хамаатан биш, би чамд 1.500.000 төгрөгөөр хямдхан өгнө гэж юу байдаг юм” гээд халгаадаггүй бөгөөд огт утсаа авахаа болиод уулзаж чадахьгүй болсон. ...” /1хх-19, 156/,

гэрч Б.Золзаяагийн: “...2015 оны 5 дугаар сард О.Мгэх хүн манай захиралтай уулзаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж эхэлж байгаа 35 дугаартай, 44 айлын орон сууцанд багш нарыг хөнгөлөлттэй үнээр хамруулна гэсэн санал тавьсан байсан. Үүний дагуу би 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр тус компанийн захирал О.Мболон түүний ээж О.О нартай очиж уулзаж мэдээлэл авч, тухайн өдрөө орон захиалгын гэрээг байгуулж, гэрээнд заасны дагуу О.Оийн эзэмшлийн “Голомт” банкин дахь 1509228513 тоот дансанд байрны урьдчилгаа болох 10.36 хувь буюу 7.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Намайг анх 35 дугаар байрны 36 тоотод орж байх үед О.Мманай байрыг өөр хэн нэгэн хүнд өгөхөөр гэрээ хийж байсан гэдгийг сонсож байсан ба би түрүүлж гэрээ байгуулсан. ...” /2хх-91-92/,

гэрч Б.Төгсбаярын: “...Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 35 дугаар байрны 34 тоот орон сууц нь манай аав Э.Баярын нэр дээр бүртгэлтэй байдаг. ...” /2хх-126/,

гэрч Р.Саруултамирын: “...2015 оны 11 дүгээр сарын 16-ны Мөнгөнсүхтэй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт орон сууц захиалгын гэрээг хийхдээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 22 дугаар байрны хуучин байршилд байршилтай Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөгдсөн холбогдох хууль тогтоомжийн дагуу шинээр баригдаж буй 35 дугаар байрны 6 давхарын 80,41 мкв хэмжээ бүхий 3 өрөө орон сууцны гэрээ хийсэн. Гэрээнд заагдсаны агуу Мөнгөнсүх нь сонгон авсан план зургийг үзүүлсэн. ...” /2хх 54/,   

О.Мийн сэжигтнээр өгсөн: “...“Эрчис проперти” ХХК-нд 110.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй нь үнэн. Үүнээс 30.000 төгрөгийг нь Г.Очирбат гэх хүн өөрийн хийсэн ажлын хөлсөндөө авах ёстой байсан юм. ...” /1хх-29/  гэх мэдүүлгүүд,

Барилга ажил угсралтын 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барилга угсралтын гэрээний хавсралт /1хх-122-126, 132-136/,

О.Мийн хэрэгт гарган өгсөн “...Б.Бд төлсөн дүн:

2014-09-28 25,000,000 бэлнээр

2014-11-14 11,000,000 голомт банкаар, төлсөн хүн:Дагвадорж

2014-04-20 ажлын хөлсний үлдэгдлээс шилжүүлэв Буянөлзийд 3,000,000 Голомт банкаар, төлсөн хүн Мөнгөнсүх

2014-05-14 Оюунчимэгээс барилга угсралтын ажлын хөлс Буянөлзийд 20,000,000 Голомт банкаар, төлсөн хүн Оюунчимэг

2015-06-11 20,000,000 бэлнээр, төлсөн хүн Оюунчимэг

2015-06-17 17,000,000 бэлнээр, төлсөн хүн Оюунчимэг

2015-07-09 угсралтын ажлын хөлс 20,000,000 Голомт банкаар, төлсөн хүн Мөнгөнсүх

2015-07-26 5-давхрын ажлын хөлсөнд 99114092 Буянөлзийд 10,000,000 Голомт банкаар, төлсөн хүн Оюунчимэг,

2015-08-08 Бямбаад төлөх, Буян-Өлзий 990,000 Хаан банкаар, төлсөн хүн Оюунчимэг

2015-08-08 8,000,000 бэлнээр

Нийт төлсөн 134,990,000

Гэрээний нийт дүн 245,027,500

Үлдэгдэл 110,027,500

“Эрчис проперти” ХХК-д гэрээний дагуу төлөх үлдэгдэл 80,000,000

Г.Очирбатад ажлын хөлсний үлдэгдэлд төлөх дүн 30,000,000...” гэсэн тооцооны баримт /1 хх 165/,

Голомт банкны 22663014 дугаартай Очирын Оюунчимэг гэсэн дансны:

“...2015.05.14 20,000,000 зарлага, Оюунчимэг-с барилга угсралтын ажлын хөлс Буянөлзий Батбаатар,

2015.07.26 10,000,000 зарлага, 5-давхарын ажлын хөлсөнд 99114092 Буянөлзий Батбаатар,

2015.08.08 990,000 зарлага, Бямбаад төлөх, Буян-Өлзий...: гэсэн дансны хуулга /1 хх 166-169/,

Р.Саруултамир, О.Мнарын байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-5-6/,

Г.Очирбат, О.Мөнсүх нарын байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ /1хх-127-131/,

2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт /1хх-120-121/,

иргэн Б.Золзаяад худалдахаар 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан байсан 6 давхрын 2 өрөө орон сууцан дээр дахин “Эрчис проперти” ХХК-тай (эхнэр Р.Саруултамир нь) орон сууц захиалгын гэрээ байгуулсан болохыг нотолж буй О.М, Б.Золзаяа нарын хооронд байгуулагдсан 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр орон сууц захиалгын гэрээ /2хх-96-97/,

“Эрчис проперти” ХХК-ийн хийсэн ажлын хөлсний үлдэгдэл 110,000,000 төгрөгийнхөө 80,000,000 төгрөгийн төлбөрийг оруулан тооцож, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан 1 өрөө орон сууцан дээр дахин иргэн Ц.Мөнгөнчимэг, Э.Баяр нартай гэрээ байгуулсан болохыг нотолж буй 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууц захиалгын гэрээ, байрны гэрчилгээ /2хх-131-134 /,

2020 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 8/15 дугаартай албан бичиг /3хх 89-95/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.  

Шүүгдэгч О.О, О.Мнар нь бүлэглэн иргэн Б.Бгийн “Эрчис проперти” ХХК-д төлөх ажлын хөлсний үлдэгдэл 110,000,000 төгрөгийг төлөхгүйн тулд Б.Бд баригдаж буй барилгаа ашиглалтад орохоор “...80,000,000 төгрөгийг нь 3 өрөө орон сууцны төлбөрт оруулан тооцож, ашиглалтад орохоор нь үлдэгдэл төлбөрийг нь авна гэж, 30,000,000 төгрөгийг нь 1 өрөө орон сууцныг урьдчилгаа төлбөрт тооцно гэж төөрөгдөлд оруулан Б.Бн эхнэр Р.Саруултамиртай 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ, “Эрчис проперти” ХХК-ийн ажилтан Г.Очирбаттай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГ-15 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан атлаа уг орон сууцнуудыг бусдад худалдах гэрээ байгуулан хуурч, 110,000,000 төгрөгийн залилан авсан буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн “Залилах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “...Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгө авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн хангажээ.

О.О, О.Мнар нь Иргэний хуулийн дагуу хийгдсэн ажил гүйцэтгэх гэрээний маргааныг гэмт хэрэг болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, бид Б.Б /Эрчис проперти”ХХК/-өөс ямарч эд хөрөнгө, мөнгө аваагүй, эд хөрөнгийн эрх шилжүүлж аваагүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар:

шүүгдэгч О.О, О.Мнар нь  2014 оны 9 дүгээр сард “Эрчис Проперти” ХХК-ийн захирал Б:Буян-Өлзийтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 44 айлын орон сууцны 3180.5 м.кв талбайн хэмжээтэй барилгын угсралтын ажлыг (245.027.500 төгрөгийн төлбөртэй) хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож, 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Барилгын ажлын угсралтын гэрээг” байгуулж, улмаар “Эрчис Проперти” ХХК нь тухайн ажлыг хийж гүйцэтгэн, 2015 оны 11 дүгээр сарын байдлаар 110,027,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан болох нь хохирогч Б.Бгийн мэдүүлэг, О.Мээс 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гарган өгч хэрэгт нотлох баримтаар хавсаргуулсан “...Эрчис проперти” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрөөс 110,027,500 төгрөгийг үлдэгдэл төлбөртэй...” талаархи тооцооны баримт, О.Мийн анх сэжигтнээр мэдүүлсэн “...Эрчис проперти ХХК-нд 110.000.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй нь үнэн. Үүнээс 30.000 төгрөгийг нь Г.Очирбат гэх хүн өөрийн хийсэн ажлын хөлсөндөө авах ёстой байсан юм. ...” /1хх-29/ гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Уг төлбөрийн үлдэгдлийг өгөхгүйгээр 110,000,000 төгрөгийн 80,000,000 төгрөгийг 3 өрөө орон сууцны, 30,000,000 төгрөгийг нь 2 өрөө орон сууцны төлбөрт тус тус оруулан тооцохоор “Эрчис проперти” ХХК-ийн захирал Б.Бг төөрөгдөлд оруулан Б.Бгийн эхнэр Р.Саруултамиртай 2015 оны 11 сарын 16-ны өдөр, Б.Бгийн компанийн ажилтан Г.Очирбаттай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц захиалгын гэрээнүүд байгуулан Б.Бг хуурч, тус гэрээнд заасан байрнуудаа өгөлгүйгээр 110,000,000 төгрөгийг нь залилжээ.

Хэдийгээр ажил гүйцэтгэсэн гэрээний төлбөрийн үлдэгдэл 110,000,000 төгрөгөө  Б.Б нь О.О, О.Мнараас аваагүй, О.О, О.Мнарт 110,000,000 төгрөгийг өгч орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулаагүй боловч уг 110,000,000 төгрөгийг төлөх О.О, О.Мнар нь 110,000,000 төгрөгийг өгөлгүйгээр “Эрчис проперти” ХХК-д төлсөнд тооцож, 80 сая төгрөгийг авсан гэж 2015 оны 11 дүгээр сарын 16 өдөр Б.Бгийн эхнэр Р.Саруултамиртай, 30 сая төгрөгийг авсан гэж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Эрчис проперти” ХХК-ийн ажилтан Г.Очирбаттай тус тус орон сууц захиалгын гэрээ байгуулснаар уг төлбөрийн үлдэгдлийг “Эрчис проперти” ХХК-д төлөх үүргээс О.О, О.Мнар нь чөлөөлөгдөж, “Эрчис проперти” ХХК-ийн захирал Б.Б нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 110,000,000 төгрөгөө авсан гэж үзжээ.  Иймд   “Эрчис проперти” ХХК-ийн захирал Б.Бгөөс 110,000,000 төгрөгийг нь О.О, О.Мнарыг хуурч, залилан авсан гэж үзэх үндэслэлтэй.

 Түүнчлэн, О.О, О.Мнар “Эрчис проперти” ХХК-ний гэрээний төлбөрийн үлдэгдэл 110,000,000 төгрөгийг өгөхгүйн тулд Б.Бг хуурч, орон сууц захиалгын гэрээнүүдийг байгуулан 110,000,000 төгрөгийг нь залилан авсан болох нь иргэн Б.Золзаяатай орон сууц захиалгын гэрээтэй 6 давхрын 2 өрөө орон сууцыг давхар Б.Бгийн эхнэр Р.Саруултамиртай  орон сууц захиалгын гэрээ байгуулсан байдал, мөн Р.Саруултамиртай орон сууц захиалгын гэрээтэй 1 өрөө орон сууцаа давхар 2017 оны 11 сарын 27-ны өдөр иргэн Ц.Мөнгөнчимэг, Э.Баяр нартай “орон сууц захиалгын гэрээ” байгуулан өгсөн байдал зэргээр давхар нотлогдож байна.

Иймд О.О, О.Мнарыг “Залилах” гэмт хэргийг санаатай үйлдсэн, гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй нар анхан шатны шүүх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцож, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Б.Б төөрөгдөлд орон 110,000,000 төгрөгөө О.О, О.Мнарт залилуулсан гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс  тус хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 2002 оны Эрүүгийн хууль, Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль, 2020 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулсан 2015 оны Эрүүгийн хуулиуд үйлчилж байсан.

О.О, О.Мнарын үйлдэлд тэдний эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлт орохоос өмнөх Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, тус хуулийн ерөнхий ангийн:

1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй: ... 1.2. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн; ...” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа нь 5 жил ба,

1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “....Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж зааснаар тооцоход О.М, О.О нарын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төгссөн залилах гэмт хэргийн хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа нь шийтгэх тогтоол гаргасан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэхэд дууссан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

            Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч О.М, О.О нарын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр үйлдэж дуусгасан “Залилах” гэмт хэргийг зүйлчлэхдээ Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. ...” гэж заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ээс дагаж мөрдөгдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн заалтаа журамлаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ О.М, О.О нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэгт заасан, ямар гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож байгаагаа бичээгүйг тус тус зөвтгөн энэ талаархи өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулж, бусад  заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/1047 дугаартай шийтгэх тогтоолын: 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч О.О, О.Мнарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. ...” гэснийг “...Шүүгдэгч О.О, О.Мнарт үйлдсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэргийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. ...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч О.М, О.О нарын, хохирогчийн өмгөөлөгч Ө.Учрал, М.Билгүтэй нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.   

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

                              ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ