| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямсамбуугийн Гантуяа |
| Хэргийн индекс | 131/2018/00810/И |
| Дугаар | 131/ШШ2019/00006 |
| Огноо | 2018-12-24 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 131/ШШ2019/00006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зэвсэгт хүчний ******* дүгээр ангид холбогдох
Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, эдийн засагчийн албан тушаал эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэхийг хүссэн үндсэн, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагатай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Пүрэвдаваа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гантулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.******* миний бие нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Би 2016 онд Зэвсэгт хүчний *******дүгээр ангид үйлдвэрлэл маркетингийн тасагт эдийн засагчаар ажилд орж түүнээс хойш 2018 оны 09 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. 2018 оны 09 сарын 11 ний өдрийн өглөе нэгдэлт хийх үед хүний нөөцийн тасгийн офицер н.Баярмагнай нь миний хөдөлмерийн гэрээ цуцлах тухаймэдэгдэж хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлийг тайлбэрлэхдэз захиралгийн зөвлөлийн хурлаар ороходажил мэргэжил таарахгүй удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэсэн. Би тухайн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг гардаж авах гэж удаа дараа шаардсан боловч ангийн захирагчид танилцуулаагүй, гарын үсэг зурагдаагүй, бүртгэж дугаар аваагүй гэсээр 2018 оны 09 сарын 14 ний өдрийг хүргэсэн ба хүний нөөцийн офицер Баярмагнай нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гэсэн захирагчийн гарын үсэгтэй,байгууллагын тамгатай боловч он сар өдөр дугааргүй тушаал гэх баримтыг хуулбарлаж өгсөн. Нэг ёсондоо хүчин төгөлдөр болоогүй тушаал буюу тушаалын төслийг ажилчин албан хаагчдын өмнө уншсан байгаа юм. Тухайн үед уншиж танилцуулж байсан тушаалаас энэ тушаал нь өөр байгаа юм. Тухайн тушаал гэх баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дугаар зүйлийн 131.1, 131.1.3, Ангийн дотооджурмын 5 дугаар зүйлийн 5.1.4, 19 дүгзар зүйпийн 19.1.10 хөдөлмөрийн гэрээний 7.1.4, 7.1.6 дахь, Ангийн захирагчийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр хуралдаанышийдвэрийг тус тус үндэслэсэн гэсэн байсан Би тухайн тушаал гэх баримтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Би хэдний өдрийн ямар дугаартай тушаалаар халагдах болсноо мэдэх гэж эх хувийг нь удаа дараа шаардсан боловч өгөхгүй, харуулахгүй байгаа билээ.
Тухайн тушаал гэх баримтаас харахад намайг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэсэн байгаа ба надад сахилгын шийтгэл ногдуулсан талаарх тушаал танилцуулж байгаагүй буюу энэ талаар би мэдэхгүй. Би Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг чанд сахин өөрийн үүрэгт ажлыг хангалттай сайн биелүүлж ажиллаж байсан. Хэрэв ангиас надад сахилгын шийтгэл ногдуулж байсан юм бол тухайн шийдвэрийг надад яагаад танилцуулаагүй, өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Надад тус ангиас холбогдох бичиг баримтуудыг өгөхгүй байгаа ба удаа дараа нэхэсэн боловч нууц гэх үгээр миний амыг таглаж, шүүхээрээ авахуул гэх юм. Энэ нь миний эрхийг ноцтой зөрчиж гомдол гаргах эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна. Надад он сар өдөр, дугааргүй тушаал гэх хуулбарласан баримтаас өөр баримт байхгүй болно. Тухайн тушаал шийдвэрийг ангиас надад өгөхгүй байгаа учраас шүүхэд хандаж шүүхээр гаргуулахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэрийг өглөөний нэгдэл дээр танилцуулсан, тухайнтушаалтай холбогдуулж удаа дараа сахилгын шийтгэл надад ногдуулсан гэдгийг мэдсэн өдрөөс хойш 30хоногийн хугацаа болох гээд байгаа учраас өөрт байгаа баримтын дагуу ийнхүү хандаж байна. Иймд Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал болон тус тушаалд дурдагдсан сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож ажилгүйбайсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
... Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гэх тушаалд миний хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлд намайг удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэсэн байсан. Би байгууллагаас надад сахилгын шийтгэл оногдуулж байсан талаар огт мэдэхгүй байсан учраас өөрийн эрхийн дагуу ангийн захирагчийн миний хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал болон надад сахилгын шийтгэл оногдуулсан гэх тушаалуудыг эх хувь эсхүл хуулбарлаж авъя гэсэн боловч надад өгөөгүй... Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 07 сарын 26 ны өдрийн Б/115 дугаартай тушаалыг мөн 2018 оны 08 сарын 28 ны өдрийн Б/136 дугаартай тушаалыг надад өмнө нь огт танилцуулж, гардуулж байгаагүй. Тухайн тушаалуудад огт байхгүй хуулийг үндэслэж надад сахилгын шийтгэл оногдуулсан байна, мөн сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 07 сарын 26 ны өдрийн Б/115 дугаартай, 2018 оны 08 сарын 28 ны өдрийн Б/136 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анх 2016 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Зэвсэгт хүчинд үйлдвэр маркетингийн тасагт эдийн засагчаар томилогдон, ажилд орж тасралтгүй 2018 оны 09 дүгээр сарын 11 ний өдрийг хүртэл ажилласан, тус өдөр үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 08 дугаар сарын 28 ны өдөр сахилгын шийтгэл авсан тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 11 ний өдрийн ажлаас халсан тушаал, 2018 оны 07 дугаар сарын 26 ний тушаал зэргийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд шүүхэд ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, дээрх тушаалуудыг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай иргэн Содномдашийн ******* нь 2016 оноос тус ангид Үйлдвэрлэл маркетингийн тасагт эдийн засагч албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Ерөнхий инженер ахлах дэслэгч О.Батболдын саналаар сануулах, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ангийн дотоод журам зөрчсөн тул 1 сар 20 хувиар албан тушаалын үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б\142 дугаар тушаалаар сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан учир хөдөлмөрийн гэрээ цуцалсан. 2018 он 09 дүгээр сарын 09-ний өдрийн Ангийн захирагчийн зөвлөлийн 11 дүгээр хуралдаанаар сахилгын зөрчил гаргасан офицер, ахлагч, алба хаагч нарыг хурлаар оруулсан. С.******* нь зөвлөлийн хуралд орсон бөгөөд Ангийн захирагчийн зөвлөлийн хурлаас хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл оногдуулах саналтай байгааг өөрт нь мэдэгдсэн. Захиргааны Ерөнхий хуулийн дагуу хүний нөөцийн офицер ахлах дэслэгч ******* 2018 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалын төсөл боловсруулах үедээ шийдвэрийн төсөлд санал авахаар 88099311 дугаарлуу тасгийн дарга ахмад О.Төгөлдөрийн 88292415 дугаараас залгасан боловч тушаалын шийдвэрийн төсөлтэй танилцахгүй, өгөх санал байхгүй гэсэн тул С.*******тэй Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг ангийн захирагчаар баталгаажуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ахлах дэслэгч ******* руу нууцаас дугаар аваагүй байхад одоохон тушаалаа авмаар миний тушаалыг өг, шүүхэдмээр байна гэх зэргээр залган 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тушаалын төслийг хуулбарлан С.*******ийн гэрт нь аваачиж өгсөн байдаг. С.******* нь зөвлөлийн хуралдааны дараа буюу хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гараагүй байхад 2018 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр ажлаа хүлээлгэж өгөөгүй шууд орхиж явсан одоо хүртэл ажиллаж байх хугацаанд хариуцаж байсан ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Тус байгууллага нь төрийн тусгай байгууллага, онц чухал обьект учраас өөрт холбогдолтой тушаалуудаа хуулбарлуулж авах хүсэлтэй байгаа бол өөрийн биеэр ирээд штабын даргад хүсэлтээ хэлээд аваарай би утсаар таньд зөвшөөрөл өгөөд, хүнээр дамжуулж бичиг баримт хуулбарлаж өгөхгүй гэдэг шаардлагыг нууцын дарга архивын эрхлэгч ахлах ахлагч Б.Энхболд Монгол Улсын Зэвсэгт Хүчний нууцыг хамгаалах журмын 1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгг заасны дагуу тавьсан.
С.******* нь сахилгын шийтгэлүүдийг оногдуулсан байсныг мэдэхгүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд сахилга дэг журмын зөвлөл ангийн захирагчийн зөвлөлийн хурлаар тухай бүрт орж тушаал шийдвэрийг нийт бие бүрэлдэхүүнд танилцуулж мэдэгддэг байсан. С.******* нь ажиллаж байх хугацаандаа эрхэлсэн ажил албан тушаалдаа мэдлэг ур чадвар маш муу, хариуцсан ажлаа огт хийдэггүй, албан тушаалын үндсэн үүрэг болох эдийн засгийн тооцоо судалгааг гаргаж чадахгүй байсан тул хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь биелүүлэх үүргээ биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчил болох бусдыг ажлын байранд удаа дараа хэл амаар доромжлох, нэр хүндийг гутаах зэргээр жижгээр танхайрах зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжпэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
1. 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар С.*******ийг сануулж шийтгэсэн байх бөгөөд Зэвсэгт хүчний ******* дүгээр анги нь БХЯ-тай байгуулсан Барилга угсралтын гэрээний дагуу Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн гал тогооны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байсан бөгөөд уг ажилд эдийн засагч С.*******ийг албан тушаалын үндсэн үүрэг болох тус барилгын ажлын эдийн засгийн тооцоо судалгааг гарган, үр ашгийг тооцож ажиллахыг захирагчийн орлогч, ерөнхий инженер шаардлага тавьсан боловч ажлаа хийхгүй байсан тул ерөнхий инженер ахлах дэслэгч О.Батболдын саналаар сануулж шийтгэх гэж байгааг тус ангийн штабын дарга дэд хурандаа ******* албан өрэөндөө С.*******д хэлж мэдэгдсэн бөгөөд уг тушаалыг гарсан даруйд нь нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулсан байдаг.
2. 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/136 дугаар тушаалаар эдийн засагч С.Сарангзрэлийн үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлын цагаар ажлын байранд хуулийн офицер ахлах дэслэгч *******тай хөдөлмөрийн гэрээний 7.1.6 дах заалтыг зөрчсөн учир сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Зөрчил гаргасан даруйд штабын дарга дэд хурандаа ******* зөрчил гаргасан алба хаагчид болох С.*******, З.Сэржмядаг нарыг 1 сар 20 хувиар шийтгэнэ гэдгийг хэлж мэдэгдсэн бөгөөд тухайн өдрөө буюу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр оройн нэгдэлтийн жагсаалд шийтгзлийн тушаалыг уншиж танилцуулсан болно. С.*******ийн сахилгын шийтгэл оногдуулж байсныг мэдэхгүй,тус ангиас танилцуулж байгаагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд тус ангиас гаргаж буй хүний нөөцийн чиглэлээр гаргаж буй тушаалуудыг нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулахаар тушаалд заасан байдаг тул тухай бүр жагсаалд нийт бие бүрэлдэхүүнд уншиж танилцуулдаг болно гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.******* нь 2006 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Зэвсэгт хүчинд үйлдвэр маркетингийн тасагт эдийн засагчаар томилогдон, ажиллаж байгаад, 2018 оны 09 дүгээр сарын 10 ны өдрийн Б/142 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус анги нь Захиргааны ерөнхий хуулийн 5.11 зүйлд заасны дагуу төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн байгууллага бөгөөд тус байгууллагаас гаргадаг захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагддаг боловч С.******* нь өөрөө хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаалтан учраас нэхэмжлэгчийн гомдол нь иргэний хэргийн шүүхэд хамаарч байна. Тус байгууллага нь С.*******ийн ажлаас халах тушаал гаргахдаа захирагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1,4 7.1,6 дахь заалтуудыг үндэслэсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг тус хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. 2018 оны 09 дүгээр сарын 10 ний өдрийн Б/142 дугаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь өөрөө сахилга дэг журмын хурлаар хэлэлцэгдсэн, ангийн захирагчийн зөвлөлийн хуралд танилцуулагдсан, ангийн захирагчийн гишүүд дэмжиж уг тушаалыг баталгаажуулсан байгаа уг тушаалыг гарах гэж байгааг үүрэн холбооны утсаар залгаж мэдэгдсэн, тус тушаалын төсөлтэй холбоотойгоор өөрт нь ямар нэгэн санал байна уу гэдгийг тодруулах зорилгоор залгасан боловч тушаалын төсөлтэй танилцахгүй санал нийлэхгүй байна гэдэг байдлаар үүрэн холбооны утсаар манай ахмад хүний нөөцийн дарга Төгөлдөрийн 88292415 гэсэн дугаараас залгаж мэдэгдсэн дараа нь тушаал гарсны дараа тушаалаа ирж аваа гэсэн гэсэн боловч С.******* өөрөө хүний нөөцийн офицер Баярмагнай гэдэг хүн рүү залгаад тушаалаа авъя гээд гэрт нь очиж авсан байдаг.
Хэдийгээр анх гаргаж өгсөн тушаал нь он сар өдөргүй, дугаар аваагүй тушаал байсан хэдийч Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд зааснаар энэ тушаал нь мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болж байгаа юм. Энэхүү тушаал нь захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хуул бус акт биш байгаа бөгөөд хэдийгээр он сар өдөр дугааргүй байгаа хэдийч захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны актын бичилт болон, тооцооны алдаа түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдаа захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө эсхүл оролцогчдын хүсэлтээр засвар оруулж болно уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. С.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаалд 2018 оны 09 дүгээр сарын 10 ны Б/142 гэсэн дугаар, он сар өдөр өгж архивын нэгж болгон хадгалсан байдаг уг тушаалыг өөрөө хуулбарлан авч шүүхэд өгөхдөө мэдсэн, үүнийг утга агуулгыг нь алдагдуулахгүй он сар өдөр дугаар өгсөн. Мөн захиргааны ерөнхий хуулийн 43.8 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдсэн талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн талаар нотлох үүрэгтэй гэж заасан байдаг үүнийг штабын дарга Давааням, хүний нөөцийн офицер Баярмагнай нарыг гэрчээр асуулгаж, мөн цалингийн тооцоог нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа үүгээр ажилласан өдрийг тогтоож байгаа мөн сахилгын зөрчил гаргасан талаар сахилгын зөвлөлийн гишүүд хурлын тэмдэглэл болон хөдөлмөрийн гэрээг цуцлахыг дэмжсэн ангийн захирагч , зөвлөлийн гишүүдийн гарын үсгээр нотлогдож байгаа. Захиргааны актыг өмнө нь гаргасан сахилгын шийтгэлийн тушаалыг мэдээгүй хариуцагч байгууллагыг шүүхэд гаргаж өгсний дараа сахилгын шийтгэл авсан актыг мэдэж байна гэдэг байдлаар хандаж байх шиг байна. Мөн захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдсэн талаар заагаад өгсөн байдаг захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болно гэж заасан байдаг үнийг манайх өөрөө тушаалыг нийт холбогдох бүрэлдэхүүний өмнө уншиж танилцуул гэдэг байдлаар жагсаал дээрээ нийт бүрэлдэхүүний өмнө уншиж танилцуулсан байдаг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь Зэвсэгт хүчний ******* дүгээр ангид холбогдуулан Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгож, эдийн засагчийн албан тушаал эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа тус ангийн захирагчийн 2018 оны 07 дугаар сарын 26 ны өдрийн Б/115 дугаар, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/136 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах шаардлагаар ихэсгэж, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.
1. Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухайд:
Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 07 дугаар сарын 26 ны өдрийн Б/115 дугаар тушаалаар ...ахлах даргаас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй... үндэслэлээр сануулах, 2018 оны 08 дугаар сарын 28 ны өдрийн Б/136 дугаар тушаалаар...ангийн байрлалд харилцааны зөрчил гаргасан үндэслэлээр үндсэн цалинг 1 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлүүдийг тус тус нэхэмжлэгчид ногдуулжээ./хх-ийн 52-53-р тал/ Шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч тал сануулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн цэргийн гал тогооны барилга угсралтын ажилд барилгын ажлын эдийн засгийн тооцоо судалгааг гарган, үр ашгийг тооцож ажиллах шаардлага тавьсан боловч ажлаа хийхгүй байсан, 2018 оны 08 дугаар сарын 28 ны өдөр ангийн байрлалд харилцааны зөрчил тус тус гаргасан гэж тайлбарлаж, нэхэмжлэгч сануулах сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг гарсныг мэдээгүй, шүүхийн шатанд мэдсэн, өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэж байсан хэмээн мэтгэлцэж, харин цалингийн хувь бууруулах сахилгын шийтгэлийг тухайн өдрөө мэдсэн болохыг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, үндэслэлийн талаар маргаж байна./шүүх хуралдааны тэмдэглэл/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч дээрхи тушаалуудыг мэдсэнээс хойш хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргажээ.
Шүүх зохигчдын тайлбарыг хэрэгт цугларсан нотлох баримттай харьцуулан үзэхэд тус ангийн захирагчийн 2018 оны 07 дугаар сарын 26 ны өдрийн Б/115 дугаар, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/136 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудад заасан сахилгын зөрчлийг нэхэмжлэгч хэзээ, хэрхэн гаргасан, хэрхэн шалган тогтоосон, сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан баримт байхгүй, хэзээ гаргасан ямар сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулж буй нь ойлгомжгүй, дээрхи нөхцөл байдлуудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа талаараа нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй, нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгчид ...барилгын ажлын эдийн засгийн тооцоо судалгааг гарган, үр ашгийг тооцож ажиллах ...үүргийг хэзээ, хэнээс өгсөн, уг үүргийн биелэлтийг хэрхэн дүгнэсэн, нэхэмжлэгч уг үүргийг ямар хэмжээнд гүйцэтгэсэн, харилцааны зөрчлийг хэзээ гаргасан талаар хэрэгт баримт авагдаагүй байна.
Хэрэгт авагдсан баримт болох цалин олгосон баримтаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/136 дугаар сахилгын шийтгэлийн биелэлт буюу нэхэмжлэгчид олгосон цалингаас/ажлаас чөлөөлснөөс хойшхи цалинг тооцож нэхэмжлэгчийн данс руу нь шилжүүүлсэн гэх/ шийтгэлийг суутгасан болох нь нотлогдож байх боловч энэ баримт нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нотлохгүй юм./хх-ийн 125-126-р тал/
Иймд Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 07 дугаар сарын 26 ны өдрийн Б/115 дугаар тушаал, 2018 оны 08 дугаар сарын 28 ны өдрийн Б/136 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгож шийдвэрлэв.
2. Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан шаардлагын тухайд:
Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/142 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан, С.*******ийг ажлаас буруу халсан байх тул нэхэмжлэгч С.*******ийг Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн үйлдвэр маркетингийн тасгийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай огноо, дугааргүй тушаалыг гарган өгч, хүчин төгөлдөр болоогүй тушаалаар ажлаас халсан гэж маргаж байх боловч, хариуцагч байгууллагаас Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/142 дугаар тушаалыг нотлох баримтаар гарган өгсөн, дээрхи тушаалууд нь агуулгын хувьд зөрүүгүй, энэ талаар зохигч маргаангүй байх тул зохигчийн тайлбар, гэрч Д.Энхболдын мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүх маргаан бүхий тушаалыг Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/142 дугаар тушаал гэж үзэв./хх-ийн 4, 34-р тал/
Нэхэмжлэгч С.******* нь тус байгууллагад 2016 оноос эхлэн үйлдвэр маркетингийн тасагт эдийн засагчийн албан тушаалд ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, тушаалын хуулбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 4, 34-р тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан байхыг шаарддаг ба нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан, цаг хугацааны хувьд маргаангүй байх тул ажлаас буруу халсан тухай гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзэв.
Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/142 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтууд, ангийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.10, Хөдөлмөрийн гэрээний 7.1.4, 7.1.6, ангийн захирагчийн зөвлөлийн 2018 оны 11 дүгээр хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн, сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болгон нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ./хх-ийн 34-р тал/
Уг тушаалын агуулгаас харахад ажилтан ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байх боловч шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тушаалд заасан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэдгийг Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 07 сарын 26 ны өдрийн Б/115 дугаар, 2018 оны 08 сарын 28 ны өдрийн Б/136 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудад заасан сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд ...нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл нь сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажил мэргэжлийн ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд тэнцэхгүй болсон гэсэн хоёр үндэслэлийн аль нэгийг сонгох хэлбэрээр шийдвэрийн төсөлд санал авсан...гэж тайлбарлан нотлох баримтаар оролцогчид шийдвэрийн төсөл танилцуулах хуудас, шийдвэрийн төсөлд санал авах хуудас зэрэг баримтыг нотлох баримтаар гарган өгчээ./хх-ийн 31-33-р тал/
Оролцогчид шийдвэрийн төсөл танилцуулах хуудаст ажлаас халах шийдвэрийн агуулгыг сахилгын зөрчлийг давтан гаргасан, ажил мэргэжлийн ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалд тэнцэхгүй болсон гэж заагаад уг төсөлдөө шийдвэрийн төсөлд санал авах хуудас-аар 5 албан тушаалтнаас санал авсан, саналыг тушаал шийдвэр гарсан өдөр 3, гарснаас хойш 2 албан тушаалтны саналыг авсан нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлээс урьтаж, шийдвэр гарсан мөн шийдвэр гарснаас хойш санал авсан байдал харагдаж байна. /хх-ийн 31-33-р тал/
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ...сахилгын зөрчлийг давтан гаргасан... үндэслэлд хамааруулж буй Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 07 сарын 26 ны өдрийн Б/115 дугаар, 2018 оны 08 сарын 28 ны өдрийн Б/136 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудад заасан сахилгын зөрчил нь тус бүрээр тогтоогдохгүй, үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэгчийг эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
Иймд С.*******ийг Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн үйлдвэр маркетингийн тасагт эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг ажил олгогчоос гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах үндэслэлтэй байна.
Ажил олгогчийн шийдвэрийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн учир уг тушаалыг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд ач холбогдолгүй юм.
С.*******ийн нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй.
Нэхэмжлэгч С.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 1276557 төгрөгийн цалин авсан нь түүний 0328803 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна./сарын дундаж цалин 1276557:3=425519 төгрөг, өдрийн дундаж цалин 425519:21.5=19791 төгрөг
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийг хүртэл хугацааны цалинг тооцож, дээрхи хугацааны цалин хөлс буюу нийт 1454685 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ийг Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн үйлдвэр марктенгийн тасгийн эдийн засагчийн ажил эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Зэвсэгт хүчний ******* дүгээр ангиас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 1454685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Зэвсэгт хүчний ******* дүгээр ангийн захирагчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/115 дугаар сануулах, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/136 дугаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах тухай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалуудыг тус тус хүчингүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Зэвсэгт хүчний ******* дүгээр ангиас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА