Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0914

 

 

   2023          11           30                                    128/ШШ2023/0914

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* нарыг оролцуулан “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хотын стандарт, хяналтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Манай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй бол хариуцагчийн эвлэрэх саналыг дэмжиж байна. 

 “А*******” ХХК-ийн 2 давхар барилгыг ашиглалтад авах асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу болсон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагч талаас яригдсан Эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч түүний хүрээнд хүлээх үүргээ биелүүлэн ажиллах саналтай байгааг батлан энэхүү хүсэлтийг гаргаж байна”  гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ““А*******” ХХК-д өгсөн албан бичигт шүүхэд хандаарай гэсэн байгаа. 212 дугаар тогтоолын 13 дахь хэсэгт энэ асуудлыг шүүхээр шийдвэрлэсний үндсэн дээр дахин комисс ажиллуулж болно гэж байгаа. Манайхаас хэдий тийм хариу өгч байгаа боловч иргэн, аж ахуй нэгж шүүхэд нэхэмжлэл гаргавал манай талаас түргэн шуурхай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Талууд нөхцөлөө дурдаж өгөх хэрэгтэй байх гэж үзэж байна. Манай талаас тавьж байгаа нөхцөл нь Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тогтоолгох шаардлагатай. Яагаад гэвэл комиссын дүгнэлт гараагүй барилгыг ашигласан гэж үзэж байгаа. Иргэнээр 500 нэгжтэй тэмцэх төгрөг байдаг. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагч талаар төлүүлэхгүй, нэхэмжлэгч тал төлсөн хэвээрээ үлдээхээр тохиролцох, шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч тал өөрөө очиж мэдэгдэж шийтгэлийн хуудсаа авч баримтаа бүрдүүлж өгвөл манай талаас 10 хоногийн дотор комиссын хуралд оруулж өгөх боломжтой.

Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Барилгын тухай хуульд заасан зохих барилгын ажлын зөвшөөрөл, зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хуулийн дагуу бүрдүүлсэн байх учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Засгийн газрын 212 дугаар тогтоолын 10.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлж буй хэрэг болно” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож тус шүүх хуралдаанд эвлэрэх талаар хүсэлт гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасан.

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Хотын стандарт, хяналтын газраас Б.С*******д олгосон итгэмжлэлдээ “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх” эрх олгосон байна.

Тус эвлэрэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... холбогдох баримтаа бүрдүүлж өгвөл манай байгууллагаас 10 хоногийн дотор комиссын төлөвлөгөөнд оруулж өгөх боломжтой” гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа болохоор тайлбарласан.

Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцон, эвлэрэх талаар хүсэлтээ бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэлт зоригоо илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хотын стандарт, хяналтын газарт холбогдох захиргааны захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ