Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2020/0764

 

                                          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Г****** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Г****** ХХК нь 2017 онд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/03366 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Г****** ХХК-иас 82.369.794.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэст олгохоор шийдвэрлэсэн байна. Уг шүүгчийн захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/11523 дугаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны |шүүхийн Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай шүүгчийн захирамжаар Г******" ХХК-ийн хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтэст төлөх ёстой 32.369.794.20 төгрөгөөс 36.000.000 төгрөгийн хасаж 46.369.794 төгрөгийг |төлүүлэхээр болгож өөрчилсөн байна.

Иймд тухайн мөнгөн дүнг төлж барагдуулсан болох нь татварын албаны тооцооллын данснаас шалгаж үзэхэд нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, дансны битүүмжлэлийг цуцлах боломжтой байна.... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь нэхэмжлэгч Г****** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд ханджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эдлэх эрхэд хамаарч байх бөгөөд уг захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Г****** ХХК-аас Г****** ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 4********, 40******* тоот ам.долларын данс, 49*******, 40********, 409******* тоот төгрөгийн данснуудын битүүмжлэлийг цуцлахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, дээрх данснуудын битүүмжлэлийг цуцлахыг хариуцагчид даалгах шаардлагыг хариуцагч Баянгол дүүргийн татварын хэлтэс хүлээн зөвшөөрснийг баталж, 128/2020/0833/з индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР