Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 00322

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Хохирогч Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Э.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч  мэргэжилтэй, ам бүл 4, ээж, эхнэр, хүүхдийн хамт,  оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,  Э.М,

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө Д.О-н гэрт нэвтэрч 2 ширхэг хөөрөг, даалин, хавтага, бэлэн 4 000 төгрөг зэргийг хулгайлж 2 204 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.М-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хүмүүстэй хамтарч бизнес хийх гээд бүтээгүй, өрөнд орж сэтгэл санааны дарамтанд орсон учир ийм үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Хохирогч 2 хөөргөн дээр шээсэн гээд байгаа тийм зүйл болоогүй. Хулгайлсан хөөргөө буцаан өгсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Энэ хэрэг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр болсон юм. Бид гэр бүлээрээ хөдөө явсан үед хаалга эвдэж ороод 2 хөөрөг авсан байсан. Гэрт байсан шкаф, цүнх бүхий л юмыг ухаж үзсэн байна лээ. Багц түлхүүр алга болсон байсан. Би 2 хөөргөө цагдаа дээр хүлээж авсан. Хөөрөгнөөс шээс үнэртээд байсан. Даалин нь норсон байсан учир хулгайчийн гараар орсон хөөргөө цаашид ашиглах, хэрэглэх боломжгүй. Хөөрөгний үнийг төлүүлнэ. Хаалганы цоож эвдсэн 100 000 төгрөг нэхэмжилнэ. Хөөрөг одоогоор хагарсан цуурсан зүйлгүй ч норсноос хөгцөрчихсөн. Би өөрийн сэтгэл зүйтэй холбоотойгоор л эдгээр зүйлүүдийг яриад байгаа юм. Хөөрөг бол үнэт эдлэл бөгж, гуулийн халбага нь зэвэрчихсэн байна. Иймд төлүүлэх хүсэлтэй байна. Ямар эрхтэй гэж айлд нэвтрэн орж бүх зүйлийг ухаж, эд зүйл хулгай хийв гэсэн мэдүүлэг

Хохирогч Д.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 16-ны хооронд Булган аймгийн Баян-Агт сумын Хануй рашаанд амраад 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим ирээд орц руу ороход манай бүргэд хаалганы цоожийг эвдэж хулгай ороод миний 2 ширхэг хөөрийг хулгайлсан байсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

Гэрч  Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож бариулыг эвдсэн байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэртээ ороход гэрийн цонхнууд цоожтой бүрэн хаалттай байсан. Гэтэл унталгын өрөөнд байсан сейфийг түлхүүрээр нь онгойлгоод дотор нь байсан нөхрийн 2 ширхэг хөөрийг хулгайлаад явсан байсан гэсэн мэдүүлэг /хх 16-17 ху/

2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 109 дугаартай криминалистикийн шинжээчийн шинжлэгдэж буй үнэртэй усны хайрцагаас илрүүлж бэхжүүлсэн 9 гэж дугаарласан гарын мөр МN 0030101562 дугаараар санд бүртгэгдсэн Э.М зүүн гарын дунд хурууны хээний дардастай папилляр шугамын салаалалт, нийлэлт, эхлэл, сорви зэрэг хувийн онцлог шинж тэмдэгүүдээр тохирч байна гэх дүгнэлт /хх 22 ху/

-Далайван-Аудит ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 02/57 дугаартай: тархи манан хөөрөг /даалингийн хамт/  1 600 000 төгрөг, замагт манан хөөрөг /хавтагны хамт/ 600 000 төгрөг, нийт 2 200 000 төгрөг гэх дүгнэлт  /хх 30 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39 ху/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 07-11 ху/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 49-51 ху/

-Э.М-г  яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 01-03 ху/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 52 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 07 дугаар сарын 12-ны шөнө  Д.О-н орон байранд нэвтэрч 2 ширхэг хөөрөг, даалин, хавтага, бэлэн 4 000 төгрөг зэргийг хулгайлж 2 204 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Д.О-н “...манай бүргэд хаалганы цоожийг эвдэж хулгай ороод миний 2 ширхэг хөөрийг хулгайлсан байсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Э.М-ий...орой гэртээ байж байгаад гэрээсээ бахь,автерк авч гараад 35 тоот айлын бүргэд хаалганы цоожийг эвдэж онгойлгоод ороод хоёр хөөргийг аваад гарсан гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.М-ий дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.М нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг сонгон хэрэглэж, оногдуулах ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас хохирогчид 2 204 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлыг бүрэн төлсөн болох нь хавтаст хэргийн 15 дугаар талд хохирогчийн ...2 хөөрөг л алга болсон, өөр алга болсон эд зүйл байхгүй. Одоо миний зүгээс гаргаад байх гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

Харин хохирогч нь хаалганы цоож эвдсэн зардал 100 000 төгрөгийг нэхэмжилж байх боловч энэ тухай  нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.М-г оронд байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар шүүгдэгч Э.М-ийг 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-ий эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

5. Хохирогч нь хаалганы цоож эвдсэн зардал 100 000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ