Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/43

 

 

Х.Жт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Нарангуа,

шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Н.Одонтуяа,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Жын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2108000000947 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

             - Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангид ял эдэлж байгаад Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн;

Шүүгдэгч Х.Ж нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 0119 дүгээр ангийн 4-13 тоот иргэн Д.Цын эзэмшлийн амбаарт хууль бусаар нэвтэрч, гагнуурын аппарат 1 ширхэг, “шрүп мастер" маркийн цахилгаан дрилл 1 ширхэг буюу нийт 1.020.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Жт 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жт оногдуулсан энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаар захирамжаар шүүгдэгч Х.Жын 7 сар 15 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн сольж нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.    

Шүүгдэгч Х.Ж давж заалдах гомдолдоо: “...миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баянзүрх дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байгаа хэргийг нэмж, нэгтгэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Ж нь “нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулж өгнө үү” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Уг гомдлыг нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, өнөөдрийн шийдвэрлэж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан ялаа эдэлж байгаа. Дахиад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял шийтгэгдэхээр өмнө нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял эдэлж байсан гээд ялыг нь хүндрүүлэх нөхцөл байдал үүсэх гээд байна. Иймд нэг шийтгэх тогтоолоор хэд хэдэн гэмт хэргийг шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхээс ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг тус тус хэрэглээгүй. Нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой байсан. Иймд хэргийг прокурорт буцааж, нэг шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.   

Прокурор Х.Нарангуа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлаад ял оногдуулах боломжтой. Шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Х.Жт холбогдох эрүүгийн 2108000000947 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Ж нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 0119 дүгээр ангийн 4-13 тоот иргэн Д.Цын эзэмшлийн амбаарт хууль бусаар нэвтэрч, гагнуурын аппарат 1 ширхэг, “шрүп мастер" маркийн цахилгаан дрилл 1 ширхэг буюу нийт 1.020.000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн болох нь:

өөрийх нь хашаан дотроос танихгүй хүн эд зүйлсийг нь аваад гарсан, хажуугаар нь өнгөрөхөд нь тэр хүнийг барьж аваад үзэхэд гагнуурын аппарат, цахилгаан дриллийг нь авсан байсан болохыг мэдүүлсэн хохирогч Д.Цын мэдүүлэг /хх 21/, шүүгдэгч Х.Жын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 85/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн “...гагнуурын аппарат, шрүп мастер нийт үнэлгээ 1.020.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 30-31/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8/,

хохирогч Д.Цын Х.Жыг гэрэл зургаар таньж зааж байгааг бэхжүүлсэн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 11-16/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Х.Жын “...иргэн Д.Цын эзэмшлийн амбаарт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар цоожийг нь хөшиж эвдлэн хууль бусаар нэвтэрч, 1,020,000 төгрөгийн үнэ бүхий гагнуурын аппарат, шрүп мастерыг нь авсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн...” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.   

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Х.Жын үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Шүүх шүүгдэгч Х.Жт 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан хорих ялаас 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн арга, нийгмийн аюулын хэр хэмжээнд тохирсон байна.

            Мөн шүүх Х.Жт оногдуулсан хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.     

Шүүгдэгч Х.Ж нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 359 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 15 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн бөгөөд уг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх эдлээгүй үлдсэн 4 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялд дүйцүүлэн сольж нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

           Шүүгдэгч Х.Ж нь “...Баянзүрх дүүргийн прокурорын газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байгаа хэргийг нэмж, нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

          Шүүгдэгч Х.Жын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсэн ба түүний давж заалдах гомдолд дурдсан Баянзүрх дүүргийн прокурорын газар шалгагдаж байгаа гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг байна. Өөр төрлийн гэмт хэргийг тусад нь хянан шийдвэрлэхэд шүүгдэгч Х.Жын эрх зүйн байдлыг дордохгүй. Учир нь, нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн ч гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулсны дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэмж нэгтгэх журмыг хэрэглэхээр зохицуулжээ.  

Иймд шүүгдэгч Х.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  

Шүүгдэгч Х.Ж нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш, давж заалдах шатын шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд энэ хэрэгтээ нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/1115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жын 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

              ШҮҮГЧ                                                         Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ