| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2024/02503/И |
| Дугаар | 182/ШШ2024/01954 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2024/01954
2024 04 30 182/ШШ2024/01954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ********т хаягт байрлах, Д********** ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б********** эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д********** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б********** нь манай ББСБ-аас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3Г2020223х тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийг сарын 2.9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн интернэшнл ХХК-иас Iphone 11 ProMax загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй өнөөдрийг хүртэл биднийг хохироож байна. Үүний дагуу манай зүгээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй нь тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09454 дугаар захирамжаар тогтоогдсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гаргана гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд эрэн сурвалжлуулах ажиллагаа явуулж хариуцагч Б**********ий оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Д********** ХХК-ийн нэхэмжлэлтэй Б********** эрэн сурвалжлах тухай иргэний хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2020 оны 01 сарын 09-ний өдрийн Зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээл хүсэгчийн мэдээллийн хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, шаардах хуудас, хүсэлт, бараа хүлээлгэн өгсөн акт, 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 184/ШЗ2021/09454 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, /хх2-17/ зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д********** ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б********** эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д********** ХХК ********т байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын 6082726 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б**********ий оршин суух хаяг тодорхойгүй улмаас зээлийн гэрээний үүрэгт 6,704,102.9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт Д********** ХХК, Б********** нарын хооронд байгуулсан 2020 оны 01 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Б********** нь хүсэлт гаргагч Д********** ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдож байна.
3. Б********** нь зээлийг хүсэлт гарган авч байх үедээ Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит 47 гудамж, 20 тоот гэж тодорхойлсон бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн тухайн хаягаар үүргийн гүйцэтгэлийн шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шүүх Б**********ий оршин суугаа газрын хаягаар ажиллагаа явуулсан хэдий ч тэрээр дурдсан хаягтаа оршин суудаггүй, түүний оршин суугаа газар тодорхойгүй үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 02-ны өдрийн 184/ШЗ2021/09454 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б**********ий оршин суугаа газар тодорхойгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүний оршин суух хаягийг олж тогтоох ажиллагаа явуулах үүргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116.,118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Ө Б********** /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б********** эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт Д********** ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН