Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 136

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулав.

                                     Шүүх хуралдаанд:      

      Прокурор                                                      А.Энхтуяа

      Нарийн бичгийн дарга                 Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Далаахан овгийн Даваахүүгийн Тугбаярт холбогдох 1731000590034 дугаартай хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

       Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 26-ны Сэлэнгэ аймаг Ерөө суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1-р баг Тавин гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Далаахан овогт Даваахүүгийн Тугбаяр /РД:МЕ88032617/

 

  Шүүгдэгч Д.Тугбаяр нь 2017 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд  Сэлэнгэ аймгийн Ерөө сум 1 дүгээр баг Хандгайт гэх газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Б.Дэлгэрмаагийн эрх чөлөөнд халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1. Шүүгдэгч Д.Тугбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн...Би 2017 оны 08 дугаар  сарын 16-нд Баярхүү гэдэг айлын хуриманд яваад 2017 оны 08 дугаар сарын 17-ны өглөө гэртээ ирсэн. Намайг ирэхэд эхнэр маань үнээ сааж байсан. Тэгэхээр нь би “чи ямар шуналтай юм бэ” гэж хэлсэн чинь манай эхнэр өөдөөс “сургууль орох гээд мөнгө хэрэгтэй байна малаа зараач” гэхээр нь би “мал зарагдахгүй байна” гэж хэлээд уурандаа нарийн бургасаар цохьчихоод гэр рүүгээ орсон. Маргааш нь 2017 оны 08 дугаар сарын 18-нд “Хүдэрийн шанд” гэдэг газар руу наймаа хийсэн өртгөө авах гээд явж байсан чинь мотоцикль эвдрээд орой эргээд ирсэн. Орой нь маргалдаад уурандаа хананд өлгөтэй байсан хазаараар ороолгосон. Хэрүүл хийгээд байхаар нь би “тэгвэл зайлахгүй юу” гээд тотгоноос унь аваад гэдэс рүү нь хатгасан чинь сумын төв рүү аавынх руугаа явчихсан гэв.

2.Хохирогч Б.Дэлгэрмаагийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр Тугбаяр айлын хуримнаас согтуу ирээд намайг гэрийнхээ гадна үхрийн хашааны дэргэд үхэр сааж байхад Тугбаяр  намайг шуналтай авгай гэж хэрүүл өдөөд газраас бургас авч миний нуруу тус газар нэг удаа цохихоор нь би зөрүүлээд Тугбаярыг өшиглөхөд миний хөлнөөс татаж унагаан хувинтай сүү өшиглөж асгачихаад гэр рүүгээ явсан. Би араас нь гэртээ ороход Тугбаяр түлээний модоор зуухаа цохиж “алнаа” гээд хашгиран үглэж байгаад унтсан юм. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өглөө босохоор нь би Тугбаярт намайг цохьсон агсам тавьсан талаар хэлэхэд Тугбаяр би тэгсэн юм уу гэж хэлээд хэсэг дуугүй байж байгаад мотоцикльтэй явсан. Орой 17 цагийн орчим Тугбаяр согтуу ирээд  “чи ямар овоо юм бэ чи намайг захирах болоогүй шүү” гээд агсарч хүүхдүүд рүү аятайхан байгаарай ална шүү гэж орилсон. Тэгэхээр нь би хүүхдүүдээ өмөөртөл Тугбаяр өлгөөтэй байсан хазаар аваад миний толгой руу нэг удаа цохиж, хөл гар руу өшиглөж зодчихоод морь унаад явахдаа хүүхдүүдийг мориор хөөж айлгаж, намайг мориор хөөх гэхээр нь би морийг нь үргээгээд явуулсан. Тугбаяр морьтой айлуудаар хэсч яваад шөнө унтах гэж байхад Тугбаяр хүрч ирээд орилоод байхаар нь би “чимээгүй бай” гэхэд Тугбаяр тотгоны унь сугалж аваад миний гэдэс рүү нэг удаа хатгаад зайл гээд хэлэхээр нь би гэрээсээ гарч яваад Байгалмаагийнд очиж эцэг эх рүүгээ утсаар болсон явдлын талаар хэлж ярьсан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

            3.Гэрч Р.Пүрэвтуяагийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 08 сарын 17-ны өдөр 06 цагийн орчим би үхрийн зэлэн дээрээ үхрээ саагаад тугал татах гэж байхад Тугбаяр мотоцикльтэй ирээд эхнэр Дэлгэрмаагаа газраас нэг юм аваад цохиж харагдахаар нь “чи боль” гэж хэлэхэд Тугбаяр мотоциклээ асаагаад гэр рүүгээ явсан Тугбаярынх манайхаас 200 метр газар намаржижи байгаа юм. Түүнээс хойш ямар нэгэн зүйл болоогүй . Тугбаяр өөрийн хашсан тугалыг гаргаж хөөгөөд эхнэр Дэлгэрмаадаа “үхрээ сааж яадаг юм” гэж хэлж байсан. Урьд өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан эсэхийг мэдэхгүй байна. .....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

4.Гэрч Б.Байгальмаагийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 сарын 18-ны орой 20 цагийн орчимд миний төрсөн дүү Дэлгэрмаа явган ганцаараа манайд орж ирээд Тугбаяр зодоод байна утсаа өгөөч гэхээр нь би утсаа аваад өгөхөд Дэлгэрмаа нь аав Батсуурь руу залгаж аав намайг ирээд авчих Тугбаяр зодоод байна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Тугбаяр архи уучихсан халамцуу орж ирээд Дэлгэрмаа эгчийг “чи муу” гээд гараа далайхаар нь би Тугбаярыг “боль” гэхэд Тугбаяр Дэлгэрмааг түлхээд гарч явсан Тэгээд манай аав дүү хоёр машинтай ирээд Дэлгэрмааг сумын төв рүү авч явсан.  ... гэх мэдүүлэг

/хавтаст хэргиийн 22 дугаар хуудас/

5.Насанд хүрээгүй гэрч Халиунаагийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2017 оны зуны 1 өдрийн орой аав Тугбаяр согтуу ирээд ээж Дэлгэрмаатай хэрэлдэж байгаад хананд өлгөсөн байсан хазаарыг аваад ээжийн толгой руу нэг удаа цохиж, хөл рүү нь өшиглөөд гэрээс гарч морио унаад явсан. Өдрийг нь мэдэхгүй байна нэг өдөр намайг гэрийнхээ ойролцоо хонь эргүүлээд явж байхад аав согтуу морьтой ирээд “миний үгийг тоодоггүй” гэж хэлээд мориор намайг гэр рүү хөөсөн ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

6.Гэрч Ж.Батбуянгийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би Тугбаярыг манай эхнэрийн хамаатан болсон 2008 оноос эхлэн таньж мэднэ. Тугбаяр эхнэр хүүхдийнхээ хамт 2015 оноос хойш ойролцоо зэргэлдээ хамт өвөлжиж байгаа юм. Тугбаяр нь зан чанарын хувьд ажилсаг, бусдад тусархуу, хэлсэн зүйлийг хийчихдэг залуу юм...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хүний биед хийсэн  шүүх эмнэлгийн шинжилгээ № 293 тоот:

       1.Б.Дэлгэрмаагийн биед хуйханд хавантай, гуя, өвдгөнд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

       3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

8.Шүүгдэгч Д.Тугбаярын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би айлын хуриманд очиж архи уугаад гэртээ ирээд буцаж гараад Отгонжаргал ахынд очиж архи уугаад гарч яваад 08 сарын 17-ны өглөө үүрээр гэртээ ирэхэд эхнэр Дэлгэрмааг үрхээ саагаад сууж байхад нь очиход Дэлгэрмаа надад “хүүхдийн хичээл орох цаг болж байна үхэр малаа зарж мөнгө олоочээ” гээд хэлэхээр нь би “зарагдахгүй байн”а гээд хэлтэл Дэлгэрмаа “ямар их архи уудаг юм” гэж хэлснээс болж Дэлгэрмаа бид хоёр хоорондоо маргалдаж би уурандаа үхрийн хашааны дэргэд байсан нарийн богинохон бургас аваад Дэлгэрмаагийн нуруунд нэг удаа цохиход намайг Дэлгэрмаа өшиглөхөөр нь би түлхэж унагаагаад хувинтай сүүг нь өшиглөөд гэртээ орж барьж явсан бургасаараа төмөр зуухыг цохиж уурандаа “алнаа” гээд хашгирч үглэж байгаад унтсан. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өглөө босоход эхнэр Дэлгэрмаа “малаа зарж мөнгө ол хүүхэд сургуульд орлоо” гэхэд нь би “мал зарагдахгүй байна” гэхэд Дэлгэрмаа намайг “тэгвэл чи тэр чигээрээ зайлаарай” гэхээр нь би юу ч дуугаралгүй шууд мотоциклоо унаад “Хүдэрийн Шанд” гэх газарт Баасанаа гэдэг залуугийнд очоод урьдны өртөгөө авахаар яваад очиход мөнгө байхгүй гээд сувай үхэр өгөхөөр нь түүнийг зарах гээд зарж чадаагүй тул тэндээ үхрээ үлдээгээд буцаж явж байхад замд мотоцикль эвдэрч түүнийгээ орхиод айлаар орж нэрмэл архи уугаад Болдоогоор гэртээ хүргүүлсэн. Би гэртээ очоод эхнэр Дэлгэрмаад “яахаараа намайг гэрээсээ зайлуулдаг юм” гээд эхнэртэйгээ маргалдаж ханад өлгөөтэй байсан хазаарыг авч цулбуураар нь толгой руу нь нэг удаа цохиж, гуя руу нь өшиглөөд би гэрээсээ гарч морио унах үед морины хазаар тасарч алдагдахаар нь би том хоёр хүүхдийнхээ хамт морио хашиж барьж аваад морио унаад явсан. Хэсэг гадуур хөдөө хээрээр явж байгаад буцаад орой гэртээ ирэхэд эхнэр Дэлгэрмаа дахин үглэхээр нь би маргалдаж байгаад тотгоны унь аваад гэдэс рүү нь униар хатгахад эхнэр гэрээс гарч яваад ирээгүй ...Би Дэлгэрмаатай маргах, түүнийг янз бүрээр хэлэх хараадаг үе байсан харин 2016 оны өвөл би эхнэр Дэлгэрмаатай маргалдаж зодсон тохиолдол байгаа . . ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

9.Шүүгдэгч Д.Тугбаярын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьж хэлсэн байгаа.  Би Дэлгэрмаатай хүүхдийн хичээл орох гээд мөнгөний хэрэг болоод эхнэр Дэлгэрмаа намайг “малаа зарж хүүхдийн хичээлийн бэлтгэл хийсэнгүй” гэснээс болж маргалдаж би уурандаа эхнэр Дэлгэрмааг цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Уг үйлдэл 2017 оны 08 сарын 18-ны өдрийн 17 цагийн үед би уурандаа “яахаараа намайг гэрээсээ зайлуулдаг юм” гээд хананд өлгөсөн байсан хазаарыг авч цулбуураар нь эхнэр Дэлгэрмаагийн толгой руу нь нэг удаа ороолгож, хөл, гуя руу нь өшиглөснөөс болж Дэлгэрмаагийн биед гэмтэл учирсан. Харин 2017 оны 08 сарын 17-ны өглөө би Дэлгэрмаагийн нуруу тус газар жижиг бургас мод авч нэг удаа цохьсон. Энэ үед эхнэр Дэлгэрмаагийн биед гэмтэл учраагүй.  .... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

10.Шүүгдэгч Д.Тугбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,

11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,

12.Сэлэнгэ аймаг Ерөө сумын Тавин багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/

13. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтатс хэргийн 17-18 дугаар хуудас/

 14.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 51 дүгээр  хуудас/,

15.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 50 дугаар  хуудас/ зэрэг болно.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Далаахан овгийн Даваахүүгийн Тугбаярыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Хандгайт” гэдэг газар оршин суух өөрийн гэртээ 2017 оны 08 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд эхнэр Б.Дэлгэрмаагийн эрх чөлөөнд согтуугаар халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийтвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасан журмын дагуу  хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна.

 Учир нь: Шүүгдэгч Д.Тугбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Хандгайт” гэдэг газар оршин суух өөрийн гэртээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхнэр Б.Дэлгэрмааг согтуугаар “Шуналтай авгай” гэж хэрүүл өдөн хувинтай сүүг нь өшиглөж асган, газар байсан бургас авч нуруун тус газар нь цохисон,  2017 оны 8 дугаар сарын 18-ны орой дахин согтуу ирж “Чи яасан овоо юм бэ, намайг захирах болоогүй шүү” гэж хэлээд өлгөөтэй байсан хазаар авч толгой руу нь нэг удаа цохиж, хөл гар руу нь өшиглөж, баруун гуяны гадна дунд хэсэгт 7 см өргөн хөхөрсөн, баруун өвдөгний дээд хэсэгт 3 см өргөн дугираг хөхөрсөн, толгойн оройн хэсэгт бага зэргийн хаван, биед зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 800 нэгжээр торгохоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг харгалзан 800 нэгжээр торгох ял шийтгэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан морины хазаарыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Тугбаярын эзэмшилд буцаан олгохоор тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Гэмт хэргийн улмаас битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17 дугаар бүлгийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Далаахан овогт Даваахүүгийн Тугбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Далаахан овогт Даваахүүгийн Тугбаярыг 800 /найман зуун/ нэгжээр торгох ял шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тугбаярт оногдуулсан 800 /найман зуун/ нэгжээр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулсан байхаар тогтоосугай.  

 4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан морины хазаарыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Тугбаярт буцаан олгосугай.

5.Д.Тугбаяр нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Д.Тугбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыгуншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулахыг дурьдсугай.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхийг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.НАЦАГДОРЖ