Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/78 

 

 

Б.М, Ц.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Цолмон,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/2167 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баярмаа 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Б.М, Ц.А нарт холбогдох 2009013431412 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1., ял шийтгэлгүй;

           2. , ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 4 дүгээр сарын 24-нд шилжих шөнө .............“эхнэр Д.У-ыг авч явах” шалтгаанаар хохирогч Ц.Атай маргалдан улмаар түүнтэй харилцан зодолдох явцдаа Ц.Агийн эрүүл мэндэд нь зүүн бугалга, тохой, шуу, баруун тохой, шуунд цус хуралт, нуруунд зулгаралт, баруун зүүн хөлийн тавхайд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

     шүүгдэгч Ц.А нь ........тоот гэртээ 2020 оны 4 дүгээр сарын 23-наас 4 дүгээр сарын 24-нд шилжих шөнө “найз Д.У-ыг явуулахгүй” гэх шалтгаанаар хохирогч Б.Мтой маргалдан улмаар түүнтэй харилцан зодолдох явцдаа Б.Мын эрүүл мэндэд нь цээж, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, баруун шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.М, Ц.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  

“...Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.М, Ц.А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 625 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг тус шүүхэд шилжүүлж ирүүлсэн.

Яллах дүгнэлтэд Д.М-ын үйлдлийн улмаас хохирогч У.Э-ийн гэрийн хаалга болох эд хөрөнгөд 2.164.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн агуулга бүхий зүйлийг дурьджээ.

Мөн яллах дүгнэлтийн хавсралтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч У.Э нь яллагдагч Б.Моос 2.164.910 төгрөгийн хохирол нэхэмжилсэн талаар дурьдсан байна.

Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж, прокуророос зохих дүгнэлт, шийдвэр гаргах тухай тодорхой тусгасан.

Хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийсэн байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх, хэрэг гэж үзсэн бол холбогдох этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, прокуророос хэргийг хэн үйлдсэн талаар дүгнэлт хийгээгүй, ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа Б.Мыг тус хэрэгт шууд буруутай гэж шүүх хуралдаанд яллаж хохирол гаргуулахаар улсын яллагчаас дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, шүүгдэгч, хохирогчийн эрхийг хязгаарласан байна.

Шүүгдэгч Б.Моос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг болон хаалганд учирсан гэмтэлтэй холбоотой хохирол гаргуулах талаар прокурорын яллах дүгнэлтийг зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаантай болохыг мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн шатанд илэрхийлсэн.

Хэрэгт нэгэнт мөрдөн шалгах ажиллагаа явуулж прокуророос Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзсэн бол холбогдох этгээдийг яллагдагчаар татаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тус шийдвэрт яллагдагч, хохирогч, өмгөөлөгч нараас гомдол хүсэлтээ гаргах эрхийг зайлшгүй хангах шаардлагатай.

Дээрх нөхцлийг хангаснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1-т “Дараах тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй:” гэж, мөн хууль, зүйлийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж, мөн хууль, зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн ...1.2- т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ...эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гэм буруугийн талаар маргаантай яллагдагч, шүүгдэгчийн гомдол гаргах эрх, хохирогчийн эд хөрөнгийн хохирлоо гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх эрхийг хангах үндэслэл болохоос гадна прокурор шийдвэрийг гаргаснаар түүнд үндэслэж шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцөл бүрдэх учиртай.

Гэтэл энэ талаар прокуророос ямар ч шийдвэр гаргаагүй атлаа шүүхийг гэм буруутай байсан эсэх дээр дүгнэлт хийх нөхцлийг бүрдүүлээгүй, хэргийн оролцогч нарын эрхийг хангалгүй Б.Моос Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирлыг гаргуулахаар улсын яллагчаас дүгнэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-т зааснаар “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим агуулгыг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч Ц.Агийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хохирогч У.Эд эд хөрөнгийн хохирол учирсан үйлдлийн улмаас учирсан хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг шийдвэрлэхдээ гаргуулах талаар үндэслэлгүй санал гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар” гэсэн зохицуулалтанд мөн хууль, зүйлийн 1-т зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.

Энэ хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэмжээ хязгаар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүрээ, тус хэргийн улмаас үүссэн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал хэлэлцэгдэх болохоос биш прокуророос яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй, хэрэг болохыг прокуророос дүгнээгүй, шийдвэр гаргаагүй асуудалд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн агуулга, зарчмыг зөрчих нөхцөл үүсэх болохыг анхаарах нь зүйтэй юм.

Иймд шүүхээс тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 69 дугаартай шүүгчийн захирамжийн 1 дэх заалт хангагдаагүй, прокурорын яллах дүгнэлт хуульд заасан нөхцөл журмыг баримтлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх үзсэн тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.М, Ц.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдав. ...” гэж шийдвэрлэжээ.    

Прокурор Г.Баярмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. ...хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 69 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан ба хэргийг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр прокурорт ирүүлсэн.

Шүүгчийн захирамжид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж, прокуророос зохих дүгнэлт хийх талаар тусгасан ч тухайн үйл баримт 2020 оны 4 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө болсон ба хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Хэрэгт цугларсан гэрч Э.Лхагвасүрэн, Б.Улам-Өсөх нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн №СБ1-21-816 дугаартай тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудаар яллагдагч Д.М-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч У.Э-ийн гэрийн хаалга болох эд хөрөнгөд 2.164.910 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсзнээс хойш нэг жил өнгөрсөн бол” яллагдагчаар татаж болохгүй гэж хуульчилсан бөгөөд Эрүугийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жилээр тогтоосон байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул яллагдагчаар татах боломжгүй гэж зохих дугнэлтийг хуульд нийцүүлэн хийж, яллагдагч Б.М, Ц.А нарт холбогдох бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан эрүүгийн 2009013431412 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д заасны дагуу гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй, 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж хуульчилсан байх тул прокуророос яллагдагч Б-ыг яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ”. мөн хуулийн 8.5 дугаар зүйлд “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульчилсан.

Б.Мын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэн У.Э прокурорын хяналтын шатанд нэхэмжилж буйгаа илэрхийлж хүсэлт гаргасан тул түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр прокурорын тогтоолоор тогтоосон шийдвэр гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

Хэдийгээр Б.Мыг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хуулийн хугацаа өнгөрсөн ч түүний хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг эд хөрөнгийн эзэмшигч, хохирогч У.Эөөс нэхэмжилж байгааг орхигдуулах боломжгүй, түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцсэн гэж үзнэ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгмийн хувьд лрокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...'’ гэдгийг шүүх эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн хүрээнд шийдвэрлэнэ, яллагдагчаар татсан хэрэгтэй холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэнэ гэж тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн шүүгчийн захирамжийн 1 дэх заалт хангагдаагүй, прокурорын яллах дүгнэлт хуульд заасан нөхцөл журмыг баримтлаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар яллагдагчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Мөн шүүгчийн захирамжийн удирдлага болгож буй заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасныг давхар баримталсан нь ойлгомжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар нөхөн хийж болохгүй бүрэн биш ажиллагаа гэдэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа явуулж байж нотлох баримт шинээр цуглуулах, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, эсхүл мөрдөн шалгах ажиллагааг өөр газарт буюу нэмэлт олон ажиллагаа явуулах шаардлага үүссэн байхыг ойлгохоор тодорхойлсон бөгөөд энэ тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэл бүрдээгүй байна.

Иймд шүүгчийн 2021/ШЗ/2167 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхзэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Г.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан хэргүүдийн гэм буруугийн асуудлаар маргадаг. Өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 45 дугаартай хүсэлтээр прокурор Бямбасүрэнд хандаж хүсэлт гаргасан. Уг хүсэлтээр эвдэрсэн гэх хаалганд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулахыг хүсэж, хаалганд учирсан гэмтэл нь юунаас болж үүссэн, шинэ эсхүл хуучин, эдэлгээний явцад үүссэн эсэхийг тогтоолгохоор хандсан. Прокурор Бямбасүрэн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 55 дугаартай тогтоолоор өмгөөлөгчийн хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Гэтэл энэ ажиллагаа огт хийгдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Энэ талаар прокурор Г.Баярмаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Гэвч энэ нь шүүгдэгч Б.Мын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэм буруугийн асуудлаар маргаантай байхад ямар нэг тогтоол, шийдвэр гаргалгүй шүүгдэгчийн маргах, мэтгэлцэх, гомдол гаргах эрхийг хууль бусаар хязгаарласан. Тэгээд яллах дүгнэлтдээ гэм буруутай, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хохирол төлбөр төлөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир яллагдагчаар татах үндэслэлгүй ч хохирол төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж мөнгө гаргуулахаар дүгнэсэн. Тиймээс хэргийг прокурорт буцааж шинжээчийн дүгнэлтээр хаалганд учирсан гэмтлийг тогтоолгох ёстой. Мөн яллах дүгнэлтэд бусдыг шууд гэм буруутайд тооцож, хүчээр тулгаж буй асуудлыг засаж оруулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд “...Тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Агийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар тогтоосон. Гэвч шүүх, прокурорт хэрэг удаж мөрдөгчид очих гэсээр байтал хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үйл баримт тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч яллагдагчаар татаж, ердийн журмаар гэм бурууг тогтоох боломжтой харагддаг. Хэрэгт хаалга эвдсэн талаарх баримтууд хангалттай байдаг тул холбогдогчийг яллагдагчаар татаж, дараа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хэрэгтэй. Гэм бурууг нь шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс шүүхээр орж хаалганы хохирлоо гаргуулах хууль зүйн боломж гаргалгаа байна гэж үздэг тул шүүхийн буцаасан захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

2021 оны 9 дүгээр сарын 3-ний өдрийн 5 дугаарын прокурорын тогтоолоор “...У.Э-ийн эд хөрнгө болох түүний эзэмшлийн ........тоот байрны хаалганд эвдрэл үүсэж, 2,164,910 төгрөгийн хохирол учирсан байх тул...” гээд У.Эийг хохирогчоор тогтоосон байна.

Гэтэл уг хохирогчоор тогтоогдсон үйл баримтын талаарх асуудлыг прокурор шийдвэрлэлгүйгээр “...яллагдагч Б.Мын Ц.Агийн эрүүл мэндэд нь зүүн бугалга, тохой, шуу, баруун тохой, шуунд цус хуралт, нуруунд зулгаралт, баруун зүүн хөлийн тавхайд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, яллагдагч Ц.Агийн Б.Мын эрүүл мэндэд нь цээж, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, баруун шуу, зүүн гуя, шилбэнд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэсэн 2009013431412 дугаартай эрүүгийн хэргийн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгтээ “...Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.М, Ц.А нарт холбогдох 2009013431412 дугаартай хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, прокурор Г.Баярмаагийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх агуулга бүхий прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/2167 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Баярмаагийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ