Б.Д-ийн нэхэмжлэлтэй,
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн
даргад холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч шүүгч: Л.Атарцэцэг,
Шүүгчид: Г.Банзрагч,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “...Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0034 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр, Ө.Оюунжаргал нар.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0034 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, 9.8, 9.9-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаад хэргийн яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Б.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/74 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, албан тушаалд томилохгүй байгаа ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б.Д-ийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.2-т заасныг баримтлан хариуцагч ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга /ГХЯ-/-аас 41356033 /дөчин нэгэн сая гурван зуун тавин зургаан мянга гучин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, ийнхүү олгохдоо Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Д-ид олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгт олгосон нийт мөнгөн дүнг, холбогдох хуульд заасан бусад суутгалуудыг тус тус хасч тооцоо хийхийг хариуцагч ГХЯ-ны ТНБД- даалгаж” шийдвэрлэжээ.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2017/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзсэн гэх боловч дараах нөхцөл байдлыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Үүнд:
- Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт нь “Б.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай” Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/74 дүгээр тушаал, гэтэл ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал Д.Амарсайханы 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Өргөдлийн хариу өгөх тухай” 08/4762 дугаартай албан бичгээр хөөн хэлэлцэх хугацааг тоолсон байх бөгөөд хэрэв тус албан бичгээр нэхэмжлэгч Б.Д-ийг ажилд авах, авахгүй асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу шүүгчээс Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой эсэхийг шүүхээс шалган шийдвэрлэсэн эсэхийг тогтоогоогүй орхигдуулсан;
- Хөөн хэлэлцэх хугацааг тоолж, захиргааны хэрэг үүсгэсэн ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал Д.Амарсайханы 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Өргөдлийн хариу өгөх тухай” 08/4762 дугаартай албан бичгийг яагаад нэхэмжлэгч Б.Д-ийг ажилд авах, авахгүй асуудлыг шийдвэрлэсэн шийдвэр буюу захиргааны акт гэж үзэж шийдвэр гаргасан талаар дүгнэлт хийгээгүй, үнэлэх ажиллагаа хийгээгүй;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжийг хянаад “Нэхэмжлэгч Б.Д-ийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мэргэшил мэдлэгийн дагуу зохих албан тушаалд томилохыг даалгах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 /энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн/, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15 /иргэн ...тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана/, 33.16 /Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай тус тус нийцэхгүй байна” гэж ямар үндэслэлээр үзсэнийг ЗХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нөхцөл байдлыг тодруулаагүй, үнэлэх ажиллагаа хийгээгүй;
- “Тэтгэлэг олгох тухай” Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/47 дугаар тушаал хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэхүү тушаалыг гаргасан хуулийн үндэслэл нь “Б.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай” Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/74 дүгээр тушаалтай яг ижил бөгөөд энэ тушаалын талаар хариуцагчийн зүгээс тодорхой тайлбарыг өгсөн байтал шүүх Б/47 дугаар тушаалыг хэрхэх талаар ямар шийдвэр дүгнэлт гаргахгүй орхигдуулсан.
- Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж дараах үндэслэлээр үзэж байна.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэсэн. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримт хийгээд нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэлийг “Захиргааны эрх зүйд хугацааг тодорхойлох” хугацаа тоолох асуудлыг Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд зохицуулсан ба энэ хуулийн 33.15-д “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдоп гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 33.16-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно” хэмээн заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны акт болон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох асуудал буюу ажлаас чөлөөлөх тушаал, ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйн талаар захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх тухай бүрт, гомдлыг хүлээн авсан мөртлөө хуулийн дагуу хариу хүргүүлэхгүй тохиолдол бүрт хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, шинээр тоологдож байсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны байгууллагын эс үйлдэхүйг дүгнэхдээ “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хууль заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно хэмээн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан байдаг” гэжээ,
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт ажиллаагүй хугацааны цалин гаргуулах тухай дүгнэхдээ “Хэдийгээр шүүх нэхэмжлэгч Б.Д-ийг ажил. албан тушаалд нь эгүүлэн тогтоогоогүй боловч албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэсэн тул хуулийн энэ заалтыг төсөөтэй хэрэглэж, түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй хэмээн хохирол шаардах эрхийг хуульчилсан, шүүх захиргааны байгууллагын эс үйлдэхүй хууль бус байсан гэж үзсэн, нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй цалин нь нэхэмжлэгчийн хувьд ямар нэг байдлаар ирээдүйд олох байсан орлого эсхүл, дам байдлаар үүссэн хохирол бус, харин түүнд учирсан бодит хохирол байна гэж үзэж, мөн уг хуулийг хэрэглэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ” гэжээ.
- Мөн “Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж хуульчилснаар хариуцагч ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр чөлөөтэй эрхлэх, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан төрийн албанаас халагдахгүй байх эрхүүдийг зөрчсөн буруутай байх тул хохиролд тооцон нэхэмжилсэн ажилд томилохгүйгээр ажиллуулаагүй үеийн цалинг ажилласнаар тооцон хариуцагчийн ажиллаж буй захиргааны байгууллагын санхүүгээс гаргуулах нь зүйтэй болно” гэж дүгнэжээ.
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг үндэслэсэн.
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 221/ШТ2017/0703 дугаар тогтоолд “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 128/Ш32017 дугаар захирамжийг хянаад “Нэхэмжлэгч Б.Д-ийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, мэргэшил мэдлэгийн дагуу зохих албан тушаалд томилохыг даалгах, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь ...Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15, 33.16-д тус тус заасантай нийцэхгүй байна” гэж дүгнэсэн. Уг шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримт хийгээд нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэлийг дүгнэхдээ харгалзан үзэж үнэлсэн /хх- 22/.
- б/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэглэсэн. Тухайлбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримт хийгээд нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэлийг дүгнэхдээ “Тэгвэл Төрийн апбаны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэжээ /хх-24/;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалд “тодруулбал, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар Төрийн апбаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэпэг тухайн байгууллагаас олгоно гэх үндэслэлээр Гадаад хэргийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч Б.Д-ийг ажлаас чөлөөлсөн гэх боловч нэхэмжлэгч Б.Д-ийн ажлын байр Гадаад хэргийн яаманд шилжсэн байхад тус яаманд түүнийг ажилд томилоогүй хирнээ түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргаж байгаа нь ойлгомжгүй байна” гэж дүгнэжээ /хх-5-6/.
- в/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газрын 3 дугаар тогтоолыг хэрэглэсэн. Тухайлбал:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримт хийгээд нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэлийг дүгнэхдээ “Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоол” нь одоо хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд ГХЯ- нь нэр бүхий 13 газартай байхаар үүний дотор Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газартай байхаар тогтоож өгчээ” гэжээ /хх-19/;
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн ажил, албан тушаалд томилохыг даалгах шаардлагыг дүгнэхдээ “...мөн Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар тогтоол ёсоор ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар болж тус тус өөрчлөгдсөн байхад хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актыг гаргаж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь хууль бус байна, мөн ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус байна гэж шүүх үзлээ” гэжээ /хх-28/;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалд “Мөн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг дахин шинээр баталсан байх бөгөөд тус хуулийг үндэслэн батлагдсан Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор ГХЯ-ны бүтцэд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар хэвээр хадгадагдан үлдсэн байх төдийгүй ГХЯ-ны орон тооны дээд хязгаарыг мөн 142 байхаар тогтоож өгсөн байна” гэж дүгнэжээ. /хх-4/
- г/ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэхдээ 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын 12 дугаар тогтоолыг хэрэглэсэн. Тухайлбал:
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримт хийгээд нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэлийг дүгнэхдээ “...2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 12 дугаар тогтоолыг баталсан ба уг тогтоолоор Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн заахдаа Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд гэсэн байна” гэжээ /хх-19/;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалд “Мөн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг дахин шинээр баталсан байх бөгөөд тус хуулийг батлагдсан Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор Гадаад харилцааны бүтцэд Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар хэвээр хадгалагдан үлдсэн байх төдийгүй ГХЯ-ны орон тооны дээд хязгаарыг мөн 142 байхаар тогтоож өгсөн байна” гэж дүгнэжээ. /хх-4/.
- Шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн бусад үндэслэлүүд. Үүнд: Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/74 дүгээр тушаал буюу шийдвэрийн эрх зүйн үр дагавар үүсэж, дуусгавар болсон, нэхэмжлэгч Б.Д-ийн хувьд эерэг үр дагавартай эрх зүйн хувьд түүний нөхцөл байдлыг дордуулаагүй бөгөөд уг шийдвэрийн үндсэн дээр Б.Д- нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан, тус яамнаас төрийн албан хаагчийн нэмэлт баталгааны хүрээнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг авсан зэрэг хууль зүйн факт үүссэнийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалд “...Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 665 дугаар албан бичгээр хариуцагч Гадаад хэргийн яамны ТНБД- нэхэмжлэгч Б.Д-ийг ажлаар хангахыг үүрэг болгосон байх хэдий ч дээрх тушаалыг хүчингүй болгоогүй байна” гэж шууд дүгнэсэн.
- Яагаад Төрийн албаны зөвлөл Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5-д “Төрийн жинхэнэ албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдон гарсан эрх бүхий албан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй гэж заасны дагуу өөрийн шууд хэрэгжүүлэх эрх хэмжээг хэрэгжүүлэхгүй Гадаад хэргийн яамны ТНБД- нэхэмжлэгч Б.Д-ийг ажлаар хангахыг үүрэг болгосон талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй харгалзаж үзээгүй;
- Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/74 дүгээр тушаал нь “Б.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай” гэж гарсан бөгөөд нэхэмжлэгчийг төрийн албанаас чөлөөлөөгүй, тушаалыг үндэслэн гаргасан хуулийн заалтууд дотор төрийн албанаас чөлөөлөх тухай заалт байхгүй байх атал Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалд “Төрийн албаны түхай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1 3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчих үндэслэл болохгүй” /хх-9/ гэж үзсэн нь ойлгомжгүй;
- Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Тэтгэлэг олгох тухай” Б/47 дугаар тушаал, “Б.Д-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/74 дүгээр тушаалыг үндэслэсэн гаргасан хууль тогтоомжийн заалтууд адил байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/47 дугаар тушаалаар түүнд 6 сарын тэтгэмж олгосон тушаалд ажлаас чөлөөлсөн талаар дурдаагүй байх тул ажпын байраар хангуулах эрхээсээ татгалзсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэсгүй” гэж үзсэн нь учир дутагдалтай;
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үйл баримт хийгээд нэхэмжлэлийг хэлэлцсэн үндэслэлд “...нэхэмжлэгч Б.Д- нь ...Монгол Улсын дипломат албаны тангараг өргөсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна” /хх-20/ гэж бичсэн мөртлөө маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг дүгнэхдээ “Нэхэмжлэгч нь Дипломат албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 131 зүйлд зааснаар дипломат ажилтан бус байхад түүнийг дипломат албан тушаал хашиж байсан мэтээр уг хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан нь буруу байна” /хх-24/ гэж харилцан уялдаагүй урд бичсэнээ үгүйсгэн дүгнэлт хийсэн;
- Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль...” /хх-21/ гэж хуулийн батлагдсан огноог бичээгүй нь ямар зохицуулалтыг харгалзан үзсэн талаар эргэлзээ төрүүлж, тодорхой бус байдал үүсгэсэн;
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалд “ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын 11 албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг удаа дараа шаардан гаргуулж авсан нь ЗХШХШТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шаардаж буй нотлох баримт нь хэргийн нөхцөл байдлыг тогтоох зорилготой бус, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбоотой байсан гэх гомдлын тухайд:
- Зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж буй нэхэмжлэгч нь ЗХШХШТХ-ийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой, ямар нэг эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр тодорхойгүй, биелэгдэх боломжгүй байх төдийгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан шүүхийн үйл ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй” гэж дүгнэсэн.
- Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үйл баримтууд цаг хугацааны хувьд 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрүүдэд хамааралтай байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2017 оны 12 дугаар сарын 14, 21-ний өдрүүдийн 1/13196, 1/13383 тоот албан бичгээр хариуцагчаас Засгийн газрын 2016 оны “Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 3 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн В заалтын 7 дугаар хэсэгт “Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар”-тай байхаар баталсан тул Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын албан хаагч бүрийн ажлын байрны тодорхойлолтыг гаргуулан авсан. Улмаар, уг нотлох баримтын үндсэн дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тодотгосон байдаг. Шүүхээс энэ үйл баримтыг харгалзан үзээгүй дээрх дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна.
- Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
34. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
35. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 147, 382 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б/47 дугаар тушаалыг тус тус үндэслэн “Гадаад хэргийн яамны зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан” гэсэн үндэслэлээр Б.Д-ид 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
36. Нэхэмжлэгч Б.Д- нь дээрх, Б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, мэргэжил, мэргэшлийн дагуу зохих албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
37. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн “...зохих албан тушаалд томилохыг даалгах” гэсэн шаардлагыг “...ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилуулах, ...” гэж тодруулж, үндэслэлийг “...бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ...миний эрхэлж байсан ОХУ, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэний ажлын байрны үндсэн чиг үүрэг нь ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны үндсэн чиг үүрэгт хэвээр хадгалагдаж үлдсэн” гэж тодорхойлсон байна.
38. Хариуцагчаас “...тус яам нэхэмжлэгч Б.Д-ийг албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэл гаргаагүй. ...тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б/10 дугаар тушаалаар яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрыг 7 орон тоотой байхаар тогтоосон, ингэхдээ ахлах мэргэжилтний албан тушаал байхгүй байхаар баталсан. ...түүний нэхэмжлэлд дурдсан, Импортын бодлого, евразийн эдийн засгийн комиссын асуудал нь ОХУ, ТУХН-ийн орнуудтай хоёр талт эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаас өөр юм. Евразийн эдийн засгийн комисс нь олон талт олон улсын холбоо бөгөөд импортын бодлого нь зөвхөн Б.Д-ийн нэхэмжлэлд дурдсан ОХУ, ТУХН-ийн орнуудаас орж ирэх импортын бус, Монгол Улсын импортын бодлогын асуудал болно” гэсэн тайлбар гарган маргажээ.
39. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийг бүрэн шалгаж дүгнэлт хийгээгүй, маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу байна.
40. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 382 дугаар тогтоолоор Гадаад хэргийн яамны орон тооны дээд хязгаарыг 142 байхаар тогтоосон байх ба Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б/10 дугаар тушаалаар тус яамны нэгжийн орон тоог шинэчлэн тогтоож, “Эдийн засгийн хамтын ажиллагааны газар”-ыг 7 орон тоотой байхаар, тус яамны нийт орон тоог 120 байхаар баталсан зэргээс үзэхэд Эдийн засгийн хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, зээл, тусламжийн газарт ажиллаж байсан нэр бүхий албан хаагчдыг ажлын байраар хангах боломжтой байсан гэж үзэхээр байна.
41. Мөн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг дахин шинээр баталж, тус хуулийг үндэслэн батлагдсан Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор ГХЯ-ны бүтцэд “Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар”-ыг хэвээр үлдээж, яамны орон тооны дээд хязгаарыг мөн 142 байхаар тогтоожээ.
42. Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, Б.Д-ийг тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн байх хэдий ч, хэрэгт 2016 оны бүтцийн өөрчлөлтөөр “Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар”-ын орон тоог хэдэн хүнтэй байхаар, тэр дундаа Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний орон тоог баталсан шийдвэр байхгүй байхад ямар баримтад үндэслэсэн нь тодорхой бус, мөн тухайн ахлах мэргэжилтний албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан эсэх, уг албан тушаалд хэн хэзээ томилогдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
43. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Импортын бодлого, евразийн эдийн засгийн комисс хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд одоо Э.Таня гэдэг хүн ажиллаж байгаа нь тогтоогдсон байхад шүүх түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчжээ.
44. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдолд, шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид түүний ажиллаагүй хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн гэжээ, анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэхдээ гомдлын үндэслэлийг анхаарвал зохино.
45. Иймд, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцэх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0034 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0167 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б. МӨНХТУЯА