Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар  2022/ДШМ/101 

 

              

 

Ж.Вд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Ж.В-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/1350 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Ж.Вд холбогдох 2102003920264 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

д оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Ж.В нь 2021 оны 6 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 13.3645 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 7 дугаар гудамжны 116 тоотод орших өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй, 13.3645 грамм жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ж.В-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Ж.В-ийг хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Вд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Ж.Вд хяналт тавих үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Ж.Вд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа №1 гэж дугаарласан гялгар ууттай, 13.1928 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Соёлмаа эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байхад Ж.Вд 1 жилийн хугацаагаар буюу хамгийн доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна.

Учир нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлийг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм.

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлсэн 1 ширхэг Сиди/CD/-г шийдвэрлээгүй орхигдуулжээ.

Түүнчлэн, шийтгэх тогтоолд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхдээ зорчих чиглэлийг дурдаагүй нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төлүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг 3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хоёр төрлийн ял оногдуулахаар заасан. Үүнийг шүүх өөрийн дотоод итгэлээр, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хор уршиг, үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулахаар тогтоосон. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар оршин суух газраасаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Энэ нь хөнгөн төрлийн ял биш бөгөөд шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнсээгүй, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үр нөлөөтэй хариуцлага болсон гэж үзэж байна. Зайлшгүй хорих ял оногдуулах шаардлагагүй гэж шүүх үзсэн. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулах болсон нэг шалтгаан нь гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулиас өмнө буюу 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн. Энэ нь шүүхэд ийм төрлийн ял оногдуулахад нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй учраас шүүх зорчих эрх хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Баянзүрх дүүргийн хэмжээнд гэж тогтоосон. Гэтэл шийтгэх тогтоолд дүүргийг орхигдуулсан байсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хүрээ хязгаарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар зааж өгөх боломжтой. Хэрэгт нотлогдвол зохих байдлууд бүрэн хангалттай нотлогдсон. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.  

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэсэн ялын төрлүүдээс  сонгон ял оногдуулах ёстой атал шүүх шүүгдэгч Ж.В-ийг уг гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон атлаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Вд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй. ...” гэж зорчих эрх хязгаарлах ялын хугацааг тогтоож өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн хуулийн заалттай нийцээгүй, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “...Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэж үзэх үндэслэлтэй.   

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтны өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих...” гэсэн тухайн этгээдийн зорчих эрхийг нь хязгаарласан ял болохыг тодорхой заасан байхад уг ялын зөвхөн нэг хэсэг болох “...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг...” Ж.Вд хүлээлгэж, түүний зорчих чиглэлийн хүрээг тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрхийг хуулиар олгоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Түүнчлэн, прокурорын бичсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зорчих эрхийг хязгаарлах, хорих ял...”-ын төрлүүдээс Ж.Вд 1 жилийн хугацаагаар буюу хамгийн доод хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээнд тохироогүй. Учир нь, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээ хамруулан сарниулдаг, дахин хэрэглэх зуршлийг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оруулдаг зэрэг нийгмийн хор аюул ихтэй, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол цаашлаад Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай юм. ...” гэсэн эсэргүүцэл үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр, мөн шүүгдэгч Ж.В нь эрүүгийн 2102003920264 дугаартай хэрэгт цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцтэл хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЦТ/1350 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Вд холбогдох эрүүгийн 2102003920264 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ж.Вд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ

                              ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ