Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0827

 

 

 

 

 

      2023        11          09                                       128/ШШ2023/0827

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Б***********” ХХК /РД:5******/

            Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХ**-2***/* багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан ‘’Б***********’’ ХХК-ийн 3.889.154.716 төгрөгийг  улс, орон нутгийн улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн хэлэлцүүлгийн явцад эцсийн байдлаар тодруулсан болно.

            Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

            2.1. “Б***********” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны дагуу зохион байгуулсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/*** дугаар захирамжаар[1] Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХ**-2***/* багцын[2] "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж, батламжилснаар[3] тухайн байрлалд "Өрнөх хороолол" төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

            2.2.Энэхүү төслийг хэрэгжүүлэх байршилд 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн ба 2940 айлын орон сууцны “Өрнөх хороолол" төсөл 960 хүүхдийн сургууль, 340 хүүхдийн цэцэрлэг, хорооны нэг цэгийн үйлчилгээний төв, хүүхэд хөгжлийн төв, худалдаа, үйлчилгээний төв, оффис, иргэд, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, тоглоомын талбай бүхий төслийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газартай зөвшилцөн батлуулсан Ерөнхий төлөвлөгөөний дагуу 2019-2026 онд хэрэгжүүлж дуусгахаар зорьж ажилласан байна.

            2.3. Энэ хүрээнд Нийслэлийн ерөнхий архитектур нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төслийн талбайд барих инженерийн дэд төвийн барилга барих МЗХ***/01-*** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг[4] баталж өгсөн ба одоогийн байдлаар эхний ээлжийн 3 блок 330 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтад оруулж, дараагийн ээлжийн 3 блок орон сууцны барилгын угсралтын ажил явагдаж байгаа юм.

            2.4. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд цахилгаан, ус, дулаан дамжуулах дэд төвийн барилга барих трасст өртсөн айлын газрыг төсөл хэрэгжүүлэгч “Б***********” ХХК-ийг төлөөлөн тус компанийн ерөнхий захирал М.Ц******* худалдан авч,[5] 10 иргэнтэй орон сууц захиалан бариулах гэрээ, 3 иргэнтэй орон сууц худалдан авах гэрээ[6] байгуулжээ.

            2.5. Улмаар Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.”г” дэх хэсэгт заасны дагуу төслийг хэрэгжүүлэх талбай бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид болох Ч.У*******[7], Д.Цэ*****[8], Н.Б*******[9], Л.Ц******[10], Б.Ба*******[11], “Б***********” ХХК-ийн ерөнхий захирал М.Ц******* болон Нийслэлийн Засаг дарга нар гурван талт гэрээг байгуулсан байх ба тус гэрээ болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар инженерийн болон нийгмийн дэд бүтцийн ажлыг Нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулах, хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон нийслэлийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэх үүрэгтэй байжээ.

            2.6.Харин бодит байдалд гэрээний төсөл хэрэгжүүлэгч тал болох “Б***********” ХХК нь дэд бүтцийн ажил буюу барилгын гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэх ажилд нийт 3.889.154.716[12] /гурван тэрбум найман зуун наян есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван зургаан/ төгрөгийг зарцуулсан ба үүнд:

  • Гадна шугам сүлжээ болон дэд төвийн барилгын трасст өртсөн нийт 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1.195.890.000 /нэг тэрбум нэг зуун ерэн таван сая найман зуун ерэн мянга/ төгрөг;
  • Төвлөрсөн инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн угсралтын ажилд 1.541.770.348 /нэг тэрбум таван зуун дөчин нэгэн сая долоон зуун далан мянга гурван зуун дөчин найман/ төгрөг;
  • Төвлөрсөн инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн тоног төхөөрөмжид 399.482.546 /гурван зуун ерэн есөн сая дөрвөн зуун наян хоёр мянга таван зуун дөчин зургаан/ төгрөг;
  • Захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж, түүнд 46.223.421 /дөчин зургаан сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөг;
  • Бусад нэмэлт ажил хийгдэж, түүнд 120.567.483 /нэг зуун хорин сая таван зуун жаран долоон мянга дөрвөн зуун наян гурван/ төгрөг
  • Нормчлолын сангийн зардалд 4.160.108 /дөрвөн сая нэг зуун жаран мянга нэг зуун найман/ төгрөг;
  • Зураг төсөл, инженер геологийн судалгааны ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, 31.257.900 /гучин нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга есөн зуун/ төгрөг
  • Зохиогчийн хяналтын зардалд 23.111.711 /хорин гурван сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун арван нэгэн/ төгрөг;
  • Магадлалгүй ажилд 46.223.421 /дөчин зургаан сая хоёр зуун хорин гурван мянга дөрвөн зуун хорин нэгэн/ төгрөг,
  • Нэмэгдсэн өртгийн албан татварт 231.117.105 /хоёр зуун гучин нэгэн сая нэг зуун арван долоон мянга нэг зуун таван/ төгрөгийг тус тус зарцуулсан.
  • Буцах зардалд 249.350.675 /хоёр зуун дөчин есөн сая гурван зуун тавин мянга зургаан зуун далан таван/ төгрөг тус тус зарцуулсан байна.

            2.7. Гэвч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 115 дугаартай “Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай”[13] тогтоолоос  үзэхэд Нийслэлийн Засаг дарга нь дээрх төслийг хэрэгжүүлэх зардлыг 2020, 2021, 2002, онуудыг төсөвт тусгуулаагүй болох нь харагддаг.

            2.8.Улмаар нэхэмжлэгч компани дээрх зардлаа 2023 оны төсөвт тусгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 532/01 тоот[14] албан бичгээр, дахин төлөвлөлтийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газарт 2022 оны 10 сарын 20-ны өдөр 540/02 тоот албан бичгээр[15] тус тус хүсэлтээ гаргасан боловч аль аль нь ямар нэг хариу өгөөгүй.

            2.9. Энэ тухайгаа 2023 оны 2 сарын 03-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн удирдлагуудаас зохион байгуулсан "ГЭР ХОРООЛЛЫН ГАЗРЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСӨЛД ОРОЛЦОГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ" дээр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнгийн хэлсэн үгнээс мэдсэн гэж тайлбарладаг болно.

            2.10.Харин тус зөвлөлдөх уулзалтын дараа Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.С*****-д 2023 оны 02 сарын 06-ны өдөр 52/02 тоот албан бичгээр[16] хандаж дэд бүтцийн ажлын зардлыг “Б***********” ХХК-д олгож өгөхийг хүссэн боловч одоо болтол ямар нэг хариу аваагүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2023/4312 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

            Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т газрыг газраар солино, газрыг худалдах буюу худалдан авч болно гэж байгаа. Үүнээс харахад бид зөвхөн газрыг үл хөдлөх хөрөнгөөр солихгүй. Газрыг худалдаж авч болно. Иргэн н.Ц******* гэдэг хүн дээр яагаад очсон байгаа талаар тайлбар хэлмээр байна. Мөн Нийслэлийн Ерөнхий архитектур А даалгавар буюу архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэлж байгаа энэ нь Засгийн газрын 108 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм гэж байгаа. Тус дүрэм дээр А даалгавар бүрдүүлэх баримт бичиг гэж газар эзэмших гэрчилгээ гэж байгаа. Тухайн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой суурь зөвшөөрөл авахын тулд газар бидний нэр дээр байх юм байна. Засгийн газрын журмын дагуу 6 сарын дотор ажлаа хэрэгжүүлэхийн тулд холбогдох бүх зөвшөөрлөө авахын тулд 2 иргэний газрыг худалдаж авч байгаа. Иргэн н.Ц*******, “Б***********” ХХК гэж гарч ирж байгаа. Энэ холбогдох зөвшөөрлийг авсан байгаа. Хэрвээ иргэн н.Ц******* болон “Б***********” ХХК эрх зүйн хувьд хариуцагчийн хэлээд байгаа шиг алдаатай байна гэсэн бол энэ төслийг зогсоох эрх Нийслэлийн Засаг даргад байсан. Мөн магадлалыг хүлээж авахгүй. Эрх зүйн баримт бичгийн зөрчлийг арилга гэдэг талаар Нийслэлийн Засаг дарга болон харьяа бүх зөвшөөрөл өгч байгаа байгуулга хэлэх ёстой байсан. Гэтэл үүнийг хийгээгүй хууль зүйн боломжтой гэж үзсэн. Иргэний газрыг иргэн н.Ц*******гийн нэр дээр авч ажлаа хурдан хийж байгаа шалтгаан нь газрыг чөлөөлсөн байгаа иргэдийн орон байраар хангах эрхийг зөрчихгүй байх, гэрээний үүргээ биелүүлэх гэж байгаа. Мөн нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой Нийслэлийн Засаг дарга 2022 оны 12 дугаар 06-ны өдөр “Б***********” ХХК-иас өгсөн инженерийн дэд бүтэц зардалтай холбоотой бичгийг уг нь шийдсэн байдаг. Шийдэж хяналтын карт дээр 2023 оны төсөвт суулгах гэж цохолт байдаг. Түүнээс биш хариуцагчийн хэлж байгаа шиг эрх зүйн баримт бичгийн зөрчилтэй байна. Буцаах гэсэн бол шийдвэрлэсэн хэсэг дээр буцаах, төсөвт тусгах боломжгүй гэсэн шийдвэр байх ёстой гэж үзэж байна. Инженерийн шугам сүлжээг суулгах асуудлаар төсөвт шийдвэр гарсан байна. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга тус үүргээ ойлгож байгаа. Харин тус үүргээ биелүүлээгүй байна гэдгийг харж байна” гэжээ. 

            3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар тогтоогдсон. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний А/*** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуу Овоо орчмын ГХ**-2***/* багцын 22.2 га газар, 2*4 нэгж талбартай А хэсэгчилсэн талбайд "Б***********” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

            Тус төслийн байршилд 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Нэхэмжлэгч 2021 онд 62 нэгж талбар чөлөөлж, 3 блок барилгын ажил эхлүүлснээс 2021 оны 09 дүгээр сард 225 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Нэхэмжлэлдээ "та нар өөрсдөө хийгээд орон сууцаа ашиглалтад оруулчих, гарсан зардлыг дараа нь танай компанид олгоно гэж хэлсний дагуу бид инженерийн шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэсэн энэ ажилд 3,899,154,716 төгрөг зарцуулсан" гэсэн. Хариуцагч тус зардлыг төсөл хэрэгжүүлэгч гаргаад дараа нь нөхөн олгох тухай албан ёсоор мэдэгдсэн баримт байхгүй.

            Нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэр буюу нэхэмжилж буй инженерийн дэд бүтцийн холбогдох зардлыг хүлээн зөвшөөрч холбогдох инженерийн шугам сүлжээний ажлыг хийсэн байна. Энэ нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 23 дугаар зүйлийн 23.1.3 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.

4.2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ”Энэ хуулийн зорилт нь иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хот, ...гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.10-д “"хот, суурин газрыг дахин хөгжүүлэх" гэж архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн ...гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагааг”; 4.1.11-д "хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл" (цаашид "төсөл" гэх) гэж энэ хуулийн 4.1.10-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зориулж боловсруулсан хот байгуулалтын баримт бичгийг; ойлгохоор байна.

4.3.Хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний нэг дэх зүйлд “Гэрээний зорилго нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөгч, эзэмшигчийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, эрх шилжүүлэх хэлбэр, нөхцөл, нөхөн олговрын хэмжээ, түүний олгох хугацааг тогтоохтой холбоотой иргэн, хуулийн этгээд, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, Засаг даргын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино” гэж нийтлэг үндэслэлээ тодорхойлсноос үзвэл тус гэрээ Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д заасан “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулсан Захиргааны гэрээ” мөн байна.

4.4.Шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзвэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “...Нэгэнт айлуудаа чөлөөлж ажлаа эхэлсэн байхад иргэдийн эрх ашиг гэж зүйл байгаа. Манай эрх ашгаас гадна иргэд өөрийн хувийн өмч буюу орон байртай байх эрх гэдэг зүйл нь асар их хөндөгдөх болж байгаа. Хэрвээ бид нар тус төслийг хийгээгүй байсан бол 2019 оноос хойш 4 жилийн хугацаанд тэр хүмүүс орон байргүй байх байсан. Бидний зүгээс гэрээний үүргээ биелүүлж хийж амжилттай төсөл хэрэгжүүлэх гэсэн нь сүүлдээ алдаа мэт болж шүүхийн өмнө зогсож байгаад харамсаж байна. Гэрээний үүргээ биелүүлж гэрээгээ цуцлахгүй байх үүднээс иргэдийн эрх ашгийг бодож хийсэн....”[17] гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8-д төсөл хэрэгжүүлэгч буюу төсвийн үйл ажиллагаатай холбоотой норм, дүрэм, журам стандартыг хэрэгжүүлэх мөрдөх үүрэгтэй байдаг. Үүрэгтэй байдаг гэдгийг мэдсээр байж холбогдох дүрэм, журмын зөрчиж “Б***********” ХХК гэх дүгнэлт гаргуулах ёстой байдал иргэн н.Ц******* гэж нэмэлтээр бичиж ирсэн. Мөн гурван талт гэрээгээр хариуцагч үүргийг өөрөө сайн дураараа биелүүлчхээд. Хариуцагчаас ямар нэгэн албан ёсны акт, зөвшөөрөл өгөөгүй байхад өөрийн сайн дурын үндсэн дээр биелүүлчхээд, түүнийгээ буцааж нэхэмжилж байгаа гэдэг нь хариуцагчийн хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болохгүй....” хэмээн тайлбарлаж байх тул шүүх талуудын маргаж буй үйл баримт, хууль зүйн үндэслэлд дараах байдлаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

4.5.Тодруулбал, хавтас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч “Б***********” ХХК-иас Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХ**-2***/* багцын[18] "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын үргэлжлэх ажлын жагсаалтыг хариуцагчид хүргүүлж байсан[19].

4.5.Нэхэмжлэгч “Б***********” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 330 айлын орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг 2,693,264,716 төгрөг болсон[20] болохыг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл баталж байх бөгөөд цаашид байршилд батлагдсан зураг төслийн дагуу хийгдэж буй гадна инженерийн шугам сүлжээний ажлуудын төсвийг магадлалаар оруулан дэмжиж ажиллахыг тайлбарласан[21].

4.6.Харин батлагдсан зураг төслийн дагуу гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөгийг зарцуулсан[22] талаар ямарваа нэгэн эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй болно.

4.8.Гэвч дээрх үйл ажиллагаа зардал болон бусад холбогдох асуудлаар хариуцагч болон түүний харьяа нэгж, хэлтэс руу хандсан нэхэмжлэгч “Б***********” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл гомдлыг[23] шийдвэрлэхгүй, захиргааны идэвхгүй үйл ажиллагаа гаргаж байгаа хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэлээ.

4.9.Учир нь Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний 5.3-д Засаг даргын эрх, хүлээх үүргийг заасан байх ба 5.3.11-д “төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх,...ажлын жагсаалтыг гаргаж, улс, орон нутгийн төсөвт тусгуулах, санхүүжүүлэх, захиалагчийн хяналт тавих...”, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.”Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.2 “улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх”, 18 дугаар зүйлийн 18.3.”Гэр хорооллын газрыг дараах хэлбэрээр дахин төлөвлөн барилгажуулна”, 18.3.1.”газрыг орон сууцаар солих”, 18.3.3.”газрыг худалдах, худалдан авах”, 21 дүгээр зүйлийн 21.1 "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэнэ”, 21.1.2 ”улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр” гэж заасан үүргээ хэрэгжүүлэхээс татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан байна.

4.11.Өөрөөр хэлбэл Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.1-д “Талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга дээрх хуульд заасан хариуцлагыг хүлээх нь зүйд нийцнэ.

4.12.Нөгөөтээгүүр төслийг хэрэгжүүлэх явцад Дэлхий нийтэд коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын тархалт гарсан хүнд хэцүү үед ч нэхэмжлэгч компаниас өөрийн нөөц бололцоог ашиглан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “нийтийн эрх ашгийг эрхэмлэх тухай”  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхэд баримтлах зарчмын баримтлан төслийг хийж хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй.

4.13.Төслийн эхний ээлжийн орон сууцны зориулалттай барилгыг хүлээн авах улсын комисс ажиллан, улмаар барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан болох шийдвэрийг үндэслэн эрх бүхий байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож, захиалагч оршин суугчид барилгыг ашиглаж байгаа нь хэргийн үйл баримт болон шүүхээс маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаар тогтоогдоно[24].

4.14.Тиймээс нэхэмжлэгчийг Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8-д төсөл хэрэгжүүлэгч буюу төсвийн үйл ажиллагаатай холбоотой норм, дүрэм, журам стандартыг хэрэгжүүлэх мөрдөх үүргээ биелүүлээгүй гэх баримтгүй байхад зөвхөн хэлбэрийн төдий “Б***********” ХХК гэх дүгнэлт гаргуулах ёстой байдал иргэн н.Ц******* гэж нэмэлтээр бичиж ирсэн, ... ямар нэгэн албан ёсны акт, зөвшөөрөл өгөөгүй байхад хариуцагчийн үүргийг өөрийн сайн дурын үндсэн дээр биелүүлчхээд, түүнийгээ буцааж нэхэмжилж байгаа” гэх мэтээр шалтаглан, тодруулах замаар зөвтгөн шийдвэрлэх болох асуудлаар маргаж байгааг шүүх хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох  боломжгүй юм.

4.15.Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болох нь тогтоогдож байх тул эс үйлдэхүйн эсрэг даалгах нэхэмжлэлийн тусгай урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэн  Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХ**-2***/* багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан ‘’Б***********’’ ХХК-ийн 3.889.154.716 төгрөгийг  улс, орон нутгийн улс, орон нутгийн төсөвт тусгуулан, ‘’Б***********’’ ХХК-ийг санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэвч шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ч энэхүү шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэхдээ Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6 “төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх” заасны дагуу төслийн гадна инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд 1,195,890,000 төгрөгийг зарцуулсан өртгийг мэргэжлийн байгууллагаар хянан, баталгаажуулан дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шийдвэрлэхээр болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.3, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 21.1.2-т заасныг баримталж “Б***********” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлээгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Чулуун овоо орчим ГХ**-2***/* багцын "А" хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлт барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан ‘’Б***********’’ ХХК-д 3.889.154.716 /гурван тэрбум найман зуун наян есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг улс, орон нутгийн улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 15-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 17-29-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 16-р хуудас

[4] 1-р хавтаст хэргийн 22-24-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 205,211,217-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 93-108-р хуудас

[8] 1-р хавтаст хэргийн 109-127-р хуудас

[9]  1-р хавтаст хэргийн 236-238-р хуудас

[10] 2-р хавтаст хэргийн 2-4-р хуудас

[11] 1-р хавтаст хэргийн 128-133-р хуудас

[12] 1-р хавтаст хэргийн 72-75, Б*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нотлох баримт №1-н 31-250 хуудас

 

 

[13] 2-р хавтаст хэргийн 174-187-р хуудас

[14] 1-р хавтаст хэргийн 91-р хуудас

[15] 1-р хавтаст хэргийн 90-р хуудас

[16] 1-р хавтаст хэргийн 92-р хуудас

[17] Шүүх хуралдааныг тэмдэглэл үзнэ үү.

[18] 1 хавтаст хэргийн 17-29-р хуудас

[19] Б*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нотлох баримт №1-н 13 хуудас

[20] Б*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нотлох баримт №1-н 31-50 хуудас

[21] Б*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нотлох баримт №1-н 33 хуудас

[22] Б*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нотлох баримт №1-н 30 хуудас

[23] Б*********** ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн нотлох баримт №1-н 17-29 хуудас

[24] 1 хавтас хэргийн 168-169 хуудас