Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар  2022/ДШМ/125 

 

 

             

Л.Б, Н.Онарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,  

шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань,

шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

иргэний хариуцагч Х.Б,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/570 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Бий өмгөөлөгч Д.Очирваань, шүүгдэгч Н.Огийн өмгөөлөгч Д.Бурмаа  нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Л.Б, Н.Онарт холбогдох 1902004060322 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

оршин суудаг гэх, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Л.Б нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа уг хэлтсийн архив, бичиг хэрэг даргын туслах буюу “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.Отай бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Тохилог гудамж- амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ыг шалгаруулсан мэт тэмдэглэл Н.Огаар үйлдүүлж, улмаар 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Бтай ХАА 15/01 дугаартай “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай 198,366,812 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Онь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн архив, бичиг хэрэг даргын туслах ажилтан буюу “Тохилог гудамж-амьдрах орчин” туршилтын хөтөлбөрийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Бтэй бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаан болоогүй байхад 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажлын хэсэг хуралдаж “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ыг сонгон шалгаруулсан мэтээр тэмдэглэл үйлдсэн, улмаар Хөдөлмөрийн хэлтсийн дарга Л.Б нь “Эко хөдөлмөр-ажлын байр” НҮТББ-ын захирал Х.Бтай ХАА 15/01 дугаартай “Туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” тухай 198,366,812 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Б, Н.Онарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б, О нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 15.000 (1 нэгж=1000 төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Ог нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 (1 нэгж=1000 төгрөг) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Онар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Онарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Онарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 12.010.043 төгрөгийг иргэний хариуцагч Х.Бгаар гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Л.Б, Н.Онар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Л.Бий өмгөөлөгч Д.Очирваань гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн нь эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж дүгнэж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тодруулбал шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдүүлэх ойлголтыг шинэ хуулийн тухайн зүйл, хэсэгт ял шийтгэлийн төрөл нь нэмэгдсэнээр ойлгож хуулийг хэрэглэх нь агуулгын хувьд буруу гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн буцаан хэрэглэхээр зохицуулсан ба эрх зүйн байдал дээрдэх нь илүү өргөн хүрээний ойлголт байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ойлголтонд орох учиртай. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Л.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа учир тухайн зүйл ангиар гэм буруутайд тооцуулах санал гаргасан. Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд гэмт хэргийн ангилалыг тогтоосон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 зүйлд заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 17.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан ба шүүгдэгч нарын үйлдэл 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гарсан учир 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэснийг буцаан хэрэглэхэд баримтлах үндсэн зарчмын зохицуулалтын дагуу Л.Бий үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж анхан шатны шүүхийн хууль хэрэглээг зөвтгөж өгөхийг хүсье.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1.2-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 2021/ШЦТ/570 дугаар шийтгэх тогтоолын хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Огийн өмгөөлөгч Д.Бурмаа гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар гэмг хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 8 дугаар зүйлд шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн зүйлийн 8.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 6.5. 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг хэлэлцэнэ” гэж заасан.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад төслийн хэрэгжилтэнд хөрөнгө зарцуулах тушаал, хамтран ажиллах гэрээ, мөнгө шилжүүлэх хүсэлт зэргийг дарга Батүвшин өөрөө хийсэн, тус Хөдөлмөрийн хэлтэст 17 төсөл ирснээс “ЭКО хөдөлмөр ажлын байр” ТББ-ыг Баттүвшин л сонгосон. Оюумаа хурлын тэмдэглэлд оролцсон. Өөр ямар ч эрх мэдэлгүй, Оюумаагийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан.

Бусдад давуу байдал олгох, ашиг хонжоо харах зэрэг ямар нэг байдал хавтаст хэрэгт тогтоогдоогүй. Энэ хэргийг Оюумаа сэдээгүй, гэмт хэргийн ямар ч сэдэлт санаа зорилго байхгүй.

Хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн гэж байгаа боловч хурлын тэмдэглэлийг зохих албан тушаалтануудад танилцуулж тэд гарын үсгээ зурсан болох нь Базардаргиа, Аюурзана, Мөнхбат нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Тэд хариуцлагаас мултрахын тулд хурлын тэмдэглэл танилцаагүй. Оюумаа гарын үсэг зуруулсан мэтээр мэдүүлсэн.

Төслийн сонгон шалгаруулалт яаж явагдах ёстойг тэд мэдэж байсан. Оюумаагаас илүү эрх мэдэл бүхий албан тушаалтанууд эсэргүүцэж болох байсан. Тэдний үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэтэл бүгд л гарын үсгээ зурсан байдаг. Эдгээр нөхцөл байдлууд нөлөөлсөн байхад шүүх Н.Од ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэлгүй арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгож шийтгэсэнд гомдолтой байна.

2. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-д заасан заалтыг зөрчсөн. Тухайлбал: Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн ТОГТООХ хэсэгт 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг “1 \нэг\ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж уншсан ба гардаж авсан шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 4 дэх заалтад “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Онарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин тогөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж” гэж зөрүүтэй гарсан. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд ингэж бичигдсэн ба дуу дүрсний бичлэгт “торгуулийн ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн нь камерын бичлэгээс харагдаж байна. Шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардаж авсан шийдвэрийн тогтоо хэсгээс зөрүүтэй. Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс зөрүүтэй байна.

3. Шүүх шийтгэх тогтоолд хэргийн хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг үндэслэлгүй тайлбарласан. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийдвэрлэх үндэслэлтэй байсаи гэж үзэж байна. 2020 оны 01 дүгээр сарын 10 ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл... Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд “Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасан ба энэ хууль Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар бүхэлдээ хүчингүй болсон. Шүүгдэгчийн гэм буруутайд тооцогдсон 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлагыг “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахи хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн хуулийн 1.2 дахь хэсэг “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш дээд хэмжээг найман жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж заасан байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрчлөлт орсон ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн байх тул шүүгдэгчид ашигтайгаар, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хуулийн өмнөх зохицуулалтаар буюу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнөх зохицуулалт болох Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасныг баримтлан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Н.Огийн холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Н.Од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Л.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна...” гэв.

Шүүгдэгч Н.Отус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Надад оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү...” гэв. 

Иргэний хариуцагч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Энэ шүүх хуралдаанд намайг оролцуулаагүй. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шуудангаас ирсэн шийтгэх тогтоолыг уншаад шүүх хурал болсон, өөрийгөө иргэний хариуцагч болсныг мэдсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гэхэд давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан гээд гомдол гаргаж чадаагүй. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор гэж заасан. Зам зассан, айлын хашаа зассан болохоос машин механизм эвдэж сүйтгэсэн асуудал байхгүй. Мөн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгөд гэм хохирол учруулсан гэх заалтыг дурдсан байсан. Би тухайн гудамжийг засаж янзалсаныхаа төлөө торгуулж байгаадаа гомдолтой байна. Тухайн байгууллагатай гэрээ байгуулаад 6 жил өнгөрсөн байхад намайг иргэний хариуцагчаар татаж байгаад гомдолтой байна. Иргэний хариуцагчтай холбоотой асуудлыг анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн. Надад торгуулийг төлөх боломж байхгүй. Төрийн байгууллагаас гэрээгээр хүлээсэн ажлыг хийх боломж олгоогүй. Гэрээ байгуулчихаад урьдчилгаа мөнгөө ч өгөөгүй байхад нь бид өөрсдийнхөө хөрөнгөөр ажлыг эхлүүлж байсан. Хэргийг үнэн, зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Очирвааниас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэх байсан. Мөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хоёр агуулгатай гомдол гаргасан байна. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой гээд хуульд заасан. Тухайн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт оногдуулж буй ялын доод хэмжээ болон дээд хэмжээ аль аль нь багассан. Эсхүл үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэх үндэслэлүүд байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн торгуулийн ялын доод хэмжээ 9.792.000 төгрөг байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн торгуулийн ялын доод хэмжээ 5.400.000 төгрөг байдаг. 2015 оны Эрүүгийн хуульд торгуулийн ялын дээд хэмжээ ихэссэн боловч торгуулийн ялын доод хэмжээ багассан. Мөн зорчих эрхийг хязгаарлах ял шинээр нэмэгдсэн. Иймд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүртэл гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан учраас уг хэргийн хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдрөөс эхэлж зогсоож хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Н.Огийн хувьд яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Хоёр хүний гарын үсэг нь мөн, нэг хүний гарын үсэг нь биш гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн хүмүүс эрхэлж буй албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Иймд эдгээр хүмүүс гэмт хэрэгт хамтран оролцсон шинж байхгүй байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Н.Омэдүүлэхдээ “Баттүвшин даргын өгсөн үүрэг даалгаварын дагуу тэмдэглэлийг зохиогоод бичсэн” гэсэн байдаг. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан үйлдэл гаргасан, гэмт хэрэг үйлдэх сэдэлт зорилгыг тогтоогоогүй гэх нөхцөл байдал байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай бүрэн хийгдсэн. Хэрэгт авагдсан баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иргэний хариуцагч Х.Б нь иргэний хариуцагчаар татсан тогтоол болон хавтас хэргийн материалтай танилцаад гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл сая Х.Бгаас “шийтгэх тогтоолыг аваад иргэний хариуцагчаар татсан болохыг мэдсэн. Мөн байцаагчаас “хорино” гэж эрүү шүүлт тулгасан” гэх агуулгатай зүйл ярьж байна. Ийм үйл баримт болсон бол тухайн үедээ гомдлоо гаргаад холбогдох байгууллагаар нь шалгуулах эрх нь нээлттэй байсан. Энэ эрхээ яагаад хэрэгжүүлээгүй болохыг ойлгохгүй байна. Өөрт нь мэдэгдэхгүйгээр иргэний хариуцагчаар татсан нөхцөл байдал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт байгаа баримтаас үзэхэд Х.Бг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татаж /4хх 73/, мэдүүлэг авч /4хх 74-75, 193/, хэргийн материалтай танилцуулжээ /5хх 8/.

Иргэний хариуцагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;...” эрхтэй ба шүүх иргэний хариуцагч Х.Баягалангийн энэ эрхийг хангаж урьдчилсан шүүх хуралдааны тов /5хх 36/, шүүх хуралдааны тов /5хх 43/-ыг мэдэгдэж эрхийг нь хангаагүй, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Ингэж иргэний хариуцагч Х.Бгийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүйгээс түүний иргэний хариуцагчийнхаа хувьд эдэлдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 “шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;”, 1.6 “...татгалзан гаргах тухай хүсэлт гаргах; эрхийг нь хязгаарласан,

шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч Х.Бгаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа түүний шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхийг нь заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...иргэний хариуцагч шийтгэх тогтоолын ...иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах...” эрхийг нь эдлүүлээгүй байна.

Иймд иргэний хариуцагчийн хуульд заасан эрхийг нь эдлүүлэн хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Б, Н.Онарт холбогдох 1902004060322 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Л.Бий өмгөөлөгч Д.Очирваань, шүүгдэгч Н.Огийн өмгөөлөгч Д.Бурмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/570 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Б, Н.Онарт холбогдох 1902004060322 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Л.Б, Н.Онарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

              ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ