Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2023/0490/З |
Дугаар | 128/ШШ2023/0772 |
Огноо | 2023-10-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А овогт Д-ын Ж****** /РД:ХП 8******3/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Д овогт Р********* /РД:УЗ******6/ нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*********, гуравдагч этгээд А.Р********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Иргэн А овогт Д-ын Ж********* Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн ам хаягт байрлах нэгж талбарын 14*********1 дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Ж********д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах,
1.2.Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1**7 дугаар захирамжийн Д.Ж********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон болно.
Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн Д.Ж******** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулсан “албадан дуудлага худалдаа”-нд[1] оролцож, Чингэлтэй дүүргийн ** хороо, 16-3**в тоот 4 өрөө блокоор барьсан сууц, 50 м.кв хашаатай /шахмал түлшний цех/ 24*14,5 м.кв газар бүхий объектыг 20.200.000 төгрөгөөр худалдан авсан байна.[2]
Гэтэл тус объектын газар эзэмших болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үрэгдүүлсэн байсан тул Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас дээрх үрэгдүүлсэн гэрчилгээг худалдан авагч Д-ын Ж******-ын нэр дээр нөхөн шинээр олгох асуудлаар Чингэлтэй дүүргийн Газрын алба, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус хандсан.[3]
Харин газартаа холбогдох асуудлаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/3** дугаар “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж[4] гарган Чингэлтэй дүүргийн ** хороо, 16-3** тоот газрыг, ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг[5] Д-ын Ж******д олгосон.
Тэрээр эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” зарчмыг баримтлан Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл[6]-ийг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргасан байна.
Тус өргөдөл, түүнд хавсаргасан холбогдох баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1**7 дугаар захирамж[7] гарган, түүний өргөдөлд дурдсан Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, 16-3** тоот, нэгж талбарын 18********* дугаартай, 317 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэж, гэрчилгээ олгожээ.[8]
Хожим 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Ж********ас иргэн Д овогт А-ийн Р******-той “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ”[9] байгуулан өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 317 м.кв газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт хариу төлбөргүйгээр А.Р********жид шилжүүлжээ.
Улмаар нэхэмжлэгч Д.Ж******** дахин Сүхбаатар дүүргийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/146 дугаар захирамжийг үндэслэн олгосон 00008***** дугаар “Иргэний газар эзэмших эрх”-ийн гэрчилгээтэй[10], Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, Сэлх гудамж хаягтай, нэгж талбарын 14*********1 дугаар, 699 м.кв, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалт бүхий газрыг өмчилж авахыг хүсэхэд Нийслэлийн газар зохион байгуулалтын алба 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01-**/5**** албан бичгээр “...Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулийн 19 дүгээр 19.1.2-т зааснаар нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэн...”,[11] 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-**/6*** албан бичгээр “...та газраа нэг удаа үнэгүй өмчлөх эрхээ эдэлсэн байх тул Сүхбаатар дүүргийн ** дугаар Сэлх дэх 14******4 нэгж талбарын дугаар бүхий эзэмшил гарзаа өмчилж авах боломжгүй байна...” гэх хариуг өгчээ[12].
Иймд иргэн Д.Ж********ас дээрх хариуг эс зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл[13] гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн[14] хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно[15].
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч Д.Ж******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Нэхэмжлэгч А овогт Д-ын Ж******** /РД:ХП8******3/ миний бие Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо С*** хаягт байрлах нэгж талбарын 14********1 дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар /Э-2******9/-ыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа билээ.
Нэхэмжлэгч миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, МУ-ын иргэнд газар өмчлөх тухай хууль болон холбогдох дүрэм, журамд заасны дагуу өөрийн эзэмшиж буй газрыг өмчлөх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа гаргасан боловч МУ-ын Үндсэн хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд тодорхой хариуг амаар болон бичгээр өгөөгүй тул 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албанд хандаж газар өмчлөх тухай өргөдөл гаргасан.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар байгуулалтын албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01-11/5**** дугаартай өргөдлийн хариуг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандаж гаргасан өргөдөлд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01- **/6*** дугаартай өргөдлийн хариуг тус тус гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүлээн авсан.
...Нэхэмжлэгч миний бие 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан ул хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** хороо ** дугаар гудамжны 3** тоот хаягт байрлах 317 м.кв талбайтай /Г- 22******3/ газар, 209.9 м.кв талбайтай /Ү-2******6/ үл хөдлөх эд хөрөнгийг 20,200,000 /хорин сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг миний бие 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр А.Р*********д бэлэглэж, өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын байдлаар иргэн Д.Ж******** миний нэр дээр улсаас үнэ төлбөргүй авсан өмчлөх эрхтэй газар огт байхгүй болно.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон түүний хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын алба нь дээрх албадан дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг өмчилсөн байна гэх үндэслэлээр иргэн миний газар өмчлөх эрхийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, иргэн миний нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөх эрхэнд ноцтой халдаж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна...” гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
“...Иргэн Д.Ж********* /РД ХП8******3/ нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1**7 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо Нуурын ** дугаар гудамжны 3** тоот хаягт байрлах 317 м² газрыг өмчилж авсан байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 "Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 19 дүгээр зүйлийн 19.1.2 "энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах" гэж заасны дагуу иргэн Д.Ж******** нь Чингэлтэй дүүрэгт газар өмчилснөөр дахин газар өмчлөх боломжгүй юм.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 "Өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах"-д заасны дагуу иргэн Д.Ж******** нь өмчилсөн газраа бусдад шилжүүлснээр, 31 дүгээр зүйлийн 31.1.1 "Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр" дэх заалтын дагуу газар өмчлөх эрх дуусгавар болсон нь дахин газар өмчлөх үндэслэл болохгүй.
Иймд Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо С***-д байрлах 14********1 нэгж талбар бүхий газраа гэр бүлийнхээ аль нэг өмчлөх эрхээ эдлээгүй гишүүнд нэр шилжүүлж, өмчилж авах боломжтой.
3.3. Гуравдагч этгээд А.Р********ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...А.Р********ж миний бие 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ** гудамж, 3** тоот хаягт байршилтай 18***********2 нэгж талбарын дугаартай 317 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Д.Ж********ас шилжүүлэн авч, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн уг газрын хууль ёсны өмчлөгч болсон.
Улмаар өөрийн өмчлөлийн газар дээрээ 2021 онд 540 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн Ү-2********6 дугаар үл хөдлөхийг барьж, хууль ёсоор ашиглаж, өмчилж байна.
2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ** гудамж, 3** тоот хаягт байршилтай 18*********2 нэгж талбарын дугаартай 317 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг иргэн Д.Ж********ас шилжүүлэн авахад Д.Ж******** нь ямар ч хууль эрх зүйн маргаангүй, эрхийн зөрчилгүй миний өмчлөлийн газар байгаа гэж тайлбарласан тул би уг газрыг шилжүүлэн авсан.
Гэтэл өөрийн өмчлөлийн газраа надад шилжүүлснийхээ дараа уг газрын өмчлөх эрхийн эх үндэс болсон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1**7 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ”, 4.1.1-д “гэр бүлийн хэрэгцээний” зориулалтаар 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасны дагуу Монгол Улсын иргэнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших газрын хэмжээ”...Нийслэлд 0,07 га хүртэл байна..” гэжээ.
4.3.Нэхэмжлэгч Д.Ж********ас “...Хуучин өмчлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн худалдаж авсан. Миний нэр дээр шилжихдээ ч мөн адил өмчлөх эрхээр л гарч ирсэн...” хэмээн тайлбарлан маргасан.
4.4.Харин хавтас хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/1925 дугаар албан бичгээр “...Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, 16-3** тоот, нэгж талбарын 18********* дугаартай, 317 м.кв газар нь 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд “Е**********” ХХК /2*******/-ийн нэр дээр бүртгэгдсэн...”,[16] гэх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/8**6 албан бичгээр “...иргэн Д.Ж******** /ХП 8******3/-ын өмчлөлд Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны 3** тоот, нэгж талбарын 18************2 дугаартай, 317 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх нь анх 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-22********3 дугаарт бүртгэгдсэн...”[17] гэх, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5042 дугаар “...Д.Ж******** нь уг хашааг эзэмшдэг болно...”[18] гэх лавлагаагаар түүний дээрх тайлбар няцаагдаж байна.
4.5.Учир нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.2-т “иргэнд газар өмчлүүлэх” гэж Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэнд өмчлүүлж болохоор заасан газраас энэ хуульд заасан хэмжээ, болзол, шаардлага, журам, нөхцөлөөр иргэний өмчлөлд шилжүүлэхийг” ойлгоно гэж зааснаас үзвэл Газар өмчлөх эрх нь зөвхөн Монгол Улсын иргэнд хамааралтай байх тул нэхэмжлэгч Д.Ж*******ын дуудлага худалдаагаар авсан Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, *** дугаар гудамжны 3** тоот, нэгж талбарын 18************2 дугаартай, 317 м.кв газар 2006 онд “Е*********” ХХК-д өмчлөл эрхийн гэрчилгээгээр олгогдсон байх боломжгүй юм.
4.6.Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...тухайн үед Газрын албанаас намайг дуудаж өргөдлийг авсан. Гараар бичсэн нь бол миний бичиг. Харин анкетыг би бөглөөгүй...” гэх тайлбараар түүнийг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх замаар өмчилж авахыг хүсэж буй газрын харьяалагдах сум, дүүргийн Засаг даргад газар өмчлөх өргөдлөө гаргах замаар хэрэгжүүлсэн.
4.7.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах” зарчим, үндэслэлийг баримтлан нэхэмжлэгч Д.Ж********д түүний Чингэлтэй дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар гудамжны 3** тоот, нэгж талбарын 18************2 дугаартай, 317 м.кв газрыг өмчлүүлсэн байна.
4.8.Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч Д.Ж******** нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах” газар өмчлөн авах иргэний эрхээ хэрэгжүүлсэн байх тул түүний гаргасан Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, С**** хаягт байрлах нэгж талбарын 14********1 дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Ж********д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1**7 дугаар захирамжийн Д.Ж********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл огт тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.4, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж********ас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Иргэн Авгас овогт Д*******ын Ж*******а /РД:ХП8******3/-д Сүхбаатар дүүргийн ** дугаар хороо, С**** хаягт байрлах нэгж талбарын 14********1 дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрыг өмчлүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг газрыг Д.Ж********д өмчлүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/1**7 дугаар захирамжийн Д.Ж********д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэгч Д.Ж********-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ж********-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР
[1] Хавтас хэргийн 180 хуудас
[2] Хавтас хэргийн 11-13 хуудас
[3] Хавтас хэргийн 14-15 хуудас
[4] Хавтас хэргийн 117-118 хуудас
[5] Хавтас хэргийн 105 хуудас
[6] Хавтас хэргийн 119 хуудас
[7] Хавтас хэргийн 110-111 хуудас
[8] Хавтас хэргийн 102 хуудас
[9] Хавтас хэргийн 94-97 хуудас
[10] Хавтас хэргийн 6 хуудас
[11] Хавтас хэргийн 9 хуудас
[12] Хавтас хэргийн 8 хуудас
[13] Хавтас хэргийн 1-3, 29-31 хуудас ,
[14] Хавтас хэргийн 32-33 хуудас
[15] Хавтас хэргийн 74-76 хуудас
[16] Хавтас хэргийн 168 хуудас
[17] Хавтас хэргийн 153 хуудас
[18] Хавтас хэргийн 104 хуудас