Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 138

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулав.

                                           Шүүх хуралдаанд:

      Улсын яллагч                                               Л.Энхтайван

       Хохирогч                                                     Н.Чимид

      Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Д.Даваасүрэн

      Нарийн бичгийн даргаар                         Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Баатад овогт Баатарын Гантулгад холбогдох 1731000010010  дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан журмын дагуу хянан хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1970 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт           Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугнаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,  3 удаагийн ял шийтгэлтэй, 1996 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 16 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.3, 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар 8 жилийн хорих ялаар, 2005 оны 06 сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж мөн хугацаагаар хянан харгалзсан, 2009 оны 08 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 95 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,  Баатад овогт Баатарын Гантулга /РД:МА70021735/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Гантулга нь 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг “Гялаан нуур” гэх газарт зусч байгаа иргэн Н.Чимэдийн 15 тооны хонийг  хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

 1. Шүүгдэгч Б.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  : 2017 оны 07 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Н.Чимэдийнхээс 8 хонь авсан. Тэр шөнө их бороотой байсан. Авсан 8 хонио туугаад модон дунд уясан. Авсан хонинуудаа эргүүлээд өгсөн харин дахиад нэхэмжилж байгаа 7 хонийг аваагүй, өөрийн авсан 8 хонины хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

2. Хохирогч Н.Чимэдийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Манайх 15 хонь алдсан. 8 хонийг минь эргүүлж өгсөн, цаана нь 7 хонь дутаад байгаа үүнийгээ авмаар байна гэв.

3.Хохирогч Н.Чимэдийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Хулгайд алдагдсан хонинууд миний нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн хонинууд юм. Миний хүү Н.Батсуурь өөрөө хохирогчоор оролцое гээд оролцсон юм. Намайг оролцуулъя гэсэн бол би анхнаасаа хохирогчоор оролцох байсан юм. 2017 оны 07 сарын 02-ны шөнө хонь хулгайд алдсан. 15 тооны хониноос 8 хонь олж авсан. Мөн малын хашаан дээр тохож тавьсан байсан эмээл энэ өдөр алдагдсан байсан. Манай хүү Батсуурь хонио хариулж ирээд морио аргамжиж орхиод эмээлээ малын хашаан дээр тохож орхисон байгаа юм. Ингээд өглөө босоход нь алга болсон байсан. Малаа тоолж үзэхэд 17 тооны хонь алга байх шиг байсан. Сүүлд шалгаж тоолоод 1 хонийг өөрсдөө алж идсэн, 1 хонийг хүнд зарсан гэдгээ хасаад 15 тооны хонь гэдгээ засаж мэдэгдсэн. Манайхаас 6 эм хонь, 6 төлөг, 3 эр хонь алдагдсан. Эм хонийг 120.000 төгрөгөөр, төлөгийг  90.000 төгрөгөөр, эр хонийг  190.000 төгрөгөөр үнэлсэн. Эмээлийг 300.000 төгрөгөөр үнэлсэн. Хохиролоо нэхэмжилж байна .....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 134-138 дугаар хуудас/

4.Гэрч С.Энхжаргалын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг. 2017 оны 07 сарын 03-ны өдөр над руу манай сумын иргэн болох Н.Батсуурь, Н.Чимид гэх хөгшин утсаар ярьж манай хоттой хониноос 10 гаран тооны хонь хулгайлсан байна гэхээр нь яг хэдэн тооны ямар зүсмийн хонь дутсан байна тоолж мэдээд наашаа хүрээд ир гэж хэлсэн. Ингээд удалгүй Батсуурь ирсэн надад хэлэхдээ 17 тооны хонь дутсан байх шиг байна. Мөн малын хашаан дээр байсан орос эмээл алга болсон байна гэж хэлэхээр нь би за за хэргийн газар би очиж үзье ул мөр устгаагүй биз дээ гэж хэлээд би өөрөө шууд хэргийн газар очсон гэтэл хоттой хониноос баруун урд зүг рүү хонь туугаад явсан ул мөр үүссэн байсан. Гутлын мөрийг харахад яаалуу гутал буюу бакайлны мөр байсан учир нь шөнө бороо орсон гутлын мөр их тод үүссэн байсан. Ингээд ул мөрийг устгахгүйн тулд түмпэн дээр нь тавьсан ба энэ талаар мөрдөн байцаах тасгийн дарга Батжаргалд мэдэгдсэн. Ингээд аймгийн төвөөс хошууч Наранг, шинжээч Баярсайханы хамтаар ирүүлсэн. Миний хувьд сумандаа эргүүл шалгалтаар явахад малын хулгайч “бор толгой” буюу бор зүсмийн гүү унасан архи уугаад 4-5 өдөр Алтанбулаг суманд байсан. Сумын хэдэн архичинтай нийлээд архи уугаад яваад байсан. Эхнэр нь надаас Гантулгыг асуугаад  гэрээсээ яваад алга болчихлоо наашаа явуулж туслаач гэхээр нь би олж уулзаж байсан юм. Уулзахад удалгүй явлаа өнөөдөр явлаа гэж хэлээд яваагүй архи уугаад байж байсан. Манай сумын наадам болж байхад ирсэн явж байсан нилээн хэдэн өдөр архи ууж явсан. Ингээд хэрэг гардаг өдөр Гантулгыг суманд байгаа эсэхийг хүмүүсээс асуухад хэрэг гарсан орой харихаар морио унаад ганцаараа явсан байдаг юм. Тухайн үед ямар гуталтай явсан талаар хамт байсан хүмүүүсээс нь асуухад бакайл өмссөн байсан гэж ярьдаг. Үүнээс үүдэн сэжиг таамаг маань батлагдаж, гэрт нь очиход бид нарыг хараад их эвгүй болоод сандарсан байдалтай тогтворгүй болсон. Ингээд өмсөж явсан бакайл гутал чинь хаана байна гэхэд  гэрт байгаа гэж хэлсэн ба гэр рүү нь ороод гутлыг нь хураан аваад улныхаа мөрийг харахад хэргийн газарт үүссэн байсан гутлын мөр мөн байсан. Ингээд шууд сумын төв рүү аваад ирсэн. Ингээд хэсэг хугацааны дараа би модон дунд уяад орхисон байгаа эртхэн явахгүй бол үхчихэж магадгүй гэхээр нь зам заалгаад Алтанбулаг сумын дөхөм гэх газар руу явсан юм. Ингээд явж очоод хонинуудад үзлэг шалгалт хийгээд хураан аваад хохирогчид хүлээлгэн өгсөн. Нийт 7 тооны хонь хүлээлгэн өгсөн. Маргааш өглөө нь 1 тооны хонь айлын гаднаас хүзүүндээ уяатай олдсон. Үүнийг мөн хүлээлгэн өгсөн. ...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 141-142 дугаар хуудас/

5.Гэрч Э.Баярсайханы 2017 оны 09 сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 07 сарын 03-ны өдөр ажил дээрээ байхад Алтанбулаг суманд малын хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн байна яаралтай ир гэж хэлсэн.Тэгээд Алтанбулаг сум руу яваад хэсгийн төлөөлөгч Энхжаргал, Хошууч Наран нарын хамтаар малаа хулгайд алдсан айлынд очоод мал тууж явсан байж болох мөр, гутлын мөр зэргийг гэрэл зургийн аргаар баримтжуулаад Энхжаргал төлөөлөгчтэй хамт хэргийн газрын үзлэг хийсэн. Ингэж үзлэг шалгалт хийж дуусаад шууд Хондын гарам гэх газар руу очсон. Гантулга гэх хүнтэй уулзаад бакайлан гутлыг нь гэр дотроос нь хураан аваад улныхаа зургийг надад үзүүлж хэргийн газарт үүссэн байсан мөртэй харьцуулаад үз гэж хэлсэн. Гэрэл зурган дээрээс өөрийн нүдээр харж харьцуулахад адил төстэй байсан. Ингээд гутлыг хураан аваад аргамжаатай байсан бор гүүний туурайг надад үзүүлсэн. Туурайн мөр нь хэргийн газар үүссэн байсан морины туурайн мөртэй хэмжээгээрээ адил төстэй байсан. Гүүний зургийг нь аваад Гантулгыг шууд Алтанбулаг сум руу аваад явсан. Тэгээд Гантулга хонийг уяж тавьсан газраа заагаад Гялаан нуурийн чиглэлтэй яваад Дөхөм гэх газар модон дунд хөлийг нь уяж тавьсан 7 хонийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгөөд аймаг руу явсан. Шөнийн 03 цагийн үед хонийг хүлээлгэж өгөөд дуусан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/

6.Хохирогч Н.Батсуурийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...Манайх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дүгээр багт амьдардаг юм. Одоо Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Гялаан нуур” гэх газарт өөрийнхөө хувийн малтай зусланд гараад байж байгаа. 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө манай хонины хашаанд хашаатай байсан ямаа, хонь нийлсэн 160 гаруй толгой малаас 17 тооны хонийг хонины хашаанаас гаргаж хулгайч авч явсан байсан. Тэгэхээр нь мөр хөөж үзэхэд манай хонины хашаанаас зүүн урагшаа явган хүн тууж яваад 50 метр орчим яваад морины мөр байсан. Ингээд малаа алдсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм.  Алдсан малаа олж авах хүсэлтэй байна.   ...гэх мэдүүлэг, / хх-ийн 19-р ху/,

7.Хохирогч Н.Батсуурийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Манай мал миний төрсөн ээж, дүү нарын нэр дээр малын А Данстай байгаа боловч миний ээж өндөр настай, дүү ажилтай тул энэ хэрэгт намайг хохирогчоор оруулах саналыг гаргаж байна. 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө манай хоттой хониноос 15 хонь хулгайд алдсан юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж мэдэгдсэн. Ингээд төвөөс ирсэн хэсгийн төлөөлөгчтэй алдагдсан малаа хайж яваад 2017 оны 07 дугаар сарын 03-ны 23 цагийн орчим байх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн нутаг болох “Мухар дөхөм” гэх газарт уулны модон дотор 7 тооны хонийг хөлийг нь уясан байдалтай байхад нь олж авсан. Мөн Ганбаатар ахын хонинд шар толгойтой эр хонь байсныг олж авсан. Одоо 7 тооны хонь алга байна. Миний алдсан 15 тооны хониноос эм хонь 6, эр төлөг 6, нас гүйцсэн эр хонь 3, одоо олдохгүй байгаа хониноос улаан хүзүүтэй содон эр хонь, хар халзан, шар нүдтэй хонь, бусад нь хар хүзүүтэй хонь байсан. Би нийт алдсан 15 хонио нас хүйс зүсээр нь зах зээлийн ханшаар үнэлсэн. Эм хонь 6 байгааг нэг хонио 120,000 төгрөгөөр бодож 720,000 төгрөг, эр төлөг 6 байгааг нэгийг нь 90,000 төгрөгөөр, нас гүйцсэн эр хонь 3 байгааг нэгийг нь 140,000 төгрөг, нийтдээ 1.680.000 төгрөгөөр үнэлж байна. Надад нэхэмжлэх зүйл гэвэл олдохгүй байгаа 7 тооны хонь, мөн манай хонийг авч явсан хулгайч хонины хашаан дээр байсан орос цэрэг эмээл авч явсан байсан тул эмээлийг мөн нэхэмжлэх болно. Би алдсан орос эмээлийг зах зээлийн ханшаар 300,000 төгрөгөөр үнэлж байна. Яагаад гэвэл миний эмээлийн гөлөм, олом, дөрөө нь шинэ байгаа. ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

8.Хохирогч Н.Батсуурийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ...Хонио алдагддаг орой хонь ямаагаа хашаанд нь оруулж хаалгыг нь уяагаар уясан юм. Энэ өдөр малаа нэг бүрчлэн тоолж хашаанд нь оруулсан. Тоо ёсоороо байсан, нийт 140 тооны хонь, ямаа, ишиг, хурга байдаг юм. Ингэж тоолж оруулаад өглөө босоод ирэхэд хониноос дутсан хашааны хаалгыг нь дутуу хагас хаасан байдалтай малын хашааны гадна 2 тооны хонь, ямаа байсан хашаанаас гарсан байдалтай байж байсан. Үнэхээр 15 тооны хонь хулгайд алдсан хүлээн авахдаа 8 тооны хонь хүлээн авсан. Бусад 7 тооны хонь, орос эмээлийг хүлээн аваагүй. Би юу гэж алдаагүй зүйлээ алдсан гэж худал хэлэх билээ дээ. 7 хонийг яасныг нь мэдэхгүй байна. Энэ хүнээс л гарцаагүй юм. ...гэх мэдүүлэг, /хавтатс хэргийн 22 дугаар хуудас/,

9.Гэрч Д.Хүрэлчулууны 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 04 цаг 30 минутын үед адуунд явах гээд босч өөрийн хүрэн зүсмийн морьтой Мухар дөхөм рүү явж байтал Мөнхбат гэх айлын өнгөрсөн шороон замын хажууд шар халзан хонь хүзүүндээ аргамжаатай сул явж байхаар нь би айлын хонь байх гэж бодоод Алтанбулаг сумын харъяат Ганбаа гэх айлд авчирч хонинд нь тавьсан. Ингээд би адуундаа явсан. ...гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,         

           10.Гэрч Ч.Ганбаатарын 2017 оны 07  дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ... 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед байх гэрийн гадна морьтой хүн ирж намайг дуудсан гарч ирэхэд манай сумын Хүрэлчулууны хүрэн морь байсан. Тэгээд Хүрэлчулуун “танай ойр замын хажууд модны хаяанд энэ шар халзан эр хонь хүзүүндээ аргамжаатай явж байна” гэж хэлээд “толгой хониндоо нийлүүлчих үү” гэсэн тэгэхээр нь “за” гэж хэлээд тэр шар халзан хонийг хониндоо нийлүүлсэн. Ингээд 08 цагийн үед Батсуурь гэж залуу “манай хонины хашаан дээр байсан эмээл алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд буцаж 20-30 минутын дараа ирээд хонь алга болсон байна гэж хэлсэн. Тэр үед би хонинд явсан байсан. ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 27дугаар хуудас/,

            11.Гэрч П.Ундрамын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... 2017 оны 07 дугаар сарын 03-ны өглөө 05 цагийн үед байх гэрийн гадна морьтой хүн ирж манай нөхөр Ганбаатарыг дуудсан. Манай нөхөр гараад буцаж орж ирэхдээ “Хүрэлчулуун нэг тооны шар халзан эр хонь авчирч тавьсан” гэж хэлсэн. Ингээд 08 цагийн үед Батсуурь гэж залуу “манай хонины хашаан дээр байсан эмээл алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд буцаж 20-30 минутын дараа ирээд 10 гаруй хонь алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би “өнөөдөр өглөө Хүрэлчулуун адуунд явж байгаад олсон” гээд нэг хонь авчирч тавьсан гэж хэлсэн. Тэр хонь манай хонинд байгаа гэж хэлсэн. Ингээд Батсуурь мөр хөөж үзнэ гээд явсан. ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,

           12.Гэрч Т.Өнөржаргалын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манайх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багт зусч байгаа юм. Манай гэр бүлийн хүн болох Б.Гантулга нь Алтанбулаг сумын баяр наадам д 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр яваад орой буцаж ирээд маргааш нь 09 цаг өнгөрч байхад бор зүсмийн гүүтэйгээ явсан. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед ирсэн. Манай нөхөр Гантулга хар өнгийн гуталтай, дээгүүрээ цагаан эрээн подвольктой явсан. Би хаагуур явсан эсэх талаар нь мэдэхгүй. Манай нөхөр ямар ч утас байхгүй болохоор гэрээс гарч явахдаа надтай ярьдаггүй юм. ...гэх мэдүүлэг, /хх 32-р ху/,

           13.Гэрч Н.Чимэдийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын  шатанд өгсөн: ... Манайх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гялаан нуур гэх газарт зусч байгаа юм. 2017 оны 07 дугаар сарын 02-ны шөнө хоттой хониноос маань 15 тооны хонь, нэг орос эмээл алдсан юм. Манай хонийг хулгайлсан нөхөр хонь авч явахдаа л тэр орос эмээлийг хамт авч явсан байгаа юм. Манай мал миний хүү Цэнд-Аюуш бид 2-н нэр дээр А данстай байгаа. Би өндөр настай, Цэнд-Аюуш байнга ажилтай явдаг тул миний хүү болох Батсуурь гэгчийг энэ асуудлыг шийдэж өг гэж хэлээд байгаа юм. Алдсан малаас 8 тооны хонийг  олж авсан. ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн  34 дүгээр  хуудас/,

             14.Гэрч Д.Цэнд-Аюушын 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:  ... Манайх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гялаан нуур гэх газарт зусч байгаа юм. 2017 оны 07 дугаар сарын 02-ны шөнө хоттой хониноос маань 15 тооны хонь, нэг орос эмээл алдсан юм. Ингээд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт манай ах Батсуурь мэдэгдсэн юм. Ингээд төвөөс ирсэн цагдаагийн хамт хэсгийн төлөөлөгч Энхжаргал Мухар дөхөм гэх газраас 7 хонь нуусан байсныг олж авсан юм. ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

            15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №51 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь хромон гутлын мөр байж болно.

2. Хэргийн газрын үзлэгээр зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь сэжигтэн Б.Гантулгаас хураан авсан гэх гутлын улаар үүсгэгдсэн байж болно.

3. Хэргийн газрын үзлэгээр зургийн аргаар бэхжүүлсэн гутлын мөр нь сэжигтэн Б.Гантулгаас хураан авсан гэх гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна.  гэх дүгнэлт /хх-ийн 39-р ху/,

         16.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №52 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан малын мөр нь адууны мөр байна.

2. Хэргийн газрын үзлэгээр зургийн аргаар бэхжүүлсэн малын мөр нь сэжигтэн Б.Гантулгын эзэмшлийн бор гүүний туурайгаар үүсгэгдсэн байна.

3. Хэргийн газрын үзлэгээр зургийн аргаар бэхжүүлсэн малын мөр нь сэжигтэн Б.Гантулгын эзэмшлийн бор гүүний туурайны мөртэй ерөнхий шинж тэмдгүүдээрээ тохирч байна. гэх дүгнэлт /хх-ийн 43-р ху/,

17.Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын  02-нд  сэжигтнээр  өгсөн:    ...Би 2017 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын баяр наадам үзчихээд гэр рүүгээ буцаж явах замдаа Алтанбулаг сумын “Гялаан нуур”-ын орчим зусч байгаа таньдаг айл Батсуурийн гэрт очсон. Ингээд гэрт орох гэтэл хонины хашааны гадна хэдэн тооны хонь сул байхаар нь би морьтой туугаад Дөхөм рүү явах замд “Мухар дөхөм” гэх газар уулын модон дунд нөгөө хулгай хийсэн хонио хөлөөр уяж тавьсан. Ингээд би гэртээ очсон юм. Батсуурийн хоттой хониноос 7 тооны хонийг нь хулгайлан авсан. Тэр хонио цагдаа нарт бүгдийг нь хүлээлгэн өгсөн. Би Батсуурийн хонины хашаан дээр байсан орос эмээлийг нь аваагүй. Намайг хонь авах үед бороо ороод түр зогссон байсан, тэр эмээл байсан эсэхийг би мэдэхгүй.  ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67дугаар хуудас/,

 18.Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 08 дугаар сарын 10-нд  яллагдагчаар өгсөн:  ... 2017 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны өдрийн баярт оролцож баярлаад хэдэн өдөр архи уусан. Архи ууж гадуур хоноглож энд тэнд унтаж амарч хэд хоног Алтанбулаг суманд байж байгаад харихаар Хонд руу морьтойгоо явсан юм. Ингэж явах замдаа Гялаан нуурт Сууриа гэх таньдаг залуугийнхаа гэрээр ортол хүнгүй харанхуй болохоор нь гэрээс нь гараад явтал гэрийнх нь ойролцоо хашаанд хашигдаагүй хэдэн тооны хонь байж байхаар нь аваад явчихъя гэсэн санаа гэнэт төрөөд хонинуудыг туугаад мод руу явсан. Ингэж модон дунд аваачаад гэрэл тусгаад барьж аваад нэг нэгээр нь уясан. Тухайн үед хонийг тууж явахдаа Сууриагийн тугалын хашаан дээгүүр татаж уясан байсан уяа олсыг тайлж авчихсан юм. Ингэж хонинуудыг нэг нэгээр нь уясан юм. Ингэхдээ согтуудаа хажууд нь унтаад өгсөн байсан. Өглөө босоод ирэхэд хүзүүгээрээ уяатай байсан хонь сулраад явчихсан байсан ба бусад нь тушаатай байсан. Ингээд шууд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод амраад байж байтал 18 цагийн үед байх манай эхнэр рүү цагдаагаас залгаад намайг асуусан ба эхнэр “гэртээ ирчисэн байна” гэж хэлсэн. Ингээд цагдаа нар ирж хонь хаана байгаа газрыг хэлж өгч хүлээлгэн өгсөн. Өөрийн авсан хонийг тэр чигээр нь хохирогчид хүлээлгэн өгсөн. Миний хувьд энд тэнд зарж борлуулсан зүйл огт байхгүй. Сууриа гэх залуу болохоор 15 тооны хонь, орос эмээл алдсан гэж над руу гүтгээд байгаа юм. ...гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/

19.Шүүгдэгч Б.Гантулгын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....Би өмнөх мэдүүлэгтээ хэлж ярьсан байгаа. Би өмнө нь малын хулгайн хэргээр ял шийтгүүлж байсан. Архи уусан үедээ мал харвал хулгай хийчихдэг. Би эрүүл саруул үедээ бол хулгай хийхгүй. Архи уусан согтуу үедээ мал хулгайлдаг. Өмнө дандаа үхэр, морь хулгай хийдэг байсан ба хулгай хийгээд модон дунд оруулаад уяаад орхидог байсан. Энэ байдлаараа сая хулгай хийгээд модон дунд аваачаад уяад орхисон. Хүн хайж ирээгүй бол шөнө очиж авъя гэж бодож байсан юм ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас/

20.Шүүгдэгч Б.Гантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 85-р ху/, хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-14-р ху/, , /хх 5-р ху/, мал хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хх 15-16-р ху/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, / хх 18-20-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 56-58-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч Б.Гантулгын гэм буруу, хохирогчийн эд хөрөнгийн

хохирлын талаар:

 -Хохирогч Н.Чимэдийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Хулгайд алдагдсан хонинууд миний нэр дээр бүртгэлтэй миний эзэмшлийн хонинууд юм.  2017 оны 07 сарын 02-ны шөнө хулгайд алдсан 15 тооны хониноос 8 хонь олж авсан. Мөн малын хашаан дээр тохож тавьсан байсан эмээл энэ өдөр алдагдсан байсан. Манай хүү Батсуурь хонио хариулж ирээд морио аргамжиж орхиод эмээлээ малын хашаан дээр тохож орхисон байгаа юм. Ингээд өглөө босоход нь алга болсон байсан. Малаа тоолж үзэхэд 17 тооны хонь алга байх шиг байсан. Сүүлд шалгаж тоолоод 1 хонийг өөрсдөө алж идсэн, 1 хонийг хүнд зарсан гэдгээ хасаад 15 тооны хонь гэдгээ засаж мэдэгдсэн. Манайхаас 6 эм хонь, 6 төлөг, 3 эр хонь алдагдсан. Эм хонийг 120.000 төгрөгөөр, төлөгийг  90.000 төгрөгөөр, эр хонийг  190.000 төгрөгөөр үнэлсэн. Эмээлийг 300.000 төгрөгөөр үнэлсэн. Хохиролоо нэхэмжилж байна .....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-138 дугаар хуудас/

Хохирогч Н.Чимидийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн”..Манайх 15 хонь алдсан. 8 хонийг минь эргүүлж өгсөн, цаана нь 7 хонь дутаад байгаа үүнийгээ төлүүлж авах саналтай байна, шүүх хурал, мөрдөн байцаалтанд нийт 4 удаа ирж буцлаа. Энэ зардлаа төлүүлж авмаар байна. Өөр хэлээд байх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Б.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Н.Чимэдийнхээс 8 хонь авсан. Тэр шөнө их бороотой байсан. Авсан 8 хонио туугаад модон дунд уясан. Авсан хонинуудаа эргүүлээд өгсөн. Харин дахиад нэхэмжилж байгаа 7 хонийг аваагүй, өөрийн авсан 8 хонины хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна ...гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Би 2017 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын баяр наадам үзчихээд гэр рүүгээ буцаж явах замдаа Алтанбулаг сумын “Гялаан нуур”-ын орчим зусч байгаа таньдаг айл Батсуурийн гэрт очсон. Ингээд гэрт орох гэтэл хонины хашааны гадна хэдэн тооны хонь сул байхаар нь би морьтой туугаад Дөхөм рүү явах замд “Мухар дөхөм” гэх газар уулын модон дунд нөгөө хулгай хийсэн хонио хөлөөр уяж тавьсан. Ингээд би гэртээ очсон юм. Батсуурийн хоттой хониноос 8 тооны хонийг нь хулгайлан авсан...гэх мэдүүлэг,

Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комиссын акт /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэнгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-14 дүгээр хуудас/, мал хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас/, гэрч Д.Хүрэлчулууны /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/, Ч.Ганбаатарын /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, Т.Өнөржаргалын /хх-ийн 40-42 дугаар хуудас/, мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №51 тоот Шинжээчийн Б.Гантулгас хурааж авсан гутлын улны мөр нь хэргийн газраас авсан улны мөртэй таарч байна гэх дүгнэлт,

Шинжээчийн 2017 оны 07 сарын 28-ны өдрийн №52 тоот хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан адууны мөр нь Б.Гантулгын унаж явсан бор гүүний туурайгаар үүсгэгдсэн байна гэх дүгнэлт,

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэн Намиралын Чимэдийн 2016 оны мал тооллогын А дансны бүртгэлд 14 тооны хонь тоолуулсан тухай тооллогын бүртгэл, зэрэг баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцэхэд:

Шүүгдэгч Б.Гантулгыг 2017 оны 07 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Гялаан нуурын Хондын гарам гэх газарт зусаж байсан мөн сумын иргэн Н.Чимидийн хотноос 8 тооны хонь хулгайлж, ойн захад хөлийг нь боож тавьсан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. Б.Гантулгын энэхүү гэмт үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулсан байна.      

Иймд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Баатарын Гантулгыг мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй гэж Шүүх дүгнэв.

Б.Гантулгыг Н.Чимидийн хотноос нийт 15 тооны хонь хулгайлсан гэж прокуророос дүгнэж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгээр 8 тооны хонь хулгайлсан нь тогтоогдож байна. Учир нь: Шүүгдэгч Гантулга нь 7 тооны хонины хөлийг боож, ойн захад орхисныг мөрдөгч, цагдаагийн ажилтнууд хэргийн газраас хүлээж авсан, замд явсан 1 хонийг Ганбаатарын хотонд нийлүүлснийг хүлээж авсан байдал тогтоогдсон ба хохирогч Н.Чимидийн 15 хонь хулгайлсан тухай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шалгасан боловч шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдохгүй байна. Гэтэл иргэн Н.Чимидийн 2016 оны мал тооллогын бүртгэлээс харахад 14 хонь тоолуулсан байна. Энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт Н.Чимид өөрөө “манайх 14 хонь тоолуулсан нь үнэн, манай малд өөр айлын мал байхгүй, Батсуурийн мал тусдаа өөрийнх нь маллагаанд явдаг, 14 хоньтой байсан” гэсэн мэдүүлэгээр 15 толгой хонь хулгайлсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Б.Гантулгыг Н.Чимидийн хотноос 8 тооны хонь хулгайлсан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцвол зохино. Үйлдэл холбогдлоос 7 тооны хонь хулгайлсан нь тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гантулгын гэм буруугийн талаар өгсөн улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсны, уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэдэг дээр эсрэг санал гараагүй, гэм буруугийн талаар маргаангүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.   

Эдгээр нөхцөл байдлууд нь хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангаж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.

    Иймд шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Хохирогч Н.Чимид нь цагдаа, шүүхэд дуудагдсаны улмаас ирж очсон нийт 4 удаа нааш цааш явсны зардал нэхэмжилж байгаа боловч хэдэн төгрөг зарцуулсан болох хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй бөгөөд энэ талын баримт сэлт шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээвэл зохино.

                          2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

   2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах”  гэмт хэрэгт “...240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл  зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, заасан ялаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хир хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан  6 сарын хугацаагаар хорих ялыг үндсэн ялаар сонгон авч хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч Б.Гантулга нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг урт уяа, 7 ширхэг богино уяа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баатад овогт Баатарын Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар бүлгийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баатад овогт Баатарын Гантулгад  6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Гантулгад оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Б.Гантулга нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Хохирогч Н.Чимидээс цагдаа шүүхэд дуудагпсаны улмаас ирж очсоны зардал нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

6. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг урт уяа, 7 ширхэг богино уяа зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

7.Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал гараагүй болохыг дурьдсугай.

8.Шүүгдэгч Б.Гантулгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Б.НАЦАГДОРЖ