Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2024/00339

 

                                                      

 

 

 

 

 

                2024           04             02  

                                130/ШШ2024/00339

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суудаг, Т овогт Ц.Т (утас:*************),

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суух, Б овогт Б.Б (утас:***************);

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 275,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 161,000 төгрөг, нийт 6,036,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Т,

Хариуцагч Б.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Т нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.Бт холбогдуулан “түрээсийн төлбөр 4,900,000 төгрөг, ажлын хөлс 275,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 161,000 төгрөг, нийт 5,336,000 төгрөг” гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 8 сарын түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 275,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 161,000 төгрөг, нийт 6,036,000 төгрөг гаргуулах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.2023 оны 9-р сарын 26-нд бидний урьд жилийн гэрээ дууссан. Энэ үед түрээслэгч гарна гэвэл идэр ес, өвөл биш намар байсан тул гарна гэвэл гарч болох хугацаа байсан. Тэгээд түрээслэгч Б.Бээс “цааш суух уу, суувал гэрээ хийнэ” гэхэд “үргэлжлүүлэн сууна” гэснээр гэрээний 1%-ийг 2023.09.26-д өгсөн. Энэ хугацаа гэрээний хамгийн төгсгөлд бичигдсэн. Б.Б гэрээний Д-2-ын дагуу ярья гэхээр сонсолгүй чих дөжрөм чанга орилж, яг гарч байгаа асуудал маргааны талаар сонсолгүй өөр зүйл ярьж, булзааруулж ганцаараа ороход аймаар чанга дарангуйлдаг тул зарчимч шаардлагыг хаая хүн байхад хэлж амжиж, заримдаа хөдөлшгүйгээр бичээд өгчихдөг байсан.

1.2.Би хашир хүний хувьд эргэж буцвал, хүйтрэхээс өмнө гарвал өрөө асууж ирж байгаа хүмүүсээс ооруулъя гэж бодоод 14 хоног харзнаж байгаад 2023.10.10-нд хүйтэрч хүн амьтан байршилдаа тогтдог тул албан ёсны гэрээг 2 талаас харилцан тохиролцож нотариатаар баталгаажуулсан. Нотариатын баримт он сартайгаа сүүлийн хуудсанд бий. Гэрээ 2023.09.26-2024.09.26 хүртэл хийгдсэн. Энэ нь гэрээний заалтын А-2-т бий.

1.3.Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын 02-ны үед түрээслэгч Б нь “наашаа ороод ир” гэснээр ороход “мэдэгдэл ав, манай нөхөр Ц компанийн эзний хамаатан, бид тийшээ нүүлээ, орныхоо хүнийг би оруулна” гэж дангаараа мэддэг миний дарга шиг ярьсан. Хүн оруулна гэдэг нь гэрээ зөрчиж гарах гэсэн шалтаг байдаг гэдгийг би мэднэ. Үнэхээр оруулах байсан бол хүн дагуулж ирж энэ хүн намайг гарангуут орно, гэрээ тасрахгүй хийцгээ гэсэн бол өөр байх байсан. Тэгээд ч нөхөрсгөөр гэрээний Д-ийн 2-оор ярьж болох байсан. Миний уур хүрч “Чи намар саяхан 3 сарын өмнө сууна гээд хариуцлагатай гэрээ хийсэн биз дээ. Би гэрээ зөрчөөгүй, зөрчих ч үгүй. Анх би чамайг дуудаагүй, чи 2-3 газар дамжиж над дээр өөрөө гүйж ирж гуйж ороо биз дээ. 1 жилийн өмнө чи өөрөө хэлж байсан. Танайд ороод туршлагажлаа, хүүхдээ сургалаа, та ёстой цэвэрч асар хөдөлмөрч хүн юм гэж байсан. Одоо манайхаас хөлжиж аваад надад мэдэгдэл өгөхөөс ичихгүй юу? Би их далд санаатай, юуг ч дийлчихнэ мундаг гэж өөрийгөө бодоо юу, энэ үйлдлийг чинь тэжээсэн бяруу гэрэг эвдэнэ гэдэг юм, чам шиг хүнийг шүүдэг шүүх гэж байдаг юм. Гэрээний В-ийн 9-ийг өөртөө ашиглана гэвэл арга ядсан хүний арга. Түүнд үгийн алдаа гарч түрээслэгчид гэхийг түрээслүүлэгчид гэж орсон нь бий. Хоорондох ялгаа нь тодоос тод, гэрээ дуусгавар болоход нэг нь гарч нэг нь юм эрхлэхээр бол 1 сарын өмнө нэг нэгэндээ мэдэгдэнэ гэсэн байгаа. Энэ нь 2024 оны 8-р сарын 26-ны буюу гэрээ дуусахаас 1 сарын өмнө гэснийг чи гэрээ зөрчиж гарах шалтгаа болгох гэсэн байна. Наад мэдэгдэл гэдгийг чинь би авахгүй, чи шүүхэд авч очвол оч” гээд гарч явсан.

1.4.Ид өвлийн хүйтэнд түрээслэгч тал гэрээ ноцтой зөрчиж гарна гэсэн тул ойлгоосой гэж бодоод гэрээний В-ийн 9-ийг тайлбарласан зөвлөмж мэдэгдэл хүргэж өгөхөд тоох ч үгүй байсан. Гэрээний В-ийн 9-ийг өөрөө зөрчиж буруугаар ашиглах гэж оролдсоноо дотроо мэдэж байгаа нь царайд нь ил байсан. Мөн намайг дуудаж өрөөндөө оруулахдаа “Та манай цуг ажилладаг үсчинд намайг гаргана гэж хэлсэн байсан” гэж огт хэлээгүй зүйл ичих ч үгүй гөрдөн хэлж байсан. Яаж ч бодоод би ид өвлийн хүйтэнд гэрээ зөрчиж нэг тогооноос хоол иддэг үсчин түрээслэгчийг гаргаж байх юм. Бүх хүн хөдөлгөөнгүй болчихсон байхад би өөрөө барилгын 2 давхрыг цэвэрлэдэг, өглөө ирж шалгахад цуг ажилладаг үсчин нь 2 давхрын цонхны урд бас нэг охинтой цуг хэд хэдэн банди залуучуудтай зам хааж зогсдог. Тэгэхэд би түүнд “миний дүү байнга коридорт зогсох юм, 1 түлхүүрийг Б эгчээсээ аваач, Б гарна гэвэл би гэрээ дуусахаар гаргана, чи биеэ даавал дараа нь орж болно шүү дээ” гэж 100% казах хэл мэдэхгүй ч хагас дутуу хэлснийг тухайн охин дор нь үсчин Б.Бт ховлосон байсан. Ховлохдоо миний хэлснийг буруу тайлбарлаж хэлсэн үү, эсвэл Б гарах шалтаг болгож “та намайг гаргана гэсэн” гэж худал хэлсэн үү, тэгж гуйвуулъя гэж хуйвалдсан уу мэдэхгүй. Үүнээс би дахиж хүнд тус больё, өөрөө түлхүүртэй бол гэж хэзээ ч хэлэхгүй гэж шийдсэн.

1.5.Түрээслэгч нь миний нөхөр шүүхэд ажилладаг, түрээслүүлэгч хохирсон ч би шүүхэд дуудагдахгүй гэсэн үг биш байх. Мөн давхар үсчин ажиллуулдаг, туслах гэж нэрлэсэн, Б.Бээс сард 500,000 төгрөгийн цалин авдаг Жайнагүлд гэрээ зөрчиж гарахдаа үг зааж өгөөд гарах шалтаг болгоно гэвэл гэрээнд бүх журам бий. Б.Б нь 1 үсчин сууна гэж гэрээ хийсэн 1 хүний нормоор гэрээ хийж би 1 төлбөр дотроо халаалт цахилгаан, усны төлбөр төлдөг. Энэ нь нийт түрээсийн төлбөрийн 20% болдог. Дээр нь сар бүр 20%-ийг хадгалж хавар намар барилгын засварт оруулдаг. Үүнийг түрээслүүлэгч мэдэхийг ч хүсдэггүй. Намайг Улаанбаатар явах гэж байсныг түрээслэгч мэдэж байсан тул явангуут манай түлхүүрийг огт хамааралгүй Жой-н үйлчлэгч охинд өгчихсөн байсан.

1.6.Би Улаанбаатараас ирж тэр охиноос түлхүүр авч өрөөнд ороход анх засвар хийж хэвийн элэгдэлтэй оруулсан өрөөг ямар болгож гарсан зураг хавсаргасан болно. Иймд гэрээний А-2, Г-8, В-9, Г-8, Г-7-ын дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

1.6.1.Гэрээний А-2, Г-8-д зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 26-аас 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх түрээсийн төлбөр нийт 8 сарын түрээсийн төлбөр /8x700,000/= 4,900,000 төгрөг,

1.6.2.Гэрээний Г-7-ын дагуу хэвийн элэгдэлгүй хүлээлгэж өгөөгүйн улмаас хэвийн элэгдэлд оруулахад түрээслүүлэгчийн шинэчилж засвар хийхэд гаргасан ажлын хөлс, материалын төлбөрийн 50%-ыг нэхэмжилж байна. Үүнд:

- ажлын хөлс 550,000:2=275,000 төгрөг,

- засвар хийхэд авсан материал буюу пар цонхны хажуу будахад гарсан 3 ширхэг цагаан будаг /1х6500/=19,5000 төгрөг,

- 30 литр эмульс 50,0 төгрөг, 3 литр эмульс 13,000 төгрөг, өнхрүүш 2 төрөл багц 1 ширхгийн үнэ 6500 төгрөг буюу нийт 69,500 төгрөг,

- 5 уут замаск /11,000төгx5/ 55,000 төгрөг,

-  шинэ хулдаас 185,000 төгрөг

Ажлын хөлс 550,000 төгрөгт түрээслэгч Бийн нэлээд хэдэн жил суухад хананд хэдэн давхар будаг түрхсэн байсан тул гарахад будаг нь харласан цоохортсоныг хусах, замаск түрхэх, эмульсдэх, харлуулсан лампир таазыг угаах, пар цонхны хана будах, хулдаасан доор чихсэн үс хог түүж анхны хэлбэрт оруулж шинэ хулдаас дэвсэх зэрэг нь  орно.

1.7.Иймд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 8 сарын түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, ажлын хөлс 275,000 төгрөг, худалдан авсан материалын үнэ 161,000 төгрөг, нийт 6,036,000 төгрөгийг Б.Бээс гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Хариуцагч Б.Б би Өлгий сумын 5 дугаар багт байршилтай Г үйлчилгээний төвийн байрны 2 дугаар давхрын нэг өрөөг түрээслэн авч, хувиараа үсчний салоны зориулалтаар ажиллуулаад 6-7 жил болж байгаа билээ. Түрээслүүлэгч Ц,Т нь түрээслэгч Б.Б бид хоёр үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 12 сарын хугацаатай, сарын түрээсийн төлбөрийг 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр тохирч байгуулсан юм.

2.2.Түрээслүүлэгч Ц.Т нь 2023 оны 11 дүгээр сараас эхлэн түрээслэгч Б.Б намайг “Өөр байр сав эртнээс олж аваарай, би түрээсийн байрыг зочид буудлын зориулалтаар ашиглах болсон тул өөрийн хэрэгцээ. шаардлагыг үндэслэж гэрээг цуцална” гэж удаа дараа сануулж мэдэгдсэн тул түрээсийн байр хайж сураглаж байсан бөгөөд “Ц” үйлчилгээний төвөөс байр түрээслэх болж, түрээслүүлэгч Ц,Тд хандаж түрээсийн гэрээг цуцлах, дуусгавар болгох мэдэгдэл өгсөн юм. Энэ нь талуудын хооронд байгуулсан “түрээсийн гэрээ”-ний “В” хэсгийн 9 дахь заалтад заасан Түрээслүүлэгч ажлын байрандаа өөрөө үйл ажиллагаа эрхлэхээр болсон бол гэрээг зогсооно. Ингэхдээ 1 сарын өмнө мэдэгдэнэ” гэсэн гэрээний шаардлагад нийцсэн байна.

2.3.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.2 дахь хэсэгт “Хөлслүүлсэн сууцны талбай хөлслүүлэгчид өөрт нь буюу ойрын төрөл төрөгсдөд хэрэгцээтэй болсон зэрэг нөхцөлд Эд хөрөнгө хөлслөх болон түрээслэх гэрээг дуусгавар болгоно” гэж заасан байдаг. Гэтэл түрээслүүлэгч Ц,Т нь түрээсний байрыг өөртөө авч, зочид буудлын зориулалтаар ашиглах болсон тул “гэрээ дуусгавар болох” түрээслэгч миний бие Б.Б нь түрээсний гэрээг хугацаанаас өмнө цуцлах, өөр түрээсний байр олох урьдчилсан нөхцөл бий болсон юм. Өөрөө хэлбэл Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.2 дахь хэсэг, ”түрээсийн гэрээ”-ний “В” хэсгийн 9 дэх заалтад заасан үндэслэлээр түрээсний гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болсон юм.

2.4.Хариуцагч Б.Б миний бие нэхэмжлэгч Ц.Тд хандаж, түрээсийн гэрээний үлдэж байгаа хугацаанд тухайн байрыг “үсчний салон”-ы зориулалтаар ашиглах зорилготой, төлбөрийн чадвартай тогтмол үйл ажиллагаа эрхэлж байсан хүнийг санал болгож, түрээсийн гэрээг тухайн хүнд шилжүүлэн байгуулахыг уламжилсан боловч нэхэмжлэгч Ц.Т өөрөө хүлээж аваагүй, “миний дотоод асуудалд бүү оролц" гэж татгалзсан хариу өгсөн юм.

2.5.Хариуцагч Б.Б миний өөр түрээслэгчийг олж өгч, түрээсийн гэрээг цуцлах санал гаргасан явдал бол Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.4 дэх хэсэгт заасан “түрээслэгч /хөлслөгч/ гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах /түрээслэх/ хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлсөгчийг санал болгож, мэдэгдсэн бол хугацаанаас өмнө гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан хуулийн заалтад бүрэн хамаарч байх тул түрээслэгч Б.Б намайг буруутгах боломжгүй юм.

2.6.Нэхэмжлэгч /түрээслүүлэгч/ Ц.Т нь 6-7 жилий хугацаанд хөлслүүлэгч /түрээслүүлэгч/-ийн чиг үүргийг огт хэрэгжүүлж байгаагүй бөгөөд түрээсийн байранд засвар үйлчилгээ нэг ч удаа хийж байгаагүй. Анх намайг тухайн байранд ороход цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй байсан тул бохир усыг би гадагшаа гараар зөөвөрлөж, хувингаар асгадаг байсан учраас би өөрийн зардлаар сантехникийн шугам татуулж, бохирын шугамд холбуулсан, шалны хулдаасыг жил бүр сольж байсан. Чийдэн, гэрэл, залгуур зэргийг өөрөө авч тавьж байсан. Түрээслүүлэгч Ц.Т нь дээрх зардлыг надад тооцож олгоогүй болно. Энэ нь түрээслүүлэгч Ц.Т нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.2, 288.1.3-д заасан чиг үүргийг огт хэрэгжүүлээгүй болохыг нотолж байна.

2.7.Түрээсний байр нь дээврээс борооны ус алддаг болохоор зуны цагт борооны усыг цэвэрлэдэг байсан ба байнгын чийг үнэртэж, шалны хулдаас хөгцрөх, өвөл хавар чийг татаж, хүйтэн байсан учрыг хэлж, зохих арга хэмжээ авч өгөхийг хэлж түрээслэгч Ц.Тээс хүсэхэд, суухгүй бол гараад яв, чамайг гуйхгүй түрээслэгч хангалтай, шалтаг тоож байвал хөөж гаргана гэж зандарсан хариулт хэлдэг, ширүүн догшин харьцаатай, тэрнээс гадна өрөөндөө ус буцалгаж уулгадаггүй байсан, уух усаа байнга гэрээс аваачдаг, ажлын газарт оройн 20:00 цагаас хойш ажилдуулдаггүй, түүнээс болж бусад түрээслэгчид бүгд байрнаас гараад явсан. Түрээслэгчдэд байнга ажлын байрны дарамт үзүүлдэг хүн байгаа юм. Иргэнийн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3-т зааснаар түрээслүүлэгч Ц.Т нь ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх, жил бүр засвар үйлчилгээ, эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээ хангасан түрээсний байраар хангах үүргээ зөрчсөөр ирсэн нь гэрээг цуцлах угтвар нөхцөл болсон юм.

2.8.Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.3-1 зааснаар түрээсний байрны дээврээс борооны ус нэвт алддаг, өвөл сэрүүн хүйтэн байх, халаалтын шугамын буруу холболт зэрэг нь түрээслэгч миний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, аюул учруулж болзошгүй, мөн түрээсний хөлсийг ямар ч шалтгаангүй гэрээг зөрчиж нэмэгдүүлдэг тул хугацаанаас өмнө гэрээг цуцлах өөр нэг шалтгаан юм.

2.9.Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсгийн 300.1.1-т заасан “Хөлслүүлэгч эд хөрөнгийн доголдлын талаарх хүлээх хариуцлага” мөн зүйлийн 300.1.2-т заасан гэрээг цуцлах эрхийг огт заагаагүй. (энэ нь гэрээг цуцлах эрхийг хассан буюу хязгаарласан) байх тул, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 300 дугаар зүйлийн 300.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх гэрээ болох нь тогтоогдож байх тул нотлох баримтаар тооцохгүй, нотлох баримтаас хасаж тооцохыг уламжилж байна.

2.10.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт “Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ" гэж заасан байдаг. Мөн хуулийн 318.4 дэх хэсэгт энэ шаардлагыг хангаагүй буюу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэжээ. Хуулийн энэ заалтаар түрээслүүлэгч Ц.Т түрээслэгч Б.Б нарын хооронд 2023 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ” нь улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэлгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ болох юм. Иймд нотлох баримтаар үнэлэх боломжгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

2.11.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасныг үндэслэн Ц.Тий нэхэмжилсэн түрээсний төлбөр болох 6,036,000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчээс 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан гэх түрээсийн гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан гэх түрээсийн гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан гэх түрээсийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрээний нэг тал Бт албан ёсны хариу мэдэгдэл гэх гарчих бүхий бичвэр, “Хаяж завааруулж гарсан нь. Нууцаар хүлээлгэлгүйгээр гарсан” гэх бичвэр бүхий 3 хуудас гэрэл зураг, “2024.02.20 Засвар хийсний дараа” гэх бичвэр бүхий гэрэл зураг 1 хуудас, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Бейсенбекийн тодорхойлолт, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн М.Өмирбекийн Зарлагын баримт, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Бай бесик” барилга ХХК-ийн зарлагын баримт, А.Мы тодорхойлолт, нэмэлт тайлбар, Х.Хуатханы тодорхойлолт, “Анхааруулга. 2021.09.26-ны өдөр хийгдсэн гэрээний түрээслэгч Б.Бт” гэх гарчигтай бичвэр, “Үсчин гэрээний нэг тал албан ёсны мэдэгдэл ажлын байранд хүргүүлэв” гэх гарчигтай бичвэр, “Гэрээний нэг тал Б танаа” гэх гарчигтай бичвэр, “Суат” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас “Hotel” гэж хадсан хаягийг харуулсан 1 ширхэг гэрэл зургийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Ц.Т дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Түрээслэгч Б.Б нь түрээслүүлэгч Ц.Т надаас 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар үсчин ажиллуулах зорилгоор гэрээний үндсэн дээр ажлын байр түрээсэлж авсан боловч гэрээний хугацаа дуусахаас өмнө дур мэдэн, нууцаар түрээсийн байрнаас гарч явсан тул 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх нийт 8 сарын түрээсийн төлбөр 5,600,000 төгрөг, түрээсийн байрыг засварлахад гарсан ажлын хөлсний тал 275,000 төгрөг болон материалын үнийн тал болох 161,000 төгрөг, нийт 6,036,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн байна.

7.Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...нэхэмжлэгч Ц.Тд гарахаас өмнө мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгч, түрээсэлж авах өөр хүнийг олж өгсөн, түүнчлэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус болох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Нэхэмжлэгч Ц.Т өөрийн өмчлөлийн ************* нутаг дэвсгэрт байрлах “Г” төвийн 2 дугаар давхар үл хөдлөх хөрөнгийн хоёр давхраас 2м.кв  талбайтай нэг өрөөг үйлчилгээний зориулалтаар буюу “Үсчин”-ийн үйл ажиллагаа явуулахаар хариуцагч Б.Бт 2017 оноос түрээслүүлсэн нь хэрэгт авагдсан тэдний хооронд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”, мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ээр тус тус нотлогдож байна.

8.2.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-д “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч Ц.Т нь ************* “Г” төвийн 2 дугаар давхар үл хөдлөх хөрөнгийн хоёр давхраас 2 м.кв талбайтай нэг өрөөг хариуцагч Б.Бт үсчний үйл ажиллагаа явуулахаар түрээслүүлэн 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Түрээсийн гэрээ”-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байна.

 Нэхэмжлэгч тухайн ************* “Г” төвийн 2 дугаар давхар үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус нэг өрөөг хариуцагчид түрээслүүлсэн тул тухайн 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-г үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхгүйгээр бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан, мөн түрээсийн гэрээгээр нийтлэг үндэслэл, гэрээний зүйл, түрээсийн төлбөр, гэрээний хугацаа, талуудын эрх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах үндэслэл, маргаан шийдвэрлэх журам, бусад зэрэг асуудлыг тус тус тусгасан байна.

Тодруулбал, зохигчийн хооронд байгуулагдсан эд хөрөнгө түрээслэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан бөгөөд харин түрээсийн зүйл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг тул гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй юм.

8.3.Зохигчдын 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний А нийтлэг үндэслэлийн 2-т “Гэрээний хугацаа 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байна”, 3-д “Түрээсийн төлбөр сард 700,000 төгрөг” гэж тохиролцсон байна.

8.4.Нэхэмжлэгч Ц.Т нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа “...хариуцагч (түрээслэгч) Б.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны үед мэдэгдэл ав, манай нөхөр Ц компанийн хамаатан, бид тийшээ нүүлээ орныхоо хүнийг би оруулна...гэж дангаараа мэдэгдээд миний дарга шиг ярьсан” гэсэн байна. Үүгээр хариуцагч Б.Б нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр түрээсийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх сар бүрийн түрээсийн үнийг түрээслүүлэгчид бүрэн төлсөн болох нь нотлогдож байна.

8.5.Талуудын 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-нд гэрээнээс татгалзах тухай тодорхой хугацааны өмнө мэдэгдэх талаар тохиролцоогүй буюу тусгаагүй боловч хариуцагч Б.Б нь түрээсийн гэрээнээс  татгалзаж байгаагаа нэхэмжлэгч 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн нь талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч Т.Б нь 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-г цуцлах тухайгаа нэхэмжлэгчид 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэн, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл түрээсийн төлбөрөө төлж, түрээсийн өрөөг суллаж өгсөн нь дээрх нотлох баримтаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Ц.Тий 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх 8 сарын  түрээсийн мөнгө 5,600,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.  

8.6.Харин 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний 7-д түрээслэгч нь ажлын байрнаас гарахдаа ажлын байраа хэвийн элэгдэлтэй хүлээлгэнэ өгнө” гэж, мөн Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-т “Түрээслэгч нь түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож, түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

Талуудын 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ” нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсноор хариуцагч (түрээслэгч) Б.Б нь  нэлээд хэдэн жил түрээслэн үсчний үйл ажиллагаа явуулсан өрөөний элэгдлийг хэрхэн тооцож хүлээлгэн  өгсөн тухай нотлох баримт байхгүй байна.

8.7.Нэхэмжлэгч Ц.Тий хариуцагч (түрээслэгч) Б.Б-т түрээслүүлсэн өрөөний хананы будаг нь харласан цоохортсоныг хусах, замаск түрхэх, эмульсдэх, харлуулсан лампир таазыг угаах, пар цонхны хана будах, хулдаасан доор чихсэн үс хог түүж анхны хэлбэрт оруулж шинэ хулдаас дэвсэх зэрэг нь  хэрэгт авагдсан гэрэл зургаар нотлогдож байгаа ба үүнийг хариуцагч үгүйсгэх нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Иймд хариуцагч (түрээслэгч) Б.Бийн нэлээд хэдэн жил түрээслэн үсчний үйл ажиллагаа явуулсан өрөөний элэгдлийг нэхэмжлэгч Ц.Т өөрийн зардлаар засаж сайжруулахад төлсөн ажлын хөлсний тавин хувь болох 275,000 төгрөг, засварын материалын үнийн тавин хувь болох 161,000 төгрөг бүгд 436,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Т нь өөрийн зардлаар хариуцагчид түрээслүүлсэн өрөөг засварлаж, засаж сайжруулахад ажлын хөлсөнд 550,000 төгрөг төлсөн нь А.Мы “ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 25-ны  хооронд Ц.Т эгчийн “Г”-ны 2 давхрын үсчин байгаад гарсан 26м2 өрөөнд засвар хийж өгөхөд ажлын хөлсөнд 550,000 төгрөг авсан” гэсэн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор, мөн засварын материалын үнэ бүгд 332,000 төгрөг зарцуулсан гэдэг нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн М.Өмирбек гэж тамга дарсан “Зарлагын баримт”-нд: Эмульс 1ш нэг бүрийн үнэ 63,000 төгрөг, өнхрүүш 2ш нэг бүрийн үнэ 3000 бүгд 6000 төгрөг, багсны үнэ 500 төгрөг, нийтдээ 69,500 төгрөг, мөн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Бай бесик” барилга ХХК-ний тамгатай “Зарлагын баримт”-нд: цагаан замаск 5ш нэг бүрийн үнэ 11,000 төгрөг бүгд 55,000 төгрөг, цагаан будаг 3 ш нэг бүрийн үнэ 6,500 төгрөг бүгд 19,500 төгрөг, нийтдээ 74,500 төгрөг гэсэн бичилтээр, мөн 13 метр хулдаас нэг метрийг 14,500 төгрөг тооцож 188,500 төгрөгт хулдаас авсан гэдэг нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Бейсенбекийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

9.Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бээс түрээсэлсэн эд хөрөнгийг засан сайжруулалтад гарсан  зардалд 436,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 8 сарын түрээсийн төлбөр 5,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10.Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Гэрээний нэг тал Бт албан ёсны хариу мэдэгдэл” гэх гар бичвэр, Х.Хуатханы тодорхойлолт, “Анхааруулга. 2021.09.26-ны өдөр хийгдсэн гэрээний түрээслэгч Б.Бт” гэх гар бичвэр, “Үсчин гэрээний нэг тал албан ёсны мэдэгдэл ажлын байранд хүргүүлэв” гэх гар бичвэр, “Гэрээний нэг тал Б танаа” гэх гарчигтай бичвэр, “Суат” ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэл, хариуцагчаас гаргаж өгсөн “Hotel” гэсэн хаяг бүхий барилгын гадна талын зураг зэрэг бичгийн нотлох баримт нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Т нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага 5,336,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 100,374 төгрөг төлсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 700,000 төгрөгөөр ихэсгэхэд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй ба нэхэмжлэлийн шаардлага 6,036,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 111,526 төгрөг байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн өмнө төлсөн улсын тэмдэгтийн хураамж 100,374 төгрөгийг, мөн төлөгдөөгүй зөрүү 11,152 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан тус тус улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэмжээ 436,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 13,730 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Б-ээс түрээсэлсэн эд хөрөнгийг засан сайжруулалтад гарсан  зардалд 436,000 (дөрвөн зуун гучин зургаан мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 8 сарын түрээсийн төлбөр 5,600,000 (таван сая зургаан зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Т-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,374 (нэг зуун мянга гурван зуун далан дөрвөн) төгрөгийг, мөн нэхэмжлэгч Ц.Т-ээс төлөгдөөгүй улсын тэмдэгтийн хураамжийн  зөрүү 11,152 (арван нэгэн мянга нэг зуун тавин хоёр) төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож, хариуцагч Б.Бээс 13,730 (арван гурван мянга долоон зуун гучин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Тд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК