Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/126

 

 

             

Н.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч Н.Эы өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзий 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 51 прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Н.Эд холбогдох 2110014750786 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

оршин суух, ял шийтгэлгүй;   

Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Е Март” худалдааны төвөөс тус худалдааны төвд худалдан борлуулагдаж байсан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох тасдагч бахийг учрах саадыг арилгах зорилгоор ашиглан нэр бүхий 9 ширхэг вино, коняк виски, мөн бэлтгэлийн цамц 1 ширхэг зэргийн дохиоллыг тастаж нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч “Скай хайпермаркет" ХХК-д 3.067.240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Эы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Н.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Н.Э “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд шүүгдэгч Н.Эыг Улаанбаатар хотоос явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар тасдагч бахь 1 ширхэг, дохиолол мэдрэгч 10 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Е Март” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж, шүүгдэгч Э.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.   

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” хулгайлах гэмт хэргйиг үйлдсэн бол хүндрүүлэн үзэхээр хуульчилсан.

Хуулийн тайлбарт “...тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд уг тайлбар нь бусад гэмт хэргийн тухайд иш татан хэрэглэгдэхээр хуульчилсан.

Хулгайлах гэмт хэргийн хувьд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн шинж нь учрах саадыг арилгахад, мөн хулгайлах гэмт үйлдлийг хөнгөвчлөхөд чиглэсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд тухайн багаж хэрэгслийг ашиглахгүйгээр гэмт хэргийг үйлдэж чадахгүйгээс гадна хулгайлах гэмт хэргийн гол шинж болох эзэмшигч, өмчлөгчид нь мэдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авах гол шинжийг хангадаг.

Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Н.Э нь “И март” худалдааны төвөөс нэр бүхий эд хөрөнгийг хулгайлан авахад тухайн эд хөрөнгийг алдахаас хамгаалах зорилгоор тэдгээрт хийсэн дохиолол бүхий хамгаалалтын эд зүйлийг гараар тасдах боломжгүйгээс гадна тухайн дохиоллыг салгахгүйгээр тус худалдааны төвөөс эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч гарах буюу хулгайлах боломжгүй байсан.

Шүүгдэгч Н.Э дээрх гэмт хэргийг үйлдэхдээ үргэлжилсэн 11 удаагийн үйлдлээр үйлдсэн ба тухайн тасдагч багажийг тус худалдааны төвд байгаа болохыг урдаас мэдэж тухайн багажаар дохиололыг тасдах боломжтойг төлөвлөж бэлтгэсэн нь учрах саадыг арилгах зорилгоор урьдчилан бэлтгэсэн нөхцөл байдлыг нотолж байна.

Иймд Хан-Уул дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЗ/636 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэргийн 42 дугаар талд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, мөн 118 дугаар тал яллах дүгнэлтэд прокуророос “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох тастагч бахийг учирах саадыг арилгах зорилгоор ашигласан гэмт хэрэг үйлдсэн байна” гэж хүндрүүлж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “учирах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн эд зүйл ...” гэдэг хоёр ойлголтыг прокуророос “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж үзсэн. Өмгөөлөгчийн зүгээс тусгайлан бэлтгэсэн гэж үзэхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайбарт тусгайлан бэлтгэсэн зүйлийн талаар тодорхой тайлбарласан. Уг тайлбараар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан байхыг шаарддаг. Гэтэл ямар нэгэн байдлаар тусгайлан бэлтгээгүй, тохиолдлын шинж чанартайгаар худалдаалагдаж байсан тастагч бахийг тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан. Засаж тохируулсан зүйл байхгүй. Үйлдвэрээс гарсан өөрийнх нь хийцээр нь ашигласан. Хохирогч Батцэнгэлийн мэдүүлээд байгаа дохиололын таг, чип гэж мэдүүлээд байгаа зүйлийг яг юу болохыг нарийн тогтоож шалгаагүй. Тухайн таг, чип нь ямар зориулалттай байсан болохыг шинжээчийн дүгнэлт гаргуулж шалгаагүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Н.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийг 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлснийг шүүх “...учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжгүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн үндэслэлгүй шийдвэр болжээ.

 Н.Эы хулгайлан авсан “Е Март” худалдааны төвд худалдаалагдаж байсан вино, конъяк, виски, бэлтгэлийн цамц зэрэг нь төлбөрийг төлж байж салгах дохиололтой ба уг дохиоллыг тухайн эд зүйлсээс салгахын тулд дэлгүүрт худалдаалагддаг бахийг ашигладаг болох нь хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн “...15:40 багажны тасаг ороод бахь авч байгаа...” камерийн бичлэг /хх 67/, гэрч Л.Лхагватамжидын “...бүгд төстэй, манайхаас бараа авч, мөн бахь авч хувцасны өрөөнд орж дохиоллыг нь тасдаж, барааг цүнхэндээ хийж авч гардаг. Гарахдаа ганц ширхэг цэвэр ус авч тооцоогоо хийж гардаг. ...” /хх 27/, хохирогч Ч.Батцэнгэлийн “...уг хүн нь манай барилгын материалын бараанаас багаж аваад уг виски болон барааны дохиоллын /таг/ чипийг салгаж авч гардаг байсан. Хувцас солих өрөөнд тасдаад тагийг нь тэнд нь үлдээдэг байсныг хамгаалагч нар олдог байсан. ...” /хх105/ гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Н.Эы 11 удаагийн үйлдлээр тус дэлгүүрийн эд зүйлсээс дохиоллыг салгах зорилгоор урьдчилан барилгын материалын тасгаас “бахь” авч бэлтгэж, түүнийг хэрэглэж, эд зүйлсийн дохиоллын чип /таг/-ийг тасдан салгаж авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн...” гэж үзэх эсэхэд анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх шаардлагатай байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбараас үзэхэд “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж ...эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн ...эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж заасан ба Н.Эы дохиоллын чипийг  эд зүйлсээс тасдан салгаж, тухайн эд зүйлсийг захиран зарцуулах боломжийг өөртөө бий болгох зорилгоор зориуд барилгын материалын тасгаас бахийг өөртөө олж авч бэлтгээд, тус бахийг хэрэглэсэн үйлдлийг “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл /бахь/ хэрэглэж үйлдсэн...” гэж үзэхээр байна.  

 Иймд шийтгэх тогтоолд бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/636 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Эд холбогдох 2110014750786 дугаартай эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ,

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ

              ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ