Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0740

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г овогт Г-ын Ж******** /РД: УУ********/

Нэхэмжлэгч:Д овогт Ж-ийн З****** /РД: ДБ********/

Нэхэмжлэгч: Б овогт Д-ийн Б******* /РД: ХА********/

Нэхэмжлэгч:О овогт Ж-ийн Э******* /РД: ЧЕ*********/

Нэхэмжлэгч:Ё овогт Ч-ын Б******** /РД: ШЗ*******/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын “Газар албадан чөлөөлөх тухай“ захиргааны хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  Г.Ж*********, Ж.Э*********, Ж.З*****, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Б**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*********** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүлин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч нараас “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/**8дугаартай захирамжийн хавсралтын Сонгинохайрхан дүүргийн 1** дугаар хорооны ** дүгээр хороолол, * дугаар байрны зүүн талд баригдсан гараашнуудын нэхэмжлэгч Г.Ж*********, Ж.З*****, Д.Б*********, Ж.Э*********, Ч.Б********** нарын 1, 2, 7, 9, 10 тоот гараашнуудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлон маргасан.

            Хоёр. Маргаан бүхий үйл баримтын болон процессын талаар дурдвал:

            2.1. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/** дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” захирамжаар[1] иргэн Б.М******т 1 дүгээр хороололд 2 дугаар байрны зүүн талд автогражийн зориулалтаар 0,009 га газрыг 2 жилийн хугацаатай олгосон байна. 

            2.2.  Иргэн Б.М****** дээрх газар дээр авто машины зориулалт бүхий гараашийг барьж, нэхэмжлэгчид болох Г.Ж********* гарааш №09,  Ж.Э********* гарааш №01, Ч.Б********** гарааш №10 тус тус худалдсан бол нэхэмжлэгч Ж.З***** өөрийн гарааш №03 2002 онд иргэн н.Баярсайханаас, нэхэмжлэгч Д.Б*********гийн хувьд гарааш №07  иргэн н.Б*********ээс худалдан авчээ.

Харин дээрх иргэдээс зөвхөн Г.Ж********* 2002 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хот байгуулалт, Газрын харилцааны албаны даргатай Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, **-р хороолол, **-р байрны зүүн талд байрлах 9 тоот гараашийн зориулалттай 25 м2 газрыг ашиглах гэрээг[2] 2 жилийн хугацаатай, нэхэмжлэгч Ж.З***** 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн **-р хороо, **-р байрны зүүн талд 18 м2 газрыг ашиглах “Газар эзэмших түр гэрээ”[3]-г 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд өөрийн гараашийн доорх газрыг ашиглаж байх хугацаандаа “Газрын төлбөрийн тодорхойлох акт”[4]-ын дагуу газар ашиглалтын төлбөрөө 2016 он  хүртэл төлж байсан.

Энэ талаар хариуцагчаас ямарваа нэгэн байдлаар үгүйсгэн маргаагүй болно.

            2.6. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/**8 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.19, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Төсвийн тухай хуулийн 9.1.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 1*/*3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан байх бөгөөд үүнд Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр хорооллын 2 дугаар байрны зүүн талд байрлах 40 гарааш хамрагдсан  байна.

            2.7. Улмаар Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 7/** дугаартай мэдэгдэх хуудсаар[5], 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн мэдэгдэх хуудсаар[6] тогтоосон хугацааны дотор гараашийн доорх газраа чөлөөлөхийг нэр бүхий 40 гарааш эзэмшигч нарт мэдэгдсэн аж.

Нэхэмжлэгч нараас дээрх мэдэгдэлтэй холбогдуулан Нийслэлийн газрын албанд хандан “...гараашийг буулгах, газар чөлөөлөхтэй холбоотой, ямар захирамж хэзээ гарсан...” талаар хүсэлт[7] гаргахад Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн. 21/** дугаартай албан бичгээр[8] “... 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор газар чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн боловч нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөөгүй тул тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах болохыг мэдэгдье...” гэх агуулгатай хариу өгч, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/**8 дугаар Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хүргүүлжээ.

Энэхүү албан бичиг болон түүнд хавсаргасан маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч тус шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасныг[9] хүлээн авч, шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр шаардлагыг хангасан эсэхийг хянаад “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжуудыг гаргаж[10], нэхэмжлэлийн хэлбэрийн болон хуульд заасан шаардлага, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулсны эцэст зөвхөн иргэн Г.Ж*********ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 7**8 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Хожим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Ж.З*****, Ж.З*****, Д.Б*********, Ж.Э*********, Ч.Б********** нарын гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг заасны дагуу нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж шийдвэрлэхээр болсон.

            Гурав: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1.Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх энэ гарааш барьсан газрыг Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны 12 дугаар хороог хариуцсан н.Ч******** гэдэг хүний гарын үсэнг бүхий зөвшөөрлөөр бариулсан, ...газрын кадастрын зурганд Сонгинохайрхан дүүргийн хот байгуулалт, газрын харилцааны алба, шалгасан Ю.Д********, архитектор А.Д*********, газрын байцаагч Ж.Б******* зэрэг зохих  ёсны албаны эрх бүхий хүмүүсийн үйлдэж баталгаажуулсан кадастрын зураг байдаг ба үүний үндсэн дээр зохих зөвшөөрөл өгөгдсөн нь тодорхой[11], ...гэтэл бидний зарим нь газрын албатай газар эзэмших гэрээ байгуулсан байдаг, ...Засаг даргын захирамжид дурдсан нийтийн эзэмшлийн гудамжны зам талбай, ямар нэг гарч, орц хаагаагүй бөгөөд хажуу зэргэлдээ “Мөнгөн гүүр” эмнэлэг байдаг бөгөөд тэд хавсран зохион байгуулж байгаа үйл ажиллагаа гэж ойлгогдож байна...” гэв.

3.2.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Б********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Засаг даргын захирамж гарсанаар Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө “гэж заалт байгаа. Гэтэл одоо иргэнийхээ өмнө хариуцах битгий хэл эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэж байгаа тохиолдолуудыг ярьж байна.

... Засаг даргын захирамжийн тухайд хууль буруу хэрэглэсэн. Захирамжийн нэгдүгээр заалтад “Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, зөрчилтэй байршилуудыг...” гээд хавсралтаар заасан. Тухайн заалтын хүрээнд манай газар бол ямар ч хамааралгүй. Манай эзэмшиж буй газар бол төв газруудтай 1 дүгээр хорооллын байр шиг холбогддоггүй.  Тухайн захирамжийн 2.1-т заасны дагуу манай гараашууд орц, гарц, явган хүний замыг хаагаагүй. Хөдөлгөөнд хохирол, саад учруулаагүй.

... уг захирамжийг гаргахдаа ямар нэгэн тооцоо судалгааг бол хийгээгүй шүү...” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхжин шүүхэд гаргасан тайлбартаа: “... Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу ур ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”,...27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашнууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авахаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх “Зөрчил арилгах тухай” А/**8 дугаар захирамжид тусгасан болно.

Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/**8дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Газрын төлбөр төлж байсныг газар эзэмших эрхийн гэрчилгээ авч байна гэж ойлгож болохгүй.

            ...Түүнээс тухайн үед “төлбөрөө төлөөд явж байсан” гэх үндэслэл тухайн газрыг эзэмшиж, ашиглаж, өмчилж байсан гэх ойлголт огтоос биш. Тэгэхээр нэхэмжлэгч нарын гаргасан шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй.

...Газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа хийгдэж, үүний хүрээнд нэхэмжлэгч нараас хариу тайлбарууд ирсэн. Сонсох ажиллагааг дутуу хийсэн зүйл байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

  ҮНДЭСЛЭХ НЬ:

            Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

            4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар заасан төдийгүй мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3 дахь хэсэгт “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэжээ.

4.3.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэнээс зөвхөн Ж.З*****, Г.Ж********* нар Сонгинохайрхан дүүргийн 1** дугаар хорооны ** дүгээр хороолол, * дугаар байрны зүүн талд баригдсан машин тэрэг агуулах, хадгалах байр бүхий гараашийн газрыг ашиглахаар Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргатай “Газар эзэмших түр гэрээ”-г байгуулсан хэдий ч тэдгээр гэрээнд заасан хугацаа 2005 онд дуусгавар болсон.

4.4.Харин Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргын зүгээс нэхэмжлэгч нартаа байгуулсан “Газар эзэмших түр гэрээ”-г сунгаагүй болно.

4.5.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг болгож буй Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны даргатай байгуулсан “Иргэн, аж ахуйн байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ” доторх нөхцөл болон Нийслэл, дүүргийн Засаг дарга болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэнд дээрх Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгогдоогүй үйл баримт зэргээс тус гэрээг Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан "газар ашиглах" гэрээ гэж ойлгохоор байх тул нэхэмжлэгч нар Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан газар ашигласны төлбөрийг төлөх нь зүй ёсны юм.

4.6.Түүнчлэн нэхэмжлэгч нарын хувьд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/** дүгээр “Газар ашиглуулах зөвшөөрөл олгох” тухай захирамжаар[12] иргэн Б.М******т ашиглуулахаар олгосон байршилд баригдсан гараашийн барилгыг худалдан авч, “Газрын төлбөрийг тодорхойлох акт”-ын газар ашиглалтын төлбөрийг төлж, ашиглаж байгаа хэдий ч тухайн гараашнуудын доорх газрыг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгч нарт олгосон гэрчилгээ байхгүй.

4.7.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Б/*** дүгээр “Газар ашиглуулах зөвшөөрөл олгох” тухай захирамжаар авто гараашийн зориулалтаар олгосон 2 жилийн хугацаа өнгөрснөөр газар ашиглах эрх дуусгавар болсон, нэхэмжлэгч нар өөрсдийн гараашийн барилгыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

4.8.Товчхондоо газрын төлбөр төлж, гарааш худалдан авснаар газар эзэмших, өмчлөх эрх үүсэхгүй.

            4.9.Нөгөөтээгүүр маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/**8дугаар захирамжийн 2.3 дахь заалтаар “газрын зөрчил арилгах, газар чөлөөлөхөөр батлагдсан байршлуудын гудамж тус бүрд авто зам, явган хүний зам, тохижилтын нэгдсэн зураг төслийг боловсруулж, батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар (Ц.Т)-т” даалгасны дагуу Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 2 дугаар байрны зүүн талд байрлах гараашийг буулган авто зам, замын байгууламжийн зориулалттай 2022 оны 04 дугаар сарын 12-ны өдөр МЗХ2022/**-*** Архитектур төлөвлөлтийн даалгавар[13]-ыг баталсан байх тул нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...уг захирамжийг гаргахдаа ямар нэгэн тооцоо судалгаа хийгээгүй...” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

            4.10.Нэгэнт нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй энэ тохиолдолд хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д заасны дагуу өөрийн харьяа дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа байршлуудад газрын зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй.

4.11.Нийслэлийн Засаг даргаас  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “...газар..., зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах...”, 57 дугаар зүйлийн 57.1-д “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд...Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина...”, 57.3-д зааснаар “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, 57.4-т зааснаар “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/**8захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

4.12.Иймд дээрх хууль зүйн дүгнэлтүүдийг нэгтгэвэл маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, нэхэмжлэгчийн эзэмшил өмчлөлд хууль бусаар халдсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/**8дугаартай захирамжийн хавсралтын Сонгинохайрхан дүүргийн 1** дугаар хорооны ** дүгээр хороолол, * дугаар байрны зүүн талд баригдсан гараашнуудын нэхэмжлэгч Г.Ж*********, Ж.З*****, Д.Б*********, Ж.Э*********, Ч.Б********** нарын 1, 2, 7, 9, 10 тоот гараашнуудад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.БАТБААТАР

 

 

[1] 2 хавтас хэргийн 86 хуудас

[2] 1 хавтас хэргийн  4 хуудас

[3] 1 хавтас хэргийн 115 хуудас

[4] 1Хавтас хэргийн 109-110 хуудас

 

[5] 1 хавтаст хэргийн 16 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 15 хуудас

[7] 1 хавтас хэргийн 21-22 хуудас

[8] 1 хавтаст хэргийн 23-р хуудас

[9] 1 хавтас хэргийн 24-27 хуудас

[10] 1хавтас хэргийн 28-30, 33-35, 39-41 хуудас

[11]1 Хавтас хэргийн 1-2 хуудас

[12] 2 хавтас хэргийн 150 хуудас

[13] 1 хавтас хэргийн 162 хуудас