| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 183/2019/01658/И |
| Дугаар | 2066 |
| Огноо | 2019-12-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2066
“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02054 дүгээр шийдвэртэй, “Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 683 шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн нүхтийн 27-4-2 тоотод байрлах Ү-2206023883 дугаартай үл хөдлөх хөрөнгийг 1 005 602 460 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж манай хөрөнгийг үнэгүйдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн Үнэгүй.мн сайтаас үнийн мэдээлэл авч харьцуулалт хийлгүйгээр үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/12996 дугаартай мэдэгдлийг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу тус үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 683 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар дугаар сарын 31-ний өдрийн 1269 магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1170 дугаар тогтоолоор “Х-” ХХК-иас 411 535 732 төгрөгийг гаргуулж, “Төрийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18291166 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 4/580 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэлхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч компанийн захирал Т.Болор-Эрдэнийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт зам 27/4-2 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 630 мкв талбайтай газрын хамт 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18291166/01, 18291166/04 дугаар тогтоолуудаар битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18291166/03, 5 дугаар сарын 20-ны өдрийн 18291166/05 тоот тогтоолуудаар хураасан. Төлбөр төлөгч “Х-” ХХК болон өмчлөгч Т.Болор-Эрдэнэ нарт үл хөдлөх хөрөнгө, газарт үнийн санал ирүүлэхийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4/10359, 4/10919 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилон зах зээлийн үнийг тогтоолгоход 1 005 62 400 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 4/14763 дугаар албан бичгээр талуудад тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт зам 27/4-2 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х- ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ..
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хяиан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үүнтэй холбогдуулан шинжээчийн дүгнэлтийг бодитой, үнэн гарсан эсэхийг зөвхөн тусгай мэдлэг бүхий этгээдээр дүгнэлт гаргуулснаар тогтоох боломжтой тул эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 37.1 -т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох эрх үүрэгтэй ба энэ эрх, үүргийнхээ хүрээнд маргаж буй шаардлагаа нотлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харии тухайн нотлох баримт нь хэрхэн үнэлэх, хэрэгт ач холбогдолтой, ач холбогдолгүй талаас үнэлэх эсэх нь хэлэлцүүлэг дууссаны дараах шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн үндсэп эрхэд халдаж нэхэмжлэлийн шаардлага нотлохоор хүсэлт гаргасныг хангаагүй нь хууль бус байна. Мөн "Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 683-р шийдвэрийн дагуу Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023883 дугаартай үнэлгээг тогтоосон хөрөнгийн үнэлгээний "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай" гэж тодруулсантай холбогдуулан уг хууль бус үнэлгээг гаргасан "Сэлэнгэ эстимэйт" ХХК нь өөрсдийн гаргасан дүгнэлт шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, хариуцах хууль зүйн үндэслэлтэй байх ёстой тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлд заасныг үндэслэн "Сэлэнгэ эстимэйт" ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг гаргасан. "Сэлэнгэ эстимэйт" ХХК-нь нэхэмжлэгчийн байрыг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах шаардлагатай байсан гэтэл анхан шатны шүүх хүсэлт гаргасныг хангаагүй нь хууль бус байна. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтэд төлбөр авагч "Төрийн банк" ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хангаагүй нь "Төрийн банк" ХХК-ийн хууль ёсны эрх ашиг шууд хөндөгдөж байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан ажиллагааг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны үеэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т зааснаар хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэж заасныг үндэслэн анхан шатны шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт гаргасан. Гэтэл шүүх уг хүсэлтийг хүлээн аваагүйгээс гадна өөрөө дур мэдэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлсэн нь Иргэиий хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана гэж заасныг анхан шатны шүүхийн шүүгч ноцтой зөрчсөн байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02054 дугаар шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрээр хариуцагч “Х-” ХХК-аас 206 714 800 ам.доллар буюу 409 295 305 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2 240 427 төгрөгийг тус тус гаргуулан “Төрийн банк” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч “Х-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл зээлийн барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн зам 27/4-2 тоот, 260 мкв талбайтай 7 өрөө бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023883 дугаартай хувийн сууц, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн зам 27/4-2 тоот 630 мкв, 607 дугаар гэрчилгээтэй газрыг хуульд зааснаар дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1269 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/01170 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 66-75 дугаар тал/ Төлбөр төлөгч Х- ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч “Х-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхт зам 27/4-2 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 630 мкв талбайтай газрын хамт 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 18291166/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18261166/03 дугаар тогтоолоор тус тус хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Мөн талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй тул хариуцагч байгууллагаас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 167 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.
Шинжээч “Сэлэнгэ эстимэйт” ХХК нь тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 1 005 602 460 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./хэргийн 6-45 дугаар тал/
Нэхэмжлэгч нь “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, харьцуулалт хийгээгүй гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэх боломжгүй талаар шүүх зөв дүгнэжээ.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг амтран хариуцагчаар орролцуулах, “Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх мөн өдрийн 183/ШЗ2019/10831 дүгээр шүүгчийн захирамжаар хангаагүй нь хууль зүйн үндэслэлтэй байна. /хэргийн 100, 102 дугаар тал/
Учир нь нэхэмжлэгч маргаан бүхий эд хөрөнгийг үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул тухайн хөрөнгийг дахин үнэлэх ажиллагааг шүүх хийх үүрэггүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүлйийн 38.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх ажиллагаанд хамаарахгүй юм. Мөн дээрх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг шинжээч хариуцагч байгууллагын хүсэлтээр хийсэн болон төлбөр авагчийн хуулиар олгогдсон ашиг сонирхол хөндөгдсөн гэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/02054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
С.ЭНХТӨР