Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 140

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:  

 

      Прокурор                                                   А.Энхтуяа

      Хохирогч                                                   Т.Болор-Оюун

      Нарийн бичгийн дарга                          Б.Намуунзул нар  оролцов.

 

  Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Буурлууд овогт Наранжаргалын Сарангаравт холбогдох 17310001260039 дугаартай Эрүүгийн хэргийг, шинэчлэн найруулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 19-нд Дорнод аймагт төрсөн, эмэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувийн хэвштлд ажиллагдаг, ам бүл 3, нөхөр,  хүүхдийн хамт Дорнод аймаг Чойбалсан сумын Хулстай баг 3-1 тоотод оршин сух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх Буурлууд овогт Наранжаргалын Сарангарав /РД:ЖМ88111985/

 

  Шүүгдэгч Н.Сарангарав нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Войс” нэртэй караокед Т.Болор-Оюуныг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Н.Сарангаравын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  2017 оны 09 дүгээр сарын 08-нд барилгачидын баяраар ажлынхантайгаа “Войс” караоке бааранд орсон. Нөхөртэйгөө талбай руу гараад бүжиглэж байсан чинь хохирогч Т.Болор-Оюуны найз нь миний хөлийг дэгээдсэн юм. Тэрнээс болоод бид хэд маргалдаад миний уур хүрээд Т.Болор-оюуныг үсдээд нүүрийг нь маажсан гэв.

2.Хохирогч Т.Болор-Оюуны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... Найзуудтайгаа “Войс” караокед сууж байсан. Намайг бие засах газар руу ороод ирсэн чинь Н.Сарангарав манай найзтай бүжгийн талбайд маргалдаж байсан. Тэгээд надруу ирж намайг үсдэж, нүүр рүү маажсан юм. Цагдаад дуудлага өгөөд цагдаа ирсэн гэв.

3. Хохирогч Т.Болор-Оюуны 2017 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би өөрийн найз болох Болорцэцэг, Энхцэцэг, Баасандулам нарын хамтаар оройны 22 цагийн үед “Войс” нэртэй караокед орсон. Ингэж орохоосоо өмнө голын эрэг дээр сууцгааж пиво уусан бага зэргийн халаалттай байсан. Ингээд гол дээр пиво ууж байгаад караокед орохоор явцгаасан. Караокед орж нийтийн талбайд сууж хүн хүний 1 пиво захиалаад дөнгөж уугаад дуу захиалаад дуулаад сууж байхад манай найз Болорцэцэг дууны аяанд талбай дээр ганцаараа бүжиглэж байхад манай хажуугийн ширээний Н.Сарангарав гэх /одоо таньж мэддэг болсон/ эмэгтэй нөхрийнхөө хамтаар талбай руу гараад бүжиглэж байсан. Бид нарын хувьд хараад дуу сонсоод пиво уугаад сууцгааж байсан. Гэтэл Болорцэцэгтэй Н.Сарангарав гэх эмэгтэй мөргөлдөөд үүнээсээ үүдэн хоорондоо маргалдаж хэрэлдэж байгаад гэнэт хэн хэнийгээ үсдээд цохиод зодолдоод эхэлсэн. Гэтэл манай найз Энхцэцэг, Баасандулам нар босоод шууд очиж салгахаар дундуур нь орж байсан ба би хажуугаас нь хараад “болиочээ” гэж хэлээд “цагдаа дуудъя” гэж дуудсан. Гэтэл тухайн эмэгтэйтэй хамт явсан гэх 3 залуу бид нар руу дайраад бид нарыг түлхээд элдэв үгээр хэлээд харааж зүхээд байсан. Би Сарангарав гэх эмэгтэйтэй ойролцоо зогсоод “та нар болиочээ цагдаа дуудчихлаа” одоо больцгоо гэж хэлж байтал учир зүггүй Сарангарав гэх эмэгтэй намайг барьж аваад миний нүүрийг гараараа маажаад үснээс зулгаагаад дээрээс цохиод байсан. Ингээд би “болиочээ” гэж арай гэж салсан. Нөхөр нь татаад болиулж байх шиг байсан. Ингэж би маажуулаад миний нүүрнээс цус гараад аймаар хорсож өвдсөн. Ингээд нүүрээ дараад холдоод зогсож байтал цагдаа нар орж ирээд бид нарыг шууд аваад явцгаасан. Тухайн үед би Сарангарав гэх эмэгтэйд маажуулаад цохиулаад өөдөөс нь юм хэлж чадаагүй, гарч хөдлөөгүй учир нь нүүр маань маш их өдвөж байсан мөн би айгаад холдож зогссон юм....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

4.Гэрч Ц.Соёл-Эрдэнийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2017 оны 09 сарын 08-ны өдөр барилгачдын баяр болоод би өөрийн ажлын газрын Сэр-Од ах, Гантөгс, манай эхнэр гээд бид 4 баяраа тэмдэглэж “Войс” нэртэй караокед ороод пиво архи авч ууцгаасан. Ингэж уугаад бага зэргийн согтоцгоогоод дуу дуулаад байж байхад хажуу ширээнд 4 хүүхэн сууж байсан. Ингээд нэг хүүхэн нь бүжгийн талбай руу гарч дууны аяанд бүжиглээд байсан. Эхнэр бид хоёр мөн гарч бүжиглэсэн. Ингээд бүжиглэж байхад манай эхнэр тухайн эмэгтэйтэй бүжгийн талбай дээр мөргөлдөөд үүнээсээ үүдэн хэн хэнийгээ үсдсэн цохиж харагдсан ба нөгөө талаас хамт явсан эмэгтэйчүүд нь босоод ирчихсэн салгах гэж зууралдаж байсан. Харин би нөгөө 2-ынхоо хамтаар дундуур нь орж салгахаар ноцолдсон. Тухайн үед хэн хэн рүүгээ дайраад үсдээд тавихгүй болохоор нь хүчээр түлхэж холдуулсан. Ингэж арай гэж салгаад байж байхад манай эхнэр Сарангарав зүгээр зогсож байсан Болор-Оюун гэх эмэгтэйг барьж аваад нүүрийг нь маажсан үүнийг нь би хараад очиж салгаад эхнэрээ холдуулсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/

     5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн  № 315 тоот актын дүгнэлт хэсэгт:

       1. Т.Болор-Оюуны биед хацар, уруул, гуяанд  зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

         3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

       4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

6.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

7.Шүүгдэгч Н.Сарангаравын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... 2017 оны 09 сарын 08-ны өдөр барилгачдын баяр болоод манай нөхөр Соёл-Эрдэнэ, хамт ажиллаж байсан Гантөгс, ажлын ах  Сэр-Од,  бид 4 баяраа тэмдэглэж “Войс” нэртэй караокед ороод задгай талбайтай нийтийн дууны хэсэгт сууж пиво  ууцгаасан. Энэ үед хажуугийн  ширээнд 4 хүүхэн сууж байсан ба нэг хүүхэн нь дууны аяанд задгай талбайд бүжиглээд байсан. Би өөрийн нөхөртэйгээ мөн задгай талбай хэсэг рүү гарч бүжиглэж байгаад би тухайн хүүхэнтэй санаандгүй мөргөлчихсөн юм. Гэтэл намайг “замаа хараач аятайхан байгаарай” гэх зэргээр хэлээд над руу томроод байхаар нь “чи өөрөө замаа хараач” гэж хэлэхэд “эндээс холд манай талбайд бүжиглэлээ” гэх зэргээр сонин сонин зүйл яриад байхаар нь миний уур хүрээд өөдөөс нь хэрэлдсэн. Ингэж хэрэлээд сүүлдээ хэн хэн рүүгээ дайрч харилцан зодолдсон. Миний үснээс зулгаасан цээж рүү цохьсон ба би зөрүүлээд мөн үсдээд гараараа цохьсон. Ингэж харилцан зодоон хийж байхад тухайн хүүхэнтэй хамь явсан гэх 3 хүүхэн босож ирээд над руу дайрсан, салгах гэж дундуур орсон. Энэ үед би уурандаа  Болор-Оюун гэх хамт явсан эмэгтэйгийн нүүрийг маажиж цохьсон юм. Тухайн үед над руу дайраад байх шиг байхаар нь Болор-Оюуныг шууд маажиж цохисон. Болор-Оюун гэх эмэгтэй над руу дайраагүй “боль” гээд зогсож байхад нь би очиж барьж аваад нүүрийг нь маажиж цохисон юм. Би тухайн үед нилээн согтсон уур хүрсэн байсан....гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

8.Шүүгдэгч Н.Сарангаравын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би болсон зүйлийн талаар нэг бүрчлэн үнэн зөвөөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ ярьж хэлсэн байгаа. Надад сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг,

/хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

9.Шүүгдэгч Н.Сарангаравын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 53 дугаар хуудас/,

10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

11.Хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтатс хэргийн 48 дугаар хуудас/,

12.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, /хавтаст хэргийн 49 дүгээр  хуудас/

13.Хялбаршуулсан журмаар шийвдэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах тухай прокурорын санал /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ зэрэг болно.

 

        Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Буурлууд овогт Наранжаргалын Сарангаравыг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Войс” нэртэй караокед Т.Болор-Оюуныг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэгт заасан журмын дагуу  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

 Учир нь: Шүүгдэгч Н.Сарангарав нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Войс” нэртэй караоке бааран дотор нийтийн задгай талбайд Сүхбаатар сумын иргэн Т.Болор-Оюуны “зодооныг салгах үйлдэл хийж, болиоч” гэснээс үүдэн үснээс нь зуурч, нүүрийг нь маажиж, хамрын баруун дээд хэсэгт 4х0,5 см, барууун дээд зовхины буланд 1х0,5 см, уруулын баруун дээд хэсэгт 1х0,5 см, улаан хүрэн зулгаралт, зүүн шилбэний урд хэсэгт 20х6 см талбайд улаан эрээн цус хуралт, шилбэний 3-ны 1 дээд хэсэгт 2х2 см, доод хэсэгт 3х2 см улаан хүрэн зулгаралт, баруун гаяны баруун дээд хэсэгт 5х2 см дунд хэсэгт 3х2 см, дотор дунд хэсэгт 2х3 см, 2х2 см хөх эрээн цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг гэмтлүүд учруулсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. 

 Шүүгдэгч нь энэ гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 500 нэгжээр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Шүүгдэгчийн гэм буруугийн байдлыг харгалзан 500 нэгжээр торгох ял шийтгэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Буурлууд овгийн Наранжаргалын Сарангаравыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Буурлууд овогт Наранжаргалын Сарангаравыг 500 /таван зуу/ нэгжээр торгох  ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Сарангаравын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Сарангарав нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурьдсугай. 

6. Шүүгдэгч  Н.Сарангаравт урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ