| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2023/01079/И |
| Дугаар | 130/ШШ2024/00370 |
| Огноо | 2024-04-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 130/ШШ2024/00370
| 130/ШШ2024/00370 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, утас ******, М овогт Б.А,
Хариуцагч: ****************үйл ажиллагаа явуулдаг, РД:****************, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дарга, утас *******, С.Н,
Хариуцагч: ****************үйл ажиллагаа явуулдаг, РД:****************, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн, утас ***********, К.Е,
Хариуцагч: ****************үйл ажиллагаа явуулдаг, РД:****************, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн, утас ********, Х.Г,
Хариуцагч: ****************үйл ажиллагаа явуулдаг, РД:****************, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн, утас **********, Т.С,
Хариуцагч: ****************үйл ажиллагаа явуулдаг, РД:****************, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүн, утас *************, Ж. Б,
Нэхэмжлэлийн шаардлага: “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б,
Хариуцагч Баян-Өлгий аймгийн “З” БГБХН-ийн дарга бөгөөд хариуцагч тус нөхөрлөлийн гишүүд К.Е, Х.Г, Т.С, Ж.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,
Хариуцагч нарын өмгөөлөгч С.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “З” БГБХН-ийн дарга С.Н болон хариуцагч тус нөхөрлөлийн гишүүд К.Е, Х.Г, Т.С, Ж.Б, Х.С нарт холбогдуулан “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.А нь хариуцагчаар Х.Сыг тодорхойлсон хэсгээс татгалзан, нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “З” БГБХН-ийн дарга С.Н болон хариуцагч тус нөхөрлөлийн гишүүд К.Е, Х.Г, Т.С, Ж.Б, Х.С нарт холбогдуулан “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулсан болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие “З” өрхийн эрүүл мэндийн төвд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс нийгмийн эрүүл мэндийн ажилтнаар, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дүн бүртгэл, мэдээллийн ажилтнаар томилогдож ажиллаж ирсэн. Мөн 2018 оноос “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээр элсэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан.
1.2.Гэтэл Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар бүх гишүүдийн хуралдааны дийлэнх олонхын саналаар намайг тус нөхөрлөлийн гишүүнээс хассан тухай 06 дугаар тогтоол гаргасан байна. Би тухайн үед ээлжийн амралттай байсан ба надад хуралдаан болох талаар огт мэдэгдээгүй. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс Өлгий шуудангийн салбараас танд баталгаат шуудан ирсэн байна, ирж аваарай гэхээр нь очиж авахад дээрх тогтоолыг над руу шуудангаар хүргүүлсэн байв.
1.3.Намайг нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай дээрх тогтоолд Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 23.3.1, 23.3.2, 23.4 дэх заалтуудыг баримталсан байна. Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон, 2-д гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн бол нөхөрлөлөөс хасахаар хуульчилжээ. Би дээр дурдсан хоёр үндэслэлд заасан зөрчил дутагдал гаргаагүй. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар чухам ямар үндэслэлээр хассан нь тодорхойгүй байна.
1.4.Мөн Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/212 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 3.3.1-д тухайн төвд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтний 70-аас доошгүй хувь нь нөхөрлөлийн гишүүн байна гэж зааж өгсөн.
1.5.Би тухайн төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний хувьд нөхөрлөлийн гишүүн байх эрхтэй. Гэтэл миний эрхийг зөрчиж ямар ч үндэслэлгүйгээр нөхөрлөлийн гишүүнээс хассан явдалд гомдолтой байна. Нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны дээрх тогтоол нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа учир эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна.
1.6.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч “З” БГБХН-ийн дарга бөгөөд хариуцагч тус нөхөрлөлийн гишүүд К.Е, Х.Г, Т.С, Ж.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Нэхэмжлэгч Б.А нь “З” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үндсэн үүсгэн байгуулагч биш, хөрөнгө оруулалт хийж байгаагүй, хөрөнгө хувь эзэмшдэггүй, гишүүнчлэлд 2018 онд элсүүлсэн билээ.
2.2.Гэвч гишүүний үүргээ ноцтой зөрчиж тухайн байгууллагын эсрэг олон үйл ажиллагаа зохион байгуулсан. Жич: Хэвлэл мэдээллээр худал мэдээлэл тараахад оролцсон, байгууллагын дотоод нууцыг задруулсан. Мөн нөхөрлөлийн гишүүд болон бусдад авлига өгч авлига авсан нь хуулийн байгууллагаар тогтоогдож Прокурорын газарт шилжүүлсэн 2213001570085 дугаартай яллагдагч Б.А, М.А нарт холбогдох эрүүгийн хэрэг Шүүхэд шилжигдэж хянан шийдвэрлэгдэж байна. Харин нөхөрлөлийн гишүүдэд ёс зүйгүй үйлдэл гаргасан нь Эмнэлгийн мэргэжилтний салбар хороогоор тогтоогдсон. Нөхөрлөлийн гишүүд, удирдлагыг үл хүндэтгэдэг, зүй бусаар харьцдаг, нөхөрлөлийн эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг зэргээр үүргээ ноцтой зөрчсөн байгаа.
2.3.Нэхэмжлэгч Б.Ат 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаан болох товыг зарлан хуралдаанд оролцох урилгыг тухайн өдөр албан ёсоор шуудангаар хүргүүлж мэдэгдсэн юм.
2.4.Энэхүү нөхөрлөлөөс гишүүн хасах хуралдааны урилгыг хүлээж авсан нэхэмжлэгч Б.А нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “З” бүх гишүүдийн бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаанд өөрийн биеэрээ ирж албан ёсоор оролцох үеэр өөрийнхөө хийсэн үйлдэлтэй холбоотой тайлбар гаргах байтугай бусад гишүүдийг үл хүндэтгэж “суут ухаантнуудын хажууд санал хэлж чадахгүй, юу хэлхэв дээ өөр хэлэх юм байхгүй” хэмээн доромжилж байсан. Мөн уг хуралдааны шийдвэртэй танилцсан болно.
2.5.Нөхөрлөл үүсгэн байгуулах гэрээний 4 дэх заалтад нөхөрлөлөөс гишүүн хасахад нөхөрлөлийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ мөн нөхөрлөлөөс гишүүн хасах асуудлыг хэлэлцэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй гэж тус тус заасан байгаа. Иймд Б.Аыг Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар нөхөрлөлийн гишүүнээс хуралдааны шийдвэрээр хассан ба Нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10-р сарын 12-ны өдрийн тогтоол шийдвэр нь хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа.
2.6.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Төрийн мэдээллийн сангаас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж авсан Б.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Лавлагааны хариу”, Шуудан хүргэгчийн дэвтэр Маягт №152 зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагч талаас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16:00 цагт болох хуралдааны урилга, Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Лавлагааны хариу, З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар З өрхийн эрүүл мэндийн төвийн дарга С.Нт хаягласан “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “З” БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн протокол, “З” БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот дугаар тогтоолын хавсралт, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “З” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Сахилгын сануулах шийтгэл ногдуулах тухай” А/47 дугаар тушаал, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “З” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Б.Аыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” А/83 дугаар тушаал, 4 ширхэг компакт диск, үүнд агуулагдсан бичлэгийн орчуулга зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч Б.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие 2018 оноос “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээр элсэж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан. Гэтэл Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар тогтоолоор бүх гишүүдийн хуралдааны дийлэнх олонхын саналаар тус нөхөрлөлийн гишүүнээс хассан байв. Би тухайн үед ээлжийн амралттай байсан ба надад хуралдаан болох талаар огт мэдэгдээгүй. Би хариуцагч талын дурдсан зөрчил дутагдал гаргаагүй. Би тухайн төвд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний хувьд нөхөрлөлийн гишүүн байх эрхтэй. Иймд “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Нөхөрлөлийн гишүүнээс хасах” тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.
7.Хариуцагч “З” БГБХН-ийн дарга бөгөөд хариуцагч тус нөхөрлөлийн гишүүд К.Е, Х.Г, Т.С, Ж.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч Б.А нь гишүүний үүргээ ноцтой зөрчиж тухайн байгууллагын эсрэг олон үйл ажиллагаа зохион байгуулсан, нөхөрлөлийн гишүүд, удирдлагыг үл хүндэтгэдэг, зүй бусаар харьцдаг, нөхөрлөлийн эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулдаг зэргээр үүргээ ноцтой зөрчсөн байгаа. Б.Ат 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “З” бух гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдаан болох товыг зарлан хуралдаанд оролцох урилгыг нь тухайн өдөр албан ёсоор шуудангаар хүргүүлж мэдэгдсэн, уг хуралдааны шийдвэртэй танилцсан болно. Иймд Б.Аыг Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар нөхөрлөлийн гишүүнээс хуралдааны шийдвэрээр хассан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
8.1.Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Нөхөрлөлийн хүлээсэн үүргийг гишүүд нь нөхөрлөлд оруулсан эд хөрөнгө болон хувийн өмчийн эд хөрөнгөөрөө хамтран хариуцдаг нөхөрлөлийг бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэнэ”, 2-т ”Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн оноосон нэрийн ард "ББ" гэсэн ялгах тэмдэг хэрэглэнэ” гэж заасан байна.
Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсээс 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэж олгосон “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд: регистрийн дугаар ****************; улсын бүртгэлийн дугаар ***; Хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэр: “З” БГБХ-нөхөрлөл; Үүсгэн байгуулах баримт бичиг: Бүх гишүүдийн хурал; код 851900; Үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл: хүн эмнэлгийн бусад үйл ажиллагаа; хугацаагүй, гишүүдийн тоо 4, өөрийн хөрөнгийн хэмжээ, мянган төгрөгөөр: 11,903.0; Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлд: 1. Хувь нийлүүлэгчдээс 5 нэмэгдэж, 3 хасагдаж үүсгэн байгуулагчдын тоо нийт 6 болж өөрчлөгдсөнийг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2.С овогтой Н даргаар томилогдсоныг 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр, 3.Хувь нийлүүлэгчдээс 4 нэмэгдэж үүсгэн байгуулагчдын тоо нийт 10 болж өөрчлөгдсөнийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 4.М овогт А даргаар томилогдсоныг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр, 5.С овогт Н даргаар сонгосон (томилогдсон)-ыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 6.Шинэчилсэн дүрэм-ийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 8.Хувь нийлүүлэгчдийн тоо 8 болж өөрчлөгдсөнийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 9.Шинэчилсэн дүрэм-ийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 10.Хувь нийлүүлэгчдийн тоо 7 болж өөрчлөгдсөнийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус Улсын бүртгэгч бүртгэсэн байна.
8.2.”З” БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот дугаар тогтоолын хавсралт “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ-ний Нэг: Нийтлэг үндэслэл гэдэгт:
1.Нөхөрлөлийн оноосон нэр: “З” БГБХН
2.Оршин байгаа газрын хаяг: Баян-Өлгий Өлгий сум 8-р баг
3.Эрхлэн үйлдвэр үйлчилгээний төрөл: Хүн эмнэлгийн бусад ажиллагаа
4.Үйл ажиллагаа эрхлэх хугацаа: хугацаагүй
5.Гишүүдийн овог нэр, регистрийн дугаар гэдэгт: Г, К, Е, С, С, Н, Б, А
6.Гишүүн тус бүрийн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн хэмжээ гэдэгт: Г хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) 2975, 24,99% хувь; К хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) 2976, 25,01% хувь; Е хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) 2975, 24,99% хувь; С хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) 0, 0% хувь; С хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) 0, 0% хувь; Н хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) 2977, 25,01% хувь; Б хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) 0, 0% хувь; А хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (төгрөгөөр) 0, 0% хувь гэж тусгасан байна.
8.3.Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4-д “Нөхөрлөлөөс хасагдах үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэнэ. Хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Б.Ат 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16.00 цагт болох “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс гишүүд хасах асуудлыг хэлэлцэх бүх гишүүдийн хуралдаанд хүрэлцэн ирэхийг урьж урилгыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газраар дамжуулан мэдэгдсэн байна.
Энэ нь Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Лавлагааны хариу” гэсэн албан бичгээр нотлогдож байна. Үүнд: “З” БГБХН-ээс 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Өлгий сумын 8-р багийн иргэн Б.Ат гэж хаяглаж ирсэн ЕА000099889МN баталгаат дугаартай албан бичгийг тус оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрт нь гардуулсан гэсэн байна.
Улмаар нэхэмжлэгч Б.А нь урилгыг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16.00 цагт болох “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс гишүүд хасаг асуудлыг хэлэлцэх бүх гишүүдийн хуралдаанд биечлэн оролцсон нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ”З” БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааны протоколоор нотлогдож байна.
2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ”З” БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааны протоколд: Нөхөрлөлийн гишүүдийн хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 18 минутаас эхлэв. Хуралдааны ирц 87,5%. Хуралдаанд К.Е, С.Н, Х.С, Т.С, Ж.Б, Х.Г (цахимаар), Б.А нар оролцов...Б.А: Суут ухаантнуудын хажууд санал хэлж чадахгүй байна. Юу хэлхэв дээ. Өөр хэлэх санал байхгүй...гэж хэлж байсныг тэмдэглэн бичсэн байна.
Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Аын “...“З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс гишүүн хасаг асуудлыг хэлэлцэх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны товыг надад мэдэгдээгүй, хуралдаан болох талаар огт мэдээгүй...” гэсэн тайлбар нь үгүйсгэгдэж байна.
8.4.”З” БГБХН-ийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны протоколд:Нөхөрлөлийн гишүүдийн хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 18 минутаас эхлэв. Хуралдааны ирц 87,5%. Хуралдаанд К.Е, С.Н, Х.С, Т.С, Ж.Б, Х.Г (цахимаар), Б.А нар оролцов. Нөхөрлөлийн гишүүдийн 100% саналын дэмжлэгээр хуралдаан даргалагчаар С.Нийг сонгосон. Хэлэлцэх асуудал: Нөхөрлөлөөс гишүүн хасах Б.Аыг. Хуралдаан даргалагч С.Н:....Билимханы А нөхөрлөлийн гишүүд хоорондын харилцааг хагардуулан бутаргаж, ӨЭМТ-ийг татан буулгахад оролцож гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Ёс зүй удаа дараа зөрчиж ёс зүйн асуудал нь Ёс зүйн хороогоор хэлэлцэгдэхээр болсон. Бидний ажилд саад учруулж хэвлэл мэдээлэл авч ирэхэд оролцож байгууллагын нууц болон хувь нууц нэр төрд халдсан. Тийм учраас ноцтой зөрчлүүд удаа дараа гаргасан Билимханы Аыг нөхөрлөлөөс гишүүнээс хасах саналтай байна. Х.Г: /цахимаар/ М.А болон Б.А нар өөрсдийгөө удирдлагын баг гэж зарлаад тэр 2 нь хурал хийгээд хууль бусаар нөхөрлөлийн үндсэн үүсгэн байгуулагч болох намайг нөхөрлөлийн гишүүнээс хасаж ноцтой зөрчил гаргасан. Уг асуудлыг хэлэлцэхэд надад урьдчилан мэдэгдээгүй Б.А, М.А нар дур мэдэн нөхөрлөлийн хуулийг зөрчиж хууль бусаар намайг гишүүнээс хассан. Би шүүхэд хандаж тухайн хууль бус тушаалыг Шүүхээр хүчингүй болгуулсан. Тийм учраас Б.Аыг нөхөрлөлийн гишүүнээс хасахад санал нэг байна. Ж.Б: Б.А ...ёс зүй харилцаа хандлагагүй. Тийм учраас Б.Аыг нөхөрлөлийн гишүүнээс хасахыг санал нэгтэйгээр дэмжиж байна. Т.С: Та бүгдэд санал нэг байна. Удирдлагын баг, удирдлагын багийн нарийн бичиг Б.А гэдгийг ойлгохгүй байна. Нөхөрлөл гэдэг нь яаж ажиллах ёстой билээ..Мөн нөхөрлөлийн гишүүдтэй хамтарч ажиллаж чадаагүй. Тийм учраас нөхөрлөлийн гишүүнээс хасах саналтай байна. С.Н: Байгууллагын дотоод олон нууц мэдээллийг гадагшаа тараасан. QR кодыг гадагшаа гаргаж олон хүнд худлаа бөглүүлж байгууллагын нэр хүндэд халдахад оролцсон байж болзошгүй. 5 хүнд нийлж байгууллагын нэр хүндэд халдсан. Удаа дараа салаавч гаргаж биед халдаж ёс зүйгүй үйлдэл гаргасан. Нөхөрлөлийг татан буулгах гэж буй асуудалд оролцсон. Энэ мэтчилэн нөхөрлөлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа ноцтой зөрчсөн. К.Е: Намайг ажилд ирснээс хойш Б.Аын ажил хийсэн нь мэдэгдэхгүй өрөөндөө суугаад байдаг, юу хийж сууж байдгийг мэдэхгүй. Ажил хийгээгүй гэж үзэж байна. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй жишээлбэл Улаан бурхны дархлаажуулалтад явахаас татгалзсан, гамшгийн бүсэд ажиллахаас татгалзсан. Хурлын шийдвэр: Хуралд оролцсон бүх гишүүдийн дийлэнх олонх буюу 100% саналаар Б.Аыг нөхөрлөлийн гишүүнээс хасаж шийдвэрлэв. Хурлын тэмдэглэл хөтөлсөн Нөхөрлөлийн гишүүд К.Е. Хуралдаан даргалагч С.Н, гишүүд К.Е, С.Н, Х.С, Т.С, Ж.Б нар гарын үсэг зурж, Х.Г (цахимаар) гэж бичиж, Б.А гарын үсэг зурахаас татгалзав гэж тэмдэглэн бичсэн байна.
8.5.Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаартай тогтоолоор: Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалт, 23.3.1, 23.3.2 болон 23.4 дэх заалтууд, нөхөрлөлийн гишүүдийн үүсгэн байгуулах гэрээний 4.2, 4.3 дахь заалтууд, “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааныг тус тус үндэслэн бүх гишүүдийн хуралдааны дийлэнх олохын саналаар Б.Аыг “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн гишүүнээс хассан байна.
8.6.Энэхүү тушаалд үндэслэл болгосон Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 1-д “Гэрээгээр хүлээсэн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх чадваргүй, эсхүл хөрөнгөө оруулах боломжгүй нь тогтоогдсон”; 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2-т “гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн” гэж нөхөрлөлөөс хасах үндэслэлийг, 23 дугаар зүйлийн 4-д “Нөхөрлөлөөс хасагдах үндэслэлийг тухайн гишүүнд урьдчилан мэдэгдэнэ. Хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй” гэж, мөн ”З” БГБХН-ийн бүх гишүүдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот дугаар тогтоолын хавсралт “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн үүсгэн байгуулах гэрээ-ний Дөрвийн 2-т ”Нөхөрлөлд орох, гарах хасагдахыг нөхөрлөлийн бүх гишүүдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ. Дөрвийн 3-д “Нөхөрлөлөөс хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд уг гишүүн санал өгөх эрхгүй” гэж тус тус заасан байна.
8.7.Нэхэмжлэгч Б.Ат “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаартай тогтоолыг Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газрын шуудан хүргэгчээр дамжуулан 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 16 минутад хүлээн авсан болох нь Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Лавлагааны хариу” болон Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газрын шуудан хүргэгчийн “Бүртгэлийн дэвтэр”-ийн бичилтээр тус тус нотлогдож байна.
Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Лавлагааны хариу”-д: “З” ЭМТөвөөс иргэн Б.Ат ЕА000101857МN шуудангийн дугаартай “баталгаат захиа”-г 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, мөн ЕА000103075MN шуудангийн дугаартай “баталгаат захиа”-г 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч иргэн Б.Ат 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан гэсэн байна.
Баян-Өлгий аймгийн Шуудан Үйлчилгээний газрын шуудан хүргэгчийн “Бүртгэлийн дэвтэр”-т ЕА000103075MN шуудангийн дугаартай болон ЕА000101857МN шуудангийн дугаартай а/б хүргэгчид 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн ба эзэнд нь буюу Ат 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 16 минутад тус тус хүлээлгэн өгсөн ба Б.А тус тусад нь гарын үсэг зурсан байна.
9.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс гишүүн хасаг асуудлыг хэлэлцэх 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд биечлэн оролцсон, мөн Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаартай тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 16 минутад гардан авсан нь нотлогдож байна.
10.Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 5-д “Нөхөрлөлөөс хасагдсан гишүүн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан байна.
Нэхэмжлэгч Б.А Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаартай тогтоолыг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 16 минутад гардан авсан мөртлөө энэ тогтоолыг хүчингүй хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 07 минутад нэхэмжлэл гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаартай тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 5-д заасан хуулийн хугацаанд гаргаагүй, хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
11.Хариуцагч талаас гаргаж өгсөн нэхэмжлэгч Б.Ат эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн сургалтад хамааруулахаар шийдвэрлэсэн тухай Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, мөн нэхэмжлэгч Б.Ат сануулах шийтгэл ногдуулсан Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “З” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/47 дугаар тушаал, нэхэмжлэгч Б.Аыг ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Баян-Өлгий аймгийн “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн дэргэдэх “З” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/83 дугаар тушаал зэрэг нотлох баримт нь цаг хугацаа огнооны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
Мөн хариуцагч талаас гаргаж өгсөн 4 ширхэг компакт диск, үүнд агуулагдсан бичлэгийн орчуулга зэрэг бичгийн нотлох баримт нь хэн, хэрхэн, хэзээ, ямар журмаар, хэзээний үйл баримтыг бэхжүүлсэн болох нь тодорхой бус тул Иргэний хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4, 38.5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
12.Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид гэж төлсөн 70200 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Аын өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нөхөрлөлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-ын хариуцагч “З” БГБХН-ийн дарга С.Н болон хариуцагч тус нөхөрлөлийн гишүүд К.Е, Х.Г, Т.С, Ж.Б нарт холбогдуулан гаргасан “З” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн бүх гишүүдийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны “Нөхөрлөлийн гишүүнээс хасах тухай” 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Ат олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНГИЛИК