Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 130/ШШ2024/00466

 

 

 

 

 

                   2024             05              07   

                                130/ШШ2024/00466

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын ** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, РД:*******, Б аймгийн Х газар (дарга А.Г, утас ***********)

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Булган сумын 2 дугаар  багт оршин суудаг,  утас **********, Т овогт А.М,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 3,664,445 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Б аймгийн Х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн С.Е, хариуцагч А.М нарт мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар зохигчдыг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь хариуцагч А.Мэд холбогдуулан нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 3,664,445 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Хариуцагч А.М нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн Аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан.

1.2.Хариуцагч А.Мэд тухайн асуудлаар сонсох ажиллагаа явуулахад халамжийн тэтгэврийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан авсан болохыг хүлээн зөвшөөрч, эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч үндэслэлгүйгээр авсан 3,664,445 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй болно.

1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч А.Мээс  нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 3,664,445 төгрөгийг буцаан төлүүлж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч А.М нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие 3,664,445 төгрөгийг аваагүй, 2010 онд миний толгой өвдөөд, даралт ихтэй учир 5 хүүхдээ асарч тэжээхийн тулд эмчийн тусламжтайгаар 140,000 төгрөгөөр мөнгө аваад, хоёр жилийн дараа хасагдсан нь үнэн.

2.3.Хаан банкнаас 15 сая төгрөгийн зээл авсан ба тэр зээлээ төлж чадахгүй байна. Надад тэтгэвэр, орлого гэж байхгүй, хүүхдийн мөнгө ч ордоггүй. Энэ жилийн зудаар мал маань хорогдож, үхэж байна. Өнөөдрийг хүртэл үхрүүд маань хорогдсон.

2.4.Өнгөрсөн жил энэ 3,664,445 төгрөгийг төл, төлөхгүй бол эмэгтэйчүүдийн шоронд хорино гэж айлгахаар нь төлж өгнө гэж хэлээд гарын үсэг зурсан. Тиймээс гарын үсгээ зурна, гэхдээ төлж өгч чадахгүй гэдгээ хэлсэн гэсэн байна.

3.Нэхэмжлэгч Б аймгийн Х газраас Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” акт, энэхүү актын  хавсралт, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамтран 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Хариуцагч А.М-ээс  бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Хариуцагч А.М нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас халамжийн тэтгэврийн мөнгө авсан нь аймгийн Төрийн Аудитын газрын шалгалтаар илэрч тухайн иргэнд акт тавигдсан. Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч А.Мээс  нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 3,664,445 төгрөгийг буцаан төлүүлж өгнө үү.

7.Хариуцагч А.М нэхэмжлэлийг үгүйсгэсэн хариу тайлбартаа: Үүнд: ...Миний бие 3,664,445 төгрөгийг аваагүй, 2010 онд миний толгой өвдөөд, даралт ихтэй учир 5 хүүхдээ асарч тэжээхийн тулд эмчийн тусламжтайгаар 140,000 төгрөгөөр мөнгө аваад, хоёр жилийн дараа хасагдсан нь үнэн. Өнгөрсөн жил энэ 3,664,445 төгрөгийг төл, төлөхгүй бол эмэгтэйчүүдийн шоронд хорино гэж айлгахаар нь төлж өгнө гэж хэлээд гарын үсэг зурсан. Тиймээс гарын үсгээ зурна, гэхдээ төлж өгч чадахгүй гэдгээ хэлсэн.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №41/АО460226/ДОА-2022/32-ШТА-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай акт”-аар Булган сумын халамжийн сангаас 2020-2021 онд хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр хавсралтад заасан нэр бүхий 125 иргэнд нийтдээ 417,4 сая төгрөгийн  халамжийн тэтгэврийг хууль тогтоомж зөрчиж олгосныг илрүүлж,  хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр олгосон мөнгийг хавсралтад заасан нэр бүхий иргэдээр нөхөн төлүүлж улсыг хохиролгүй болгохыг  тогтоосон байна.

Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №41 дугаартай актын нэгдүгээр хавсралт дахь нэрсийн жагсаалтын 59-т регистрийн дугаар ************; овог нэр: А М; Булган сум; акт тогтоосон дүн: 3,664,445 төгрөг гэж бичигдсэн байна.

8.2.Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамтран 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэлд...А.М: “миний бие уг тэтгэмжийг авсан үнэн....Хуулийн хугацаанд бүрэн барагдуулж өгөх болно” гэсэн байна.  

8.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.М нэхэмжлэлийн татгалзлынхаа үндэслэлийг өөрөө нотлох үүрэг хүлээсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

8.4.Мөн хариуцагч А.М нь 3,664,445 төгрөгийг  төлж өгнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахад намайг айлган сүрдүүлсэн гэх боловч үүнийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй ба хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

8.5.Хариуцагч А.М хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актгүйгээр нийгмийн халамжийн сангаас 3,664,445 төгрөг авсан болох нь хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын акт, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Сонсох ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл, мөн А.М-ийн “миний бие уг тэтгэмжийг авсан үнэн, хуулийн хугацаанд бүрэн барагдуулж өгөх болно” гэсэн сонсох ажиллагаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

9.Дээрх нотлох баримтаар хариуцагч А.Мийн халамжийн сангаас үндэслэлгүйгээр 3,664,445 төгрөг авч ашигласан тул  энэ мөнгийг буцаан төлүүлэхээр гаргасан нэхэмжлэгч Б аймгийн Х газрын нэхэмжлэл нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй байна.

10.Иймд хариуцагч А.М-ээс нийгмийн халамжийн сангаас үндэслэлгүй авсан 2949097 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Х газарт олгох нь зүйтэй байна.

 14.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан шаардлага болох 3,664,445 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73,581 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т овогт А.М-ээс 3,664,445 (гурван сая зургаан зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун дөчин таван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б аймгийн Х газарт олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар нэхэмжлэгч Б аймгийн Х газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.М-ээс улсын тэмдэгтийн хураамж 73581 (далан гурван мянга таван зуун наян нэг) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш нэхэмжлэгч, хариуцагч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК