| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/03030/И |
| Дугаар | 182/ШШ2024/02753 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 182/ШШ2024/02753
| 2024 06 12 | 182/ШШ2024/02753 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: , Х.О-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
Тодорхойлох нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
******* миний бие 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Хувцас захиалга засварын 4 дүгээр тасагт оёдолчиноор томилогдон ажилласан. 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ахуйн үйлчилгээний Удирдах газрын тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлт орж тус тасаг нь Ажилчны районы Ахуйн үйлчилгээний комбинат болон өөрчлөгдөж тус комбинатад оёдолчиноор ажилласан. 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өмч хувьчлалаар тус Ахуйн үйлчилгээний комбинат нь Шүр компани болж би үргэлжлүүлэн ажиллаж байгаад 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон гарсан тушаал байгаа боловч улсын болон нийслэлийн архивын газраас тушаалыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй болоод байна. Иймд миний 1987 оноы 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Ахуйн үйлчилгээний хувцас захиалга засварын үйлдвэрт оёдолчиноор ажилласаныг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Мэргэжилтэй ажилчдыг ажилд хуваарилсан 87387 дугаартай томилолт, Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн онцгой даалгавар, Хөдөлмөрчдийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн хувийн хэрэг, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024.03.04-ний өдрийн 0209 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.04.24-ний өдрийн 734 дугаар тодорхойлолт, гэрч Д.Наранчимэгээс гаргасан тодорхойлолт, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
3. Шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газраас *******ийн ажиллаж байсан байдлыг нотлох баримтуудыг бүрдүүлж, гэрчээр Д.Наранчимэгээс мэдүүлэг авсан.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх НЬ:
1. Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Хувцас захиалга засварын 4 дүгээр тасагт, 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ажилчны районы Ахуйн үйлчилгээний комбинатад, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Шүр компанид тус тус оёдолчиноор ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь холбогдох архиваас ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаагаас ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******ийн ажиллаж байсан байдал тогтоогдож байна гэж үзлээ. *******ийн хөдөлмөрийн дэвтэрт:
3.1. Хувцас захиалга засварын үйлдвэрийн даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 151 тоот тушаалаар 4 дүгээр тасгийн оёдолчиноор томилон ажиллуулав,
3.2. Хувцас захиалга засварын үйлдвэрийн даргын 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 266 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний удирдах газрын 184 тоот тушаалын үйлдвэрийн зохион байгуулалтын өөрчлөлтөөр оёдолчны ажлаас чөлөөлж Ажилчны районы Ахуйн үйлчилгээний конторын мэдэлд шилжүүлэв,
3.3. Районы жил оны даргын 1989 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар зохион байгуулалтын өөрчлөлтөөр шилжиж ирсэн тул оёдолчиноор авч ажиллуулав,
3.4. Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 9 тоот тушаалаар Ажилчны дүүргийн өмч хувьчлалын комиссын 1992 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрээр ажлаас нь чөлөөлж шилжүүлэв,
3.5. Шүр компанийн эзний 1992 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 тоот тушаалаар Шүр компанийн оёдлын цехед оёдолчиноор авч ажиллуулав,
3.6. Шүр компанийн эзний 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23 тоот тушаалаар Шүр компанийн оёдлын цехийн оёдолчны үүрэгт ажлаас өөрийн хүсэлтийн дагуу чөлөөлөв гэж ажлын тухай тэмдэглэсэн байна. /хх 5-6/
4. ******* нь 1985.09.01-1987.06.30-ны өдрийн хугацаанд Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээний Техник мэргэжлийн сургуульд оёдолчиноор сурч төгссөнөөр 1987.07.01-ны өдрийн 151 дгээр тушаалаар 4 тасагт оёдолчиноор ажилд томилогдсон талаар Мэргэжилтэй ажилчдыг ажилд хуваарилсан томилолтод бичигдсан байна.
5. Түүнчлэн 1988.04.25-ны өдрийн БНМАУ-н хүн амын регистрийн картанд ******* нь хувцас захиалга засварын үйлдвэрт 1987 онд ажилд орсон, оёдолчиноор ажилладаг гэж бүртгүүлж байсан байна.
6. Мөн гэрч Д.Наранчимэгээс ... би тус байгууллагад 1988 оноос 1994 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. 1988 оноос 1993 он хүртэл *******тэй хамт ажилласан ... гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд, фото зураг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр ******* нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харъяа Хувцас захиалга засварын 4 дүгээр тасагт, 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ажилчны районы Ахуйн үйлчилгээний комбинатад, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Шүр компанид тус тус оёдолчиноор ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Хүсэлт гаргагч ******* нь дээрх ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024.03.04-ний өдрийн 0209 дугаар тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.04.24-ний өдрийн 734 дугаар тодорхойлолт баримтуудаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныгудирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар *******-ийн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний Удирдах газрын харьяа Хувцас захиалга засварын 4 дүгээр тасагт, 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Ажилчны районы Ахуйн үйлчилгээний комбинатад, 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Шүр компанид тус тус оёдолчиноор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэгшүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА