Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/166

 

 

Ч.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Очмандах  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэбаяр,  

шүүгдэгч Ч.Аын өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Одонмаа нарыг оролцуулан,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/754 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Ат холбогдох 1905040780433 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Ч.А нь “ 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БСБ Мегастор" компьютерын дэлгүүрийн нярав-сервис үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан эд, бараанаас 64.855.100 төгрөгийн /гар утас-36 ширхэг, монитор-2 ширхэг, принтер-1 ширхэг, спикер-1 ширхэг, маус-1 ширхэг, нөүтбүүкний цүнх-1 ширхэг, шатахууны талон 4 ширхэг, /80.000 төгрөг/, нөүтбүүк 7 ширхэг/ үнэ бүхий эд зүйлийг зарж борлуулан, их хэмжээний хохирол учруулан хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Аын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Ч.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан 4 /дөрөв/ жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ч.Ат оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Аын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ааас 64.855.100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-д олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Ат авсан хувийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...64,000,000 төргөгийн үнийн дүнгийн хохиролтой гэж Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийн байцаагч н.Буянжаргал надад хэлж байсан. Тухайн үед би тийм авсан гэж мэдүүлэг өгч байсан..." гэсэн Ч.Аын мэдүүлгээр түүнийг гэм буруутай нь тогтоогдсон гэж үзжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-д “Сэжигтэн,  яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.’’ гэж заасан байдаг тул Ч.Аын уг мэдүүлэг түүнийг яллах үндэслэл болохгүй юм.

2. Хавтаст хэрэгт ‘Би Эс Би Мегастор" дэлгүүрийн агуулахаас бараа дутсан гэх баримт /гэрчийн мэдүүлэг, аудитын дүгнэлт/-ууд л байдаг. Харин эдгээр тутсан барааг Ч.А завшсан гэх баримт авагдаагүй байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан бөгөөд Ч.Ат холбогдох эрүүгийн хэрэгт хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй, Ч.Аыг дутсан гэх барааг завшсаныг тогтоогоогүй болно.

Гэрч Т.Банзрагч, З.Доржсүрэн, М.Чимэдцэеэ нарийн мэдүүлгээс харахад “Би Эс Би мегастор” дэлгүүрийн агуулах руу хамгийн багадаа 2 хүн /Ч.А, М.Чимэдцэеэ/ нар нэвтрэх эрхтэй байсан байдаг. Гэтэл зөвхөн Ч.Аыг уг эд хөрөнгүүдийг завшсан гэж үзэх боломжгүй юм.

Иймд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/754 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Ч.А гомдолдоо: “...Энэн хэрэгт шалгагдаж байх хугацаанд бие өвдөж, бөөрний архаг дутагдалд орж, бүрэн эдгэрээгүй бөгөөд биеийн байдал өдөр ирэх тусам муудаж хүндхэн байна. Миний хувьд шинжээчийн дүгнэлтэд дурдсан зүйлээс огт аваагүй бараа их байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд дахин шалгуулах хүсэлтэй байна. ...” гэжээ.

Прокурор Д.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.А нь “БСБ Мегастор" компьютерын дэлгүүрийн нярав-сервис үйлчилгээний ажилтнаар 2017 оны 1 дүгээр сарын 10-аас 2019 оны 10 дугаар сарын 11-ний хооронд ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан эд, бараанаас 64.855.100 төгрөгийн /гар утас-36 ширхэг, монитор-2 ширхэг, принтер-1 ширхэг, спикер-1 ширхэг, маус-1 ширхэг, нөүтбүүкний цүнх-1 ширхэг, шатахууны талон 4 ширхэг, /80.000 төгрөг/, нөүтбүүк 7 ширхэг/ үнэ бүхий эд зүйлийг зарж борлуулан, их хэмжээний хохирол учруулан хөрөнгө завшсан нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, “Цэц Түшиг” аудит компанийн 2020 оны аудитын дүгнэлт зэргийг үндэслэж хэрэгт авагдсан нотлох баримтуудын хамт Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэн томилсон шинжээчийн 2021 оны 10 дугаар сард дүгнэлт гарсан. “Цэц Түшиг” аудит компаний дүгнэлт үндэслэлтэй байна. Ч.А нь дээрх эд зүйлийг завшсан болох нь тогтоогдож дүгнэлт гарсан. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр Ч.Аын гэм буруу тогтоогдсон. Шүүхээс Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэлтэй тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:   

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Ч.Ат холбогдох 1905040780433 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БСБ компъютерс" ХХК-ийн компьютерын дэлгүүрийн нярав-сервис үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд зүйлсээс 64,855,100 төгрөгийн эд зүйл буюу гар утас-36 ширхэг, монитор-2 ширхэг, принтер-1 ширхэг, спикер-1 ширхэг, маус-1 ширхэг, нөүтбүүкний цүнх-1 ширхэг, 80000 төгрөгний шатахууны талон, нөүтбүүк 7 ширхэг зэргийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-н: “...2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр манай төвөөс 2 компьютер татан авах гээд асуух үед А нь би андуураад Дарханы салбар руу явуулчихсан байна маргааш авчруулна гэсэн. Маргааш нь А амраад ажилдаа ирээгүй.Ингээд нярвын ажлыг менежер Чимэдцэеэ агуулах руу орж үзэхэд, гар утасны хоосон хайрцаг гарч ирлээ гээд удирдах албан тушаалтнуудад мэдэгдээд, ...тооллогын комисс гарч тооллого хийхэд ЗЗ гар утас, 7 зөөврийн компьютер дутаж байсан. Энэ тухай Ат хэлэхэд мэдэж байгаа өөрөө төлнөө гэсэн. Тэрнээс хойш ажилдаа огт ирээгүй. ...Уг бараа дутагдлаас нийт 64.855.100 төгрөгийн хохирол учраад байна...” /1хх 35-36/,  

 гэрч А.Энхцэцэгийн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ний өдөр комисс томилох тухай “Би Эс Би" ХХК-ийн захирал Жаргалсайханы тушаал гарсан. ...Тооллогын дүн гарахад нийт 64.855.100 төгрөгийн бараа дутаж байснаас моделийн зөрүүнд 1.630.000 төгрөг байсан. ...Агуулахын түлхүүр нярав Ч.Ат байсан. Агуулах дотор талдаа хяналтын камергүй, тооллого хийхэд бараануудын хайрцаг хоосон. Хоосон хайрцаганд өөр ямар нэгэн уут, тор зэргийг хүнд жинтэй болгох үүднээс хийсэн байсан. 36 ширхэг гар утас, 2 ширхэг монитор, 1 ширхэг принтер, спикер 1 ширхэг, 1 ширхэг маус, 1 ширхэг нөүтбүүкний цүнх, шатахууны талон 4 ширхэг /80.000 төгрөг/, нөүтбүүк 7 ширхэг дутсан...” /1хх 41/,

гэрч У.Алтанзаяагийн: “...Манайх cap бүрийн эцэст тооллогын комисс томилогдон ажилладаг, тухайн үед Ч.А  нь хоосон хайрцаг тоолуулдаг байсан нь ...тооллогоор барааны хайрцаг нь лацыг нь салгаад эргүүлээд цэвэрхэн наачихсан. Мөн гялгар ууттай барааны уутыг нь дотор талаас нь зүсэж, онгойлгоод дээд талаасаа бүтэн харагдахаар өрж тавьсан байсан....Хоосон хайрцганд уут, тор зэргийг хүнд жинтэй болгох гэж хийчихсэн байсан. ...” /1хх 42-44/, 

гэрч Т.Банзрагчийн: “...Би тооллогын комиссыг ахлаж, У.Алтанзаяа, А.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр очиж тус дэлгүүрийн нярав Ч.Аын хариуцдаг гар утас, компьютерын тасаг, агуулахад тооллого хийхэд хоосон гар утас, компьютерын хайрцаг их байсан. ...Агуулахын түлхүүр зөвхөн няравт байдаг ба нярваар Ч.А ажиллаж байсан. Харин амралтын өдөр менежер Чимэдцэеэд түлхүүрээ үлдээгээд явдаг...” /1хх 45/,

гэрч З.Доржсүрэнгийн: “...тооллогыг хийх үеэр агуулахаас гар утасны болон компьютерийн хоосон хайрцаг гарсан ба дотор талд нь үзүүлэнгийн үйлдвэрийн загвар уут, сав зэрэг эд зүйл хийчихсэн байсан. ...зарим нэг хайрцаган дотор ажилладаггүй гар утас орлуулж хийсэн байсан...” /1хх 45-47/,  

гэрч М.Чимэдцэеэгийн: “...Би БСБ мегастор дэлгүүрт менежерээр 2007 оноос хойш ажиллаж байгаа ба 2019 оны 8 дугаар сарын сүүлээр манай толгой компаниас хуучин загварын компьютер хадгалагдаад байгаа талаар хэлсэн. Би заал болон агуулахад үзэхэд байгаагүй. Ааас асуухад,  Эрдэнэтийн салбар руу явуулчихсан байгаа гэж надад хэлсэн. 10 сард надад Эрдэнэтийн салбар руу явсан компьютер эргээд салбар дээр үлдэгдэлтэй харагдаад байна гэхээр нь Эрдэнэтийн салбараас асуухад огт манай салбараас аваагүй гэсэн. Тэгээд Ааас асуухад надад байгаа гэсэн. ...Тэр өдрөөс ажилдаа эргэж ирээгүй. Манай байгууллагын агуулахын түлхүүр нь Ат байдаг, дэлгүүрийн барааны нийлүүлэлт болон хангалтыг хариуцаж ажилладаг. А ажил дээрээ ихэвчлэн байдаг амрах ёстой өдрөө амардаггүй, ...гэртээ ганцаараа хийх юм байхгүй ажил дээрээ байвал дээр байна гээд байдаг байсан. ...Дэлгүүрийн агуулахад байдаг бараа материалыг хариуцан ажилладаг байсан. Ажлын өдрүүдэд 10-20 цагийн хооронд ажилладаг байсан ба дэлгүүрийн нярав дэлгүүр хаасны дараа ихэвчлэн гардаг байсан. ...Ажлаа тараад байгууллагаас гарч байгаа ажилтнуудаа биед нь юу байгааг шалгадаггүй байсан...” /1хх 52-55/,  

агуулахад байгаа мэт бүртгэлтэй гар утсуудыг хүмүүс ашиглаж байгааг нотолж буй  “Юнител” ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичиг /1хх 109/,  “Скайтел” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 20/138 дугаартай албан бичиг /1хх 112/,  “Мобиком корпораци” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 18/268 дугаартай албан бичиг /1хх 116/,

Ч.Аын хариуцан ажилладаг агуулахын бараанд тооллого хийхэд байсан хоосон хайрцгууд, хайрцгийг дүүргэж хийсэн уут, цаас зэргийг харуулж буй гэрэл зургууд/2хх 44-45/,

 “...БСБ мэгастор компьютерийн дэлгүүүрийн агуулахын бараа материалын дутагдлын тайлан:

дутагдсан нөүтбүүк 7 ширхэг- 10,649,300 төгрөг

дутагдсан гар утас-36 ширхэг- 50,756,400 төгрөг

дутагдсан дэлгэц-2 ширхэг- 1,129,800 төгрөг

дутагдсан спикер-1 ширхэг 129,900 төгрөг

дутагдсан принтер-1 ширхэг- 409,900 төгрөг

дутагдсан цүнх- 1 ширхэг- 59,900 төгрөг

дутагдсан хулгана-1 ширхэг- 9,900 төгрөг

дутагдсан эрхийн бичиг-4 ширхэг- 80,000 төгрөг

модель зөрсөн барааны дүн-4 ширхэг- 1,630,000 төгрөг /модель зөрсөн, хайрцганд сольж хийсэн/

нийт дутагдсан барааны дүн: 64,885,100.00 төгрөг...” гэсэн “Сэц Түшиг Аудит” ХХК-ийн аудитын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгнэлт /1хх 68-77/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 076 дугаартай “...Ч.Аыг нярваар ажиллаж байх хугацаанд буюу 2017 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс буюу 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хугацаанд Мегастро компьютерийн дэлгүүрт 64,885,100 төгрөгийн бараа дутагдсан байна. Дутагдлыг тогтоохдоо агуулахын тайлан, борлуулалт, анхан шатны баримтууд, тооллогын хуудас, тооцоо бодсон акт зэргийг үндэслэсэн болно. “Сэц Түшиг Аудит” ХХК-ийн аудитын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн STA2001/01 дугаартай аудитын дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх 82-85/,

Ч.Аын яллагдагчаар мэдүүлсэн “...Би хувьдаа завшсан бараануудыг 2018 оны эхээр ажил гарахаар 1-2 хайрцаг компьютер, гар утсыг авч гаран фэйсбүүкээр зар тавьж хувь хүнд үндсэн үнээс нь хямдруулж өгдөг байсан. Одоо тэр ашиглаж байсан фэйсбүүк хаяг байхгүй, хэдэн төгрөгөөр зарж борлуулснаа санахгүй байна. Бүгд өөр өөр үнийн дүнтэй байсан. Харин тооллого орохоор би хоосон компьютер, гар утасны хайрцгуудыг тоолуулдаг байсан. Нярваар ажилладаг болохоор бараа бүтээгдэхүүнийг авч гарах эрхтэй байдаг....Бүх бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулж өөртөө мөнгийг нь авсан. Би авч гарсан компьютер, гар утас яг хэдэн ширхэгийг борлуулснаа санахгүй байна. ...”/1хх 240-244/, “...2017-2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаан овор багатай гар утас, нөүтбүүк болон компьютерийн дагалдах хэрэгслийг хувьдаа зарж борлуулсан. Харин овор ихтэй дэлгэц, принтер зэргийг авч яваагүй. Ер нь би тухайн үед яг ямар бараа авч явснаа санахгүй байна. Гар утасны хайрцгийг задалж дотор талд нь байгаа утсыг аваад эргэж хайрцгийг нь таглахад задлаагүй юм шиг харагддаг байсан. Харин хоосон нөүтбүүкийн хайрцгийг хураалттай барааны доод талд тавьдаг байсан ба доод талд байгаа барааг шалгадаггүй байсан. Би сарын санхүүгийн программыг ашиглаж хувьдаа завшсан бараа, бүтээгдэхүүнийг бусад салбар руу шилжүүлж, тооллого хийсний дараа буцаалт хэлбэрээр программд оруулдаг байсан. ...” /1хх 245-246/ гэх мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Ч.А нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БСБ компьютерс" ХХК-ийн компьютерын дэлгүүрийн нярав-сервис үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан болох нь 2016 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн кс/036 дугаартай “БСБ компьютерс” ХХК-ийн захирлын тушаал /1хх 30/, 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 2207/16 дугаартай “БСБ компъютерс" ХХК-ний төлөөлөгч захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Бямбаа, Ч.А нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /2хх 32-37/, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн кс/025 дугаартай “БСБ компъютерс" ХХК-ийн “Ажлаас түдгэлзүүлэх тухай” гэсэн захирлын тушаал /2хх 11/ зэргээр,

Ч.Аын ажилладаг байсан “...нярав-сервис үйлчилгээний ажилтан” гэх ажил нь тус ажиллаж байсан дэлгүүрийн агуулах доторхи эд зүйлийг хариуцдаг болох нь:

- “...албан тушаал:нярав-сервис үйлчилгээний  ажилтан.

...Хөдөлмөрийн нөхцөл:Ажилтны ажиллах ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлогдоно.

Ажилтны хүлээх үүрэг: ...хариуцсан эд хөрөнгө, техник хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах, бүрэн бүтэн байлгах, ...компанид хохирол учруулсан бол түүнийг барагдуулах бүрэн хариуцлага хүлээх /эд хөрөнгийн бүрэн хариуцлагаар хүлээсэн үүргээ биелүүлэх...” гэсэн хөдөлмөрийн гэрээ/2хх 32-37/,

  • “...Дэлгүүрийн нярвын ажлын байрны тодорхойлолт

Ажлын байрны зорилго: Дэлгүүүрийг бараагаар хангах, барааг хүлээн авах, олгох, хадгалах, хамгаалах ажлыг хариуцах

Ажлын байрны чиг үүрэг:

1. Дэлгүүрийг бараагаар тогтмол хангах, барааг бүтэн хадгалах, барааны хөдөлгөөний программ дээр цаг тухайд нь хийж, барааны үлдэгдлийн мэдээг үнэн зөв хөтлөх,

2. Тооцоо нийлж, тайлан гаргах, агуулахын аюулгүй байдлыг хангах,

3.Худалдан авагчид барааг тавьж олгох...” гэсэн дэлгүүрийн нярвын ажлын байрны тодорхойлолт /2хх 8/ зэргээр нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч С.Аын “БСБ Мегастор" компьютерын дэлгүүрийн нярав-сервис үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан эд, бараанаас 64.855.100 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг зарж борлуулан завшиж, “БСБ компъютерс" ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн “...Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан ба тус зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.

Ч.А нь тухайн дэлгүүрийн агуулах дахь эд зүйлсийн бүрэн бүтэн байдал, тоо, моделиороо байх зэргийг нярав-сервис үйлчилгээний ажилтныхаа хувьд бүрэн хариуцдаг, байхгүй болсон эд зүйлсийг Ч.А завшсан болох нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...“Би Эс Би мегастор” дэлгүүрийн агуулах руу хамгийн багадаа 2 хүн /Ч.А, М.Чимэдцэеэ/ нар нэвтрэх эрхтэй байсан байдаг тул зөвхөн Ч.Аыг уг эд хөрөнгүүдийг завшсан гэж үзэх боломжгүй. ...”, шүүгдэгч Ч.Аын “...шинжээчийн  дүгнэлтэд дурдсан зүйлээс огт аваагүй зүйл их байгаа тул зөвшөөрөхгүй...” гэсэн давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүхийн Ч.Аын үйлдлийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, түүний үйлдлийг зүйчилсэн хэргийн зүйлчлэл зөв, Ч.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ....” гэсэн ялын төрөл хэмжээний дотор ялыг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Ч.Ат оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төдийгүй, түүний гэмт хэргийг удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байдал, учруулсан хохирлоо төлөөгүй хувийн байдал зэрэгт тохирчээ.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтаар хохирогч болох “БСБ Компьютерс” ХХК-д төлөх хохирлыг, хохирогч байгууллагын төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон /1хх 196/ иргэн Г.Х-д олгохоор шийдвэрлэснийг уг гэмт хэргийн хохирогч “БСБ Компьютерс” ХХК-д олгох гэж өөрчлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А нь шийтгэх тогтоол гарсан 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/754 дугаартай шийтгэх тогтоолын:

 тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ааас 64.855.100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-д олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ааас 64,855,100 /жаран дөрвөн сая найман зуун тавин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж “БСБ Компьютерс” хязгаарлагдмал хариуцлагатай компани /5913314 регистртэй/-д олгосугай. ...” гэж өөрчилж,

 тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Аын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 82 /наян хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

              ШҮҮГЧ                                                           Д.ОЧМАНДАХ