Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 1910

 

 

 

 

 

 

 

 

 

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02310 дугаар шийдвэртэй

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 298 593 026.87 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа, өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр № ЗГ-СС14005-1-Н тоот “Зээлийн гэрээ”-г, №ЗБ-СС14005-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, №ЗБД/СС 14005, №ЗБД/СС14005-1-н тоот “Батлан даалтын гэрээ”, мөн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр №ЗБ-СС 170425006-1, 2 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”-г, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр №ЗНГ/СС20171226019-1-н тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г, 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №ЗБ/СС20180103015-2-н тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 2 490 328 ам.долларын зээлийг, Тайваны Эксим банкны зээлийн хувьд 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл жилийн 8 хувийн хүүтэй, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, “Х” ХХК-ийн эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 18 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай, Тайванийн экспортыг дэмжих зориулалтаар зээлж авсан. Хариуцагч нь үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байсан учир банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах, үндсэн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардлын хамт нийт 2 298 593 026.87 төгрөгийг гаргуулахаар 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл хэрэг маргаан хянан шийдвэрлэгдээгүй байна. Иймд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 130 512 686.75 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 2 429 105 713.62 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК, түүний төлөөлөгч Б.Золтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сард нэхэмжлэлийн шаардлагаа 130 512 686.75 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Уг нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл болгон зээлийн тооцооллын хүснэгтийг гаргаж хавсаргасан байх бөгөөд уг хүснэгтэд дурдсанаар 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай компанид 2 129 040 547.50 төгрөгийн зээл олгосон гэж тодорхойлж уг мөнгөн дүнгээс жилийн 18 хувийн хүү тооцож нэхэмжилсэн байна. Манай компани нь “Эксим” банкнаас үйлдвэрийн тоног төхөөрөмжийн зээл авахаар тохиролцож уг зээлийн мөнгийг “Х” ХХК-аар дамжуулан авсан. “Х” ХХК нь уг зээлийн мөнгийг манайд шилжүүлэхдээ зээлийн гэрээ байгуулсан ба ингэхдээ 8 хувийн хүүтэй байхаар тулган гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн “Х” ХХК болон “Эксим” банкны хооронд хийгдсэн гэрээний 4 дүгээр зүйлд зээлийн хүүг 1 хувь байхаар тохиролцсон байх бөгөөд үүнээс харахад “Х” ХХК нь бидэнд зээлийн мөнгийг дамжуулан олгохдоо хэтэрхий өндөр хүү тогтоож манай компанийг хохироосон. “Х” ХХК-аас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 5/164 тоот албан тоотоор зээлийн төлбөрийн төлөлтийг 14 хоногийн дотор төлөхийг шаардаж уг хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг цуцлах талаар мэдэгдлийг ирүүлсэн. Уг албан тоотод манай компанийн зүгээс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх боломжгүй болохоо мэдэгдэж зээлийн гэрээг цуцалж байгааг хүлээн зөвшөөрснөө албан ёсоор мэдэгдсэн. Нэгэнт зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож цуцалсан тул “Х” ХХК-ийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд хандахад гарсан зардал гэх 35 000 төгрөгийн зардал нь ямар зардал гэдэг нь тодорхой биш байна. Иймд “Х” ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 2 170 560 532 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 288 545 181.62 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчаас 2 298 628 000.52 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 130 477 713 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042782 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Л.Энэбишийн өргөн чөлөө, 9-А-д байршилтай, 3873.4 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1617/0127 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байршилтай, 794 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 12 531 628.71 төгрөгөөс 11 651 090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 880 538 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 11 651 090 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагаас 130 477 713 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8.2 “хугацаа дууссан нь үндсэн өр, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй” гэж заасны дагуу болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагч буюу зээлдэгч нь гэрээний хугацаа дууссан хэдий ч зээл, түүний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд төлөх үүргийг гэрээ болон хуулиар хүлээсэн. Мөн нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй. Уг эрхийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдаг. Иймд, шүүхийн шийдвэрийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг гаргуулж нэхэмжлэгч талд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Золтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга болон бусад баримтаас харвал Эксим банкны зээлийн төлбөрийн үлдэгдэл 365 299.9 ам.доллар буюу 2 634.44 төгрөгөөр тооцвол 962 360 668.5 төгрөг болно. Энэхүү дүнг бид уг ханшаар тооцон төлөхийг зөвшөөрч байгаа. Дээрх 365 299.9 ам.долларыг Х нь өөрийн эх үүсвэрээр төлсөн гэх 442 856.88 ам.долларыг нэмж үндсэн зээлийн төлбөрийг 808 156.78 ам.доллар болгон нэхэмжилсэн болно. Х нь 4 удаагийн үйлдлээр манай компанийн өмнөөс Эксим банкинд төлбөр төлсөн гэх тайлбарыг хийн манай компанийн зээлийн дансанд бидний зөвшөөрөлгүй гүйлгээ хийж нотлох баримтаа бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 88 596.78 ам.долларын гүйлгээг хийсэн. Үүнийгээ өөрийн эх үүсвэрээс төлсөн гэх тайлбарыг хийдэг. Гэвч бид зээлийн төлбөрийг урьдчилан бөөн дүнгээр төлснөөр 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн зөрчилгүй байснаа тайлбарласан. Гэтэл уг гүйлгээг Х нь сайн дураараа зөвшөөрөлгүй хийсэн. Үүний дараа 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 77 556.99 ам.доллар, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 88 596.78 ам.доллар, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 188 106.33 ам.долларын төлбөр төлсөн гэх гүйлгээг манай зээлийн дансанд хийсэн байх бөгөөд энэ талаар бидэнд мэдэгдсэн зүйл огт байхгүй, манай компанийн зүгээс огт зөвшөөрөөгүй байхад хийсэн байсныг шүүхэд маргаан үүссэний дараа бид баримтаас олж мэдсэн. Манай компанийн зүгээс зээлийн үндсэн төлбөрөөс 442 856.88 ам.долларыг дараах байдлаар төлөхөөр тайлбараа хийн мэтгэлцсэн. Энэхүү үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа болно. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гүйлгээ болох 88 596.78 ам.долларыг нэхэмжлэгч нь сайн дураараа, бидэнд мэдэгдэлгүй шилжүүлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцсон. Гэтэл нэхэмжлэгч нь сайн дураараа гэрээгээ зөрчин төлбөр төлөлтийг хийж гүйцэтгэсэн нь манай компанийн зүгээс уг төлбөрийг тухайн үеийн ханшаар төлөх үндэслэлийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүсгэж байна. Нэхэмжлэгч нь дээрх нийт 442 856.88 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 634.44 төгрөгөөр тооцсон зөрүү дүн болох 40 246 447.09 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нь нийт 58 506.63 ам.долларын хүү нэхэмжилсэн байна. Энэхүү хүүгийн тооцооллыг шүүхэд гаргасан баримтаас харвал Эксим банкны зээлийн хүүгийн төлбөрт 31 037.50 ам.доллар, Х дотоодын эх үүсвэрийн төлбөрт 27 469.14 ам.доллар тус тус нэхэмжилсэн байна. Манай компанийн зүгээс Эксим банкны зээлийн хүүгийн төлбөр болох 31 037.5 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш болох 2 634.44 төгрөгөөр тооцон 81 766 431.5 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно. Х нь энэхүү гомдлын нэгд дурдагдсан 442 856.88 ам.долларыг зээлийн гэрээний үүргээ зөрчин бидэнд мэдэгдэлгүй зээлийн дансанд гүйлгээ хийсний улмаас төлөх ёстой төлбөр болгоод байгаа. Бидний зүгээс уг төлбөр нь ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 болон 451.2 дэх хэсэгт заасныг зөрчиж төлбөрийн асуудал үүсгэсэн байх тул уг дүнд ямар нэгэн хүү төлөхгүй гэсэн байр суурьтайгаар мэтгэлцсэн. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ уг төлбөрийн талаар тусгайлан байгуулсан гэрээ, хүү тохирсон зүйл байхгүй байхад нотлох баримтгүйгээр манай компаниас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай компанид 2 129 040 547.50 төгрөгийн зээл олгосон мэтээр баримт тооцоолол үйлдэн 130 512 686.75 төгрөгийг нэхэмжилсэн. Дээр дурдсанчлан нэгэнт гэрээг цуцалсан тул 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ямар нэгэн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүхээс уг нэмэгдүүлсэн шаардлагад зөв дүгнэлт хийн шийдвэрлэсэн болно. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 5 853.33 ам.доллар буюу 15 420 246.6 төгрөг нэхэмжилсэн байна. Энэхүү тооцооллыг хэрэгт авагдсан Хны гаргасан хүснэгтээс харвал Эксим банкны зээлийн төлбөрт бодсон нэмэгдүүлсэн хүүнд 1 506.52 ам.доллар, Хны сайн дураар төлсөн гэх төлбөрт 4 346.81 ам.доллар тус тус байна. Эксим банкны зээлийн хүүнд тооцсон нэмэгдүүлсэн хүү болох 1 506.52 ам.долларыг 2017 оны 6 дугаар сараас эхлэн тооцсон байгаа нь Хны тооцооллоос харагдаж байна. Харин нөгөө талд бодогдсон нэмэгдүүлсэн хүүг 2018 оны 7 дугаар сараас эхлэн тооцсон байна. Ийнхүү нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь хууль буюу гэрээнд зааснаар үндэслэл үүсээгүй байхад тооцоолсон, нөгөө талаар ямар үнийн дүнгээс хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй байх тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 15 420 246.6 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгч нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа холбогдох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангуулах үүднээс нотариатын үйлдэл хийлгэсэн гэж холбогдох баримтыг хавсаргасан байна. Хэн нэгэн этгээдийн шүүхэд хандах нь тэдгээрийн эрхийн асуудал бөгөөд энэхүү эрхээ эдлэхтэй холбогдон гарсан зардлыг хариуцагч тал хариуцах нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дэх хэсэгт зааснаар бичмэл нотлох баримтыг эх хувиар өгөх боломжтой юм. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн нэгдүгээр заалтад тусгагдсан 2 298 628 000.52 төгрөг гэх үнийн дүнд энэхүү гомдолд дурдсан дүнгээр өөрчлөлт оруулж 128 067 494.79 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт үндсэн зээл 2 129 040 547.80 төгрөг, үндсэн хүү 263 118 857.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 946 306.64 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал 35 000 төгрөг, нийт 2 429 105 713.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр №ЗГ-СС14005-1 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч “М” ХХК нь 2 700 000 ам.долларыг жилийн 8 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлэн авч, гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг төлөхгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлд ногдох хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042782 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9-А тоот хаягт байршилтай, 3 873.4 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1617/0127 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байршилтай, 794 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан үйл баримт тогтоогдсон байна.

Талууд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Зээлийн нэмэлт гэрээ” байгуулж, өмнөх буюу 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний 3.2 дахь заалтад “зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүг жилийн 6 хувь” болгон өөрчлөлт оруулжээ.

 

Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч буюу хариуцагч “М” ХХК нь мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, шүүх энэ талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд заасан хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд хандах тухай мэдэгдсэн, үүний дагуу нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хандан, нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч анхан шатны шүүх нэхэмжлэл гаргасан хугацаагаар гэрээг цуцалсанд тооцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Гэрээг цуцалсан хугацаагаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцон зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 808 156.78 ам.доллар буюу 2 129 040 547.5 төгрөг, зээлийн хүү 58 506.63 ам.доллар буюу 154 132 206.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 853.33 ам доллар буюу 15 420 246.6 төгрөг, нийт 872 516.75 ам.доллар буюу 2 298 593 026.87 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай шаардлагыг шүүх зөв шийдвэрлэж, барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042782 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Л.Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9-А тоот хаягт байршилтай, 3 873.4 м.кв талбайтай, үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 1617/0127 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байршилтай, 794 м.кв талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, эзэмших эрхтэй газар зэргийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцох бөгөөд талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож баталгаажуулсан байх тул зээлийн хүү хэтэрхий өндөр байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаарх татгалзлаа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2019/02310 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 810 338.57 төгрөг, хариуцагчаас төлсөн 798 290 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                            ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО