Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 118/ШШ2021/0007

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би иргэн Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ******* даргад холбогдох 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/315 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/267 дугаартай захирамжаар ******* сумын Богдын гол баг Шороон гүүрний баруун талд үйлчилгээний зориулалтаар 1386 м2 газрыг ******* дугаартай газар эзэмших гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмшин авч гэрээ байгуулсан.

Ингээд 2019 оны зунаас хашаагаа барьж үйлчилгээний төв барихаар ажлаа эхлүүлсэн боловч 2020 онд Хятад улсад Корона вирусын халдварт өвчний улмаас хил хаагдаж материалаа татах боломжгүй болон одоог хүрч байна. Гэтэл аймгийн ******* даргын 2020 оны 08 дугаар сарын А/315 дугаартай захирамжаар миний газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. Тус аймгийн ******* даргын 2020 оны 08-р сарын А/315 дугаартай захирамжид ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн байна. Улс орон даяар Корона вирусын халдварт өвчинтэй тэмцэж хөл хорио тогтоосон энэ үед аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас болон холбогдох шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж, тайлбар, нотлох баримт бүрдүүлэхгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Аймгийн ******* даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас иргэн Д.******* надад ******* даргын 2020 оны 08-р сарын 06-ны өдрийн А/315 дугаартай захирамжийг одоог болтол мэдэгдээгүй, танилцуулж хүргүүлээгүй бөгөөд би өөрөө 2021 оны 01-р сарын 18-ны өдөр Завхан аймгийн ******* даргын Тамгын газарт хандаж хуулбарлан авсан болно. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн ******* дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан боловч надад одоог болтол мэдэгдээгүй тул дээрх тус хуулийн 40.3 дахь хэсэгт заасан ...тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэсэн эрхээ эдлэх боломж олгохгүй хууль бус шийдвэрээ санаатайгаар мэдэгдээгүй өдийг хүрсэн үйлдэл гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Д.*******н нэхэмжлэлтэй аймгийн ******* даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. Д.******* нь Завхан аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар 23-ны өдрийн А/267 дугаартай захирамжаар ******* сумын Богдын гол баг Шороон гүүрний баруун талд үйлчилгээний зориулалтаар 1386 м2 газрыг ******* дугаартай газар эзэмших гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай эзэмшин авсан байна. Гэтэл Д.*******гийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн ******* даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/315 дугаартай захирамж нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, тогтоомж журамд нийцэж гараагүй болно. Иймд Д.*******гийн Завхан аймгийн ******* даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/315 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү" гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ******* даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/315 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь аймгийн ******* даргын 2017 оны 06 дугаар 23-ны өдрийн А/267 дугаартай захирамжаар ******* сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт 1386 м2 газрыг эзэмшиж байсан ба түүнийг гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн аймгийн ******* даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/315 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/315 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч болох Завхан аймгийн ******* даргын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/33 дугаар албан бичгээр М.*******д итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан эрхийг олгосон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ренчинбямбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн Завхан аймгийн ******* даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/315 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* даргаас 70200 төгрөг гаргуулж Д.*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА