Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 118/ШШ2019/0020

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир би Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******т холбогдох 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0063206 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны зөрчлийн хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.******* нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн ******* дугаартай Б.*******т холбогдох зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зөрчилд холбогдогч Б.*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Эрх бүхий албан тушаалтан Ж.******* нь тус хэрэгт зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, шийдвэр гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл: Зөрчилд холбогдогч Б.*******ийг агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан үйлдлийг бүрэн гүйцэт шалгаж нотлоогүй, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зөрчилд холбогдогч Б.*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1. Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна, мөн зүйлийн 1.1. тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх гэснийг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******ийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр зөрчилд холбогдогч Б.*******т Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0063206 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ч.*******аас ирүүлсэн ...урд гуанзанд иргэн Б.******* нь тарваганы тулам хүмүүсээс худалдан аваад хадгалж байна гэх мэдээллийн дагуу Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******той утсаар холбогдож, дээрх мэдээллийн дагуу прокурорын зөвшөөрөл авч, сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.*******, байгаль хамгаалагч Б.******* нарын хамт шалгаж, хэргийн газрын үзлэг хийж, фото зураг, бичлэг зэргээр нотлох баримт бүрдүүлэн ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, материал бүрдүүлэн ажиллах хугацаанд иргэн Б.*******ээс гэрчийн мэдүүлэг авахаар 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 33 минутанд албан өрөөнд ирж гэрчийн мэдүүлэг өгөхийг 98989460 дугаарын утсаар ярьж хэлэхэд чамтай уулзах ажил надад байхгүй, уулзахгүй, яах гэж, юмаа хураалгасан гэж уулзах юмуу, надад зав алга гээд ирээгүй. Мэдээлэл өгсөн иргэн Ч.*******аас гэрчийн мэдүүлэг авч амжаагүй байтал Ч.*******ыг нас барсан гэх цуу яриа гарсан байсан. Иргэн Б.******* иргэдийн хууль бусаар агнасан тарвагыг худалдан авч хадгалж байгаад Улаанбаатар хот руу ачуулж байсан гэх өмнөх мэдээллээс гадна иргэн Ч.******* нь саяхан утсаар холбогдоод, наад Б.******* чинь намайг нас барсан гээд баахан цуу яриа тараасан байна гээд, дахиад ч тарвага авч хот руу ачуулсан гэх мэдээллийг ярьж байв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.******* нь тус аймгийн ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0063206 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Уг хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээс өмнө Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.******* нь Прокурорын дүгнэлттэй захиргааны зөрчлийн хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0063206 дугаар шийтгэврийг гаргахдаа холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, дутуу үнэлсэн учраас хүчингүй болгосон Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/41 дугаар тушаалыг ирүүлсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг ... захиргааны байгууллага бүхэлд нь хүчингүй болгох-оор заасан байх тул хариуцагчийн зөвшөөрөл үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй байна. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн Завхан аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.*******т холбогдох 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 0063206 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР