Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 137

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга       Б.Намуунзул

Улсын яллагч:                       Л.Энхтайван

Шүүгдэгчийн өмгөөлөгч:    А.Ариунзаяа

Хохирогч:                               М.Баярсайхан

   Хохирогчийн өмгөөлөгч: Г.Амартүвшин нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Энхжаргалд холбогдох эрүүгийн 1731000000019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1970 оны 06 дугаар сарын 16-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолоооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг Дархан сум 13 дугаар баг 1 дүгээр хороолол 31 дүгээр байр 21 тоотод оршин суудаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн тэнсэн харгалзах ял авч байсан Дөрвөд овогт Цэрэндашийн Энхжаргал /РД:МТ70061601/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Энхжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах шороон зам дээр 49-99 УБЧ улсын дугаартай Toyota Land Cruiser-80 маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 8.1 дэх заалтуудыг зөрчин М.Баярсайханы жолоодон явсан улсын дугааргүй Super Benyi маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж М.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч Ц.Энхжаргалын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-нд “Их Өлөнт” гэдэг газар руу өгсөөд явж байсан чинь өөдөөс  мотоцикольтой хүн гарч ирэхэд нь би баруун тал руугаа бага зэрэг дараад мөргөлдөөд зогссон. Би 20 км/цагийн хурдтай л явж байсан байх. Тэгээд сандрахдаа хохирогчийг аваад хэргийн газраас хөдлөөд сумын эмнэлэг рүү явсан. Орой нь би Дархан авч явж томографикийн зураг авахуулаад маргааш нь 2017 оны 07 дугаар сарын 08-нд хохирогчтой цуг Улаанбаатар хот руу орж MRI зураг 300.000 төгрөгөөр авахуулсан. М.Баярсайханыг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлье гэж бодсон боловч маш их оочиртой байсан болохоор хугацаа алдсан. М.Баярсайхан Бугантад буцаж ирээд босч явахдаа таяг тулахгүй байсан нь хөлний шөрмөсний суналтад нөлөөлсөн байх гэж бодсон. Мөн пиво уусан байсныг нь мэдээд ээж рүү нь утасдаж хэлж байсан. Хагалгааны тов маш хол байсан хэдий ч хүлээж байгаад хагалгаанд оруулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Металл хайгч багаж нь эвдэрсэн бол төлж өгье гээд байхад авчирч үзүүлээгүй...” гэх мэдүүлэг

Хохирогч М.Баярсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 07-нд харих замдаа “Их Өлөнт” гэдэг газар машинтай таарч мөргөлдсөн. Энэ машин бага зэрэг баруун тал руугаа дараад гарсан бол ийм юм болохгүй байсан байх. 2017 оны 07 сарын 08-ны өглөө Улаанбаатар хот руу очиж “Мөнгөн гүүр” гэдэг эмнэлэгт “MRI” зураг авахуулсан. Хариу нь 2 хоногийн дараа гарна гэхээр нь Дархан руу буцсан. Маргааш нь эмнэлгээс зургаа ав гээд утсаар ярихад нь би Ц.Энхжаргал эгчид хэлсэн. Надад Ц.Энхжаргал эгч зардлын мөнгө 100.000 төгрөг өгөөд би эхнэртэйгээ хот руу зургаа авах гээд очсон. Эмнэлэг дээр очсон чинь Ц.Энхжаргал эгчийн охин нь миний зургийг авчихсан гэмтлийн эмнэлэгээс зөвлөгөө аваад намайг хагалгаанд орох шаардлагагүй гэж хэлсэн. Би зургаа “Мөнгөн гүүр” эмнэлэгч аваачиж үзүүлж зөвлөгөө авахад намайг хагалгаанд орох шаардлагатай гэж зөвлөсөн. Тэгээд эргээд Дархан ороод 2017 оны 07 дугаар сарын 16-нд бид хэд эргээд хотод ирсэн. 2017 оны 07 дугаар сарын 25-нд хагалгаанд орсон. Намайг пиво уусан гэж яриад байна. Тэр үед би пиво уугаагүй зүгээр найзтайгаа хамт сууж байсан. Тухайн үед эвдэрсэн металл хйагч багажны үнэ, шүүх хуралдаан, мөрдөн байцаалтын шатанд ирж очсон зардлын мөнгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг

Гэрч Ц.Номин-эрдэнийн 2017 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Ц. Энхжаргал гэж хүн миний төрсөн эх байгаа юм. Би бага хүүхэд нь байгаа юм. Миний нэр дээр 49-99 УБЧ улсын дугаартай “Тоёота Ланд 80” маркийн тээврийн хэрэгсэл байдаг юм. Уг тээврийн хэрэгсэлийг манай ээж Ц. Энхжаргал нь унаж хэрэглэдэг юм.” “...тээврийн хэрэгсэлд жолоочийн эсрэг тал буюу зүүн урд талын урд гупер дотогшоо хонхойж эвдэрсэн өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Надад тээврийн хэрэгсэлийн эвдрэл гэмтэлтэй холбоотой хохирол, нөхөн төлүүлэх, сэргээлгэх шаардлага байхгүй, гаргах санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/

Гэрч М.Долгорын 2017 оны 09 дүгээр сарын 3-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хувийн зан байдлын тухайд бол шулуун шудрага, хүнтэй их нийтэч, ажилсаг хөдөлмөрч зантай, ойр дотны ах дүү найз нөхөддөө тусалж, дэмжиж байдаг учраас хүмүүс ч их хүндэлдэг юм. Өөрөө ч Энхжаргал хүнд тусархуу найз, нөхөд ихтэй. Нөхөр хүүхдийн хамт Дархан-Уул аймагт амьдардаг. Ар гэрийн амьдрал бол гайгүй боломжийн амьдралтай, хуваариа алтны ченж хийдэг ажилтай болохоор ахуй амьдрал нь сайн боломжийн. Хүүхдүүд нь бүгд дээд сургууль Улаанбаатар хотод суралцаж байгаа. Энхжаргал нь архи согтууруулах ундааны зүйлийг хааяа баяр ёслолын үед л хэрэглэдэг байх, тэрнээс Энхжаргалыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн уусан гэж сонсож, би харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

Гэрч М. Мөнхжаргалын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... Би 2017 оны 07 дугаар сарын 07-ны өглөө ах М. Баярсайханы Бугант тосгоны “Их-Өлөнт” гэдэг нэртэй газар луу хуваариа алт олборлох гэж мотоцикльтой явсан юм. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед эргээд гэртээ харих гээд “Их-Өлөнт” гэх газраас уруудаж явж байхад урдаас жийп маркийн машин явж байгаад өөдөөс ирээд л мөргөчихсөн юм. Тэгээд замын хажуу руу мотоцикльтойгоо онхолдсон. Тэгсэн манай нутгийн зүс таних Энхжаргал эгч уг жийп машинаас бууж ирээд ах бид хоёрт туслаж босгосон. Манай ах Баярсайхан намайг цагдаад мэдэгд гэж хэлэхэд Энхжаргал эгч хэрэггүй, эндээ хэдүүлээ учраа олъё гэж хэлсэн. Ингээд ах бид хоёрыг Бугант тосгоны Эрүүл мэндийн төвд үзүүлж анхны тусламж үзүүлчихээд тэндээсээ шууд Дархан-Уул аймагруу эмнэлэгт үзүүлэх гэж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/

Гэрч Б.Оюун-Ундрахын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 20117 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн орчимд ажлаасаа дөнгөж гэртээ орж ирээд түмпэн сав цуглуулаад байж байтал утсаар миний танил Ц.Энхжаргал гэдэг хүн залгаад эмчээ.. Их-Өлөнт гэдэг газар зам тээврийн осол гарсан хүнээ аваад явж байна гэхээр нь... за хурдан Эрүүл мэндийн төв дээр аваад ирээрэй надад ажил явдал гараад байна шүү яаралтай ирээрэй гээд утсаа салгаад Эрүүл мэндийн төвийн ээлжийн сувилагч Цэцэгээд яаралтай дуудлага бичүүлээд өөрөө өвчин намдаах Тармадол гэх тариа ээлжийн сувилагчаас аваад Эрүүл мэндийн төв дээр хүлээгээд ирэхгүй болохоор нь тариагаа аваад гэрлүүгээ орчихсон байж байхад миний утас дуугараад Ц.Энхжаргал би осолд орсон хүнээ аваад ирлээ.... та хаана байна гэхээр нь за би гэрээсээ гарлаа гэж хэлээд гэрээсээ гараад Эрүүл мэндийн төв дээр яваад очтол  Ц.Энхжаргал 49-99 УБЧ дугаарын хар ногоон өнгийн Ланд Куризер 80 маркийн тээвэрийн хэрэгсэлтэй Эрүүл мэндийн төвийн үүдэнд зогсож байсан. Намайг очиход уг машины хойд талын суудалд М.Баярсайхан гэх залуу ард талын суудалд Ц.Энхжаргал, М.Баярсайхан гэх залуугийн ээж болох Саруултуяагийн хамт сууж байсан. Тэгээд би тэд нараас ямар хэрэг болсон талаар асуухад Ц.Энхжаргал ... би Өлөнт рүү 49-99 УБЧ дугаарын тээврийн хэрэгсэлтэй явж байтал урдаас мотоцикльтой хүн гарч ирээд миний машиныг мөргөсөн гэж ярьж байсан. Осолд орсон Баярсайханыг машинаас буулгаад эмнэлэгт оруулах гэтэл Баярсайхан машинаас бууж чадахгүй, хөлөө ч хөдөлгөж чадахгүй байхаар нь хөлийг нь чиг барьж боох гэтэл хөлөндөө их эмзэглэлтэй байхаар нь ямар ч байсан өвчин намдаах тариа хийсэн. Ц. Энхжаргал болон М. Баярсайхан түүний ээж Саруултуяа нарт Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн төвд яаралтай очиж үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Осол орсон Баярсайхан гэдэг залууд эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлээд байж байтал Баярсайханы ээж Саруултуяа М.Баярсайханы дүү М. Мөнхжаргал бас гэмтсэн ш дээ гэхээр нь Мөнхжаргалыг дуудаж биеийг нь үзэхэд Мөнхжаргалын зүүн талын эгэмний төгсгөл хэсэгт овойтол хавдсан зүүн тохойн орчимд олон тооны зулгарсан шархтай байхаар шарханд боолт хийж Рентген аппратанд зураг авхуулах зөвлөмж өгсөн. Ингээд тэд нар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр Бугант тосгоны эрүүл мэндийн төвөөс хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/

Гэрч Т.Энхтайваны 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 17-18 цагийн орчимд хүргэн дүү Эрдэнэбаатарын хамтаар Өлөнтөөс Бугант тосгоны төврүү мотоцикльтой явж байсан юм. Баяраа Томоо нар мотоцикльтой бид 2-ын урд явж байсан. Их-Өлөнтийн замд явж байхад урд явж байсан Баяраа Томоо нар мотоцикльтойгоо юмтай мөргөлдөх чимээ гараад бид 2 ардаас нь иртэл нэг ланд крузер 80 маркийн машинтай мөргөлдөөд тэр машин нь замаас гараад мөргөсөн байдалтай зогсож байсан. Баяраа Томоо нар нь мотоциклоосоо унасан доош хараад хэвтэж байсан. Би дүү Эрдэнэбаатартайгаа цуг босгох гэтэл тэр босож чадахгүй байсан. Мотоциклийг нь татаж холдуулсан. Тэр үед мотоцикль нь асаалттай байсныг унтраасан. Та яаж байгаа юм бэ би урсгалаараа явж байхад урсгал сөрж ирээд мөргөчихлөө шүү дээ гэж Баяраа хэлтэл тэр эгч тийм байна гэж байсан. Та ямар хурдтай явдаг юм бэ гэсэн тэр эгч дууграхгүй байсан. Тэгээд цагдаа дуудъя гэсэн жолооч эгч дуудаад хэрэггүй ээ эндээ зохицъё юмыг чинь төлж өгнө гээд байсан. Тэгсэн тэр эгч машинаа асаагаад хажууд авч ирж зогсоогоод эмнэлэгт орж үзүүлье гэсэн. Тэгсэн Баяраа миний хөл хөдлөхгүй байна гэхэд гутлыг нь тайлаад үзсэн чинь хөл нь хугарсан юм шиг байсан тэгтэл Баяраа ухаан алдаад унасан. Тэгээд сэргээгээд тэр эгч машиндаа суулгаад эмнэлэг аваад явсан. Тэр үед би дүүгээ төв рүү яваад машин олоод ир гээд  төв рүү явуулсан. Ланд 80-ын жолооч эгч Баяраа, Томоо 2-ыг аваад эмнэлэг явсаны дараа Ланд 80-ын жолоочийн нөхөр болох Цогоо гэдэг ах ирээд юу болсон гээд харчихаад ийм том зай байхад зөрчихөж чадахгүй гэж байсан. Төвөөс ирсэн машинд мотоциклийг нь ачаад төвд ирсэн. Тэрнээс хойш Баяраа, Томоо нартай уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №263 дугаартай “.......

1.М.Мөнхжаргалын биед биеийн доргилт, цээжин биед цус хуралт тохойнд зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 53 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №262 дугаартай “.......

1.М.Баярсайханы биед өвдгөнд язарсан шархтай, зулгаралт, өвдөгний үед шингэн хуралдсан, урд, ар чагтан холбоос сунасан, бүсэлхийд цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №55 дугаартай “.....  

1.Т.Ландкруйзер маркийн 49-99 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Энхжаргал, мотоциклийн жолооч М.Баярсайхан нар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.

2.Хариулах боломжгүй байна. Асуулт ойлгомжгүй байна.

3.Т. Ландкруйзер маркийн 49-99 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Ц.Энхжаргал нь Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Мотоциклийн жолооч М.Баярсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а) тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв.

4.Т.Ландкруйзер маркийн 49-99 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Ц. Энхжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 9.1. дэх заалт хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж яваагүй мотоциклийн жолооч М.Баярсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. а) жолоодох эрхийн үнэмлэхгүй, 9.1. хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж яваагүй осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 63 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрийн №69 дугаартай “........

1.Жолооч Ц. Энхжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1. эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а.б, 5.11 а.б, тэмдэгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасын хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.

2.Жолооч М.Баярсайхан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1.Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а) тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалтыг зөрчсөн байна.

3.Жолооч Ц.Энхжаргал нь 20 километр цагийн хурдтай, Жолооч М. Баярсайхан нь 40 километр цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлэг өгсөн байх тул хурд хэтрүүлээгүй байна гэж үзэв.

4.Жолооч Ц. Энхжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1. эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а.б, 5.11 а.б, тэмдэгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасын хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчснөөс осол гарсан байна гэж үзэв.

5.Нөлөөгүй байна

6.Байхгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар тал/

Ашид билгүүн ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 73-78 дугаар тал/

Металл хайгчийн үнэлгээ тогтоосон комиссын үнэлгээ /хх-ийн 86 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-17 дугаар тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-22 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 100 дугаар тал/

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 101 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 105-108 дугаар тал/

Ц.Энхжаргалын иргэний үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 109-113 дугаар тал/

Ерөө сумын Бугант тосгоны захирагчийн албаны тодорхойлолт /хх-ийн 114 дүгээр тал/

Хаан банкны диспозит дансны хуулга /хх-ийн 116-120 дугаар тал/

Хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 121-130 дугаар тал/

Шийтгэлийн хуудас /хх-ийн 136-137 дугаар тал/

Ц.Энхжаргалыг 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 91-92 дугаар тал/

Ц.Энхжаргалыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 94-95 дугаар тал/

Ц.Энхжаргалыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 96-97 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч Ц.Энхжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны нутаг дэвсгэрт байрлах шороон зам дээр 49-99 УБЧ улсын дугаартай Toyota Land Cruiser-80 маркийн авто тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 8.1 дэх заалтуудыг зөрчин М.Баярсайханы жолоодон явсан улсын дугааргүй Super Benyi маркийн мотоциклийг мөргөн зам тээврийн осол гаргаж М.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч М.Баярсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 37-38 тал/, гэрч М.Мөнхжаргалын /хх-ийн 44-45/, Б.Оюун-Ундрахын /хх-ийн 46-47/, Т.Энхтайваны /хх-ийн48-49/ мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 262 тоот дүгнэлт /хх-ийн 58/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 55, 69 тоот дүгнэлтүүд /хх-ийн 58,63/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-23 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Ц.Энхжаргал нь “...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1. эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл буюу 5.10 а.б, 5.11 а.б, тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол зорчих хэсгийн өргөн, авто машины өргөний хэмжээ, тэдгээрийн хажуугийн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд эсрэг хөдөлгөөнтэй бол тухайн зорчих хэсгийн өргөний зүүн гар тал дахь тэн хагасын хөдөлгөөнд зориулагдсанд тооцно...” гэсэн заалтыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг 3 дугаар баг Бугант тосгоны Их Өлөнт гэх газрын шороон зам дээр 49-99 УБЧ улсын дугаартай тоёота ланд крузер-80  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж хохирогч М.Баярсайханы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч Ц.Энхжаргалд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Ц.Энхжаргалыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч Ц.Энхжаргал нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийн зохих хэсгийг нөхөн төлсөн, уг гэмт хэргийн улмаас нэхэмжилж буй хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгахаа илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

         Шүүгдэгч Ц.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхээс оногдуулах торгуулийн ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор нөхөн төлөхүүлэхээр тогтов.  

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдав. 

   Хохирогч М.Баярсайханы зүгээс нэхэмжилсэн замын зардал 180.000 төгрөгийг түүнээс ирүүлсэн нотлох баримтанд тулгуурлан шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй.

  Хохирогчоос 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Бугат үйлс Арвижих ХХК-иас байшин авах зориулалтаар зээлдсэн гэх 3.000.000 төгрөгийн 03 сар 10 хоногийн хүү 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна.

  Учир нь уг зээлийн гэрээг хохирогч М.Баярсайхан байгуулан авсан байх боловч түүний биед шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан байдаг бөгөөд энэ нь тухайн хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан байх шалгуур шинж тавигддаг тул түүний нэхэмжилж буй 03 сар 10 хоногийн хүүг гаргуулан олгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзнэ.

   Харин түүнийг дөрвөн долоо хоног хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэж Монгол улсад мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 240.000 төгрөгийн тэтгэлэг шүүгдэгчээс гаргуулан олгуулах нь зүйтэй гэж үзэв.

   Хохирогч М.Баярсайхан нь металл хайгч багаж бүрэн эвдэрсэн түүний үнэ 2.150.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч энэ байдлаа нотлож ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар нэгтгэн шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч М.Баярсайхан нь энэхүү гэмтлийн улмаас цаашид эмчлүүлсэн зардал болон бусад нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Дөрвөд овогт Цэрэндашийн Энхжаргалыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Дөрвөд овогт Цэрэндашийн Энхжаргалыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Энхжаргалыг 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дотор торгуулийн мөнгийг төлөхийг үүрэг болгосугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Шүүгдэгч Ц.Энхжаргал энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Энхжаргалаас 420.000 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 03 дүгээр баг Бугант тосгоны Чулуутын 2-29 тоотод оршин суух Ар тойлбо овогт Мөнхбаярын Баярсайханд /МЕ87081318/ олгож, хохирогчоос гаргасан  2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.    

7.Хохирогч М.Баярсайхан нар нь энэхүү гэмтлийн улмаас эмчлүүлсэн болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шүүгдэгч Ц.Энхжаргалд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ