Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1946

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01860 дугаар шийдвэртэй

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-д холбогдох 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацааны ашиглалтын зардал болон үйлчилгээний төлбөрт 4 183 276.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, өмгөөлөгч Д.Алтантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, өмгөөлөгч Д.Алтантуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.М нь “А” ХХК-тай цэвэр ус дулаанаар хангуулах, бохир ус татан зайлуулах ашиглалтын гэрээ байгуулаагүй бөгөөд 2016 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх ус, дулаан ашиглалт болон ажил үйлчилгээний зардлаа төлөөгүй. Бидний зүгээс сар бүрийн төлбөрийн мэдээллийг орон сууц өмчлөгчийн утас руу 2-оос доошгүй удаа мессеж явуулдаг ч утасны дугаарууд нь холбогддоггүй, мөн гэрт нь удаа дараа очсон боловч хаалгаа тайлдаггүй. 2018 оны 12 дугаар сард нэг удаа уулзсан боловч төлбөрийн чадваргүй, төлөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Хариуцагч нь 2016 оны 3 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ус дулаан ашиглалт, үйлчилгээний төлбөрийг төлөлгүй байгууллагыг хохироосон. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр анх 3 605 997.94 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 4 183 276.29 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагчтай аливаа хэлбэрээр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгээ яаж тооцож энэ мөнгөн дүн гарч байгааг тайлбарлахыг хүссэн ч өнөөг хүртэл гаргаж өгөөгүй байна. Хариуцагчийн зүгээс халаалт, цэвэр бохир усны төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн, харин СӨХ-ны төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Холбогдох байгууллагаас ирүүлсэн албан бичигт СӨХ-ны төлбөрийг давхар авсан байх тул үүнийгээ оршин суугчдад нь буцаан өгч хохиролгүй болгох тухай дурдсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас албан шаардлага хүргүүлсэн, зөрчлийн хэрэг үүсгэж 3 000 000 төгрөгөөр торгуулсан. СӨХ-ны төлбөрийг хамт авах эрхгүй атлаа авч оршин суугчдад хохирол учруулсан гэдэг үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн. Халаалт болон цэвэр бохир усны төлбөрт 1 800 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, харин нэхэмжлэгч нь СӨХ-ны төлбөрийг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 3 990 876 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 192 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 90 620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 804 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ус, дулаан, ашиглалт үйлчилгээний зардал гаргуулах гэж тодорхойлсон. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу нэхэмжлэгч “А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ болох халаалт, халуун, хүйтэн усаар хангаж буй үйлчилгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд ашиглалт болон завсар үйлчилгээний төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй талаар анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтын хүрээнд тайлбарласан. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 5/680 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид Хорооноос 2017 оны 360 дугаар тогтоолоор дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл олгохдоо “Шинэ өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбооны ажлыг хавсран гүйцэтгэж байгаа нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа талаар мэдэгдэж яаралтай шилжүүлэхийг даалгасан билээ. Гэвч одоог хүртэл зарим байруудыг СӨХ-д хүлээлгэж өгөөгүй байгаа нь оршин суугчдын төлбөрийн баримтуудаас тодорхой харагдаж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт “Сууц өмчлөгч нь сууцны болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасны нэхэмжлэгч компани эрх бүхий мэргэжлийн байгууллагын үүргээ гүйцэтгэж, дундын өмчлөлтэй холбоотой асуудлыг холбогдох сууц өмчлөгчдийн холбоонд нь хариуцуулах нь зүйтэй. Эрчим хүчний зохицуулах хорооны улсын байцаагчийн албан шаардлагаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. СӨХ-ны ажлыг давхар хийж байгаа үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан зэрэг төрийн эрх бүхий байгууллагаас удаа дараалан СӨХ-ны ажлыг давхар хийхгүй байх талаар мэдэгдсэн ч “А” ХХК нь үл тоосоор ирлээ. Иймд хариуцагч талаас дулааны болон усны суурь үнэ. халаалт болон цэвэр бохир усны төлбөр буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр иргэдэд үзүүлж буй үйлчилгээний төлбөр болох 2 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн буюу СӨХ-д хамаарах 2 183 276 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Д.М-д холбогдуулан 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацааны ашиглалтын зардал болон үйлчилгээний төлбөрт 4 183 276.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч цэвэр бохир усны төлбөрт 1 800 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байдаг.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч компани нь СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй учраас хогны мөнгө болон засвар үйлчилгээний 15 790 төгрөгийг төлөхгүй. Мөн эрх бүхий байгууллагаас бохир усны насосын үнийг оршин суугчдаас төлүүлэхгүй болсон тул уг төлбөрийг төлөхгүй. СӨХ-ны төлөөгүй зардлыг шинээр байгуулагдсан СӨХ-д төлнө” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч “А” ХХК-ийг СӨХ-ны хийх ажил үүргийг гүйцэтгэж байсныг үгүйсгээгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр сууц өмчлөгчдийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хийж буй уг үйлдэл нь хариуцагчид ашигтай, өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхэлж хариуцсан үйл ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэгч байгууллагыг бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Иймд “А” ХХК нь хариуцагч Д.М-гаас Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Хан-Уул Агро” ОНӨААТҮГазрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/08 тоот албан бичгээр нэг өрхийн 1 сарын хогны хураамж 2 500 төгрөг болох нь тогтоогдсон, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор бохирын насос станцын төлбөрийг хэрэглэгчдээс тусдаа авахыг зогсоосон болох нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 2016 оны 3 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын дуусталх хугацааны ашиглалтын болон үйлчилгээний зардалд 3 990 876 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хогны хураамжид илүү нэхэмжилсэн 2500 төгрөгийг 40 сараар тооцож 100 000 төгрөг, бохирын насосны төлбөрийг тусдаа авахыг зогсоосон хугацаанаас хойш илүү нэхэмжилсэн 14 сарын төлбөрийг 6600 төгрөгөөр тооцож 92 400 төгрөг нийт 192 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2019/01860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 49 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.НАРАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО