Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2023/03711

 

 

 

 

 

 

 

 

2023 08 18

101/ШШ2023/03711

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн  хороо,  байр, тоотод оршин суух ******* овогт Г*******ын У*******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн  хороо, тоотод оршин суух ******* овогт Б*******гийн О******* /регистрийн дугаар: *******/-т холбогдох,

 

600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б*******, хариуцагч Б.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.О******* нь 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 650,000 төгрөгийн үнтэй, Жава брэндийн бидэ суултуурыг худалдаж авсан. Урьдчилгаа 150,000 төгрөг төлж, 500,000 төгрөгийг 5 сарын хугацаатай төлөх, хуагцаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан.

Хариуцагч нь үндсэн төлбөрөөс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 100,000 төгрөг, төлсөн. Үлдэгдэл 400,000 төгрөгийг гэрээний 1.5-д зааснаар алданги тооцож нийт 600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ хийж бидэ суултуур хувь лизингээр худалдаж авсан. Тухайн үед барилгын ажил явагдаж байсан тул холболтыг нь дараа хийе гээд явсан. Үүнээс хойш холбуулах гэж удаа дараа хэлсэн боловч бидэ суултуурынхаа холболтыг хийгээгүй. Одоо болтол ажиллагаагүй байхад, гэрээнийхээ үүргийг гүйцэтгээгүй байж шүүхэд хандсан байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.У******* нь хариуцагч Б.О*******т холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 400,000 төгрөг, алданги 200,000 төгрөг, нийт 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч нь худалдан авсан бид суултуурын холболт хийгдээгүй, одоо болтол ажиллагаагүй байгаа хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

4. Хэрэгт авагдсан, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах-худалдан авах гэрээ-с үзэхэд, худалдан авагч Б.О*******, худалдагч тал Г*******ын У*******ийг төлөөлж н.Т нар харилцан тохиролцож Java TSB3200 загварын бидэ суултуурыг 650,000 төгрөгөөр худалдах, уртдчилаа төлбөр 150,000 төгрөг төлөх, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд сар бүрийн 08-ны өдөр 100,000 төгрөгөөр тус тус төлөх, төлбөрт хүү тооцохгүй байхаар гэрээ байгуулжээ.

5. Талуудын байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ бус Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

6. Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээнд заасан бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлээгүй алданги шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь хуульд нийцжээ.

7. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй буюу урьдчилгаа төлбөр 150,000 төгрөг, хуваарийн дагуу төлөх төлбөрөөс 100,000 төгрөгийг тус тус төлж, 400,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан зохигч талуудын тайлбар, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

8. Хариуцагч нь бидэ суултуур худалдан авсан тухайн үед барилгын ажил явагдаж байсан тул сантехникийн холболтыг нь дараа хийлгэхээр болсон тухайгаа шүүхэд тайлбарлаж байх бөгөөд бидэ суултуурын холболт хийгдээгүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч тал бидэ суултуурын сантехникийн холболтыг гүйцэтгэхээс татгалзаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйилйн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.О*******ээс 600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.У*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 18,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О*******ээс 18,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.У*******т олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА