| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/00883/И |
| Дугаар | 101/ШШ2023/04069 |
| Огноо | 2023-09-20 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2023/04069
| 2023 09 20 | 101/ШШ2023/04069 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн хороо, гудамж, тоот хаягт оршин суух, ******* овогт А*******ийн А*******/регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хороо, хотхон, тоот хаягт оршин суух, ******* овогт Т*******ын А*******/регистрийн дугаар:*******/-д холбогдох
11,440,742.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Т.А*******тай хэлцэл хийж, 3 айлын газрын бичиг баримт гаргуулахаар тохирч, ажпын хөлсөнд урьдчилгаа 8,000,000 төгрөгийг Хаанбанк ХХК дахь түүний эзэмшлийн ******* дугаартай дансанд шилжүүлсэн.
Аман хэлцлээр тохиролцсоноор 2021 оны 08 сарын 15-ны өдрийн дотор газрын гэрчилгээнүүдийг гаргажөгөх, үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлтэй байсан.
Түүнээс хойш хэд хэдэн удаа газар үзүүлнэ, захирамж нь гарах гэж байна хэмээн худал хэлсээр 20 сарын хугацаа өнгөрсөн боловч хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Хамгийн сүүлд 2022 оны 11 сарын 21-ны өдөр газрын гэрчилгээ гарна, анхны ярилцсан газраа авдагаараа авна гэдэг тайлбар хэлсэн ч үүрэг биелээгүй болно. Т.Аптанцацралд өгсөн 8,000,000 төгрөг нь миний охины Хас банкан дахь хадгаламжид байсан хуримтлал бөгөөд хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, төлбөр төлж мөнгийг авсан, уг хуримтлалаас олох ёстой байсан орлогоо тус банкны жилийн хүү 9 хувиар тооцоход үлэмжхэмжээний мөнгөөр давхар хохирч байна.
Иймд хэлцлээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлээгүй Т.А*******аас урьдчилгаа төлбөрт өгсөн 8,000,000 төгрөг, Хас банкны хугацаатай хадгаламжийн жилийн хүүг 9 хувь, хугацааг 20 сараар тооцон олох ёстой байсан орлого 3,440,742.55 төгрөг, нийт 11,440,742.55 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад тусгасан 11,440,742.55 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилсэн мөнгийг төлж барагдуулах хугацаанд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын гэрчилгээ бэлэн болох үед газрын бичиг баримтаа авах, эсхүл нэхэмжилсэн мөнгөн дүнгээ бүрэн гүйцэт авбал газрын эрхийг Т.А******* миний нэр рүү шилжүүлж өгөхийг хүсч байна. Уг 11,440,742.55 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 2,288,148.5 төгрөгөөр бүрэн төлж барагдуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.А******* нь хариуцагч Т.А*******д холбогдуулан, гэрээнээс татгалзаж 11,440,742.55 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 11,440,742.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх боловч нэхэмжилсэн мөнгийг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 2,288,148.5 төгрөгөөр төлөх хугацаанд Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын гэрчилгээ бэлэн болох үед газрын бичиг баримтаа авах, эсхүл нэхэмжилсэн мөнгөн дүнгээ бүрэн гүйцэт авбал газрын эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчээс хүссэн агуулгатай хариу тайлбар гаргасан.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх саналыг үгүйсгээгүй боловч гагцхүү анх ярилцаж тохиролцсон газрын байршилд өөрийн нэр дээр газар авах тохиолдолд газрыг авч төлбөр мөнгийг буцаан шилжүүлэх агуулгатай тайлбар гаргасан.
4. Зохигч талуудын дээрх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагаас халихаар байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй.
5. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6. Талууд 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хэлцэл хийж, хариуцагч Т.А******* нь А.А*******ын нэр дээр газрын зөвшөөрөл (эзэмших, өмчлөх эрх тодорхойгүй) гэрчилгээ гаргуулахаар тохиролцож, А.А******* нь ажлын хөлс хэмээн 8,000,000 төгрөгийг Т.А*******ын эзэмшдэг Хаан банк дахь ******* тоот дансанд мөн өдөр шилжүүлсэн болох нь зохигч талуудын тайлбар, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.
7. Хэрэгт авагдсан, 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Мөнгө хүлээлцсэн хэлцэл, А.А*******ын эзэмшдэг Хаан банкны дугаартай дансны 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулга нь эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулгатай хариу тайлбарыг хариуцагч гаргасан тул эдгээр нотлох баримтыг ач холбогдолгүй гэж үзэхгүй.
8. Талуудын байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцжээ.
9. Мөн түүнчлэн, нэхэмжлэгч нь дээр дурьдсан 8,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэхдээ банкин дахь хадгаламжийг хугацаанаас нь өмнө цуцалж, олох байсан орлогоо алдсан хэмээн 3,440,742.55 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.
10. Хариуцагчийн тухайд дээрх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээнээс татгалзсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.
11. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй., мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж тус тус зааснаар, гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
12. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж тус тус заасныг баримтлан, олох байсан орлого 3,440,742.55 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
13. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.А*******аас 11,440,742.55 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А*******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 198,002 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А*******аас улсын тэмдэгтийн хураамж 198,002 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА