Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/201

 

 

Б.Мад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин,

хохирогч Д.Оийн өмгөөлөгч А.Оюунгэрэл,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Мад холбогдох 2103000000335 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны хажуугийн замд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 40 минутын үед Тоёота Приус маркийн 00 00 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Оийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч Б.Мын BD ангиллын 741794 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт хүргүүлж, шүүгдэгч Б.Маас 3,746,727 (гурван сая, долоон зуун дөчин зургаан мянга, долоон зуун хорин долоо) төгрөгийг хохирогч Д.От төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 535,000 (таван зуун гучин таван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.М, иргэний хариуцагч Б.Б нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч Б.М нь нийт 3,746,000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 4,200,000 төгрөгийг хохирогч Д.От шүүгдэгч Б.Мын эхнэр Ж.Даваа нь нөхөн төлсөн.

Шүүгдэгч Б.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй байна. Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогддог.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ам бүл 5, эхнэр, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг болно. Эхнэр Ж.Даваа нь Клиникийн нэгдсэн 3 дугаар эмнэлэгт сувилагч ажилтай ба Б.Мын хувьд улирлын чанартай ажил эрхэлдэг. Энэ ч утгаараа ажилгүй байх үедээ хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах, гэр бүлийн асуудлуудыг шийдвэрлэдэг байсан.

Б.М нь хүүхдээ сургуулиас нь авчихаад буцаад явж байх замдаа нарны гялбаанд үзэгдэх орчноо харахгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон.

Хохирогч Д.О нь одоогоор гомдол саналгүй болсон байна.

Иймд дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчоос баримттай болон баримтгүй нийт 8,000,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанаас өмнө 4,000,000 төгрөгийг нөхөн төлж, шүүх хуралдааны дараа 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж нотариатаар батлуулсан. Шүүгдэгч нь ажилгүй байх үедээ хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах, гэр бүлийн асуудлуудыг шийдвэрлэдэг байсан бөгөөд хүүхдээ сургуулиас нь авчхаад буцаад явах замдаа ийм хэрэгт холбогдсон. Гэм буруугийн асуудлаар маргаагүй, сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрсөн. Иймд хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн байр суурь, шүүгдэгчийн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Мын хувьд улирлын шинж чанартай ажил эрхэлдэг байсан тул тухайн үед ажилгүй, хүүхдээ сургуулиас нь авчхаад буцаж явах замдаа нарны гялбаанд үзэгдэх орчноо харахгүйгээр уг гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон. Гэхдээ гэм буруугийн асуудлаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Оийн өмгөөлөгч А.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Д.О нь шүүгдэгчид оногдуулсан ялыг тэнсэхэд ямар нэгэн татгалзах зүйлгүй, шүүгдэгчийг хорьж хугацаа алдаж байснаас ажил хийлгэж, эмчилгээний зардлаа авч байсан нь өөрт хэрэгтэй байна гэх хүсэлтийг шүүхэд илэрхийлж байгаа. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ байр суурийг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн санкцийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилийн хугацаагаар хасаж, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. Шүүх шийдвэр гаргахдаа хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй, гомдол, саналтай байгааг харгалзан үзэж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүхэд хэрэг хүргэгдэх үед хохирогчийн нэхэмжилсэн 2,500,000 төгрөгийн баримттай хохирлоос 2,100,000 төгрөгийг төлж шүүх хуралдаанд оролцсон. Үүний дараа завсарлага авч, шүүхээс тогтоосон 1,246,727 төгрөгийн хохирлыг төлсөн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага хангаагүй баримтууд байсан учир шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг Б.Мад холбогдох 2103000000335 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Шүүгдэгч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны хажуугийн замд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 16 цаг 40 минутын үед Тоёота Приус маркийн 0000 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Д.Оийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.Оийн: “...миний ард талаас ... улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Би осол гарах үед зорчих хэсгийн урд талаас хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байсан. Ослын улмаас миний сээр нурууны 3 яс, ахар сүүлний 1 яс, аарцаг яс цуурч, хугарсан байсан. ...” /хх 19/,

Б.Мын яллагдагчаар мэдүүлсэн: “...Би ...0000 УНГ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Цамбын арын 8 дугаар байрны хажуу талаар орж хүүхдээ сургуулиас нь авчихаад буцаад төв зам руу орох үед урдаас нар гялбаад юм харагдахгүй байсан чинь зам дээр явж байсан эмэгтэй хүнийг араас нь мөргөж газар унагаасан. ...” /хх 72-73/,

иргэний хариуцагч Б.Батгэрэлийн: “...Тухайн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Мөнхбат Тоёота приус маркийн 0000 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооддог юм. ...” /хх 27/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 9834 дугаартай: “1. Д.Оийн биед хүзүүний 7, сээрний 1,3, ууцны 3-р нугалмын их биеийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүний 3,4,5,6, бүсэлхийн 4,5-р нугалмын жийргэвч мөгөөрсний фиброзон цагирагны урагдал, баруун шуу, алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 54-56/,

2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 248 дугаартай: “...1. О /ЧП60020428/ нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна. 2. Жолооч М. /00000000000/ нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн хуулийн Арван ес Хорооллын доторх хөдөлгөөн 19.1. Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” /хх 63-64/ гэх мөрдөгчийн магадлагаа,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-5, 6-7, 8-10/,

хяналтын камерт үзлэг хийсэн: “...өдрийн 16 цаг 40 минутад үзэгдэх орчин чөлөөтэй байх үед ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тийш чиглэлтэй цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 8 дугаар байрны урд талын замаар явж байгаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч байсан эмэгтэй хүнийг баруун хойд талаас нь мөргөж зам тээврийн осол гаргаж байгаа нь бичигдсэн байв...” гэх тэмдэглэл /хх 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж,  явган зорчигч Д.Оийн биеийн ард талаас нь машинаараа мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан;... гэсэн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан байна.  

Анхан шатны шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн төдийгүй Б.Мын үйлдлүүдийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар “...Б.Мад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

Б.Мын анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогч Д.От нийт 7,946,727 төгрөг төлсөн, мөн хохирогч Д.Оийн “гомдолгүй, оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэх хүсэлт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялын хугацааг тус зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Шүүгдэгч Б.М нь шийтгэх тогтоол гарсан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс магадлал гарсан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 54 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/35 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 сар /зургаан сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.  

2. Б.М нь хохирогч Д.От шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш 4,200,000 төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 54 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ