| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2019/0020/З |
| Дугаар | 118/ШШ2019/0022 |
| Огноо | 2019-10-28 |
| Маргааны төрөл | Бусад, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 118/ШШ2019/0022
Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Яруу сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдох 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамж болон 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б.Төмөрзоригтод газар эзэмшүүлэх тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Х.Батсүх, Ш.Норовсамбуу нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өөрийн эцэг Г.Халзанхүүгийн нэр дээр улсад бүртгэгдсэн өвөлжөөний газрыг өв залгамжлалын журмаар хүлээн авч газар эзэмших гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх гэтэл тус газрыг Б.Төмөрзоригт гэх хүнд эзэмшүүлэх сумын Засаг даргын захирамж гарч, газар эзэмших гэрчилгээг Б.Төмөрзоригт өөрийн нэрээр авсан байсан. Миний эцэг Г.Халзанхүү, эх Норовсамбуу нар нэгдэлд мал маллаж байх үеэс буюу 1970-аад оноос хойш тус өвөлжөөнд өвөлжиж ирсэн. Иргэд хувийн өмчтэй болсноос хойш миний эцэг Г.Халтархүүд Яруу сумын Уушигийн Тогмид гэх өвөлжөөний газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 009619 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон юм. Ийнхүү тус өвөлжөөний газар нь эцэг эхийн маань гэр бүлийн дундын хөрөнгө болсон юм. Гэтэл манай өвөлжөөг хөндлөнгийн этээд Б.Төмөрзоригтод эзэмшүүлэхээр Яруу сумын Засаг дарга хууль бус шийдвэр гаргаж, эцэг маань нас бараад 49 хоног өнгөрөөгүй байхад нь өвөлжөөний газар эзэмших гэрчилгээг давхардуулан Б.Төмөрзоригтод 2017 оны 07 дугаар сарын 05-нд олгосон байна. Б.Төмөрзоригтод олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар би Яруу сумын Засаг даргад 2019 оны 06 дугаар сард гомдол гаргахад би шийдэж чадахгүй, шүүхдээ ханд гэсэн хариуг амаар хэлсэн, Завхан аймгийн Засаг даргад 2019 оны 07 дугаар сарын 22-нд өргөдөл гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй, хариу өгөөгүй. Үүний улмаас Х.Батсүх миний өвлөх эрх зөрчигдсөн, эх Ш.Норовсамбуугийн гэр бүлийн хөрөнгө буюу өвөлжөөний газраа эзэмших, захиран зарцуулах эрх мөн зөрчигдөж байна. Иймээс Монгол улсын хуулиудыг зөрчиж гаргасан Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар шийдвэр, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас нэхэмжлэгч Х.Батсүх, Ш.Норовсамбуу нөгөө талаас хариуцагч Яруу сумын Засаг дарга Д.Мөнхтөр, Яруу сумын газрын даамал Р.Баатарсүрэн нар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх арга замыг харилцан тохиролцож тодорхойлсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туха хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 зүйлүүдийг үндэслэн эвлэрлийн гэрээ байгуулав. Нэг: Гол нөхцөл 1.1 Хариуцагч Яруу сумын Засаг дарга Д.Мөнхтөр нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамж, тус захирамжаар Б.Төмөрзоригтод олгосон Уушгийн тогмид өвөлжөөний газрыг эзэмших гэрчилгээг хүчингүй болгох шийдвэрийг тус гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 5 хоногийн дотор гаргах 1.2 Энэхүү гэрээний 1.1-д заасан шийдвэр гарсан даруй хувийг нэхэмжлэгч талд гардуулах. 1.3 Энэхүү гэрээний 1.1-д заасан шийдвэрийн талаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулах. 1.4 Хариуцагч Яруу сумын газрын даамал Р.Баатарсүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ-г энэхүү гэрээний 1.1-д заасан шийдвэр гарсан даруй цуцлах. 1.5 Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан талаар Захиргааны ерөнхий хуулийн 56.4-т заасны дагуу баримт бичиг үйлдэн хувийг нэхэмжлэгчид даруй гардуулах. Хоёр:Гэрээ хүчин төгөлдөр байх 2.1 Энэхүү гэрээ талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр байна. 2.2 Хариуцагч байгууллагын төлөөлөгч өөрчлөгдөх эсэхээс үл хамаарч гэрээний заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Х.Батсүх Ш.Норовсамбуу нар нь тус аймгийн Яруу сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б.Төмөрзоригтод газар эзэмшүүлэх тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх шаардлагын хүрээнд Маргаан бүхий захиргааны акт болох Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамж болон уг захирамжийн дагуу Б.Төмөрзоригтод олгосон Уушгийн тогмид өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ-г цуцлах нөхцлөөр 2019 оны 10 дугаар сарын 25-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулан тус шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5, 68 дүгээр зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор байна.
Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Х.Батсүх, Ш.Норовсамбуу, хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга, газрын даамал нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэнХ.Батсүх, Ш.Норовсамбуу нарын нэхэмжлэлтэй, тус аймгийн Яруу сумын Засаг дарга, газрын даамал нарт холбогдох, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Б.Төмөрзоригтод газар эзэмшүүлэх тухай гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь дээрх шаардлагын хүрээнд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ