Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 132

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

                    Нарийн бичгийн дарга Б.Намуунзул

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Хохирогч Ц.Ханд

 Хохирогчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

      Шүүгдэгчийн өмгөөлөгч нар А.Отгонбаяр, Д.Эрдэнэ-Оргил

      Орчуулагч Г.Нэмэхбаяр, Л.Нарантуяа нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ваганов Александр Георгиевичид холбогдох эрүүгийн 201718000172 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын холбооны улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 18-нд Хиагт хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ОХУ-ын Хиагт хотын транспортнъя гудамжны 13 дугаар байр 02 тоотод оршин суудаг, хувиараа тээвэр зуучлалын ажил үйлчилгээ хийдэг  хувь хүний компанид жолоочоор ажилладаг, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Ваганов Александр Георгиевич  паспортын дугаар /8102508450/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ваганов Александр Георгиевич нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Магнай трейд шатахуун түгээх станцын ойролцоо З801АХ03 RUS улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас С.Шаандарын жолоодож явсан мотоциклийг мөргөж С.Шаандарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд 

            Шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 21-нд ОХУ-ын Хиагт хотоос Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд мод ачиж орж ирсэн. Бид нар 3 машинтай 3-уулаа үдээс хойш гэхэд ирсэн. Бид нар бинзен авахаар шатахуун түгээгүүрийн газар руу явж байсан чинь мотоцилтой хүн гарч ирсэн. Би том ачааны машинтай явж байсан болохоор юу ч хийж чадаагүй энэ зүйл маш богино хугацаанд болж өнгөрсөн. Ингээд осол гарч хүний амь нас эрсдсэн...” гэх мэдүүлэг    

            Хохирогч Ц.Хандын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Талийгаач 2017 оны 06 сарын 21-ний өглөө 06 цагт Гааль дээр 20 летр сүү аваачиж өгөх гээд гэрээсээ гарсан. Тэгээд эргэж 11 цагийн үед ирээд дахиад сүү аваад явсан. Бид хоёр сүүгээ зараад хойшоо явах бичиг авах ёстой байсан. Талийгаач гэрээсээ гарахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Тэгээд 15-16 цагийн орчим манай дүү Алтанбулагаас утасдаад “ах осолд орсон байна та ирж байна уу” гэсэн би гэртээ байсан болохоор манай дүү намайг ирж аваад явсан. Эмнэлэг явах байх гэж бодож байсан чинь хэрэг болсон газар руу явсан. Очсон чинь том ачааны тэрэг байсан цогцос нь 3-4 хэсэг болсон байсан. Ийм зүйл болсон. Оршуулгын зардал болон бусад зардлаа төлүүлж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг         

Гэрч Ц.Отгонмягмарын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн “АЗЗА” ХХК-нд замчнаар ажилд ороод 3 сар болж байна. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагт манай компани 10 ажилчин Алтанбулаг боомтоос эхэлж замын тусгаарлах голын зурвасыг цагаан өнгөөр будаж эхлээд Алтанбулаг сумын төвд байрлах “Магнай Трейд” шатахуун түгээх станц өнгөрөөд замын зорчих хэсгийн зүүн талд 16 цаг орчим ажилчид хоол идээд сууж байхад юм мөргөлдөх чимээ гараад хүмүүс шуугилдаад явчихсан. Би босоод зам руу хартал мод ачсан том оврын ачааны бор өнгөтэй автомашин Сүхбаатар сумын чиглэлтэй замын баруун талд Магнай Трейд ХХК-ний шатахуун түгээх станцаас баруун урд зүгт 20-30 метр зайд зам дээр зогсож байсан. Хүмүүсийн яриагаар мотоцикль, машин хоёр мөргөлдөж хүн нь дайрагдаад нас барсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 77 дугаар тал/

Гэрч Г.Мөнхдаваагийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 12 цагт манай компаний 10 ажилчин Алтанбулаг боомтоос эхэлж замын тусгаарлах голын зурвасыг цагаан өнгөөр будаж эхлээд Алтанбулаг сумын төвд байрлах Магнай Трейд шатахуун түгээх станц өнгөрөөд замын зорчих хэсгийн баруун талд 16 цаг орчим цайны цагаар ажилчид хоол, цайгаа ууж байхад зам дээр машин мөргөлдөх чимээ гарсан. Босоод хартал шатахуун түгээх станцын баруун урд талд замын зорчих хэсгийн баруун талд мод ачсан бор өнгийн ачааны том машин аваарын гэрлээ татаад злгсож байсан. Машины чиргүүлийн арын дугуйнд эрээн хувцастай эрэгтэй хүн дайруулсан байдалтай байсан. Үүнийг би холоос харсан учраас ямар байдалтай болохыг сайн харж чадаагүй. Манай компаний ажилчдаас тодорхой харсан хүн байхгүй. Мотоцикль шатахуун түгээх станцаас хөдлөөд удаагүй осол болсон. Өөр надад харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 дугаар тал/

Гэрч Ч.Гантогоогийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн “АЗЗА” ХХК-нд замчнаар ажилд ороод 4 сар болж байна. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагт манай компани 10 ажилчин Алтанбулаг боомтоос эхэлж замын тусгаарлах голын зурвасыг цагаан өнгөөр будаж эхлээд Алтанбулаг сумын төвд байрлах “Магнай Трейд” шатахуун түгээх станц өнгөрөөд замын зорчих хэсгийн зүүн талд 16 цаг орчим ажилчид хоол идээд сууж байхад юм мөргөлдөх чимээ гараад хүмүүс шуугилдаад явчихсан. Би босоод зам руу хартал мод ачсан том оврын ачааны бор өнгөтэй автомашин Сүхбаатар сумын чиглэлтэй замын баруун талд Магнай Трейд ХХК-ний шатахуун түгээх станцаас баруун урд зүгт 20-30 метр зайд зам дээр зогсож байсан. Хүмүүсийн яриагаар мотоцикль, машин хоёр мөргөлдөж хүн нь дайрагдаад нас барсан талаар сонссон. Миний хувьд айгаад очиж үзэж харж чадаагүй. Удаагүй эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилчид ирээд үзлэг шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал/

Гэрч Г.Адъяабазарын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн “АЗЗА” ХХК-нд механизм мэргэжлээр 28 жил ажиллаж байна. 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагт манай компани 10 ажилчин Алтанбулаг боомтоос эхэлж замын тусгаарлах голын зурвасыг цагаан өнгөөр будаж эхлээд Алтанбулаг сумын төвд байрлах “Магнай Трейд” шатахуун түгээх станц өнгөрөөд замын зорчих хэсгийн зүүн талд 16 цаг орчим ажилчид хоол идээд суусан. Би ажилчид хоолоо идээд амарч байх зуур Магнай Трейд шатахуун түгээх станцын сүүдэрт ганцаараа сууж байтал өнгийг нь анзаараагүй, улаан өнгөтэй шиг санагдаж мотоцикль унасан цоохор өнгийн хувцастай, хамгаалах малгайгүй 40-50 орчим насны эрэгтэй ирээд мотоциклоос бууж баруун халааснаасаа цэнхэр өнгөтэй лаазтай пиво гаргаж ирээд уух гэтэл шатахуун түгээх станцын эмэгтэй түүнийг “...та энд ууж болохгүй...” гэж хэлэхэд мотоциклоо унаад Алтанбулагаас Сэлэнгэ аймаг чиглэлтэй яваад өгсөн. Хөдлөөд явсны хэсэгхэн хугацаа өнгөрөхөд юм мөргөлдөх чимээ мотоцикль явсан чиглэлтэй гарахаар нь харахад том оврын мод ачиж яваа ачааны /орос машин/ зогсож байгаа харагдсан. Хүмүүсээс сонсоход мотоцикль, машин хоёр мөргөлдсөн талаар ярьсан. Миний хувьд мотоцикль, машин хоёр яагаад мөргөлдсөн талаар хараагүй, мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар тал/

Гэрч Ф.Бекболын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед хамт ажилладаг Мөнхдаваа, Очхүү, Тунгалаг, Отгондэмбэрэл, Эрдэнэбат, Адъяабазар нарын хамт Алтанбулаг сумын хилийн боомтоос Сүхбаатар чиглэлд явах замын голын зураасыг будаж байгаад өдөр 15 цагийн үед Алтанбулаг сумаас гарах замын Магнай Трейд ШТС-н урд талбай дээр бид нар портер машины сүүдэрт суугаад хоол идэж байтал гэнэт машины сигнаалдах чимээ гарч манай ажилчид хоорондоо орилолдоод байхаар нь босоод хартал Сүхбаатар чиглэлд толгой нь харсан байрлалтай ачааны мод ачсан камаз зогсож байсан ба уг камазны ар талд тэр чигтээ цус болчихсон хүн зам дээр хэвтэж байсан ингээд манай ажилтан Эрдэнэбат Цагдаагийн газарт дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр тал/

Гэрч Н.Тунгалагийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн үед шиг санаж байна Петровис колонкоос нэг нөхөр мотоцикль жолоодоод нилээд гуйвсан маягтай зам руу зөөлөн явж орж харагдсан. Тэгсэн нэг том камаз машин дуут дохио өгөөд удаагүй л түс тас хийх чимээ гарсан. Камаз машины жолооч ойролцоогоор 20-30 км/ц-н хурдтай явж байсан болов уу. Харин нөгөө мотоциклийн жолооч том машины эсрэг талын урсгалын хажуугаас гарч зам руу орж харагдсан. Бас зүгээргүй нилээн гуйвах маягтай орж яваа харадсан. Мотоциклийн жолооч нь цэргийн гэмээр эрээн хувцастай харагдсан. Мотоциклийн жолооч 5 км/ц-н хурдтай л явж байсан байх. Тэгээд байж байхад юм мөргөлдөх чимээ гараад хүмүүс шуугилдаад явчихсан. Би босоод зам руу хартал мод ачсан том оврын ачааны бор өнгөтэй автомашин Сүхбаатар сумын чиглэлтэй замын баруун талд Магнай Трейд ХХК-ний шатахуун түгээх станцаас баруун урд зүгт 20-30 метр зайд зам дээр зогсож байсан. Хүмүүсийн яриагаар мотоцикль, машин хоёр мөргөлдөж хүн нь дайрагдаад нас барсан талаар сонссон. Миний хувьд айгаад очиж үзэж харж чадаагүй. Удаагүй эмнэлэг, цагдаагийн байгууллагын ажилчид ирээд үзлэг шалгалт хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №61 дугаартай “.....         

1.Талийгаач С.Шаандарын биед гавал ясны ил үйрсэн хугарал, хүзүү нурууны нугалмуудын хугарал, баруун зүүн хавиргануудын олон тооны үйрсэн хугарал, зүүн гуя шилбэний ил хугарал, цээж хэвлий хэсгийн урагдал, тархи дотор эрхтний няцрал эвдрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Талийгаач С.Шаандарын биед учирсан дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчтэй цохилт, хүнд зүйлийн дарагдал, чигдэл үрэгдэлийн үед үүсгэгдэнэ.

            3.Талийгаачийн биед учирсан гавал ясны үүрсэн хугарал тархины эдийн няцрал эвдрэл гэмтэл нь нас барах үед үүссэн. Талийгаачид учирсан хүзүү, нурууны нугаламуудын хугарал, баруун зүүн хавиргануудын олон тооны үйрсэн хугарал, зүүн гуя, шилбэний ил хугарал цээж хэвлийн хэсгийн ил урагдал, дотор эрхтний няцрал эвдрэл гэмтэл нь талийгаачийг нас барсны дараа үүссэн байх боломжтой.  

            4.Талийгаач С.Шаандар нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

5.Талийгаачийн ямар нэг архаг хууч өвчтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй юм.

6.Талийгаач С.Шаандар нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

7.Талийгаач С.Шаандар нь гавал тархины ил хугарал, тархины эдийн няцралын улмаас нас баржээ.

8.Талийгаач С.Шаандар нь А/II/  бүлгийн цустай байсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 90 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 07-ны 03-ны өдрийн 6292 дугаартай “........

1.Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2.Александр 2017.06.22 гэсэн хаягтай цус нь 1 промилль спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1 промилль спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 99 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №49 дугаартай “........

1.Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал зам тээврийн осол мөн.

2.ОХУ-н иргэн Георгиевич Александр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 8.11 дэх заалтуудыг зөрчиж осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн байна.

3.ОХУ-н иргэн Георгиевич Александр нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.11 Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Мотоциклийн жолооч С.Шаандар нь Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. а/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4.Тээврийн хэрэгслийн хурдуудыг тогтоох боломжгүй.

5.ОХУ-н иргэн Георгиевич Александр, С.Шаандар нар нь жолоодох эрхийн үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 103 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1517 дугаартай “......

1.Талийгаач С.Шаандарын жолоодож явсан улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?

-HS150 загварын улсын дугааргүй цэнхэр өнгөтэй мотоцикл арал №LUAHPK502G1000867  өмчлөл нь тодорхойгүй байна. Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд хамрагдсан техникийн бичиг баримтгүй байна.

Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал тодорхойлох зорилгоор техникийн байдалд үзлэгийг явуулахад БНХАУ-д 2016 онд үйлдвэрлэсэн байна. Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд зам тээврийн осол гарахаас өмнө техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

2.Улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоцикл нь осол гаргах үед ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэх? Хэрэв эвдрэлтэй байсан бол ямар эд ангиуд эвдэрсэн байна вэ?

-Тухайн мотоциклийн хувьд зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр хөдөлгөөний аюулгүй байдал осолд нөлөөлж болохуйц техникийн эд анги тоормос жолооны механизмын болон бусад холбогч эд ангиудаас эвдэрч гэмтсэн салсан эд анги тодорхойлогдсонгүй. Ослын дараа хийсэн үзлэгээр НS150  загварын улсын дугааргүй цэнхэр өнгөтэй мотоциклийн хувьд тоормосны эд ангиуд хэвийн ажиллагаатай байна. Хойд тоормосны гэрэл, зүүн талын дохионы гэрэл тэдгээрийн суурийн хэсэг хагарч хонхойн гэмтэж гажсан байна.

3.Уг эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлсөн эсэх?

-Асуулт 2-т тодорхой хариулсан болно.

4.Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа асуултанд дурьдагдаагүй техникийн үзлэгээр илэрсэн зүйл гарвал тусгай мэдлэг мэргэжлийнхээ хүрээнд дүгнэлтэндээ дурьдна уу?

-Авто тээврийн тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.1-д Монгол улсад бүртгэлтэй аж ахуй нэгж байгууллага хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор ашиглалтаас хассанаас хойш 1 сарын дотор аймаг нийслэл дэх авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяа байгуулагад бүртгүүлнэ гэсэн заалтыг биелүүлээгүй. Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т техникийн хяналтын үзлэг хийсэн гэрчилгээнд заасан хугацаанд техникийн хяналтанд ороогүй авто тээврийн хэрэгслийг /байлдааны тусгай зориулалттайгаас бусад/ замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гэсэн заалтыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцоогүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 110 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №1617 дугаартай “...

1.ОХУ-н иргэн Ваганов Александр Георгиевич Р 801 АХ-03 RUS гэсэн улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?

-Камаз 5410 маркийн Р 801 АХ-03 RUS улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ №03 27-019259 арал №082590 бор ногоон өнгөтэй ОХУ-н иргэн Цыбденов Баир Сергеевичийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна. Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгийн тухай тэмдэглэлийг баримт бичгээс үзэхэд Камаз 5410 маркийн Р 801 АХ-03 RUS улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь даатгал хийлгэх үедээ техникийн хяналтын үзлэгт 2017 оны 05 сарын 24-нд хамрагдсан байна. Камаз 5410 маркийн тээврийн хэрэгслийг ОХУ-д 1981 онд үйлдвэрлэсэн байна. Тухайн хяналтын үзлэгт  хамрагдах тухай мэдээллийг www.autoprepod.ru цахим хаягаар авсан болно. Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношлогоонд хуульд заагдсан хугацаандаа техникийн байдлаа шалгуулсан даатгалд хамрагдсан зам тээврийн осол гарахаас өмнө техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

2. Р 801 АХ-03 RUS улсын дугаартай Камаз маркийн тээврийн хэрэгсэл нь осол гарах үед ямар нэгэн эвдрэл гэмтэл байсан эсэх? Хэрэв эвдрэлтэй байсан бол ямар эд анги нь эвдэрсэн байна вэ?

-Тухайн автомашины хувьд зам тээврийн ослын дараа хийсэн техникийн үзлэгээр хөдөлгөөний аюулгүй байдал осолд нөлөөлж болохуйц техникийн эд анги тоормос жолооны механизмын болон бусад холбогч эд ангиудаас эвдэрч гэмтсэн салсан эд анги тодорхойлогдсонгүй. Ослын дараа хийсэн техникийн үзлэгээр Камаз 5410 маркийн Р 801 АХ-03 RUS улсын дугаартай ачааны автомашины хувьд машины ажлын тоормосны хийн эд ангиуд хэвийн бөгөөд баруун урд талын хамгаалалт гуперийн булангийн хэсэг хонхойж будаг нь халцарсан байна.

3.Уг эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөх эсэх?

-Асуулт 2-т тодорхой хариулсан болно.

4. Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа асуултанд дурьдагдаагүй техникийн үзлэгээр илэрсэн зүйл гарвал тусгай мэдлэг мэргэжлийнхээ хүрээнд дүгнэлтэндээ дурьдна уу?

-Тодорхой зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 114-115 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 74 дугаартай “.......

1.Талийгаач С.Шаандар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2. Жолоочийн үүрэг 2.3.в Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэв.

2.Талийгаач С.Шаандар нь хамгаалах малгай өмсөхгүй зорчсон нь осол гарахад нөлөөлөхгүй. Жолоочийн үүргээ биелүүлээгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 132 дугаар тал/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 08-14 дугаар тал/

Согтуурлын хэмжээ тогтоосон тодорхойлолт /хх-ийн 15 дугаар тал/

Талийгаачийн С.Шаандарын өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18-19 дүгээр тал/

Хохирлын тооцооны баримтууд /хх-ийн 38-72 дугаар тал/

Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 88-89 дүгээр тал/

Ашид билгүүн ХХК-ний Автомашины үнэлгээний тайлан /хх-ийн 121-128 дугаар тал/

Шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /162-163 дугаар тал/

Хиагтын гарнизоны цэргийн шүүхийн албан бичиг /хх-ийн 164 дүгээр тал/

Холбооны татварын албаны Гэрчилгээ /хх-ийн 166 дугаар тал/

Оросын холбооны улсын тээврийн яам Тээврийн салбарын хяналтын холбооны алба Олон улсын автомашины тээвэрлэлт хийх Оросын тээвэрчдийн үйл ажиллагааны Зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 168 дугаар тал/

Шүүгдэгчийн зан байдлын тодорхойлолт /хх-ийн 170 дугаар тал/

Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 175-181 дүгээр тал/

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын тодорхойлолт /хх-ийн 186-187 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн даргын тодорхойлолт /хх-ийн 189-191 дүгээр тал/

Ваганов Александр Георгиевичийн 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 142-143 дугаар тал/

Ваганов Александр Георгиевичийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 147-дугаар тал/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч Ваганов Александр Георгиевич нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Магнай трейд шатахуун түгээх станцын ойролцоо З801АХ03 RUS улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж буюу Монгол улсын замын хөдөлгөөний 2.7-а, 8.11 дэх заалтыг зөрчсний улмаас амь хохирогч С.Шаандарын жолоодож явсан мотоциклийг мөргөж С.Шаандарын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Ц.Хандын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 30 тал/, гэрч Ц.Отгонмягмарын /хх-ийн 77/, Г.Мөнхдаваагийн /хх-ийн 78/, Ч.Гантогтоогийн /хх-ийн 79/, Г.Адъяабазарын /хх-ийн 89/, Ф.Бекболын /хх-ийн 81/, Н.Тунгалагийн /хх-ийн 82/  мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн гэмтлийн зэрэг тогтоосон 61 тоот дүгнэлт /хх-ийн 90/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн 49, 74 тоот дүгнэлт /хх-ийн 103, 132/, Авто техникийн шинжээчийн гаргасан 15/17, 16/17 тоот дүгнэлт /хх-ийн 109-110, 114-115 тал/, жолооч В.А.Георгиевич нь хөнгөн зэргийн, амь хохирогч С.Шаандар  нь дунд зэргийн согтолттой байсан талаарх шинжээчийн 61, 6292 тоот дүгнэлтүүд /хх-ийн 90, 92/ болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-14 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч В.А.Георгиевич нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “.... жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно а/согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.11-д “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.   

             Шүүгдэгч В.А.Георгиевич нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Магнай трейд шатахуун түгээх станцын ойролцоо З801АХ03 RUS улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу чиглэсэн олон улсын чанартай засмал зам дээр замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчиж амь хохирогч С.Шаандарын жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан мотоциклын араас мөргөж зам тээврийн осол гарган С.Шаандарын амь насыг хохироосон болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

           Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

           Шүүгдэгч В.А.Георгиевич холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Гэвч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэчлэн найруулсан Эрүүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж, 2-д “2.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байна.

           Иймд шүүгдэгч В.А.Георгиевич Аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэг нь “....жолоодох эрхийг дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс нэг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох, эсхүл ......гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д “....тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдал нь хорих ялын доод хэмжээ нь хуучин хуулиас доогуур байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж шүүхээс үзэж 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага ногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

            Иймээс шүүгдэгч В.А.Георгиевичийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “...согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний амь насыг хохироосон...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

           Шүүгдэгч В.А.Георгиевичийн Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзэв.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч В.А.Георгиевич нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч учруулсан бодит хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хорих ялаас доош татаж 01 жил 04 сарын хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

     Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн гэрлийн шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч В.А Георгиевичийн №0303313176 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, 7683403 дугаарын гадаад паспорт, 8102505450 дугаарын иргэний үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгохоор тогтов.

  Хохирогч иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зорилгоор ОХУ-ын иргэн иргэний хариуцагч Ц.Б.Сергеевичийн өмчлөлийн 0327 №019259 дугаар гэрчилгээтэй З801АХ03 RUS улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 03 РК 064958 дугаар бүхий чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ц.Б.Сергеевичид  буцаан олгох нь зүйтэй.

    Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ваганов Александр Георгиевичид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Ваганов Александр Георгиевичийг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчиж хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ваганов Александр Георгиевичийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /таван/ жилийн хугацаагаар хасч, 01 жил 04 сарын хорих ял шийтгэсүгэй.

4.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2-д зааснаар ялтан В.А.Георгиевичид оногдуулсан 01 жил 04 сарын хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

5.Ялтан В.А.Георгиевичид энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн гэрлийн шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ялтан В.А.Георгиевичийн №0303313176 дугаарын жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүргүүлж, 7683403 дугаарын гадаад паспорт, 8102505450 дугаарын иргэний үнэмлэхийг эзэшигчид нь буцаан олгосугай.

7.Иргэний хариуцагч Ц.Б.Сергеевичийн өмчлөлийн 0327 №019259 дугаар гэрчилгээтэй З801АХ03 RUS улсын дугаартай камаз маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 03 РК 064958 дугаар бүхий чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Ц.Б.Сергеевичид  буцаан олгосугай.

8.Ялтан М.А.Георгиевичид урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ                                  Б.ЭРДЭНЭХИШИГ