Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0581

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б******-т холбогдуулан гаргасан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*********ы 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай дүгнэлттэй захиргааны хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Хууль цаазын ахлах зөвлөх Б.М********* дүгнэлтдээ: ...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М********* би, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б*****ын Э ХХК-д холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 205 дугаартай материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Улсын байцаагч Л.Б***** нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г*********-аас хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх хуулийн хугацаа хэтрүүлсэн зөрчлөө илчилж ирснийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, тус компанид Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийг үндэслэл болгон таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Э" ХХК-ий дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байхад эрх бүхий албан тушаалтан нь 15.24 дүгээр зүйлийн 1.1 хэсэг гэж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид байхгүй зүйл, хэсгийг үндэслэл болгон шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б*****ын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0000339 дугаартай шийтгэлийн хуудсаар Э ХХК-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив... гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б***** нь тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б***** би 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Э ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг хуулийн хугацаанд бүртгээгүй гэх зөрчлийг хянан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1-д заасан торгуулийн арга хэмжээг авч 0000339 дүгээр шийтгэлийн хуудас бичихдээ 15.24 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэж зүйл заалтыг андуурч бичсэн байна. Иймд прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б***** нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*********ы 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхэд ханджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан эдлэх эрхэд хамаарч байх бөгөөд уг захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг хэрэглэн шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Хэргийн оролцогч болон тэдгээрийн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*********ы 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Л.Б***** зөвшөөрснийг баталж, 128/2020/0693/З индекстэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР