Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/202

 

 

О.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Галав,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/3160 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Л.Галавын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн О.Бд холбогдох 2106034282640 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

           Шүүгдэгч О.Б нь 2021 оны 10 дугаар сарын эхээр дүү Зын Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал орчим явж байгаад олсон, хохирогч Д.Ө-ын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр
плаза худалдааны төвийн автомашины зогсоол дээр байхдаа алдсан гэх Самсунг
Эс-10 плас маркийн гар утсыг авч, 89000000 дугаарыг хийж, гээгдэл эд хөрөнгө
гэдгийг мэдсээр байж ашиглан, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.1.гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.2.гэмт хэргийг хэн үйлдсэн; 1.3.гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр; 1.4.Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал” гэсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан байдлыг гүйцэд тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь: Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Зын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Би 2021 оны 10 сарын эхээр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал орчим явж байгаад явган хүний зам дээрээс Самсунг эс-10 плас маркийн дэлгэц болон хойд таг нь хагарсан гар утас байхаар нь аваад, хүргэн ах А-ын гэрт очиж олсон утсаа үзүүлэхэд А-ын эхнэр Б нь “би энэ гар утсыг засуулаад барья” гэхээр нь “тэг тэг” гээд өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх 13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Бын яллагдагчаар өгсөн: “Тухайн гар утсыг З олсон гэж хэлсэн... Заас авах үед дэлгэц нь хагархай байсан...” гэх мэдүүлэг /хх 45/ зэргээс үзэхэд Б.З нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг шалгаж тогтоолгүй орхигдуулжээ.

Харин Б.Зын олсон бусдын эд зүйлийг О.Б нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоолгүй, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

               О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг дурдаж байна. ...” гэж шийдвэрлэжээ.   

Прокурор Л.Галав бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Прокуророос О.Бд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон прокурорын яллах дүгнэлт үйлдэх шийдвэрүүдийг гаргахдаа тодорхойлох хэсгүүдэд нь “Б.З нь бусдын гээгдүүлсэн гар утсыг олж авсан нөхцөл байдал тогтоогдсон боловч өөрөө ашиглаагүй, бусдад дамжуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд заасан урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэгт үйлдэхэд дэмжлэг үзүүлээгүй, энэ нь гэмт хэргийн хамжигч буюу хамтран оролцсон гэж үзэхээргүй, энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн.

Гэтэл шүүх О.Бд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа прокурорын дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

2. Шүүхээс Б.Зыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн хэсгийг зөрчсөнөөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг ноцтой зөрсөн гэж үзнэ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/3160 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв. 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүгчийн захирамжид зааснаас өөр үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлобол зохих байдлуудыг бүрэн тогтоох ажиллагааг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Прокуророос “...О.Быг 2021 оны 10 дугаар сарын эхээр дүү Зын Гэмтлийн эмнэлгийн автобусны буудал орчим явж байгаад олсон, хохирогч Д.Ө-ын 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Тэнгэр
плаза худалдааны төвийн автомашины зогсоол дээр байхдаа алдсан гэх Самсунг
Эс-10 плас маркийн гар утсыг авч, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглан, бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан...” гэсэн үйл баримтыг тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт:

Д.Өлзийбаярын хохирогчоор “...машины цонхоо онгорхой үлдээгээд машины арын суудал дээр байсан эд зүйлсээ машиныхаа багаажинд хийчихээд буцаад машиндаа суухад утас машин дотроос алга болсон. ...жолоочийн эсрэг талын суудал дээр гар утсаа тавьсан байсан. ...” /хх-5, 7-8/,

О.Бын яллагдагчаар “...З хар өнгөтэй дэлгэц болон ар тал нь хагарсан гар утас олсон гэж манайд авч ирсэн. ...фэйсбүүкээс гар утас засварлана гэсэн мэдээллийн дагуу ...дэлгэцийг нь дуудаж засуулаад 280,000 төгрөгийг бэлнээр өгсөн. ...” /хх18, 45,73-74/,

Б.З гэрчээр “...Гэмтлийн эмнэлгийн автобусны буудлын ойролцоо явган хүний зам дээрээс..дэлгэц болон хойд таг нь хагарсангар утас байхаар нь аваад хүргэн ахын гэрт орж олсон утсаа үзүүлэхэд Б би энэ утсыг засуулаад баръя гэхээр нь өгчихсөн. ...Тухайн гар утасны дэлгэц нь хагарсан, ажилладаг үгүй нь мэдэгдэхгүй байсан учир албаар хаячихсан юм байна гэж бодсон. ...” /хх14/ гэж тус тус мэдүүлсэн ба Самсунг эс-10 плас загварын гар утсыг 500,000 төгрөгөөр үнэлсэн /хх22-23/ байна.

Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь материаллаг шинжтэй гэмт хэрэг тул хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй. О.Б, Б.З нарын мэдүүлсэн “...дэлгэц нь хагарсан, ар таг нь хагарсан...” Самсунг эс-10 плас загварын гар утас хэдэн төгрөгийн үнэтэй талаарх үнэлгээг тогтоогоогүй байна.

Түүнчлэн, Д.Өлзийбаярын Самсунг эс-10 плас загварын гар утас нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар алга болсон гар утсыг “...гээгдэл эд хөрөнгө...” гэж үзсэн нь эргэлзээтэй төдийгүй, гээгдэл эд хөрөнгө болсон талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иймд шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...гэмт хэрэг гарсан байдал, ...гэмт хэргийн сэдэлт зорилго, ...гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ...” зэрэг нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнээд, хэргийг эцэслэн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мөн хэрэгт нотолбол зохих нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байхад анхан шатны шүүхийн “...Б.З нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг шалгаагүй, О.Бын Б.Зын олсон бусдын эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласаныг тогтоолгүй, гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна...” гэсэн үндэслэлээр буцаасныг үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд энэхүү магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/3160 дугаартай “хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Галавын “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай” 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЗ/3160 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Л.Галавын бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ