Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/203

 

 

А.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч А.Г,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,  

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/679 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2110000000898 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй;

Шүүгдэгч А.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......тоотод байрлах иргэн Д.Мы оршин суух Монгол гэрийн цоожийг гараараа татаж онгойлгон хууль бусаар нэвтэрч кен загварын цахилгаан хөрөө, тасдагч, дрилл, Самсунг Эс-7 загварын гар утас, сахлын машин зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч 449.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Гийг “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч А.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.    

Шүүгдэгч А.Г гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Мөн 0-12 насны дөрвөн хүүхэд, эхнэрийн хамт амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр хүүхдээ харж ханддаг билээ. Миний бие бүтэн өнчин, эхнэрт минь хамаатан садан байдаг боловч харилцаа холбоо тун муу байдаг. Надаас өөр эхнэр хүүхдийг минь харж хандах хүн байхгүй. Иймд миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн шийтгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялтай, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй санкцитай хэрэг юм. Шүүхээс А.Гийн үйлдсэн хэрэг, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 01 жилийн хорих ял оногдуулсан нь хуулийг зөв хэрэглэсэн. Иймд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг А.Гт холбогдох эрүүгийн 2110000000898 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Г нь 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ......тоотод байрлах өөрийн танил иргэн Д.Мы амьдардаг монгол гэрийн цоожийг гараараа татаж онгойлгон нэвтрэн орж, гэрт нь байсан цахилгаан хөрөө, тасдагч, дрилл, Самсунг Эс-7 загварын гар утас, сахлын машин зэрэг эд зүйлсийг авч, 449.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Д.Мы: “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ...гэртээ ирэхэд гэрт байсан Кен маркийн цахилгаан хөрөө 1 ширхэг, гар тасдагч 1 ширхэг, баттерейтай цахилгаан дрилл 1 ширхэг, Самсунг Эс-7 загварын гар утас 1 ширхэг, сахлын машин алга болсон байхаар нь цагдаагийн 102 дугаарт мэдэгдсэн. ...” /хх 10-11/,

 гэрч Э.Номинзулын: “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд ...Кен маркийн хөрөө, тасдагч дрилл, Эс-7 гар утас, сахлын машин зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” /хх 17/,

 гэрч Т.Оюунтуяагийн: “...Орой 21 цаг өнгөрч байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу гэртээ орж ирэхдээ хүүхдүүддээ хоолны мах, чихэр жимс, ундаа, лавшаа нэртэй гоймон 2 ширхгийг аваад орж ирсэн. Би тухайн үед хаанаас мөнгө олсон юм гэж асуухад захирал Нандин-Эрдэнээс 40.000 төгрөг аваад хоол хүнс аваад ирлээ гэж хэлээд өнгөрсөн. Маргааш өдөр нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрт цагдаа нар орж ирээд А.Гийг асуугаад явсан. Орой А.Г ажлаа тараад ирэхээр нь чамайг цагдаа нар асуугаад явсан гэж хэлэхэд би мэдэж байгаа, өдөр ажил дээр цагдаа нар ирэхээр нь зугтаагаад явсан гэж хэлсэн. Ямар шалтгаанаар цагдаа нар чамайг асуугаад байгаа талаар асуухад Мэндээ ахын гэрээс согтуудаа барилгын багажийг нь авч зараад мөнгөөр нь архи уугаад үлдэгдэл мөнгөөр нь гэртээ хоолны материал авсан. Чамд хэлэхдээ Нандин-Эрдэнээс 40.000 төгрөг авсан гэж худлаа ярьсан юм гэж хэлсэн тул бид хоёр Нарантуул зах яваад цахилгаан гар хөрөө, баттерейтай гар дрилл, тасдагч багаж зэрэг эд зүйлийг 450.000 төгрөгөөр худалдан аваад Мэндээ ахын гэрт нь очиж өөрт нь хүлээлгэн өгсөн. ...” /хх 21/,

шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танил Д.М ахын гэрт очиход гэр нь  цоожтой, хаалганд нь цагаан өнгийн цоож зүүлттэй байсныг гараараа татахад онгойсон. Гэрт нь орж нүдэнд харагдах цахилгаан багажнуудыг нь аваад явсан. ...” /хх 46-47/ гэх мэдүүлгүүд, 

Д.Мы Кен маркийн цахилгаан хөрөө, гар тасдагч, цахилгаан дрилл, Самсунг Эс-7 загварын гар утас, сахлын машин зэргийг 449,500 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ХУ2-21-542 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-24/,

 хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч А.Гийн Д.Мы гэрийн цоожийг гараараа татаж онгойлгон нэвтэрч, гэрт нь байсан цахилгаан хөрөө, тасдагч, дрилл, гар утас, сахлын машин зэрэг 449,500 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ...тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн...” шинжийг бүрэн агуулжээ. 

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, А.Гийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил байхгүй байна.

А.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулж болох заалтыг хэрэглэж тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Энэ нь А.Гийн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй болсон, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдалд тохирсон байна.

Шүүх А.Гийн үйлдсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлж болох заалтыг хэрэглэсэн байх ба үүнээс өөрөөр түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, солих талаар хуулийн заалт, эрх хэмжээ шүүхэд байхгүй юм.

          Иймд шүүгдэгч А.Гийн “...хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.  

Шүүгдэгч А.Г нь шийтгэх тогтоол гарсан 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс давж заалдах шатын шүүхийн магадлал гарсан 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 76 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 2021/ШЦТ/679 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гийн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 76 /далан зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ш.БАТ-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ